Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-04-26

“Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн газрын асуудлаар ИТХ-ын Даргыг халз мэтгэлцээнд дуудлаа

Аймгийн ЗДТГ-ын Дарга Ч.Энхбат "Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэнгийн 8.4 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргасан асуудлын талаар хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэгвэл өчигдөр "Дархан эрх" хууль зүйн фирмийн тэргүүн, хуульч, өмгөөлөгч Б.Содболд тэрхүү тайлбарыг хангалтгүй хэмээн үзэж, дээрх шийдвэрийг гаргасан аймгийн ИТХ-ын Дарга Г.Эрдэнэбатыг мэтгэлцээнд урьж байгаагаа мэдэгдлээ. Түүний мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе. 

 

Юуны өмнө миний мэдээллийг хүлээн авч хүрэлцэн ирсэн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууддаа баярлалаа.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд болох “ДиБиЭс”, “Лха”, “АаЖиБи” телевизүүд, “MyDarkhan” сайт хуульчийн дуу хоолойг хүргэхээр хүрэлцэн ирсэнд талархаж байна. 

Би Дархан-Уул аймагт өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг. Өмгөөллийн “Дархан эрх” хуулийн фирмийг үүсгэн байгуулаад тав дахь жилдээ хууль зүйн өмгөөллийн ажил эрхэлж байгаа хуульч хүнДархан-Уул аймгийн хүүхдийн парк буюу “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнтэй холбогдох Иргэдийн хурлын тогтоолыг тойрсон асуудлаар иргэд олон нийт, аймгийн удирдлагуудын дунд тодорхой хэмжээний маргаан үүсч байгааг хуульчийн хувьд анхааралтай ажиглаж байлаа. 

   2019 оны дөрөвдүгээр сарын 02-ы өдөр Аймгийн ИТХ-ын “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" 13/05 тоот "Миний Монгол" Цэцэрлэгт хүрээлэнгийн  орон нутгийн тусгай хамгаалалт бүхий 44.5 га газраас 8,4 га-г нь гаргаж, хүүхдийн паркын тоглоом тохижилт хийх тогтоол гарсан байна. Үүнтэй холбогдуулаад иргэд, олон нийтийн дунд газрын наймаа, газрыг хууль бусаар эзэмшүүлэх асуудлууд байна гэсэн хардлага нэлээн явлаа. Үүнд нэгэнт иргэдийн хурлаас гарсан тогтоол учир аймгийн Иргэдийн хурлын дарга, эсвэл Иргэдийн хурлын тэргүүлэгчид, төлөөлөгчдийн зүгээс тодорхой байр суурь илэрхийлж, уг маргаантай асуудалд хариу тайлбар өгөх болов уу гэж хүлээсэн. Гэвч харамсалтай нь тогтоолтой холбоотой ямар ч тайлбарыг тэд хийсэнгүй. Харин 2019 оны дөрөвдүгээр сарын 24-ы өдөр Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат тус асуудлаар хэвлэлийн хурал хийж, тайлбар хэллээ. Үүнээс уг тогтоол ямар хууль зүйн үндэслэлээр гарсан болох ерөнхий мэдээллийг авлаа.

Иргэд олон нийт, Дарханы иргэдийн дунд хүүхдийн эрүүл, аюулгүй орчин, хөгжих эрхтэй холбоотой  асуудлыг тойрсон маргаан өрнөж байхад  Иргэдийн хурал, түүний төлөөлөгчид нь албан ёсны байр сууриа илэрхийлэхгүй байгаа харамсалтай. Тэд тайлбар хэлэх ёстой, тиймээс үүнийг шаардаж байна.  

ЗДТГ-ын Дарга Энхбат тайлбарлахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зүйл заалтуудыг үндэслэн Тусгай хамгаалалтаас гаргасан гэх тайлбарыг хэллээ. Энэ тайлбар хангалтгүй байна. Мэдээж, Иргэдийн хурлын 33 төлөөлөгч хурлаа хийгээд, асуудлыг хэлэлцээд, тогтоол нь гарч байгаа. Тооцоо судалгаа, хурлын тэмдэглэл, ямар байр суурьтай хэн гэдэг төлөөлөгч дэмжсэн юм, ямар хууль зүйн үндэслэлийг бий болгон тусгай хэрэгцээнээс гаргасан юм бэ гэдэг асуудлыг тэдгээр хүмүүс нотлох үүрэгтэй.

