Лхагва 2019-01-02 Дархан
Хүний түүх   2019-04-23

ЯРУУСАН ЦЭЦЭГЛЭХҮЙН ХҮСЛЭН

Театр цаанаа л нэг эрхэмсэг, дур булаам, донжтой. Уран бүтээлчидтэй уулзаж ярилцах нь таатай, хөнгөн гэгээн...

“Залуучууд” театрын гоцлол хөгжимчин, МУСТА Г.Батцэнгэл эгчтэй уулзаж ярилцъя хэмээн шийдэж, хөгжим бүтээлүүдийг нь сонсонгоо намтар түүхийг нь уншжээ суухад, өвөө эмээдээ эрхэлсэн жаахан охин байхад минь жил бүрийн Цагаан сараар манайхаар ирдэг байсан “Залуучууд” театрын цоглог, авъяаслаг, эрч хүчтэй, гоё ах эгч нар санаанд бууж, хүүхэд нас, 1980-аад он, залуусын Дархан хотын уянга хэмнэл нүднээ үзэгдэх шиг болж билээ.

Та “Залуучууд” театрт ажиллаад 40 дэх жилтэйгээ золгож байна. Таныг ирэхэд театр ч шинэ, хот нь ч шинэ, та ч бас шинэхэн байжээ. Анх ирэхэд нь Дархан ямар санагдаж байв?

-  1979 оны долоодугаар сард хөгжмийн сургуулиа дөнгөж төгсөөд Дарханд очино гэж хүсч ирсэн. Улаанбаатарт үлдэх боломж байсан л даа. Гэхдээ Дарханд гоё шинэ театр байгуулагдсан. Тэнд л очиж ажиллана гэсэн тэмүүлэлтэй байлаа. Бид 7-8 уулаа галт тэргээр, зам зуураа дуулж хуурдан, тоглож бужигнан явсаар ирсэн. Ирэхэд Дархан хот нов ногоон. Эгнүүлэн тарьсан моддоор чимэглэгдсэн /тэр үед Улаанбаатарт ингэж тарьсан модод байгаагүй/ цэмцгэр цэвэрхэн, цөөн боловч дан байшин хорооллуудтай, гудамж талбай нь бүртийх ч хоггүй, үнэхээрийн сэтгэл татам, таатай сайхан орчин угтсан. Тэр үед газар газраас цугласан залуус ямар нэгэн гоё зүйл хийж бүтээх юмсан гэсэн сэтгэлтэй, эрч хүчтэй, оргилсон, дэврүүн тийм л сайхан байлаа. Амралтын өдрийн орой бүр театрын гадаа талбайд үдшийн цэнгүүн болж, залуус вальс эргэн, танилцаж найзлан нөхөрлөдөг. Гудамжаар явахад айлуудын цонхоор хөнгөн хөгжим эгшиглэсэн, орцны гадаа гитарын эгшиг тасардаггүй, дуу хуур залуусын эрч хүч, хэмнэлээр бялхсан газар байлаа. Үнэхээр гоё. Ер нь залуус урлагаар хүмүүжиж, соёлжиж, эрч хүч авч байсан юм.

Тэр дундаа театрын залуус бусаддаа үлгэр дуурайл болж, тэдний өмсч зүүх, хийх ярих бүгд сонин содон. Театрт юу болж байна, ямар шинэ бүтээл тавих гэж байна, хэн гэдэг уран бүтээлч ирж гэнэ гээд л бүгд сонирхон шохоорхдог цаг байжээ...  

-  Тийм шүү. Тэр үед театрын үзвэрийн билет бүгд зөвхөн кассаар зарагдаж дуусдаг байсан. Ямар ч цаг үед театр урлагийнхан, уран бүтээлчид олны нүдэн дээр амьдарч, тэднээс бусад хүмүүс залуу үе үлгэр дуурайл авч байдаг л даа. Тиймээс ч урлагийнхан өндөр мэдрэмжтэй, ёс зүй этикийн хувьд үлгэр дуурайл болохуйц байх, үнэтэй сайхан бүхнийг өмсч эдлэхгүй ч дотроосоо гэрэлтсэн, сэтгэлгээний хувьд өнгөлөг байх ёстой. Ер нь урлагийнхан бид чинь дотроо буглаж, удаан шаналж, уйтгарлаж чаддаггүй хүмүүс шүү дээ. Театрынхаа хаалгаар орж ирээд, хөгжим дуундаа умбан, хийж буй уран бүтээлдээ уусаад ирэхээрээ бүх асуудлуудаа мартчихдаг, хэнийг ч, юуг ч уучлахад бэлэн хүмүүс. Магадгүй тийм болохоороо урлагийнхан, уран бүтээлчид дандаа гоё сайхан харагддаг байх гэж бид боддог юм.

