Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-04-17

ДАРХАНД ЭНЭ ХАВАР НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛАХГҮЙ

Хэдхэн хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 15-аас нийслэл Улаанбаатар хотод нөөцийн мах худалдаалж эхэлсэн. Махны үнийн өсөлт өндөр байгаа энэ цаг үед Дарханчууд ч бас нөөцийн махыг хүлээж байлаа. Гэвч манай аймагт энэ хавар нөөцийн мах худалдаалахгүй юм байна. Энэ талаар Дархан-Уул аймгийн ХХААГ-ын Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны дарга бөгөөд Хүнсний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Г.Тунгалагаас тодрууллаа.  

Үнийг тогтвортой байлгах, хаврын махны нөөцийг бүрдүүлэх зорилгоор гаргадаг нөөцийн мах энэ жил манай аймагт гарсангүй. Яагаад?

- 2018 оноос өмнө Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг төвлөрсөн суурин газруудад  нөөцийн мах нийлүүлэх санхүүжилтийг Засгийн Газар шийдэж, Хөгжлийн банкнаас тодорхой хүүгийн хөнгөлөлттэй нөхцлөөр аж ахуйн нэгжүүдээр бэлдүүлдэг байсан. Энэ жишгээр бэлдэнэ гэсэн байдлаар манайх “Дархан Меат фүүдс” ХХК-д жил бүр нийлүүлдэг 700-800 тн махны захиалгаа өгч, Засгийн Газарт саналаа хүргүүлсэн байсан. Гэвч яамнаас 2018 оны арваннэгдүгээр сард аймгуудын нөөцийн махны асуудлыг хариуцахгүй. Хүнсний тухай хуулийн дагуу Засаг Дарга хүн амынхаа хүнсний нөөцийг бүрдүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд өөрсдөө нөөцөө бүрдүүл гэх чиглэлийг өгсөн. Нэгэнт арванхоёрдугаар сар гарч, махны үнэ өндөр, мөн төсөвт энэ талаар огт тусгагдаагүй байсан учир шууд худалдан авалт хийх боломжгүй болсон. Эдгээр шалтгааны улмаас манай аймаг энэ жил нөөцийн мах бэлтгэж чадаагүй.

Яагаад гэнэт ийм шийдвэр гарах болов? Энэ талаар урьдчилан мэдэгдсэн зүйл бий юу?

- Яамнаас 2019 онд Дархан, Эрдэнэт хотуудын нөөцийн махны хангамжийг яам шийдвэрлэх боломжгүй хэмээх мэдээлэл албан ёсоор бичгээр ирээгүй. Харин утсаар ХХААХҮЯ-ын Мах, махан бүтээгдэхүүний асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Ариунтуяагаас асуухад “Аймгууд Хүнсний тухай хуулиар өөрсдөө нөөцөө бүрдүүлж явах ёстой. Дархан-Уул аймгийг ханга гэсэн Засгийн Газрын тогтоол байхгүй. Өмнө хэрэгжиж байсан 2015 оны Засгийн Газрын 492 дугаар тогтоолоор батлагдсан “Мах хөтөлбөр”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”- үүдийн хугацаа 2018 оны наймдугаар сард дууссан. Дархан, Эрдэнэт хоёрын нөөцийн махны хангамжийг өмнө нь Засгийн Газраас хүн ам төвлөрсөн газар гэдгээр нь нийслэлтэй адил бүрдүүлдэг байсан. Гэвч энэ жил хэдийгээр сайдын багцад 4,6 тэрбум төгрөг суусан ч холбогдох аж ахуйн нэгжүүдэд шалгуураа тавиад сонгон шалгаруулахад  долоохон аж ахуйн нэгж орж ирсэн. Тэдгээрийн дөрөв нь банкны шаардлага хангахгүй үндэслэлээр хасагдаж “Дархан мах меат фүүд”, “Баатрууд тэнгэр”, “Сүхбаатар мах маркет” компаниуд орж үлдэж, тэдгээрийн бэлтгэсэн нийт нөөц ердөө 4000тн байгаа. Өмнөх жилүүдэд нийт жилдээ 12.000-15.000тн нөөцийн мах бэлтгэдэг байсан бол энэ жил ийм хэмжээнд багассан учир аймгуудад нийлүүлэх боломжгүй” хэмээх хариултыг өгсөн.

Орхон аймаг энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн байдаг юм бол? Бас манайхтай адил нөөцийн махгүй байгаа юу?

