Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-04-25

“Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн газрын асуудлыг дахин ярихгүй, одоо гэрээнээс бүх зүйл хамаарна гэлээ

“Миний Монгол” Цэцэрлэгт хүрээлэнгийн 8.4 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргасан тогтоолыг Аймгийн ИТХ гаргасан. Улмаар тус газрыг хөрөнгө оруулж, менежментийн гэрээгээр ажиллах компанид эзэмшүүлэх асуудал ч яригдаж байгаа. Иргэд үүнд янз бүрийн байр суурь илэрхийлж, сошиал орчинд хүчтэй хэлэлцүүлгүүд өрнөөд байгаа юм. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 22-ы даваа гарагт болсон Аймгийн ИТХ-ын Зөвлөгөөний үеэр Дархан-Уул аймгийн Ардчилсан нам, паркийн газрыг орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргасан асуудлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн Засаг Дарга С.Насанбатад болон ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нарт шаардах бичиг өгсөн.

Үүсээд буй эдгээр нөхцөл байдлуудтай холбогдуулан өчигдөр аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат хэвлэлийн хурал зарлан, сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Дархан-Уул аймгийн ИТХ, Засаг Дарга С.Насанбатыг паркийн газрыг худалдаж байна, зарж байна, буруу зориулалтаар ашиглах гэж байна гэх зэрэг буруу ташаа мэдээлэл ихээр явж байна. Тиймээс албан ёсны баримттай мэдээллийг Дарханчууд та бүхэнд өгье. Түүнчлэн цаашид энэ асуудлаар ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөхгүй, гагцхүү ажилдаа шамдан орно гэлээ.

Түүний өгсөн тайлбар мэдээллийг багцлан хүргэе.

Нэг. “МИНИЙ МОНГОЛ” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН 8,4 га ГАЗРЫГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТААС ЗАЙЛШГҮЙ ГАРГАХ ХУУЛИЙН ҮНДЭСЛЭЛ ЮУ БАЙВ?

   “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн нь 45,5 га газартай. Үүнийг Дархан-Уул аймгийн ИТХ-ын 2008 оны Хоёрдугаар сарын 28-ы өдрийн 10/03 дугаар бүхий Орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай тогтоолоор тусгай хамгаалалтанд авсан. Тус тогтоолд “Дархан-уул аймгийн байгалийн унаган тогтоц, түүх соёлын дурсгалт, амралт аялал жуулчлалын ач холбогдол бүхий газар нутгийг хамгаалах зорилгоор 12 нэгж талбар бүхий нийт 1112,3 га газрыг Орон нутгийн тусгай хамгаалалтанд 15 жилийн хугацаатайгаар авсугай” хэмээн заасан байдаг. Үүнийг саяхан 2019 оны дөрөвдүгээр сарын 02-ы өдрийн ИТХ-ын “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор “Миний монгол цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоомын талбай, соёл амралтын цогцолбор байгуулах болсонтой холбогдуулан, аймгийн ИТХ-ын 2018 оны орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай 10/03дугаар тогтоолоор батлагдсан хавсралтын 4 дэх хэсэг буюу “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнтэй холбогдох тусгай хамгаалалттай бүс нутаг, миний монгол цэцэрлэгт хүрээлэнгийн тусгай хамгаалалтанд авсан нийт 44,5 га газраас 8,4 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргасугай” хэмээх тогтоол гарсан.

   Яагаад гаргаваа гэдэг үндэслэлийг одоо би та бүхэнд хэлье. Үүнд, Монгол улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3.2-т “Аймаг нийслэл сум дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авч болно” гэсэн байдаг бол тус хуулийн 24.2-т  “Дурсгалт газар дахь байгалийн болон түүх соёлын дурсгалт зүйлсээс 0.1-3.0км орчимд сүр бараа үзэмжийг нь дарах барилга байгууламж барих, газар хагалах, ухах, гэсгээхийг, мөн ашигт малтмал хайх олборлох, байгалийн түүх соёлын дурсгалт зүйлийг хөндөх эвдэх буулгах тэдгээрт хохирол учруулахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Тэгэхээр “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоомын талбай байгуулах гэхээр энэ хуулийн заалттай зөрчилдөж байгаа юм. Мөн 2-3 давхар энтертайнмент барилга баригдаж, жилийн дөрвөн улирал ашиглагдах тоглоом хийнэ. Энд газар шорооны ажил явагдах ёстой.  

