Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-04-11

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ АВАХЫН ТУЛД Л НҮД ХУУРАВ УУ

Хэн ч, өөрийгөө бусдаас тусламж авах шаардлагатай, хэн нэгнээс хараат болох мэдрэмжийг авахыг хүсдэггүй...

   Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Бэртэл гэмтэл гэдэг хэлж ирэхгүй. Нэг л өдөр, хүсээгүй атлаа өмнөхөөсөө огт өөр, тэргэнцэртэй амьдралын хэв маягтай болсон хүмүүс олон. Яг ийм 1400 гаруй иргэн Дархан-Уул аймагт бий. Тэдний ихэнх нь өмнө нэгэнт тулж ирсэн шинэ амьдралаа, бусдын гарыг харж, утга учиргүй, үнэ цэнэгүй өнгөрүүлэхгүй хэмээн тэмцэж, жирийн нэгний адил ажиллаж амьдрахыг хүсдэг. Тэгж ч хөдөлмөрлөн, нийгмийн амьдралд оролцогсод тэргэнцэртэй иргэдийн дунд олон бий.

   Тэргэнцэртэй л болохоос биш тэд жирийн л хүн. Үзвэр үйлчилгээ үзэх, дэлгүүр хэсэх, үсчин гоо сайханд орох, сурч боловсрох, төрийн байгууллагуудаар үйлчлүүлэх гээд явах суух хэрэгцээ их. Гэвч нийгэм тэднийг тусгаарлаж, бас эрхийг нь зөрчсөөр байна.

   Өнгөрөгч онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах Дархан-Уул аймгийн Засаг Даргын захирамж гарч, Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, үйлчилгээний газруудад, тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд зориулан налуу зам хийх албан даалгавар өгсөн. Санаачлага сайхан байсан ч, үр дүнг нь хараад даанч сэтгэл гонсойв. Учир нь нөгөө л “хийсэн л бол боллоо” гэх хүйтэн сэтгэл анзаарагдаж, ямар ч стандартгүй, хэн ч ашиглахааргүй орц, гарц хийсэн газрууд олон байв. Уг нь энэ ажил бодит үр дүнгээ өгсөн бол манай аймагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, тэр дундаа тулгуур эрхтэний бэрхшээлтэй  иргэдийн  амьдрал ахуйд маш том түлхэц болох байлаа.

   Зарим нь бүр чаддаг юм бол яваад ороорой хэмээн даапаалах шиг, бэртэж гэмтэхээр хэт эгц, эсвэл бариулгүй байх юм. Хууль биелүүлж байгаа юм бол, зорилгод нь нийцэх зүйл хийж, хийвэл хийсэн шиг хийхсэн дээ. Та бүхэн нэг өдөр тэргэнцэр дээр суугаад, гадуур яваад үзээрэй. 

   Магадгүй нэг талаасаа стандарт мэдэхгүй, ойлголт байхгүйгээс болсон байж болно. Гэвч нөгөө талаас нь харахад сэтгэл гаргасан бол судалж үзээд, тэргэнцэрт сууж явж үзээд, эсвэл мэргэжлийн холбогдох хүмүүсээс нь асуугаад хийж болох л байсан байх. 

   Ерөөсөө энэ бол төр нь тоохгүй орхиж, иргэд нь гомдоод өнгөрөх асуудал биш юм шүү. Хичнээн хүний эрх зөрчигдөж, нийгмийн харилцаанд ороход нь саад болж буйг бодолцох хэрэгтэй. “Хөгжлийн бэрхшээлтэй” гэхээр л асрамж халамж, нийгмээс тусгаарлагдан, гэртээ хэвтэж байх ёстой гэх хэвшмэл ойлголтоосоо одоо салмаар байна. Ажил хөдөлмөр эрхэлдэг, эрхлэхийг хүсдэг, бусдын адил нийгмийн амьдралд оролцохыг хүсдэг маш олон хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий. Тэдний хүсэл зорилгыг энэ мэт дэд бүтцийн хүртээмжгүй байдал мохоож байгаа. Тэд ердөө л хуулиар олгогдсон бүрэн эрхээ эдлэхийг хүсч байна.

   Дэд бүтэц бүх нийтээрээ ашиглаж болох түгээмэл загвартай байх ёстой. Үгүй бол төр иргэнээ ялгаварлан гадуурхаж байна гэж үзэх үндэслэлтэй.

1. Улсын Бүртгэлийн Хэлтэс
Налуу зам бариулгүй.   
2. 1,2,3-р багийн төв
Налуу зам бариулгүй.
   3 . Эрүүл мэндийн газар
Замын налуулалт стандарт бус, баруун гар талд бариулгүй.
  4.Дархан их дэлгүүр
Налуу зам бариулгүй, замын хашлага хэсэгт налуу байхгүй учраас тэргэнцэртэй хүн бусдын тусламжгүй чөлөөтэй зорчих боломжгүй.
5. 13-р баг 28-р байрны буланд байрлах “Энхийн тун” эмийн сан

Замын налуулалт стандарт бус, хаалга руу орох хэсэгт тэргэнцэртэй хүн эргэх хөдөлгөөн хийх орон зайгүй, хавтан нь гулгамтгай материалаар хийгдсэн. Хаалга нарийн.  

6. Аймгийн  ЗДТГ. Нутгийн удирдлагын ордон

 Зүүн гар хэсэгт бариул байхгүй. Бариул буруу хийгдсэн бариулны төмрөөс дээш илүү гарсан хэсэг нь тэргэнцэртэй хүн бариулнаас барьж дээш өгсөх явцад гарт саад болох ба барьц алдаж арагш ухарсан тохиолдолд тэргэнцэрээсээ унах эрсдэлтэй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1235   0
НИЙТЭЛСЭН: Ч.Ичинхорлоо