Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-04-19

ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛДЛҮҮДИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

АТГ-аас манай аймгийн Боловсролын байгууллагуудад авилга, ашиг сонирхлын байдал газар авсан талаар олон нийтэд мэдээлээд байгаа. Энэ талаар манай сэтгүүлч АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээс тодрууллаа.

Дархан-Уул аймагт АТГ-ын ажлын хэсэг ажиллаж, илрүүлсэн зөрчил дутагдлуудын талаар олон нийтэд мэдээллээ. Энэ талаар тодруулахгүй юу?

- Дархан-уул аймгийн Боловсролын салбарын худалдан авах үйл ажиллагаа, тендер сонгон шалгаруулалт, хандив тусламж авч байгаа нөхцөл байдлын талаар гомдол санал ирсэний дагуу Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг тус аймагт томилогдон ажилласан. Энэхүү хяналтыг Иргэний хяналтын гишүүдийхээ оролцоо туслалцаа дэмжлэгтэйгээр явууллаа. Хяналт шалгалтын үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн бүх, сургууль цэцэрлэг хамрагдаагүй. Нэр бүхий 18 цэцэрлэг, 9 сургуулийн үдийн цай хөтөлбөр, хандив тусламж болон худалдан авах үйл ажиллагааны нөхцөл байдлыг хянан үзэж шалгасан. Шалгалтын явцад, орон нутагт худалдан авах үйл ажиллагааг хэрэгжүүлэх болсонтой холбогдон Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж газар дээрээ бүрэн дүүрэн хэрэгжихгүй байгаа нь харагдаж байлаа.

Тодруулбал ямар хуулийн зөрчлүүд илрэв?

- Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр  бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа босго үнийн дүнгээс хамааран харьцуулалтын аргаар явуулах, шууд худалдан авалт хийх, нээлттэй тендер, сонгон шалгаруулалт зарлах зэрэг хэд хэдэн зүйл байдаг. Гэтэл хуулийн 8-р зүйлд заасныг зөрчиж, хэд хэдэн худалдан авах үйл ажиллагааг салгаж явуулаад байна. Ингэж салгаж гэрээ байгуулахдаа цэцэрлэгийн эрхлэгч нар өөрсдийн хамаарал бүхий этгээдтэй гэрээ байгуулсан зөрчлүүд илэрсэн. Энэ нь 2012 оны тавдугаар сарын 01-ээс хэрэгжиж байгаа Нийтийн албанд, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж байгаа юм. Тус хуулиар албан тушаалтанд тавигдсан гол хориглолт нь хамаарал бүхий этгээдийнхаа хувийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргах, гэрээ байгуулах, хамтран ажиллах, хяналт шалгалт хийхийг хориглосон байдаг. Гэтэл худалдан авах үйл ажиллагаа явуулахдаа өөрийнхөө ах дүү, хамаатан садантай шууд гэрээ байгуулж, бүтээгдэхүүн нийлүүлсэн зүйлүүд байна. Мөн нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарласан хэрнээ, өрсөлдөх үйл ажиллагаатай холбоотой тодорхой хууль тогтоомжуудийг зөрчиж, хэд хэдэн компани л давамгай байдлаар оролцоод байгаа юм. Нэг ёсондоо бараг сүлжээ маягтай. Жишээ нь Дархан-уул аймгийн худалдан авах үйл ажиллагааг харахаар нэр бүхийн 2-3 компаний нэр л яваад байдаг. Тухайлбал “Арцат алтайн уулс” компани нь нэр бүхий 11 цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх орцод орсон байгаа. Магадгүй энэ нь хүчин чадлын хувьд сайн компани байж болно. Гэхдээ хууль тогтоомжид заасны дагуу нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарлаад, шаардах шалгуур үзүүлэлтийг нь хангаад гараад ирсэн компани мөн үү? Энэ нь хууль тогтоомжиндоо нийцэж байна уу гэдэг дээр анхаарал татсан зүйлүүд бол бий. Мөн худалдан авах үйл ажиллагаатай холбоотойгоос гадна бусдад давуу байдал олгосон нөхцлүүд  байна. Ажлаас чөлөөлөгдчихсөн, ажил хөдөлмөр эрхлээгүй хүний нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ч асуудал гарсан.

Цэцэрлэгүүд хандив нэрээр эцэг эхчүүдээс мөнгө татан төвлөрүүлсэн гэх 130 гаруй сая төгрөгний асуудлыг тавьсан байсан?

