Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-04-19

ХҮҮХДҮҮД ТӨРИЙН БОДЛОГОД ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ

Хүүхдүүд, өмнө нь тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх боломжуудыг эрж хайх явцдаа өөрсдөө сурч, хөгжиж байна.

Манай аймгийн 16 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдаас бүрдсэн “Оролцоог дэмжье” багийнхан Иргэний Боловсролын төвөөс зохион байгуулдаг “Иргэн” төсөлд хоёр дахь удаагаа оролцож байна. Өнгөрөгч онд тэд ялагч болж чадаагүй ч ангийхаа стандарт бус хана, танхимыг засварлах хөрөнгө санхүүжилтийг олж, мөн сургуулийнхаа урд талын хөдөлгөөн ихтэй автозамд анхааруулах тэмдэглэгээ бүхий явган хүний гарцыг хийлгэж чадсан. Үүндээ хүүхдүүд маш их баяртай байдаг. Харин энэ жил сургуулийнхаа биеийн тамирын талбайг тохижуулж, стандартын шаардлага хангасан жинхэнэ хөлбөмбөгийн талбайтай болоход зорьж байна. Тэдний гэгээн ертөнцөд хамт байж, хүүхдүүд хэрхэн ярьсанд анхаарлаа хандуулна уу?

ЭНЭ ЖИЛ "ИРГЭН" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЯМАР АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА?

О.Ундаръяа:

- Бид шийдвэрлэх асуудлаа судлахаар эхлээд сургуулийнхаа хүүхдүүдээс судалгаа авсан. Ингэхэд биеийн тамирын талбайн тохижилт муу байгааг нийт хүүхдүүдийн 80% нь нэрлэж байв. Мөн судалгаагаа багш нараасаа авахад 58% нь шаардлага хангахгүй учир хичээл ороход эрсдэлтэй гэх хариултыг өгсөн байсан. Дараа нь судалгаагаа илүү өргөн хүрээнд явуулж үзье гээд аймгийн хэмжээнд спортоор хичээллэдэг 168 сурагчаас асуухад 78 хувь нь талбай байхгүйн улмаас хөлбөмбөгийн болон хөнгөн атлетикийн дасгал, сургуулилт хийхэд хүндрэлтэй байдаг гэсэн байсан. Манай сургуулийн биеийн тамирын талбай нь Дархан-Уул аймагт байдаг стандарт хэмжээтэй цорын ганц талбай юм. Өөр ийм талбай манай аймагт байхгүй. Тиймээс бид энэ талбайг тохижуулж, хөл бөмбөг, хөнгөн атлетикийн тэмцээн уралдаан болдог, дасгал сургуулилт хийдэг зориулалтын гадаа талбай болгохоор төслөө боловсруулаад ажиллаж байгаа.

С.Сумъяа:

- Монгол Улсын Үндсэн Хууль, Хүүхдийн эрхийн тухай хуульд “Хүүхэд эрүүл аюулгүй орчинд суралцаж, амьдрах эрхтэй” гэж заасан байдаг. Гэтэл энэхүү хуулиар хамгаалагдсан хүүхдүүд бидний эрх зөрчигдөж байна. Өнгөрсөн жил Улаанбаатарт хүүхэд сургуулийнхаа биеийн тамирын талбайн хөл бөмбөгийн хаалганд дарагдаж нас барсан. Гэтэл одоо манай сургуулийн талбайн хөл бөмбөгийн хаалга ямар ч бэхэлгээгүй байгаа. Мөн талбайд архичид цуглардаг. Хог хаягдал ихтэй, суудал нь архины шилээр дүүрсэн байдаг. Ийм эрсдэлтэй байдалд байхад хэн ч анхаарахгүй байна. Бас дээр нь бидэнд эмээж байгаа нэг зүйл бий. Энэ нь талбайн газраас ойр хавийн байгууллагуудад өгчихвий гэхээс болгоомжилж байна. Шинээр баригдсан 25-р цэцэрлэг гэхэд манай биеийн тамирын талбайн гүйлтийн зам дээр хашаагаа барьсан. Ингэж болохгүй шүү дээ. Хүүхдүүд биеийн тамирын талбайдаа аюулгүй хичээллэж, илүү тохитой сайхан болгохыг хүсч байгаа.

ТӨСЛИЙН НИЙТ САНХҮҮЖИЛТ ХЭД БОЛЖ БАЙГАА ВЭ? 

