Лхагва 2019-01-02 Дархан
Time out   2019-04-13

ӨГӨХ НЬ ӨГЛӨГИЙН ДЭЭД

     Бага байхад аав минь Улаанбаатар ороод ирэхдээ цав цагаахан, зөөлөн үстэй гоёмсог гутал надад авчирч өгч билээ. Шинэ хувцас ховорхон өмсдөг надад сэвсгэр зөөлхөн тэр гутал яг л туулайн бүжин шиг харагдаж, бушуухан өмсөөд гадаа гарч, хөлийн хурд мэдэн гүймээр санагдан, дахин дахин тайлж, өмсч байв. Гэтэл шинэхэн гуталтайгаа гадаа ч гарч амжаагүй байхад аав саахалт айлын ахыг дагуулж ирээд түүнийг минь өгөөд явуулчихсан юм. Тэгээд “Эднийх олон хүүхэдтэй. Бага охин нь гадаа тоглож байгаад хөлөө хөлдөөчихөж. Өмсөх бүтэн гуталгүй байгаа бололтой. Ээж нь хөлдсөн хуруунд нь тарваганы тос түрхээд сууж байхыг хараад тэссэнгүй, охиныхоо гутлыг өгчихлөө. Миний охинд хотоос ах эгч нараас нь гутал хувцас зөндөө ирнэ шүү дээ” хэмээн намайг аргадаж билээ.