- Орхон аймгийн хувьд хүнсний аюулгүй байдлын хүрээнд тодорхой хэмжээний төсөв байдаг. Тэрүүгээрээ бага зэрэг мөнгө суулгаж амжсан юм билээ. Харин манайх ганц мал нядалгааны үйлдвэртэй учир үйлдвэрийн агуулахад байсан 2000тн махыг нь нийслэлд татчихаар бид юу ч үгүй болчихож байгаа юм.

Хууль тогтоомжийн хувьд энэ асуудлыг хэрхэн зохицуулсан байдаг юм бол?

- Хүнсний тухай хуулийн Зургаадугаар бүлэгт “Аймаг орон нутаг өөрсдөө хомсдол бий болох улиралд хүнсний нөөц бүрдүүлж ажиллана” гэж заасан байдаг. Гэвч хэрхэн хэрэгжүүлэх журам нь батлагдаагүй. Энэ журмын төсөл 2017 оноос санал авч байгаад батлагдаагүй чимээгүй болчихсон. Өөрөөр хэлбэл хүн амын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх журам нь батлагдахгүй болохоор ямар хууль дүрмийг бид үндэслэл болгож явах вэ гэдэг дээр бас судалгаа хийж ажиллах хэрэгтэй болж байгаа юм. Улсын журам батлагдаагүй байхад орон нутаг өөрөө журмаа батлачихаар эргээд хууль эрх зүйн хувьд ч хүндрэлтэй асуудал гарах магадлал өндөр юм билээ. Мөн хэдий хэр нөөц бүрдүүлэх, түүнд хэдий хэр хэмжэний мөнгө шаардах зэрэг тооцоог бид одоо хийж байна. Эдгээр судалгааг тавдугаар сард багтаан аймгийн ЗДТГ-т санал ирүүл гэсэн даалгавар ирсэн байгаа.

Ер нь манай аймаг дангаараа нөөцийн махаа бэлтгэх агуулах савны асуудал хэр боломжтой байдаг юм бол?

- Манай аймаг махны нөөц бэлтгэх агуулахын хувьд бүрэн боломжтой. Тухайлбал “Дархан мах меат фүүдс” ХХК 4000тн-ы багтаамжтай агуулахтай. Мөн сая шинээр байгуулагдсан “Дархан Мах эрдэнэ” компани хүчин чадлаа нэмэгдүүлсэн. Боломжийн агуулахтай. Тэгэхээр энэ хоёр мах нядалгааны үйлдвэр дээрээ түшиглээд нөөцөө бүрдүүлэх боломж бий. Ер нь манай аймгийн хувьд гуравдугаар сарын 15-аас зурггаадугаар сарыг дуустал 700-800тн махыг нийлүүлэхэд хангалттай хүрдэг.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Иргэн (202.9.44.227)
    Энэ Насанбат гэж хүн ёстой сэтгэлгүй хүн юмаа. Мөн Дарханыг олон жил удирдсан хуц ухна тавьчихсан юм шиг ээлжлээд солигдож бдаг сэтгэлгүй олон дарга нарыг дахиж сонгомооргүй бхын. Үнэхэнр хөгжихгүйнээ. Залуучуудаа дэмжмээр юмаа
    2019 оны 04 сарын 28 | Хариулах
  • батбаяр (202.126.89.65)
    Насанбат дарга маань Алт ухах болохоороо ухас мал бэлдэх болохоороо манас болжээ хѳѳрхий. Засаг даргын үндсэн үүргэнд журамтай журамгүй ард иргэдийнхээ аж амьдралын тѳлѳѳ ажилланаа гээд заасан байдаг ш дээ. Газар зарж лоббидохдо сайн байж Махны компанид газар олгож лоббидож байгаад ч хамаагүй бэлдүүлчихгүй . Харамсалтай. Энэ хүн ч яахав ирэх жил сонгуулийн дараа зайлаад ѳгнѳ гэсэн л бодолтой алт газар луугаа хошуугаа шаачаад л яваа байхаа.
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
  • Дарханчууд (202.126.89.65)
    Засаг дарга хариуцлагагүй ээ намар хятадууд мах аваад байна гээе байхад хуруугаа ч хѳдѳлгѳѳгүй. Тѳсвийн тодотгол хийж ѳѳрсѳддѳѳ хэрэгтэй зүйлийнхээ тѳсвийг бүрдүүлэхдээ сайн. Харин хавар ийм юм болно гэдгийг сайн мэдэж байсан . Сэтгэл алга. Дархан мах эрдэнэ гээд компанийхаа нээлтийг бол сайн хийсээн.
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
911   3
НИЙТЭЛСЭН: MyDarkhan