Дархан-Уул аймгийн маань Хүүхдийн паркд гоё тоглоомууд бий болоод, хөгжиж цэцэглээд, хүүхдүүд амрах зугаалах газраа амарч зугаалаад явахад би ч гэсэн аав хүний хувьд дэмжиж байгаа. Гэхдээ бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдах ёстой.

Тэгэхээр Иргэдийн хурлаас гарсан тогтоолтой холбогдон маргаан үүсч байгаа учраас тогтоолыг гаргасан эрх бүхий субъектүүд нь энд тайлбар хийх ёстой юм. Харамсалтай нь өөрсдөө санаачлагаараа асуудалд тайлбар хийж, иргэдийн дунд үүсээд байгаа маргааныг ойлгуулж, гарц шийдлийг зөв байдлаар нь тайлбарлан танилцуулж, хууль зүйн үйлдлээ нотлохгүй байна. Тийм учраас би өнөөдөр энэ алхамыг хийж бгаа юм.

Би хуульч, өмгөөлөгч хүнийхээ хувьд Драхан-Уул аймгийн нутгийн удирдлагын байгууллагыг, тэр дундаа Дархан-Уул аймгийн ИТХ-ын Дарга Г.Эрдэнэбатыг халз мэтгэлцээнд дуудаж байна.

Халз мэтгэлцээний гол зорилго нь, үнэхээр энэ 2019 оны дөрөвдүгээр сарын 02-ы өдрийн 13/05 гэсэн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол нь өөрөө хуульзүйн үндэслэлтэй юм бол тэр хууль зүйн үндэслэлээ тайлбарла.

Миний гарт хууль байна. Би хуулийг, хуулиар, хуульд нийцүүлж иргэдийнхээ эрх ашгийг хөндөхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа. Мөн нэгд энэ мэтгэлцээнээс аймгийн Иргэдийн хурлын тогтоолын хууль зүйн үндэслэлийг иргэд бодитоор мэдэж авна. Хоёрт иргэд олон нийт зөв мэдээлэл авна. Гуравт мэтгэлцээн болсноор зөв шийдэл гарч, цаашдаа аймаг орон нутгийн иргэд, хүүхдийн эрх, ашиг сонирхол хамгаалагдах нөхцөл бүрдэнэ.

Мэтгэлцээнд яагаад уриад байгаа вэ гэхээр, нэгэнт шийдвэр гарчихсан. Аймгийн Иргэдийн хурлын дөрвөн сарын 02-ы өдрийн тогтоол гарчихсан. Өөрөөр хэлбэл нэгэнт эрх бүхий байгууллагаас тогтоол шийдвэр нь гарчихсан учраас үүнийг мэтгэлцээн гэдэг агуулгаар урьж байгаа юм. Тогтоол гарсан бол тогтоолынхоо хууль зүйн үндэслэлийг тайлбарла. Надад няцаалт байна. Миний няцаалтыг зөвшөөрөхгүй байвал үүний няцаалтыг хийх эрх нь бас та бүхэнд байгаа. Үр дүнд Дархан-Уул аймгийн Хүүхдийн парк, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнг тойрсон хүүхдийн эрхтэй холбогдолтой олон нийтийн дунд үүсээд байгаа энэ маргаан нэг тийшээгээ зөв шийдвэрлэгдэх гольдрол уруугаа орох юм.

