Лхагва 2019-01-02 Дархан
Time out   2019-04-28

Ном уншихтай холбоотой зургаан баримт

Энэ удаад ном уншихтай холбоотой шинжлэх ухаанаар батлагдсан зургаан баримтыг орчуулан хүргэж байна. Орчуулахдаа бага зэрэг товчилсон учраас дэлгэрэнгүй уншихыг хүсвэл эх бичвэрийг эндээс уншаарай.

Нэг. ТАЙВШРУУЛДАГ 

Стресстээд байна уу? Номоо ав. Sussex-ийн их сургуулийн 2009 онд хийсэн судалгаанд дурдсанчлан ном унших нь хөгжим сонсох, аяга цай кофе уух, алхах гэх мэт хуучны аргуудаас илүү стрессийг даван туулах үр дүнтэй аргаар нэрлэгджээ. Ном уншиж эхэлснээс зургаан минутын дараа судалгаанд оролцогсдын зүрхний хэмнэл, булчингийн ажиллагаа өөрчлөгдсөн байсан аж.

“Ямар ном унших нь хамаагүй, өдөр тутмын амьдралын санаа зовнил, стрессээс таныг салгаж, зохиогчийн төсөөллийн ертөнц рүү оруулахад л хангалттай” гэж судлаач, доктор Девид Льюс Телеграф сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ.

Хоёр. ОЮУН УХААНЫГ ХУРЦАЛДАГ

Дунджаар 89 настайдаа нас барсан 294 хүнийг оролцуулсан судалгааны дүнд тэдний ихэнх нь ном унших гэх мэт тархины ажиллагааг дэмжих зүйл хийдэг байсан бөгөөд ой санамж муудах зовиур ном уншдаггүй хүмүүсээс хожуу илэрч байжээ.

Раш их сургуулийн Чикаго дахь Эрүүл мэндийн төвийн судлаач Роберт С.Уилсон хэлэхдээ “Бидний хийсэн судалгаа хүмүүсийг хүүхэд ахуй цагаасаа өтөл болтлоо ч тархиа ачааллуулж, дасгалжуулж байхыг санал болгож байгаа юм. Энэ нь тархины эрүүл мэндэд тустай эд” гэжээ.

Гурав. АЛЬЦГЕЙМЕРААС (зөнөгрөх өвчин)

СЭРГИЙЛДЭГ 

2001 онд ШУА-ийн Proceedings сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны дүгнээс харахад, тархины үйл ажиллагааг дэмждэг ном унших, эвлүүлдэг тоглоом тоглох гэх мэт хоббитой насанд хүрсэн хүмүүс алцхеймер өвчнөөр өвдөх эрсдэл харьцангуй бага байдаг гэнэ.

“Тархи бол биеийн бусад эрхтнүүдтэй л адил эрхтэн. Тархи өөртэй нь яаж ажилласнаас шалтгаалж л тодорхой нас насалдаг” гэж судалгааны багийн ахлагч Роберт П.Фридланд USA Today-д өгсөн ярилцлагадаа дурдсан. Мөн “Биеийн тамирын хөдөлгөөн нь зүрх, булчин, ясыг дэмнэдэг бол оюун санааны үйл ажиллагаа нь тархийг элдэв өвчнөөс хамгаалж байдаг”гэжээ.

Дөрөв. БӨХ НОЙРСОХОД ТУСАЛДАГ 

Нойрны олон судлаач унтахаас өмнө тархиа амрааж, нүдээ анихад хүргэдэг зуршилтай болохыг санал болгодог. Ном унших нь үүнд хамгийн сайн зохицох зуршил юм. Тод гэрэл, элетрон төхөөрөмжүүд нь тархийг сэрэх дохио өгдөг бол ном унших бүдэг гэрэл нь таныг бөх нойрсуулахад тусална

Тав. БУСДЫН ЗОВЛОНГ ОЙЛГОДОГ БОЛДОГ 

PLOS ONE сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны дүнг харвал, зохиомол ертөнц, төсөөлөл дунд шумбаж орох нь хүний эмпати (бусдын оронд өөрийгөө тавьж үзэх) чанарыг нэмэгдүүлдэг байна.

“Артур Конан Дейл, Хосэ Сарамаго нарын адал явдалт зохиолыг долоо хоногийн турш уншсан хүмүүст судалгаа хийхэд эмпати чадвар нь эрс сайжирсан байсан” гэж судлаачид хэлж байна.

Зургаа. СЭТГЭЛ ГУТРАЛЫГ БАГАСГАДАГ 

Номын засал (библиотерапи-хүний сэтгэц, сэтгэл зүйн асуудлыг эмчлэхэд ном ашиглах арга) нь стрессийг бууруулдгийг нэгэн судалгаа баталжээ. Номын засал эмчилгээнд хамрагдсан өвчтнүүдийг уламжлалт эмчилгээ хийлгэж байсан өвчтөнүүдтэй нэг жилийн дараа харьцуулахад бага сэтгэл гутралтай байгаа нь PLOS ONE сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар батлагджээ.

Гласгоу их сургуулийн судлаач Кристофер Уильямс BBC-д өгсөн ярилцлагадаа “Сэтгэл гутрал хүнийг амьдралын идэвхгүй болгож, ямар ч өөрчлөлт хийх боломжгүй юм шиг санагдуулдаг. Харин бид өндөр үр дүнтэй эмчилгээний арга нээж олсондоо их урамтай байгаа” гэж хариулжээ.

За ингээд номоо уншицгаагаад байж дээ!

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
522   0
НИЙТЭЛСЭН: Б.Батзаяа