       Цав цагаахан, бяцхан бүжин шиг гоёмсог гутлыг минь өвөртлөн, гэрийн зүг уул даван шогшуулж яваа саахалт айлын ахын араас ширтэн удаан зогсохдоо, харамлах харамсах сэтгэл төрж байсан боловч найзынхаа хөлдсөн хурууг сэтгэлдээ төсөөлж бодоод аавыгаа ойлгохын ихээр ойлгож байсан юм. 
      Манайх тийм ч тарчиг айл байгаагүй л дээ. Гэхдээ тэрсхэн үеэл ах эгч нарын багадсан хуучин гутал хувцас байн байн ирдэг байсан болохоор аав ээж хоёр надад барагтаа л бол шинийг авч өгдөггүй байсан юм. Энэ мэтчилэн ах эгчээс надад, надаас дүүд, дүүгээс өөр бусад айлын хүүхдүүдэд гээд бид илүү дутуугаа нөхөж, дамжуулан хэрэглэж, тэрэндээ ч баяртай, жаргалтай сайхан ч байж дээ. 
      Тэр өвөл тун удалгүй нагац эгчийн хүүхдүүдээс надад гутал хувцас ирэв. Гэвч өвлийн гутал нь хоёр өөр өнгөтэй буюу нэг нь улаан нөгөө нь цэнхэр өнгөтэй байлаа. Хоёр өөр гутал нэг хос болон ирсэн нь бас л түүхтэй. Эгчийнд хулгай орж зарим эд зүйлсийг нь аваад явахдаа тэр хоёр гутлын өрөөснүүдийг аваад гарсан байж. Ингээд би тэр жил хөлд эвтэй, дулаахан хэдий ч хоёр өөр өнгийн тэр гуталнуудтай “найзланхан” өвөлжих болсон юм. 
      Хоёр өөр өнгийн гуталтай өвөлжсөн тэр жилийн дурсамж одоо ч сэтгэлд тодоос тодхон. Хааяа санаанд орж өөрийн эрхгүй инээмсэглэнэ. Тэр өвөл манайд олон зочин ирснийг яана. Машинтай, мотоциклтэй холын зочин ирэхээр гуталныхаа өнгийг харуулахгүйг хичээн улаан гутлаа урдаа, цэнхэр гутлаа ардаа нуугаад суучихна. Учир нь улаан гутал минь эмэгтэйлэг хөөрхөн, харин цэнхэр гутал минь эрэгтэйлэг байсан хэрэг. Хэрэндээ л зальтаж цэнхэр гутлаа харуулахгүйг хичээвч, төдийлөн үр дүнд хүрэхгүй хүмүүс олоод л харчихна. Ядаж байхад ах эгч нарын аль нэг нь эсвэл аав ээж хоёр хүртэл “Манай охины гутлыг хар даа!” хэмээн хавиар нэг зарлачихна. Ингээд л хамаг хүний анхаарал миний гутал дээр төвлөрч, хүмүүс хэсэгтээ л ярих сэдэвтэй болж инээдэм наргиа болдог байв. Нэг удаа манайд ирсэн танихгүй ах намайг өхөөрдөн, гутлыг минь мялааж, атга дүүрэн чихэр өгч билээ. Тэр ахын царайг би одоо хүртэл санадаг юм. Шинэ хувцас өмссөн хүүхдийг л мялаадаг гэж мэдэхээс, хуучин тэгээд бүр ижил буруу гутал өмссөн намайг мялаасан болохоор л тэр байх...
      Хааяа ижил буруу гутлаа удаан гэгч нь хараад “Ахын гэрт орсон хулгайч энэ хоёр гутлын өрөөснүүдийг хүүхэддээ өмсүүлсэн болов уу? Хэрэв өмсүүлсэн бол тэр хүүхэдтэй уулзаж хоёр гутлаа нэг нэгээр нь ижил болгон авахсан” хэмээн хүүхдийн гэнэн бодлоор боддог байж билээ. 
       Аав, ээж хоёр минь “Хуучин хувцас өмслөө гээд муу юм болохгүй ээ. Харин хүний өмсөх, идэх зүйлийн тоо гүйцэнэ гэж байдаг юм. Том болоод сайн сайхан амьдрах дом болно” гэж хэлдэгсэн. Хуучин хувцастай ч хайраар дутаагүй, амттанаар бялуураагүй ч гэдэс цатгалан өссөн балчир насаа дурсахдаа, аав ээжийнхээ ухааныг одоо л ойлгож ийнхүү бичиж сууна даа. Магадгүй гуч хүрэх гэж байгаа хэдий ч гучин хоёр цагаан шүд минь цоо эрүүл, тоо бүрэн яваа нь буурлуудын минь мэргэн ухааных бизээ. 
       Харин одоо хүмүүс өөр болжээ. Хүүхдээ хүний доор оруулахгүй гээд хуучин хувцас өмсүүлэх нь бүү хэл, шинэ авсан хувцсыг нь ч өмсүүлж амжихгүй дарсаар багадуулах нь энүүхэнд байх юм. Бас “хүүхдийнхээ хувцсыг хүнд өгвөл буяныг нь бусдад өгсөн болдог” гээд хэн нэгэн “ухаантан” нь шивнэчихсэн бололтой. Мухар сүсэг, худал үгэнд автан шинээрээ шахуу хүүхдийнхээ хувцсыг шатааж устгах юм. Уг нь нэгэнт үүргээ биелүүлсэн хувцсыг хэрэгтэй хэн нэгэнд өгөх нь харин ч буян болмоор санагдана. 
      Магадгүй одоо таны шүүгээнд өмсөхөө больчихсон, хаях гэхээр хайран, өмсөх гэхээр болдоггүй, заримдаа хог мэт санагдах хувцас зай эзэлж, та түүнийгээ яахаа мэдэхгүй байгаа бол устгаж шатаахаасаа өмнө эрэгцүүлж нэг бодоорой. Өгнө гэдэг өглөгийн дээд юм гэнэ билээ ...

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Л.Батчимэг (66.181.189.185)
    Сайхан бичсэн бна. Зүгээр нэг уншсангүй үг бүрийг уншихдаа яг л чиний хэлж яриж байгаа царай нүдэнд харагдлаа шүү амжилт.
    2019 оны 04 сарын 20 | Хариулах
678   1
НИЙТЭЛСЭН: М.Нармандах