- Тийм. Худалдан авах үйл ажиллагаанаас гадна хандив авахтай холбоотой зөрчлүүд байгаа. Хандив авч болохгүй гэж бүгдийг нь хязгаарлачихсан юм бол байхгүй. Гэхдээ ямар тохиолдлуудад авч болох, авахдаа яах ёстой гэдгийг хуулиар зохицуулаад өгчихсөн байгаа. Дээд шатныхаа байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж, тэдгээрийн бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу хандив, тусламж авч болно. Мөн хандив авах хэд хэдэн нөхцлүүд байдаг. Гэтэл энэ хууль тогтоомжоо мэдэхгүйгээс, Сангийн сайд, Боловсролын сайд нарын хамтарсан журмаа зөрчөөд тэгшитгэсэн байдлаар хандив авсан байна. Тэгээд түүнийгээ төрийн санд төвлөрүүлээгүй. Зөвхөн 2017, 2018 онд гэхэд л нэр бүхий 16 цэцэрлэг эцэг эхчүүдээс нийт 132 сая төгрөгийн хандив авчихсан байна. Энэ хандивыг юунд зарцуулсныг нээлттэй ил тод мэдээлж, төрийн сандаа төвлөрүүлэх хэрэгтэй. Эцэг эхчүүдээс ирдэг гомдол мэдүүлгийн дийлэнх нь энэ асуудлыг тавьсан байдаг.  

Зөрчлийн шалтгаан нөхцлийг хэрхэн дүгнэж байна?

- Хүмүүстээ наад захын худалдан авах үйл ажиллагааг хэрхэн яаж явуулах талаар сургалт, сурталчилгааны ажлыг ерөөсөө явуулаагүй байна. Хуулиа мэдэхгүйгээс, дүрмээ мэдэхгүйгээс ийм зөрчил гаргах хэмжээнд хүрээд байгаа юм болов ууЯлангуяа худалдан авах үйл ажиллагаа, төсөв санхүүтэй холбоотой, тэдгээрийн ил тод байдал, гүйцэтгэлд нь хяналт тавих ёстой. Дотоод хяналт сайн байх ёстой. Сургалт, сурталчилгааны ажлууд сайн байх ёстой. Иймээс бид Дархан-уул аймагт заавар, зөвлөмж, даалгавар хүргүүлэхээр ажиллаж байна.

Цаашид ямар арга хэмжээ авах вэ?

- Энэ удаагийн ажил бол ийм нөхцөл байдал тогтоогдлоо, энийг арилгаж, хууль тогтоомжинд нийцүүл гэдгийг хэлж байна. Өмнө нь ч бас 2018 онд Дархан- уул аймгийн Шарын гол суманд ажилласан. Тэгэхэд дан ганц цэцэрлэг гэхгүй худалдан авах үйл ажиллагаатай холбоотой зөрчлүүд илэрч байсан. Арга хэмжээ аваарай гээд зөвлөмжүүд өгсөн. Гэтэл дахиад зөвхөн боловсролын салбарт нь хяналт шалгалтын ажил явуулахад ийм зөрчлүүд илэрлээ. Тэгэхээр зөвлөмжийн мөрөөр дорвитой арга хэмжээ авахгүй байна уу. Яагаад салбар болгонд нь ийм зөрчил гараад байна гэдэг дээр ч хүртэл бид цаашдаа ажиллана. Эргээд энэ бүхэн хүнсний аюулгүй байдал, хүүхдийн эрүүл мэндийн асуудалтай холбоотой. Одоо сенсацлаад л хэдэн цэцэрлэг сургууль ингэсэн байна гээд байгаа асуудал биш юмаа. Аймгийн удирдлагууд үүнд анхаарлаа хандуулах шаардлагатай. Хууль тогтоомжиндоо нийцүүлж, дотоод хяналтаа сайжруулах, холбогдох албан тушаалтныг мэдээлэл арга зүйгээр хангаж ажиллах хэрэгтэй байна. Мөн зарим нэг гэмт хэргийн шинжтэй, тодорхой болсон зүйлүүд ч бий. Үүнд ямар арга хэмжээ тооцох, цаашлаад эрүүгийн хэрэг үүсэх нөхцөл байдал юу байна гэдгийг нягталж үзнэ. Энэ удаад тогтоогдчихсон ерөнхий нөхцөл байдал нь ийм байна гэдгийг л бид олон нийтэд мэдээлээд байгаа .