Бид аливаа маргааныг заавал шүүхийн шатанд маргаан болгон шийдвэрлүүлэх шаардлага байхгүй. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хууль эрх зүйн хүрээнд аливаа асуудлыг хэлэлцэх зарчмаар, шийдвэр гаргаж байгаа байгууллага, эрх бүхий албан тушаалтан нь өөрчлөөд зөв гольдиролд нь оруулаад явах бүрэн боломж байна. Энэ тогтоолын хууль зүйн үндэслэлийг бид Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Даргын хийсэн мэдэгдлээс л, тэр утгаар нь ойлгож байгаа. Гэхдээ энэ бол 33 төлөөлөгчийн хурлаараа шийдвэрлэсэн асуудал. Тийм учраас миний бие албан ёсны субъект болох Иргэдийн хурлын даргыг мэтгэлцээнд урьж байгаа юм. Мөн энэ мэтгэлцээнд оролцоод тогтоолынхоо үндэслэлийг тайлбарлаж болно гэж үзэж байгаа Иргэдийн хурлын төлөөлөгч нар ч оролцож болно. Тэргүүлэгч нар ч байж болно. Ер нь бол аймаг орон нутгийн удирдлагыг энэ тогтоолынхоо хууль зүйн үндэслэлийг мэтгэлцэх зарчмаар батлаач ээ гэдэг шаардлага хүсэлтийг тавьж байна.

эхдээ энэ бол 33 төлөөлөгчийн хурлаараа шийдвэрлэсэн асуудал. Үүнд миний энэ мэтгэлзэх гээд байгаа асуудлаар буюу иргэд олон нийтийн дунд үүссэн асуудлыг зохицуулах, хууль эрх зүйн ойлголт өгч, арга хэмжээ зохион байгуулах гэсэн эрх байгаа. Тэгэхээр энэ эрх, үүргийг хэрэгжүүлж, миний уриад байгаа мэтгэлцээнд хүрэлцэн ирнэ үү.

Мэдээж, мэтгэлцээн учир цаг хугацаа товлосон. Энэ нь 2019оны дөрөвдүгээр сарын 30-ы өдөр буюу ирэх долоо хоногтоо багтаах саналтай байна. Хэзээ, хаана, хэдэн цагт гэдгийг нөгөө талын саналаар тохиролцож болох юм.

Цаашид тогтоол хэрэгжээд, үр дагавар үүсээд явчихна. Тамгын газрын даргын мэдээллээс гэрээ байгуулах шатандаа явж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр гэрээ байгуулах шатанд нь бид үүнийг засч залруулах ямар зүйл байна гэдгийг тодорхой болгоё.

Надад энэ асуудал хуулийн дагуу, ямар нэгэн байдлаар бидний үр хүүхэд, Дарханы иргэдэд сөрөг үр дагаваргүй, мөн мэдээж парк маань илүү гоё болоод хөгжил цэцэглээсэй гэсэн хүсэл эрмэлзэл байна. Тийм ч учраас хуульч хүнийхээ хувьд хуулийн гаргалгааг нь хэдүүлээ мэтгэлцье, асуудлыг зөв гольдролд нь оруулъя гэсэн байдлаар урьж байгаа юм.

Урилгыг хүлээн авна гэдэгт итгэлтэй байна.

Гол асуудал бол газрын асуудлыг ярьж байгаа. Бидэнд Улаанбаатарын паркын бэлээхэн жишээ байна. Үүний араас битгий яваасай. Дархан-Уул аймаг Монгол улсын хоёр дахь том нийслэл. Нэгэнт шийдвэр гарсан учир энэ мэтгэлцээний агуулгаар явж байна. Шийдвэр гарахаас өмнө бол хэлэлцүүлэг байж болох байсан. Тэгэхээр нэгэнт шийдвэр гарсан “бандан тас” гэдэг ойлголтоор явж болохгүй ээ. Шийдвэрээ эргэж харах, засч залруулах, хууль зүйн үндэслэлтэй болгох бүрэн эрх нь та нөхдөд байгаа.

Надад хууль байна, хууль зүйн гаргалгаа байна. Би та бүхний тогтоолыг хуульд нийцүүлэх талаас нь өөрийнхөө мэдлэг чадвар, бүх зүйлийг мэтгэлцээний явцад хэлэхэд бэлэн байна. Та бүхэн зөв хэмээн үзээд байгаа тогтоолынхоо хууль зүйн үндэслэлийг баталж мэтэгэлцье.