Таны уран бүтээлийн оргил үе бол яахын аргагүй 1980-аад он буюу “Цэцэгчний хүслэн” дуу, ятга гитарын хослол. Анх ятга хөгжмийг металл утастай болгож байсан гэдэг. Энэ санаа хаанаас төрсөн бэ?

Хүн юм хийе гэсэн хүсэл тэмүүлэлтэй байхад шинэ санаа, боломж өөрөө л эзнээ олоод ирдэг юм шигээ. Яг л бурханы хишиг шиг. Төгсөж ирээд, гоё юм, сайн уран бүтээл хийхсэн гээд ёстой нэг буцалж, оргилж байсан үе. Хөгжимдөө маш их дуртай. Аав ээжийгээ баярлуулах юмсан гэж их боддог байлаа. Тэр жил аав маань Хөх хотын Хөгжим бүжгийн сургуульд ардын маневрын багшаар ажиллаж байсан юм. Тухайн үед хил хаалттай, хатуу чанга, янз бүрийн бараа таваар ховор цаг. Нэг удаа аав ирэхдээ надад урлагийн хүн боллоо гээд “өндгөн пудр” гэж нэрлэгддэг энгэсэг, час улаан саатай торго, бас нэг юуных нь мэдэгдэхгүй хөгжмийн утас авчирч өгсөн юм. Тэр нь чемоданы ёроолд байж л байдаг байлаа. Нэг шөнө нойр хүрэхгүй, ямар нэг гоё бүтээл хийх юмсан гээд бодоод хэвтэж байснаа нөгөө утсыг ятгандаа барьж үзмээр санагдаад. Тэгээд тааруулан үзэхэд яг таарч байв. Бүх утсуудыг нь сольж хийгээд, чангалан татаж үзэхэд дон... гэсэн үнэхээр содон эгшиг гарч байлаа. Шууд л гитартай хоршин тогловол сайхан болох юм байна гэж бодогдсон. Тэр үед ятга малын өлөнгөөр хийсэн, бор шаргал даавуун гадартай зөөлөн 13 утастай байсан юм. Тухайн үед өөр төрөл байгаагүй л дээ. Маргааш нь өнөөх металл утастай ятгынхаа дууг хөгжмийн удирдаач Машка /Д.Машбат/ багшдаа сонсгоод, гитартай хоршиж тогловол зүгээр санагдаж байгаагаа хэлэв. Багш, наадах чинь их сонин санаа байна гээд ардын дууны найруулгыг хурдан, удаан хэмнэлтэйгээр хөгжимчин, гитарчин Б.Алдархишигтай хослон тоглохыг санал болгосон юм. Энэ уран бүтээл үнэхээр сайхан болж, тайзнаа тавигдсан цагаасаа эхлэн үзэгчдээс өндөр үнэлгээ авч, дахин дахин дахиулдаг болсон доо.

Аав тань мэдээд өгсөн юм болов уу? Ямар хөгжмийн утас байсан юм бол?            

-  Харамсалтай нь асууж амжаагүй. Аав минь миний тоглохыг радиогоор сонсоод хэвтэж байхдаа, буруу хараад уйлж байсан гэдэг. Уулзаж чадалгүй бурхан болсон доо. Миний аав, ээж хоёр, мөн аавын минь ах бүгд урлагийн тэр дундаа ардын хөгжмийн хүмүүс байсан. Аавын минь зохиосон “морины” гэгдэх Нансалмаа гуайн дуулдаг “Хурдан зээрд морь”, авга ахын минь “Үүлсийн сайхан Улаанбаатар” зэрэг дууг ард түмэн их сайн мэддэг.