- Нийт төсөв 400.596.000 төгрөг. Үүнийг гаргахдаа мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авсан. Албан тушаалтнуудад танилцуулахаар "төсвөө мэргэжлийн байгууллагаар хийлгээд ирээрэй" гэдэг. Гэтэл тийм байгууллагууд нь санхүүжилтээс чинь 10%-ийг нь авна гэх юм билээ. Тэгэхээр нийт 440.596.000 төгрөгөөр засах болчих гээд байгаа.

ЭНЭ САНХҮҮЖИЛТИЙГ ХЭРХЭН БҮРДҮҮЛЭХЭЭР ТООЦОЖ БАЙНА? 

- Дархан сумын ИТХ-д нөлөөллийн үйл ажиллагаа хийх зорилготой байгаа. Бид яг ийм асуудлыг бусад аймгууд хэрхэн шийдсэн болохыг судлахад Орхон, Өмнөговь аймгууд Орон нутгийн хөгжлийн сангаасаа төсөв бүрдүүлсэн байна билээ. Энэ сайн туршлага нь манай аймагт хэрэгжих боломжтой юм байна гэж бодож байгаа. Аймгийн ИТХ-ын Г.Эрдэнэбат даргатай уулзсан л даа. Тэгэхэд санхүүг улсаас төсөвлөж өгдөг. Ийм зүйлд төсөвлөхөөр их хэмжээний мөнгө манай аймагт байхгүй. Ирж байгаа мөнгөөрөө шинэ эмнэлэгтээ төрөх ор авч өгнө гэж байсан. Тэгээд тойргийнхоо УИХ-ын Гишүүн Б.Баттөмөрт хандсан. Энэ хүн бидэнд орон нутгийн хөгжлийн сангаас ийм зүйлийг санхүүжүүлэх боломжтой хэмээн зөвлөсөн.

ТӨСӨЛД ХАМРАГДААД, АЖИЛЛААД ЯВЖ БАЙХАД ЮУ ХАМГИЙН ХҮНДРЭЛТЭЙ БАЙВ?

С.Сумъяа:

Анх биднийг хүүхэд гэдгээр нь ялгаварлан гадуурхаад байх шиг санагддаг байсан. Жишээ нь хуулийн зөвлөх дээр очоод “Бид ийм хуулийн актуудыг тодруулж асуух гэсэн юм?” гэхээр, “Ийм сайт байгаа. Ороод үзчих” гэх мэтээр хариулдаг. Гэхдээ бид энэ жил арай туршлагажсан. Магадгүй өмнө нь бас нэг асуудлыг шийдвэрлээд үр дүн гарчихсан болохоор тэрүү томчууд арай нааштайгаар ханддаг болсон байх.

О.Ундаръяа:

- Иргэн төслийн зорилго нь сурагчдын нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлж, өөрт тулгамдаж буй асуудлыг өөрсдөөр нь тодорхойлуулж, шийдвэрлэх түвшний хүмүүс төрийн байгууллагад нөлөөлөх, идэвхитэй иргэн болгох зорилготой. Тиймээс бидэнд янз бүрийн бэрхшээлүүд тулгарч байгаа ч бид шийдвэрлэх арга замыг олж, тэндээсээ өөрсдөө суралцаж, зөндөө их зүйлсийг сурч мэдэж байгаа.

ЭНЭ ЯВЦАД ЮУГ ИЛҮҮ СУРЧ, ОЙЛГОЖ МЭДЭВ? 

О.Ундаръяа:

-  Хүүхдүүд оролцоотой байж л өөрсдийгөө хөгжүүлнэ. Аливаа зүйлийг би чадахгүй байхаа гэхээсээ илүү оролдож үзээд “би хийж чадна” гэсэн бодолтой байж л юмыг сурдаг юм байна гэдгийг "Иргэн" төсөлд оролцох явцдаа ойлгож авсан.