Тэрбээр ийнхүү мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

Та хуульч хүнийхээ хувьд газрыг орон нутгийн хамгаалалтаас гаргасан асуудал нь иргэдийн эрх ашгийг хөндөж байна гэж үзэж байгаа юу?

- Энэ мэтгэлцээний явцад тодорхой болох асуудал. Хөндөх, хөндөж болзошгүй гэдэг асуудлыг би тавьж байгаа. Яг одоогийн шийдлээс өөрөөр шийдэх боломж гаргалгаа байна гэж харж байна. Тийм учраас нэгэнт шийдвэр гарчихсан учраас, шийдвэр гаргасан хүмүүсийн өөрсдийнх нь албан ёсны байр суурийг сонсмоор байгаа юм. Тэрийгээ тэдгээр хүмүүс хамгаалаг. Би өөрийнхөө хувилбарыг гаргаж ирье. Энд аль нэгэн ялагч гэдэг ойлголт байхгүй. Зөвхөн Дарханы иргэд л эндээс хожино. Эргээд хүүхдийн паркийн газрыг эзэмшсэн аж ахуйн нэгж өөр зориулалтаар ашиглачих вий, бусдад худалдчих вий гэдэг асуудлаас сэргийлэх боломжтой гэсэн үг.

ЗДТГ-ын Даргын хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр 44.5 га-гаас хүүхдийн парк барихад зайлшгүй шаардлагатайгаар 8.4 га-талбайг тусгай хамгаалалтаас гаргасан гээд байгаа. Тэгвэл гаргахгүйгээр бас хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах боломжтой гэж та үзээд байна уу?

- Энэ асуудал дээр мэтгэлцээний явцад тодорхой хууль зүйн үндэслэл дэвшүүлье. Ер нь яг одоогийн энэ шийдлээс бас өөрөөр шийдвэрлэх боломж байна гэж харж байгаа.

Гаргачихсан байгаа энэ шийдвэр ямар хуулиудыг зөрчөөд байна гэж үзэж байна?

- Хууль зөрчсөн, зөрчөөгүй гэдэгт шууд дүгнэлт хийх нь эрт байна. Миний хувьд тэр хүмүүсийг мэтгэлцээнд уриад байгаагийн учир нь тэд хамтаараа хуралдаж шийдвэрлэсэн. Мэдээж бүтэн өдрийн хурал болоод тэмдэглэл хөтлөгдсөн байгаа. Тэнд хүмүүс байр суурь илэрхийлж, магадгүй холбогдох хууль тогтоомжийг тайлбарласан байгаа. Бас үүсээд байгаа нөхцөл байдлыг бодит нөхцөл дээр нь авч үзсэн байх. Тэгэхээр хамтын шийдвэр гаргасан тэр субъектүүд шийдвэрээ “бид ийм агуулгаар гаргасан” гэдгээ тайлбарлаг. Харин би өөрийн санаа оноог дэвшүүлье. Эндээс зөв шийдлийг бүгдээрээ олъёо гэж байгаа юм. Одоо зөвхөн урилга хүргэж байна. Тиймээс ийм хууль тогтоомж зөрччихөөд байна гэдгийг хэлэх эрт. Үүнийг хэдүүлээ мэтгэлцээнийхээ явцад шийдвэрлэе. Үүний үр дүнд Дарханы иргэд Паркаа “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгээ хуулийн дагуу хөгжүүлээд явах боломж бүрдэнэ гэж харж байна.

Хууль бусаар ашиглаж болзошгүй гэж хардсаны үндсэн дээр энэ мэтгэлцээнийг хийж байна уу?

- Энэ бол хоосон хардалт биш. Би хуульч хүн. Аливаад хууль зүйн үндэслэлтэй, баримттай ярина. Багагүй хугацаанд хуульчаар ажилласан, өмгөөлөл, хүний эрхийн салбарт ажиллаж байгаа хүн. Би хий хоосон хардлагаар, хэн нэгний хатгалгаар ингэж ярихгүй. Хууль ярина. Би түрүүн хэлсэн. Миний гарт хууль байна.