Уучлаарай, таны сэтгэлийг хөндчихвүү. Та түрүүн аав, ээжийнхээ ачийг хариулахсан гэж боддог байсан гэж байсан. Үнэхээр ачийг нь хариулж, баярлуулжээ. Тэд таниар бахархаж байсан байхаа.

Таны металл утастай ятга болон гитарын хослол одоогийнхоор бол тухайн үедээ хит болж байсан гэдэг. Мөн МУГЖ дуучин Б.Энхбат агсантай хамтарсан “Цэцэгчний хүслэн” дуу хүмүүсийн сэтгэлд хүрсэн сайхан уран бүтээл...

-  Ятга, гитарын хослолоор олон сайхан бүтээл хийсэн. Ардын дууны найруулгын дараа “Оросын эртний романс” хэмээх бүтээлийг хийж Монголын радиогийн алтан фондод бичүүлж байсан. 1984 оны декатаар Улаанбаатар хотод очиж тоглож байхад хөгжмийн зохиолч Б.Алтанхуяг багш хараад энэ хоёртой аятайхан уран бүтээл хиймээр юм байна гэж бодсон гэдэг. Тэгээд “Цэцэгчний хүслэн” дуугаа бичиж, манай театрын дуучин Б.Энхбат дуулж, энэ дуугаараа залуухан гавъяат болж байсан юм шүү дээ. Ер нь уран бүтээл төрөх тохироо нь бүрдсэн гэж боддог. Ийм тохироо, сайхан уран бүтээл хийхсэн гэсэн оргилсон сэтгэлээс л төрдөг юм билээ. Бид гурав тэр жилийн 365 хоногт 1000 гаруй тоглолт хийсэн нь театрынхны бүтэн жилийн цалин болж байсан гэдэг. Металл утастай ятга, түүнээс урган төрсөн бүтээлд маань тухайн үеийн Соёлын сайд МУАЖ, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров гуайн гарын үсэгтэй уран бүтээлийн гэрчилгээ олгогдож байсан юм.

Таны өрөөнд орж ирэнгүүт олон төрлийн ятганууд шууд нүдэнд туслаа. Их сонин гоё юмаа. Ийм олон төрлийн ятга байдаг гэж би төсөөлж байсангүй. Ер нь яагаад ятга хөгжмийг сонгох болсон юм бэ?

-  Ятгыг дээдсийн гэрийн хөгжим гэдэг. Эмэгтэйлэг их гоё хөгжим шүү. Биднийг сурч байх үед түрүүн ярьсан 13 утастай ганцхан төрлийн ятгаар л тоглодог байлаа. Харин түүхэнд их ятга, ятгалга гэх мэт олон төрөл байсан. Нийгэм нээлттэй болсноор олон төрлийн ятга хөгжмүүд монголд орж ирж, тэр бүрийг сурах гэж оролдож байна. Эдгээр нь бүгд өөр өөр өнгө аялгуу, онцлогтой. Жишээ нь Хятад ятга гэхэд 21 утастай, хятад маягийн онцгой аялгуу сонстоно. Бурят ятга сатуркан утастай, бас арай өөр хөг эгшиг гаргана гэх мэтчилэн. Ятга цаанаа нэг тослог, сэтгэлд хүрсэн дуу аялгуутай байдгаараа онцгой. Одоогийн хүүхэд багачууд ардын үндсэн долоон хөгжмийнхөө талаар мэдэхгүй, сонирхох нь бага болоо юу даа. Тиймээс энэ чиглэлээр мэдээлэл өгөх, таниулах зорилгоор лекц семинар хийж байгаа.

Ардын урлагийг хөгжүүлэх, хүүхэд багачуудад урлагийн боловсрол олгох тал дээр та нэлээн ажиллажээ. Урлагийн талаарх мэдлэгийг олгох, мэдрэмжийг бий болгохын аль нь илүү чухал вэ?

