Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-04-12

ӨВГӨН УЛИАС ТАНАА МЭХИЙН ХҮНДЭТГЭЕ

     Сүүлийн өдрүүдэд хөсөр хэвтэх мөчир, тавгаараа тайруулсан улиасны дүр зураг Дархан хотын гудамнаа ч, нийгмийн сүлжээний хуудаснаа ч элбэг дүр зураг боллоо. Хүмүүс халаглан харуусч, бухимдах авч албан тушаалтнууд, холбогдох мэргэжилтнүүд үүнээс өөр арга байхгүй хэмээн тайлбарлах ажээ. Учир нь хэт их насжсан болоод үр нь салхинд туугдан унаж замбараагүй ургасан улиаснууд хотын тохижилт болоод зам талбайн бүрэн бүтэн байдалд хор хохирол учруулдаг төдийгүй орон сууц дагуух модод цонх халхалж, хэрээ шавуулж оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг учир тайраад өг гэх хүсэлт ихээр ирдэг хэмээн тайлбарлаж байна.

    Энэ талаар СӨХ-дын Дархан салбар зөвлөлийн дарга Ж.Ариунаа “Хэтэрхий өндөр болсон моддыг тайр гэсэн чиглэлийг Захирагчийн албанаас өгсөн. Ер нь хавар, намартаа багасгаж тайрдаг. Бид өөрсдөө чадахгүй, багаж ч байхгүй. Тэгээд хөрөөтөй хүмүүс олж хийлгэдэг. Зарим нь ч хамаагүй авчихсан л байх юм. Харин зарим хэт хөгширсөн модыг авахаас өөр аргагүй болсон байдаг. Тэдгээр унагаасан моднууд дандаа улиас. Мөн оршин суугчдын зүгээс хэрээ шавж, өдөр ч шөнө ч амраахгүй байна. Цагаан хөвөн хийсээд цонх онгойлгож болохгүй хэцүү байна гээд тайраад өгөөч гэдэг. Бас мод үрээ хаяад эхлэхээр, давирхайтай мөчир машин дээр унаад бохирлож байна, гутланд наалдаж гэрт орж ирлээ гэх мэтээр асуудал тавьдаг. Бид оршин суугчдынхаа эрх ашгийн төлөө ажиллаж байгаа болохоор унагааж авдаг” гэлээ. Барагтаа зүйлд хөдөлдөггүй СӨХ-үүд маань мод тайрах ажилд аргагүйн эрхэнд, ханцуй шамлан ордог бололтой.

     Ийнхүү асуудал болж, “гай” тариад байгаа эдгээр улиаснууд нь барагцаагаар 40-50 жилийн настай. 1970-аад онд их аян өрнөж, хотоо ногоон болгох тэмүүлэлд хөтлөгдсөн Дарханчууд 1000 улиас тарьсан гэдэг. Хаврын шингэн ногооноос аажуухан уусаж, гүн ногоон, алтан шар өнгөнд хувиран Дархан хотын өнгө төрхийг хагас зуун жил чимсэн эдгээр моддыг өнөөгийн бидний үед тайрч унагасаар. Зам даган ургасан нь хотын гоёл чимэглэлд чухал үүрэгтэй учир НААҮГ хариуцан арчилж, одоохондоо арай ч унагаагүй байна. Гэхдээ тэдний заримыг ч бас зам өргөсгөх шаардлагаар тайрч унагаж байгаа ажээ. Энэ талаар НААҮГ-ын ерөнхий инженер Ж.Ханджаргал аймгийн ЗДТГ-ын дэргэдэх МТА-аас бэлтгэсэн “Тодруулга” нэвтрүүлэгт оролцохдоо “Төв замуудыг дагасан мод бутыг жил бүр хэлбэржүүлэн тайрдаг. Мөн зам өргөсгөх, зогсоол хийх гэх мэт бүтээн байгуулалтын зорилгоор зарим модыг авч хаях шаардлага гарч байгаа. Батлагдсан зураг төсөв нь тиймээс өөр аргагүй” хэмээн ярилаа.   