Хоёр. АЖ АХУЙН НЭГЖИД ЭЗЭМШҮҮЛЭХГҮЙГЭЭР, ЗӨВХӨН АШИГЛАХ ЭРХЭЭР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТИЙН ГЭРЭЭГ БАЙГУУЛАХ БОЛОМЖ БАЙХГҮЙ ЮУ?

  Зарим хүмүүс, ялангуяа АН-ын зүгээс дээрх тусгай хамгаалалттай газар нутгаас яагаад тусгай хамгаалалтаас гаргачихав, гаргахгүйгээр бүтээн байгуулалтын ажил хийж яагаад болохгүй байгаа юм гэх асуудлыг тавьж байна. Тэгэхээр мөнхүү Тусгай хамгаалалтын тухай хуулийн 31.1 дүгээр зүйлд газар ашиглах тухай гэрээний хугацаа нь 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг л удаа 5 хүртэл жилээр сунгана хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл газрыг ашиглах дээд хугацаа нь 10 жил. Мөн тус хуулийн 38.4-д “Газар ашиглах эрх дуусгавар болоход тухайн газрыг ашиглаж байсан иргэн тухайн газраа эргэн нөхөн сэргээж, засч тохижуулж өмнө нь байсан байдлаар сум дүүргийн засаг даргад хүлээлгэн өгнө” гэх заалт бий. Тиймээс бид паркаа байгуулаад, тоглоомоо суурилуулаад, тодорхой хэмжээний тохижилтын ажлаа хийчихээд, 10 жилийн дараа буцаагаад бүгдийг нь нураан тэгшилж, байсан хэвээр нь хүлээлгэж өгөх болж байгаа юм. Ийм хуулийн заалттай зөрчилдөж байгаа учир бид ашиглуулах талаар яриагүй.

Гурав. ЯАГААД “МИНЖ ПРОПЕРТИ” КОМПАНИ ГЭЖ?
МАН өөрийн хамаарал бүхий компанид эрхийг олголоо гэх хардлага сэрдлэг байна.

  2018 оны төсөвт тэрбум 200 сая төгрөг Паркад тоглоом худалдан авах зориулалтаар тавигдаад энэ хөрөнгө оруулалтын тендерт “ТиЭсЖи” компани шалгарч зургаан нэр төрлийн тоглоомыг өнгөрөгч оны 10 дугаар сард оруулж ирсэн. Одоо суурилуулах ажил явагдаж байна. Энэ хооронд аймгийн засаг дарга, аймгийн засаг даргийн орлогч, мөн холбогдох мэргэжлийн байгууллагын ажлын хэсэг Улаанбаатар, Ховд хотод мөн Хятад улсад ажиллаа. Тэдгээрийн тайлан мэдээ, тооцоо судалгаан дээр ажилласан. Үндсэндээ жилийн 365 хоногийн ердөө 100-аадхан хоногт манай парк ажиллах боломжтой байгаа. Мөн өнөөдөр энэ оруулж ирсэн байгаа зургаан тоглоомын нэг бүрийн үнэ доод тал нь 150 сая төгрөг. Эхний орж ирсэн эдгээр тоглоомууд хямддаа орно. Ажлын хэсэг БНХАУ-ын хамгийн сайн компани дээр очиж, туршиж судлаад авчирсан. Цаашлаад нэр дурьдагдсан 15 тоглоом орж ирнэ гэж байгаа. Гэтэл жишээ нь хүмүүсийн хамгийн дуртай алсыг харагч гэхэд нэг бүрийнх нь үнэ тэрбумаас дээш үнэтэй байдаг. Тэгвэл бид төсвийн орлогоороо эдгээрийг авчирч хүчрэх үү. Тэгээд дээр нь өөрсдөө арчилгаа үйлчилгээ, ажилтан албан хаагчдаа бэлдэх, ашигтай ажиллуулаад байж чадахуу гэдэг эргэлзээтэй. Иймээс нэгдсэн дүгнэлтэнд хүрч “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг явуулах сонгон шалгаруулалт тендерийг 2018 онд зарласан юм. Ингэхэд нэг ч оролцогч орж ирээгүй. 2019 онд мөн дахин зарлахад энэ “Минж Проперти” компани болон “Бурхантын ирээдүй” компаниуд хамтран орж ирсэн. Тиймээс гадуур яриад байгаа шиг “Минж”-д өгчихсөн гэдэг ор тас худлаа ойлголт. Тендерийн зарыг дүрэм журмын дагуу Өдрийн сонин, өөрсдийн албан ёсны вэб сайт, УБ хотын худалдан авах ажиллагааны газар зэрэг бүх байж болох сувгуудаар нээлттэй зарласан.

  Мөн бид ИТХ-д “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн 8,4 га газарт тоглоом суурилуулна гэдгийг зүгээр амаараа ярьж ороогүй. 2017 оноос хойш бүх тооцоо судалгааг хийсэн. Ажлын хэсэг, удирдлагуудын баг ажилласан. Барилга хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөс Дархан-Уул аймгийн “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлт, тохижилтыг батлаад өгчихсөн байгаа. Ийм олон хуудас материал байна. Үүнийгээ бид Засаг Даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээр хэлэлцүүлээд эцэст нь төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Жишээлбэл 8.4 га газарт ямар тоглоомууд суурилуулж, ямар ажил явагдах вэ гэхээр, алсыг харагч, коффе буюу тоглоомын машин, сансрын пуужин, морин тойруулга, усан сан, галт тэрэг, төлөвлөж буй үйлчилгээний барилга зэрэг багтаж байгаа юм. Энэ үйлчилгээний барилга нь жилийн дөрвөн улиралд, ялангуяа өвлийн улиралд байнгын ажиллагаатай байх нөхцлийг бүрдүүлэх зорилготой. Мөн автозогсоол, агаарын дугуй, эргэлддэг сандал, далайн дээрэмчин, мөргөлддөг машин, хиймэл толгод гээд нийт 15 нэр төрлийн ажил багтаж байгаа.  Өөрөөр хэлбэл холбогдох бүх шатны байгууллагуудаараа батлуулчихсан Ерөнхий төлөвлөлт, мэргэжлийн байгууллагуудын баталсан төлөвлөлт зургийн дагуу энэ 8.4 га газарт дээрх тоглоомуудыг хийнэ.

Ийнхүү үндсэн мэдээллийг өгсөний дараа тэрбээр сэтгүүлчдээс тавьсан асуултанд  хариулт өглөө.

Б.ОТГОНБАЯР:  /А Жи Би ТВ/

Энэ бүтээн байгуулалт мэдээж нэлээн өндөр өртөгтэй байгаа. Мөн цааш авч явах эрсдэлтэй нь ойлгомжтой. Тэгэхээр сая ярьж байгаагаар энтертайнмент тоглоом 24 цаг ажиллуулаад тэрүүгээрээ хөрөнгө оруулалтаа нөхөх боломж нь бүрдэхгүй бол “ашиггүй байна” гээд зочид буудал байгуулна ч гэдэг юмуу өөр юм хийгээд эхэлбэл танайхаас зогсоох эрх зүйн үндэслэл бий юу?