Өчигдөр манай сэтгүүлчийг уулзахад тус аймгийн Нийгмийн Хөгжлийн Хэлтсийн дарга, Боловсролын газрын дарга нар нь асуудлыг сайн судлаагүй, зөвлөмжтэй нь танилцаагүй байна гэсэн байсан?

- Зөвлөмж одоогоор очоогүй байгаа. Ер нь салбарын хууль тогтоомжоо хэрэгжүүлээд, санал санаачлага гаргаад, цэцэрлэгийнхаа үйл ажиллагааг зохион байгуулаад сайн ажиллаж байгаа хүмүүс байгаа. Тэрийг бид үгүйсгээгүй. Харин салбарын хууль тогтоомжид зааснаас гадна, төсөв санхүү худалдан авах үйл ажиллагаа, авилга ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийгээгүйн улмаас энэ мэт зөрчлүүд гараад байна. Хууль тогтоомжоо мэддэг, судалдаг, улмаар боловсон хүчнээ мэдээлэл арга зүйгээр хангаж ажилладаг байх хэрэгтэй. Үүнийг л бид тус аймгийн удирдлагад удаа дараа тавиад байгаа юм. Дархан-Уул аймаг бараг л хотын статустай, хүн ам төвлөрсөн том газар. Гэтэл яахаараа тэнд хоёр гуравхан компани давамгай байдлаар тендерт шалгараад байдаг юм. Энэ хэний хамааралтай ямар компани юм. Эдгээр зүйлүүдийг бид цаашид нарийвчлан шалгана.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (66.181.185.126)
    Манай сургуульд лав солонгос явсан нэлээд олон хүний нийгмийн даатгалыг төлсөн нь үнэн. НД-аа төлүүлж байгаа цаад нөхөрт ямар арга хэмжээ авдаг юм болоо. Улсаар төлүүлсэн НД-ыг нь хүчингүй болгодог юм болов уу? Улсаар төлүүлсэн мөнгийг нь буцааж төлүүлэх болов уу?
    2019 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (64.119.16.88)
    Боловсролын шинэ даргыг сайн шалгаарай. Хотоос ашиг сонирхолын зөрчилтэй болоод хөөгдөж ирсэн авгай. Дарга нарын нэр барьсан ашиг сонирхол өндөртэй
    2019 оны 04 сарын 21 | Хариулах
  • иргэн (202.126.89.66)
    зөв шүү. дарханд үнэхээр хэдхэн хүний хоорондын үйл ажиллагаа давамгайлж байдаг. ялангуяа тэтгэвэртээ гарах болсон байж сургуулийн захирал цэцрлэгийн эрхлэгч нар ажлаа хийгээд багш ажиллагсдадаа дарамт үзүүлээд хувийн юм шиг дэндүү захиргаадалттай байдаг. яагаад энэ албан тушаалдаа хоргодоод байна гэвэл данс тооцоогоор идэж уугаад гаршсан гарууд байдаг. шинэ багш нарыг ажилд авахад хүртэл авах мөнгө нь хүртэл ханштай. хүүхэд элсэлтээр авахад бас мөнгө хандив нэрээр авдаг. дарханы боловсрол дээр доргүй ханштай. энэ нь албан тушаалдаа насаараа хадагдсан захирлуудтай холбоотой шүү.
    2019 оны 04 сарын 20 | Хариулах
  • Zochin (202.126.89.222)
    Artsat Altain uul gdg kompani Darhanii surguuli tsetserlegiin buh tenderiig gantsaaraa awsan.Mash notstoi.Awilgaliig Darhanii Oron nutgiin omchiin darga Bayasgalan gegch chinhene tsetsegluulj bn.Awilgaltai tsemtseh gazar muu ajillaj bn.Shalgah baiguullagaa olohgui bn.
    2019 оны 04 сарын 20 | Хариулах
  • Zochin (202.126.89.222)
    shalgah heregtei .Aimgiin niitiin aj ahui uilchilgeenii gazriin darga Dorjderem gedeg nohor eronhii nyagtlan Ouynbileg,Erenhii injener Handjargal nariigaa Ereen ruu baraand yawuulj awchirsan selbegee baiguullagadaa shahaj ashgaa huwaadag tuhai ajilchdaas ni medeelel udaa daraa gomdol gargaj awilgaltai temtseh gazart ochson gsn.Udahgui unen ni togtoogdono.
    2019 оны 04 сарын 20 | Хариулах
1817   5
НИЙТЭЛСЭН: MyDarkhan