   Түүний яриа хотын бүтээн байгуулалтанд саад болсон улиаснуудыг тайрахаас өөр аргагүй хэмээн учирлаад байх шиг. Модод ургах гэж хичнээн жил болдог билээ дээ. Хэзээ ч хамаагүй, хэн дуртай нь тайраад хаячих байсан юм бол ингэж ургуулахын ч хэрэг юун? Үүнд мэргэжлийн байгууллага болох БОАЖГ хяналт тавьдаг болов уу хэмээн найдаж “Хотын доторх ногоон байгууламжийн асуудал танай байгууллагад хамаарах уу?” гэж асуухад “Манайд хамаарахгүй. НААҮГ, Захирагчийн алба, Мэргэжлийн хяналт, Ерөнхий архитектурын мэдэх асуудал” гэх тайлбарыг өглөө. Ургах эрхээ хасуулж буй өвгөн хэдэн улиасыг өмгөөлөх байгууллага, албан тушаалтан байдаггүй юм байна. Бүр эрх зүйн зохицуулалтын хувьд ч тодорхойгүй, бүдэг бадаг байдаг ажээ.

    Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэгийн хэлж байгаагаар “Аймгийн ИТХ-аас 2010 оны 76 дугаар тогтоолоор Тохижилт, цэвэрлэгээний талаар иргэд аж ахуйн нэгжээс дагаж мөрдөх журмыг баталсан. Тус журмын 6.1-д зааснаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зүлэгт талбай, мод сөөг, цэцгийн мандал зэрэг хот нийтийн аж ахуйг эвдэхийг хориглох бөгөөд тухайн мод ямар байгууллагын харъяанд байгаа, аль байгууллага тарьсан гэдгийг мэдэж, тухайн байгууллагатай зөвшилцөн, тайрч авах эсэхийг шийдвэрлэнэ” хэмээн тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл тухайн байгууллага өөрөө хүсэх л юм бол тайрч болох бөгөөд ямарваа нэгэн нөхөн төлбөр, хариуцлагын асуудал байдаггүй ажээ.

     Тэгэхээр төдийгөөс өдий хүртэл ургаж, ургуулж, өвгөдийн маань хайрлан арчилж тордож ирсэн эдгээр улиаснууд одоо эзэнгүй, бас хэрэггүй болсон бололтой. Тэдний  ялгаруулдаг хүчилтөрөгч, тэдний бий болгодог халуун дулаан орчин, тэдний хөрсөн доор бий болгодог шим тэжээл, тэдний 50 жил ургасан нь ч, одоо хэнд ч хамаагүй, огт үнэ цэнэгүй болжээ. 50 настай нэг мод 75 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх агаар цэвэршүүлж, 38 сая гаруй төгрөгийн хүчилтөрөгч ялгаруулж, 47 сая төгрөгийн усыг эргэлтэнд оруулж, 38 сая төгрөгийн үнэд хүрэх хөрсийг эвдрэлээс хамгаалдаг хэмээн мэргэжилтнүүд тооцоолсон байдаг. Тэгвэл бид 50 орчим настай хичнээн моддоо усгаж, хичнээн их алдагдалд орж байгаагаа ч тооцох юмгүй хядсаар л байх уу?

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Oohoo (103.229.120.250)
    😢😢😢😭😭😭😥😥😥😓😓😓
    2020 оны 03 сарын 07 | Хариулах
  • Oohoo (103.229.120.250)
    😢😢😢
    2020 оны 03 сарын 07 | Хариулах
    • Oohoo(103.229.120.250)
      Oohoo
      2020 оны 03 сарын 07
  • Tsengel (202.9.42.175)
    Bugdiig ni unagaad oor mod tarih heregtei. Er ni bol hogshin uliasand yamar ch biologiin ach holbogdol baihgui. Hogshin uliasnii ach holbogdol geed niitlel bichwel humuus unaj baigaad ni ih emzegleh baih
    2019 оны 04 сарын 13 | Хариулах
  • Дэрзэдмаа (66.181.161.60)
    Хаиран улиас сэтгэл эмзиглээд бна бид нарын хушуу хог болоод бна ахмадын сургааль Алт баисан Одоо Адлагдаад бна
    2019 оны 04 сарын 13 | Хариулах
1496   5
НИЙТЭЛСЭН: Б.Оюунчимэг