-  Одоо байгуулах менежментийн гэрээнд энэ талаар тодорхой тусгах байх. Тухайн компанитай нөхцлөө нэг бүрчлэн тохирч, зөвхөн гэрээнд заасан дагуу барилга байгууламж, хүүхдийн тоглоомоо барих ёстой гэдэг шаардлагаа тавина. Хэрэв энэ гэрээг зөрчвөл хамтран ажиллах эрх үүрэг дуусгавар болох зохицуулалт хийгдэх байх. Хоёр талаас байгуулагдсан ажлын хэсэг гэрээний зүйл заалт бүр дээр нарийвчлан сууж, тохирно. Мөн жил бүр гэрээгээ дүгнээд явна. Ажлын хэсэгт Аймгийн ЗД-ын орлогч Т.Ганболдоор ахлуулсан нэр бүхий 20-30 хүн байгаа. Энд Иргэдийн хурлын Хууль зүйн хорооны төлөөлөл мөн ард иргэдээс ч орсон байгаа.

Б.БАТЧИМЭГ: /Ди Би Эс ТВ/

Иргэдийн зүгээс паркруугаа орохдоо өндөр үнээр ордог болох вий гэсэн айдастай байгаа.

-  Сүүлийн үед менежментийг хийх компаний зүгээс маш их болгоомжтой хандаж байна. Үнэндээ жилийн дөрвөн улиралын 100хан хоногт ашиглах ийм юманд том зориг гаргаад, Дарханчуудынхаа хүүхдүүдийнхээ төлөө хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийнэ  гэдэг хүнд. Үүнийг улс төржүүлээд байгаа нь хэцүү байна. Ер нь компаний зүгээс уян хатан үнийн бодлого барьж байж болох хамгийн бага үнэ санал болгоно гэж байгаа.

Г.ГАНЦЭЦЭГ:  /MyDarkhan.mn сайт/

Анх тендерт орж ирэхдээ эдгээр нэр бүхий компаниуд газрын асуудлыг ярьж орж ирсэн үү?

-  Бид өөрсдийнхөө 1,2 тэрбум төгрөгөөр 6 ш тоглоом авчихсан. Энэ тоглоомоо суурилуулах гэж байгаа. Ингэхээр газар шорооны ажил, цутгалт энэ тэр гээд маш их ажил хийгдэнэ. Тэгэхээр тусгай хамгаалалттай газар нутагт үүнийг хийж болохгүй болох хуулийн заалтыг би сая хэллээ.  

Тэгэхээр энэ нь процессын хувьд эсрэгээр яваад байна л даа. Эхлээд газраа тусгай хамгаалалтаас гаргах асуудлаа ярьчихаад, дараа нь хөрөнгө оруулалтынхаа асуудлыг ярих ёстой байсан юм бишүү. Мөнгөө оруулчихаад, тоглоомоо худалдаж авчихсаны дараа яагаад газрынхаа асуудлыг ярьж байгаа юм бол?

 - Явах ёстой зарчмаараа явж байгаа.

Б.ОТГОНБАЯР  /А Жи Би ТВ/

Та одоогоор эзэмшүүлсэн асуудал байхгүй байгаа гээд байгаа. Мөн нэгэнт эдгээр компаниуд хөрөнгө оруулалт оруулахаар саналаа өгөөд шалгарчихсан байна?

-  Монгол Улсын Газрын тухай хуулинд аж ахуйн нэгж байгууллагад газрыг 15 жилээр эзэмшүүлнэ гэж байгаа. Мэдээж энэ аж ахуйн нэгж байгууллага хөрөнгө оруулалтаа хийнэ. Янз бүрийн хардлага сэрдлэг байна. Магадгүй өнөөдөр тухайн аж ахуйн нэгж аймгийн Засаг дарга С.Насанбат болон төр захиргааны байгууллагатай гэрээ байгуулаад өөрийнхөө олон тэрбум төгрөгийг оруулаад, ажил жигдрээд явж байтал магадгүй 2020, 2024 онд улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, энэ ажил зогсвол хөрөнгө оруулалтаа буулгах уу гэдэг асуудал гарч ирнэ. Хоёрт энэ компани энэ олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхийн тулд мэдээж өөрсдөөсөө гаргахаа гаргана, мөн олон улсын байгууллага өөр аж ахуйн нэгжүүдээс хөрөнгө оруулалт авах байх. Тэгэхээр тодорхой хэмжээнд үзүүлэх харуулах юмтай байх ёстой болов уу. Иймээс эдгээр асуудлыг зайлшгүй ажлын хэсэг нь ярих хэрэгтэй болж байгаа юм. Тиймээс бид үүнд ач холбогдол өгөөд “ажлын хэсэгт ороод ир, нээлттэй” гээд байгаа юм.  