С.Сумъяа:

-  Хүүхдүүд аав ээждээ саналаа хэлэхээр “Та нар жаахан байна, ирээдүйд маш олон зүйлийг бүтээнэ, тиймээс одоохондоо зүгээр л дотроо хийх зүйлээ бодоод байж бай” гэдэг. Гэтэл "Иргэн" төслөөр бид “Хүүхдүүд төрийн бодлогод оролцох ёстой.  Нас нь л жаахан болохоос биш хийхийг хүсч байгаа зүйл нь томчуудаас ямар ч ялгаагүй” гэдгийг ойлгож авсан. Мөн хүүхдүүд төрийн бодлогод нөлөөлөх боломжтой бѳгѳѳд өмнө тулгарсан асуудлаа хэрхэн шийдвэрлэх, ямар асуудлыг ямар хүнд хэлж, шийдвэрлүүлэх гээд олон зүйлийг сурч, ойлгосон. Бас багаар ажиллахыг маш сайн сурч байгаа. Маш олон бичиг баримт хөөцөлдөөд явж байгаа хүмүүсийг ѳмнѳ нь хараад "яах гэж ингэж явдаг юм бол" гэж боддог байсан бол одоо үнэхээр тэр зүйлүүдийг шат дарааллаар нь хийж байж ямар нэгэн үр дүнд хүрдгийг ойлгож авсан.

ТӨСЛИЙНХӨӨ ХАЖУУГААР ХИЧЭЭЛ НОМОО АНХААРЧ ЧАДАЖ БАЙНА УУ? 

О.Ундаръяа:

- Мэдээж анхаарч, амжуулж байгаа. Харин ч энэ төсөлд оролцсоноороо хичээлдээ хандах хандлагад маань их өөрчлөлтүүдийг ѳгсѳн. Жишээ нь нийгмийн хичээл дээр “төрийн эрх мэдэлд хүүхдийн оролцоо ийм байх ёстой” гэх зэргээр илүү мэдлэгтэйгээр ханддаг болсон. Миний бодлоор сургууль шинжлэх ухаан талын хичээлд хэт их анхаарал хандуулаад, зөв хүн байх, хэрхэн оролцоотой иргэн байх гэх мэтийг орхигдуулаад байгаа юм шиг санагддаг. Багш нар “хүн бүр математикч болохгүй” гэх атлаа яг адилхан зүйл биднээс шаарддаг нь сонин. Яагаад сургууль хэтэрхий их шинжлэх ухаан, дүрэмт хувцсанд анхаардаг юм бол? Түүний оронд биднийг яаж зөв хүн болгох уу, яаж нийгмийн оролцоотой иргэн болгох уу гэдэгт зарим талаар анхаармаар санагдах юм.

 С.Сумъяа:

-  "Иргэн" төсөлд оролцохоосоо өмнө багш нарын хэлдэг "математикч болохгүй ч энийг сурах ёстой" гэх мэт үгийг байнга сонсч байсан бол одоо өөр зүйл бас байдаг, хүүхдүүд өөрсдөө л хүсвэл бүх зүйлийг хийж чадна, бүх зүйлийг мэдэж болдог, өнөөдөр сургуулийн хувийн хэрэгт байгаа дүн нэг их чухал биш, харин өөртөө авч үлдсэн мэдлэг, бага наснаасаа төгсөх хүртлээ багш нараасаа юу сурч авах нь чухал юм байна гэдгийг ойлгосон. Түүнээс цаасан дээрх дүн чухал биш юм. Анх сургуулийн захирал дээр орно гэхээр маш их айгаад л “Бурхан минь..” гээд, гар хөл чичигнээд л байдаг байсан. Тэгээд орж уулзахдаа, хацар улайчихсан, бие биерүүгээ хараад сандраад сууж байв. Харин сүүлдээ айдсаа дараад, хүн болгонтой нүүр тулаад уулзахаар айгаад байх зүйл огт байхгүй. Бусдад хэлж байгаа зүйл, үг хэл маань хүртэл цэгцтэй, ойлгомжтой болж, ярианы чадвар, сэтгэж бодож байгаа маань хүтэл өөр болсон. Аажимдаа бусад хүүхдүүдтэй өөрийгөө харьцуулаад, би ийм зүйл сурч байгаа юм байна гэдгээ мэдээд хааяа бүр өөрөөрөө, найзуудаараа бахархдаг болсон.

БАГШ НАР, ГЭРИЙХЭН НЬ ХЭРХЭН ДЭМЖИЖ БАЙНА? ЭСВЭЛ ДЭМИЙ ЮМ ХИЙЛЭЭ, ХИЧЭЭЛЭЭ ХИЙ ГЭХ МЭТЭЭР ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА УУ? 