Та бүхэн шийдвэр гаргачихаж. Тэгвэл тэр шийдвэрээ хамгаал. Би энэнээс арай өөр зохицуулалтыг та бүхэнд санал болгоё. Ингээд энэ шийдлээ эргэж хараад, засварлах боломж байна уу. Ингээд явъяа. Эндээс Содболд гэдэг хувь өмгөөлөгч, хуульч ялах биш, эсвэл ИТХ ялах биш, энд Дарханы иргэд л хожих юм.

Ажлын хэсэгт иргэдээ төлөөлөөд хэн ч оролцох боломжтой гэж байгаа шүү дээ. Та оролцох уу?

- Иргэдийн хурлаас нэгэнт тогтоол гарсан. Захиргааны акт гарсан. Өөрөөр хэлбэл тэр ажлын хэсэгт орж гэрээ байгуулахад л оролцож болно гэж байгаа. Тогтоол гарснаар өөрөө үрдагавар үүсээд эхэлчихэж байгаа юм. Энэ тогтоол гарахад магадгүй энэ асуудлыг яриад, иргэдийн хурлаа нээлттэй хийгээд, хуульчдаас зөвлөгөө аваад явах боломжтой байсан. Одоо захиргааны акт гарчихсан, үр дагавар үүсчихсэн. Тиймээс нэг бол бид ярилцаад засварлаж болно, эсвэл шүүхээр шийдвэрлүүлж болно. Гэхдээ өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар заавал бүх асуудлыг шүүх дээр маргаан болгох шаарлага байхгүй. Наана нь өөрчилж болох нь шийдвэр гаргасан байгууллагад өөрт нь байгаа.

УБ-ын хүүхдийн паркийн асуудал дээр та өмгөөлөгч хүний хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ?

- Би УБ-ын паркийн газрын асуудал дээр мэргэжлийнхээ хуульчийн хувьд оролцоогүй. Иргэд олон нийттэй адилхан мэдээлэлтэй байгаа. Юу харагдаж байгаа вэ гэхээр одоо тэнд үүрийн 6 цаг хүртэл баар ажиллаж байна. Тэнд эрх мэдэлтэй хүмүүсийн өндөр өндөр барилгууд баригдсан байна. Бидний хүүхдийн тоглох ёстой талбай тодорхой хэмжээгээр хомсдсон байна гэдэг нь ойлгомжтой байгаа. Тэгэхээр ийм зүйл битгий давтагдаасай гэдэг үүднээс, өөрийнхөө мэргэжлийн хариуцлагыг биелүүлж байна. Хуульч хүнд нийгмийн хариуцлага гэж зүйл бас бий. Мөн аливаа юм үр дагавартай байдаг. Магадгүй миний хүүхэд ч гэсэн эрүүл аюулгүй орчинд, гоё парк-д цаашдаа тоглох нөхцөл бүрдэх учир тэр утгаар нь санаа зовж анхаарал хандуулж байгаа юм.

Хэрэв урилгыг хүлээн авахгүй бол яах вэ?

- Тийм зүйл болохгүй байгаасай гэж хүсч байна. Хэрэв урилгыг хүлээн авахгүй байвал, за болсонгүй дээ гээд зүгээр орхихгүй. Дараагийн алхамдаа орно. Аймаг орон нутгийн удирдлагууд иргэдийнхээ эрх ашгийг бодоод миний урилгыг хүлээн авна гэж найдаж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • monhgerel (202.9.45.185)
    Erdenebat metgeltceen ene yanzaraa irhuu. irheerguil baidltai bnshdee.
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • Nyamdavaa (202.126.89.210)
    Zov... Ochnoo... Amjilt hvsie
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • Amjilt husie (122.201.21.80)
    Amjilt husie
    2019 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (64.119.19.253)
    Irgediin anhaarliin tuwd baigaa sedew shuu.Tanid amjilt husie.
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (64.119.19.253)
    Amjilt husie.
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
2558   5
НИЙТЭЛСЭН: MyDarkhan