Г.ГАНЦЭЦЭГ /MyDarkhan.mn сайт/

Гэрээгээ сайн хийчихвэл, эрсдэл байхгүй гэж үзээд байгаа юм байна. Тийм үү?

-  Байхгүй. Гэрээгээр энэ бүхэн зохицуулагдана.

Б.ОТГОНБАЯР   /А Жи Би ТВ/

Эрсдэл үүсээд, үйл ажиллагаа цаашид явах боломжгүй, хөрөнгө санхүүжилтийн гацаа үүсвэл эрсдлийг хэн хүлээх вэ? Компани үүрэх үү? Төр үүрэх үү?

-  Хоёр талаас гарсан ажлын хэсэг шийднэ. Харилцан ширээний ард сууж байж асуудлаа тохирно. Би энд ганцаараа хэлж мэдэхгүй байна.

Өнөөдөр Монголд өрнөөд байгаа асуудлууд шиг, магадгүй энэ компани дээр бөөн өр гараад ирвэл үүний эрсдлийг компани хариуцах уу, аймаг хариуцах уу?

-  Ийм эрсдлүүд байгаа учир та бүхэн энэ ажлын хэсэгт орж ирээд саналаа яриад яваачээ гээд байгаа юм.

Г.ГАНЦЭЦЭГ  /MyDarkhan.mn сайт/

Иргэдийн дунд Улаанбаатарын парк шиг болох вий. Газар нь олон хэсэг болж, анхны зориулалтаасаа өөрчлөгдөх вий гэдэг болгоомж байгаад байна?

-  Улаанбаатарын парк 76/24  харьцаатай яг төлөвлөлтийнхөө дагуу явагдаж байгаа гэж ойлгосон.

Иргэдэд нээлттэй хэлэлцүүлэг хийх үү?