О.Ундаръяа:

-  Өмнө нь "чи юу хийгээд байнаа, хичээлээ хийхгүй дэмий юм хийлээ" гэдэг байсан. Бид нар чинь өглөө 8.00-д хичээлтэй, тэгээд өдөр 15.00-16.00-д тарна. Тэгээд л төслийнхөө ажилд орно. Заримдаа шөнө 11.00 хүртэл суугаад харина. Тэгэхэд ээж "ажилтай надаас их оройтох юмаа" гэдэг байсан. Харин одоо биднийг заримдаа оройтоход хоол унд авчирч өгөх ч юмуу, хамт суугаад зөвлөдөг. Ер нь их дэмждэг. Энэ их хэрэгтэй юм гээд л дуртай байдаг юм.

С.Сумъяа:

-  Манай ангийхан ч гэсэн маш их дэмждэг. Ядаж фондны мөнгийг нь цуглуулаад өгье гээд л. Бид нарыг өглөөнөөс орой хүртэл сууж байхад хиам талх бэлдээд бариад ирдэг. Тэрийг нь хараад бүүр уйлчих гээд. Үнэхээр ийм ангийхантайдаа маш их баярладаг. Манай ангийн багш М.Долгормаа, англи хэлний Д.Баярмаа багш нар маань биднийг чиглүүлдэг. Маш их тусалж, дэмждэг. Багш нартаа хайртай шүү гэж хэлмээр байна. Ялангуяа ангийн багш минь хэрэв бидэнд урам зориг өгч, зөвлөж, ярилцдаггүй байсан бол бид одоо ямар байх байснаа мэдэхгүй байна. Огт өөр байх байсан болов уу. Ийм багштайдаа маш их баярладаг. Ер нь бусдаас дэмжлэг авах их гоё. Бид нарыг дэмжиж байгаа бүх хүмүүсийг харахаар эрч хүч бадраад, ядарч байсан бол за одоо гялс энийгээ дуусгачихъяа гээд л... Нэгийгээ дуусгангуутаа дараагийнхийгаа барьж аваад л. Тэгээд алдаа гаргаад дахиад хийх болоход, шантарч байсан ч энэ зүйл байгаа болохоор л бид ийм чадвар эзэмшсэн гэдгийг их сайн мэдэж байгаа.

ДАРАА ЖИЛ ТӨГСӨХ АНГИ БОЛНО. ТӨСЛӨӨ ҮРГЭЛЖҮҮЛЭХ ҮҮ? 

-  Ирэх жил хичээлдээ илүү анхаарна. ЭЕШ өгнө, их сургуулиа сонгоно. Тиймээс оролцохгүй. Гэхдээ дүү нараа бэлдэнэ. Дархан маань залуучуудын хот. Гэхдээ ингэж нэрлэгдэхээсээ илүү хийж бүтээсэн зүйлс нь тэрийг илэрхийлсэн байх ёстой юм боловуу гэж бид боддог. Тиймээс шийдвэрлэх асуудлууд, хийх зүйлс их байна. Ер нь нийгмийн багш нараар дамжвал энэ ажил илүү зүгээр санагдсан.

ДҮҮ НАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ! ТӨСӨЛ НЬ АМЖИЛТТАЙ БОЛОХЫН ЕРӨӨЛ ТАВЪЯА. 

“Оролцоог дэмжьеэ” багийн төсөл Төвийн бүсээс шалгарч хэдхэн хоногийн дараа болох Үндэсний шалгаруулалтад оролцохоор болсон. Тэд энэ сарын 25-д Улаанбаатарыг зорино.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (139.5.216.31)
    Хүүхдүүдээ үнэхээр чадваржиж байгааг хараад баяртай байна Хүүхдүүд маань бидний хараагүйг харж сэдээгүйг сэдэж тууштай урагшилж буйг дэмжиж бна Бид ийм хойч үеэ бэлтгэхийг хүсдэг амжил
    2019 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (124.158.106.24)
    Mundag yumaa
    2019 оны 04 сарын 23 | Хариулах
  • нямка (66.181.174.69)
    мундаг шүү
    2019 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (112.72.11.120)
    Vnxeer gerel asaax medee bnshv hvvhdvvdiin iim goy medee olon orulara hhe
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.11.120)
    16r surguuliihandaa bayr hurgey mundag bn
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.11.120)
    Huuh ih goy ymaa haayaa ch gesen ireedui suragchdiinxaa iim medee sonsox sxn bna shvv sxn yriltslaga bn
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • Пүүжээ (112.72.11.120)
    Яасан мундаг хүүхдүүд вэ баяр хүргье
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.88.57)
    Естой хөөрхөн ярилцлага болжээ
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
2210   8
НИЙТЭЛСЭН: Б.Оюунчимэг