Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-04-09

Луужингийн тэмдэглэл: МОНГОЛ ЭМЭГТЭЙ

    Би саяхан зохиолч Н.Хулангийн “A YEAR to Remember” буюу "52 долоо хоногийн туршид шинэ зүйл суралцсан тэмдэглэл" номын 11 дэх долоо хоногийн туршилт “Даалин урлаж эхлэсэн нь” тэмдэглэлийг уншсан юм. Тэнд Монгол эмэгтэйчүүд бусад орны бүсгүйчүүдтэй харьцуулахад үг яриа цэгцтэй, үнэн зөвийг эрхэмлэсэн, үзэсгэлэн төгөлдөр, ичиж эмээхээ сайтар ухаарсан, асран халамжлахдаа сайн байдаг хэмээн бичсэн нь миний сэтгэлийг их хөдөлгөлөө. Тэгээд ердөө номын тэмдэглэл бичих нь дэндүү хайран санагдсан тул сэтгэлийн минь утсыг хөндсөн мөч бүрээ илэрхийлэн буулгаж, бусадтай хуваалцаж, уриалан, сайн сайхан бүхэнд сэдэлжүүлэхийг хүсч цуврал тэмдэглэл бичсэн юм.

 

    Би ч бас зохиогчийн нэгэн адил “Нээрэн тийм шүү гэмээр ийм бүсгүй нь байгаад өгье” гэсэн эрмэлзэл төрөхийн сацуу ээж, олон эгч нарынхаа буянаар гэрийн ажлаас чөлөөлөгдөн, жаргалтай өнгөрсөн бага нас минь аль хэдийн өнгөрч “үрд энэрэлтэй, ханьдаа түшигтэй, хадамдаа элэгтэй гэргий болоход бэлэн үү?” гэж өөрөөсөө асуух нас нэгэнт ирснийг сая л анзаарах шиг.

Миний хувьд дээр дурдсанчлан гэрийн ажилд муу, урагдсан хувцас, цоорхой оймсоо нөхөхөөс өөр үйл мэдэхгүй, хоолыг хачин гоё амттай биш ч ирсэн зочноо өлсгөхгүйгээр хийчихдэгээс өөр ид шидгүй нэгэн. Гэтэл эгч минь цагаан сараар нөхөртөө даалин, хүүдээ хавтага урлаад өгчихдөг, ээж маань ач зээ нартаа хэдхэн цагийн дотор л баривч урлаад өгчихдөг, бас болоогүй ээ хийсэн хоол бүр нь гайхмаар гоё амттай гээд л ганц хоёрхон жишээ хэлэхэд л надаас хавь илүү байгаа юм. Дурдаад дурдаад дуусашгүй сайн талууд миний ээж, эгчид бий билээ. Арвин их ухаан, тэвчээр, энэрэнгүй нигүүлсэл, алсын хараа…

Эгчийн урласан даалин, хавтага 2

    Хүмүүний амьдралын жамаар бид эр нөхөртэй болж, удам залгах хүү төрүүлж, яг л өөрийг минь дуурайсан охинтой болох нь амьдралын утга учир, үнэ цэнэ, хүн болж төрсний хариуцлага гэж би боддог. Өнөөдрийн надад тодорхой хэмжээний чадвар, туршлага байгаа хэдий ч ханийнхаа алдааг засах хатан ухаан, болчимгүй ганц алдааг нь тэсэж уучлах тэвчээр, хамтдаа босгох амьдралаа чиглүүлэх алсын харааг хараахан бүрэлдүүлж чадаагүй юм болов уу? гэж өөрийгөө голох юм. Та ч бас надтай адил дутагдалтай бол эмээгээ бас ээжийгээ байгаа дээр нь (амьдралын жам шүү дээ) дээрх шинж чанарын хэлтэрхийг ч болов сурцгаая (зохиогчийн зөвлөснөөр).

    Надтай бас тантай учрах залуу таныг хүндлэхгүй, хайрлахгүй, бишрэхгүй байхын аргагүй жинхэнэ сайхан хайр өгдөг монгол эмэгтэйг бүтээцгээе. Үүнийг нийт залуу бүсгүйчүүддээ уриалмаар байна. Хэрвээ та аль хэдийн сайн гэрийн эзэгтэй, эх хүн болсон бол өдөр бүр ур ухаанаа тордож байгаараа гэж хүсье.

Авах гээхийн ухаанаар хандаарай. Баярлалаа. Луужин :)

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.161.13)
    Яасан сайхан бичээ вэ? Миний шавь ч угаасаа л сайн боловч өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн байгаад нь бүр илүү баярладаг шүү🤗😍
    2020 оны 04 сарын 16 | Хариулах
    • Т.Анхчимэг(66.181.161.13)
      Бусад тэмдэглэлээ ч бас хуваалцаарай
      2020 оны 04 сарын 16
  • Г.Нарангарав (202.126.89.230)
    Үнэхээр гоё бичжээ.Мундаг охин шүү амжилт хүсье
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
  • Мөнхжаргал (66.181.161.112)
    Үнэхээр сайхан бичжээ. Амжилт хүсье дүү минь
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
1563   4
НИЙТЭЛСЭН: Б.Оюунчимэг