-  Өнөөдөр нээлттэй мэдээлэл өгч байна. Цаашид ямар нэгэн улс төрийн хүчний байдлаас хамаарч дахин ярихгүй. Зөвхөн ажлаа л хийнэ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Jerry (122.201.31.253)
    Ene odoo teneg hun huuraad bgaa yumuu haashaa yum. Irgedee sonsohgui bol asuudal uusne shuu.
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.24)
    Darhanaas songogdson javhlan gedeg hunii songuuliin ajild minj uhen hatan oroltsoj bsan javhlan gishuun oroo tolj bgaa bololtoi.beltgesen heden setguulch asuult tavij hariylsan tavilttai jujig togloson yum uu daa kkkh.
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • Захиргааны ерөнхий хуулиар захиргаа шийдвэр гаргахыг өмнө иргэдийн сонсох ажиллагаа хийх ёстой. Иргэдийн саналаар сонгогдсон ИТХурал маань Иргэдийнхээ саналыг сонсохгүй ийм шийдвэр гаргасан нь маш сонирхолтой байна. (122.201.31.90)
    Иргэн
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • Минж пропёрти товч төлөвлөгөө (202.126.88.54)
    Энэ 8.4 га газар дээр парк тауны үргэлжлэл 200 машины зогсоол үйлчилгээний төв , 18 давхар орон сууц баригдах иж бүрэн зураг төсөл хийгдээд явж байгаа. Сод монголын штс ын газрыг бас худалдаж авсан. Хажууд нь ёс төдий хэдэн тоглоом угсарна биз. Газар манайх болохоор яваандаа сэргэр төмрүүдийг аваад хаячихна. За ийм л бна.
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.45.14)
    Ард тумний саналыг одоо аваачээ. Ингэж биднийг хуурч байна шдээ
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
    • Иргэд(122.201.31.90)
      Захиргааны ерөнхий хуулиар захиргаа шийдвэр гаргахын өмнө иргэдийн сонсох ажиллагаа хийх ёстой. Иргэдийн саналаар сонгогдсон ИТХурал маань Иргэдийнхээ саналыг сонсохгүй ийм шийдвэр гаргасан нь маш сонирхолтой байна
      2019 оны 04 сарын 25
  • Зочин (202.9.45.14)
    Энэ чинь ард тумнийг тоорогдуулсэн шийдвэр байна шуу. Ингэж тасалж огох нь маш буруу.
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • Шаарий (202.9.44.89)
    Энэ процесс өнгөн дээрээ хууль эрх зүйн үндэслэлтэй хийгдэж байгаа мэтээр тайлбарлах боловч цаашдаа гүйцэтгэгч компанийн хувийн өмч болох суурийг баттай тавьж байна. Тендер зарлаж, хөрөнгө оруулалтын эх үүсвэр гаргасан нь нийтийн өмч байх учиртай. Гэтэл "Менежментийн гэрээ" гэдэг аль хэдий нь хүчингүй болсон, үр ашиггүй бодлого болох нь амьдралаар батлагдсан зүйлийг яриад сууж байна. Хуулийн хугацаа нь дуусаад "Нураах" ч гэх шиг, "Ашигтай ажиллаж чадахгүй" ч гэх шиг юм яриад байх юм. Үүнээс харахад "Минж проперти" ХХК -ын өмчийн харилцаанд шилжих ирээдүйн мөнгөний үнэ цэнийг тооцсон бүлэг этгээдийн ашиг сонирхлын ажил гэдэг нь шууд харагдаж байна. Түмний хүүхэд тоглох нь бүү хэл иргэд, өвгөд хөгшид хашаа уруу нь хөл тавих эрхгүй хаалттай бүс болох магадлал өндөр байна. Төрийн хөрнөгө оруулалтаар хийчихээд иргэдээсээ татвар авч ашиг олох зорилготой. АШГИЙН БУС бүтээн байгуулалт байх атал мөнгө эргүүлэх хэрэгсэл болох тухай тайлбарыг энэ дарга өгч байна шүү. ИРГЭДЭЭ!!!!
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
    • Иргэн(122.201.31.90)
      Захиргааны ерөнхий хуулиар захиргаа шийдвэр гаргахын өмнө иргэдийн сонсох ажиллагаа хийх ёстой. Иргэдийн саналаар сонгогдсон ИТХурал маань Иргэдийнхээ саналыг сонсохгүй ийм шийдвэр гаргасан нь маш сонирхолтой байна. Хуулийн дагуу дээрэмдэх гэж үүнийг хэлдэг
      2019 оны 04 сарын 25
  • Зочин (66.181.161.50)
    8.5 tusgaigaas gargaj bga bol naadah chin hunii ner deer gazariin gerchilgeetei garaj bga todorhoi ezentei huw hunii ym bolno gsn ug shu dee zgr shuud togloomoo barulj bolno do hudlaa gazar idej zarah bodol bn nasabat gsn hun gazariin gerchilgee garla hunii ner kompam deer ochloo bol huw hunii gazar huuliaraa ter hunii omch bolno tgd gazaraa awaya gheer huuliin daguu awsan gen Naad Nasanbat erdenbatiin hiij bga ajil 8 jil yu hgegui humuus shuu dee itgeh 1 ym alga
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • Ганболд (66.181.185.148)
    Бөөн будлиан! Асар их НО байнаа! Тийм л сүрхий юм бол ДАРХАНЧУУДЫН саналыг авах ёстой! Ямарч чимээгүй хийгдсэн нууц хуйвалдаан гэж ийм байдаг байнаа! Хахуулийн тоогоо зарла! 2 тал 2 лаа!
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
1709   11
НИЙТЭЛСЭН: MyDarkhan