-  Ерөөс хүмүүс бүгд хөгжмийг мэдэрдэг. Кино үзэж байгаад үйл явдал өрнөхөөс өмнө хөгжмийн хэмнэлээс юу болох гэж байгааг таамагладаг. Энэ бол хөгжмийг мэдэрч байгаагийн илэрхийлэл. Харин тэрхүү мэдрээд байгаагаа ойлгож, татагдахад урлагийн боловсрол хэрэгтэй. Би хүүхдүүдэд хөгжмийн боловсрол олгох тал дээр нэлээн ажилласан л даа. Бас л шинэ юм хийхсэн гэж бодож яваад шийдсэн хэрэг. Энэхүү лекц арга хэмжээ маань тухайн жилдээ БСШУЯ-ы шилдэг шинэ санаачлагаар шалгарч байсан юм. Сургуулиудаар явж лекц зохион байгуулан, уран бүтээлийн талаар ярьж, уран бүтээлчидтэй уулзуулан, жүжгийн хэсгээс тоглоход хүүхдүүд их сонирхож байв. Би хүүхдүүдэд хөгжмийн боловсрол олгох тал дээр нэлээн ажилласан л даа. Бас л шинэ юм хийхсэн гэж бодож яваад шийдсэн хэрэг. Энэхүү лекц арга хэмжээ маань тухайн жилдээ БСШУЯ-ы шилдэг шинэ санаачлагаар шалгарч байсан юм. Нэг удаагийн лекцээ “Залуучууд” театрын уран бүтээл, дэлхийн сонгодог “Нора” жүжгийн уран бүтээлчидтэй хамт явуулж, жүжгийн утга санаа, онцлог, өгүүлэмж зэргийн тухай ярьж, хэсгээс нь тоглоход хүүхдүүд маш ихээр сонирхож байв. Дараа нь тухайн жүжиг тайзнаа тоглоход, тэр сургуулиас гэхэд 200 гаруй хүүхэд билет захиалсан байсан.

Таньтай ярилцаж байхад, та яг л өөрийнхөө хүссэн бүхнээ хийж, түүндээ сэтгэл дүүрэн байгаа мэт мэдрэмж төрж байна...

-  Дуртай ажлаа хийж, түүндээ сэтгэлээ өгсөнд л байгаа байх. Би хүүхдүүдэд хөгжмийн боловсрол олгох тал дээр нэлээн ажилласан л даа. Бас л шинэ юм хийхсэн гэж бодож яваад шийдсэн хэрэг. Энэхүү лекц арга хэмжээ маань тухайн жилдээ БСШУЯ-ы шилдэг шинэ санаачлагаар шалгарч байсан юм. Хүн ер нь амьдралдаа хийх ёстой ажил, мэргэжлээ зөв сонгох нь тун чухал. Зөв сэтгэлээр оромдолгүй үнэнчээр хийсэн ажил дандаа бүтдэг. Бусдад мэдэгддэггүй амьдралын бэрхшээл надад мэдээж зөндөө байгаа. Гэхдээ тэр бүхнийг хөгжмийн маань намуухан эгшиг аргадаж, тайтгаруулдаг юм. Хөгжим миний хань ижил, хүсэл тэмүүлэл, амьдралын утга учир гэж би боддог.   

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Sodonbayar Badamsed (127.0.0.1)
    Миний найз Гомбын Батцэнгэл сайхан ч бүсгүй авьяаслаг хөгжимчин, ятгачин даа Манай театраас төрөх МУГЖ яах аргагүй мөн шүү.Уйгагүй хөдөлмөрч,үргэлж шинийн эрэл хайгуул хийж байдаг.Дэлхийн сонгодог одон бүтээлийг амилуулсан даа. Сэтгүүлч охинд маш их баярлалаа. Сайхан бичжээ.Манай Театрын захиргаа уран сайхны зөвлөл 60 жилээрээ МУГЖ өлгийдөж авах болтугай! Бие биенээ дэмжиж ,хайрлаж,амьдрах сайхаан Шведийн хаант улс Стокгольм хотоос өглөөний 07:59 д бичлээ. Яг 08 боллоо хязгааргүй үргэлжлэх 8 -ын тоо Найздаа уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе!
    2021 оны 05 сарын 20 | Хариулах
1674   1
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг