Лхагва 2019-01-02 Дархан
Time out   2020-10-01

БИ ХЭНТЭЙ ГЭРЛЭЧИХЭВ ЭЭ?

Хэрэв таньд гэр бүлийн таагүй, сунжирсан жижиг сажиг хэрүүл маргаанаас гэнэт  “БИ ХЭНТЭЙ СУУЧИХАА ВЭ?” гэх бодол орж ирсэн бол та өөрөөсөө дараах асуултыг асуугаарай...

Та анх гэрлэж, хүний эхнэр болохдоо сэтгэлзүйгээ бэлдсэн байсан уу? Энэ асуултанд ганц хором саатаж, нэг бодоод үзээрэй.

За бодоод үзэв үү ? Сэтгэлзүйн хувьд та хэр зэрэг бэлтгэлтэй байсан байна?

Мэдээж бүгд зуун хувь бэлтгэлтэй байх боломжгүй. Гэхдээ гал халуун хайр хөрч, зөвхөн үүрэг хариуцлага, дааж давшгүй хүнд ачаа мэт өдрүүд ирэхийг нэгэнтээ бодож үзсэн л бизээ. Хэрвээ бодож байгаагүй бол та, тун ч гэнэн байсан байна. Шуудхан хэлэхэд “Хүн болгон математикч болох албагүй, харин аав, ээж болдог” гэх үг бий. Үүнд олон зүйлийн учир нуугдаж буй. Бидний өсч өндийсөн гэр бүл, орчноосоо авсан хүмүүжил маань, хүсч буй өөрийн гэсэн сайн сайхан гэр бүлийг бүтээхэд төдийлөн хүрэлцдэггүйг нуулгүй хэлье. Харин түүнийг цаг хугацааны эрхэнд туулж байж бид өөрсдөө олж авнаЭхэндээ бид бүгд бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж, гэгээлгээр сэтгэж байдаг. Гэвч ханхүү, гүнж хоёр зөвхөн үлгэрт л амар сайхандаа жаргадаг билээ.

Уучлаарай, бүх зүйл одоо муу болно гэж таныг сэтгэлээр унагах гээгүй юм шүү. Зүгээр л таны төсөөллөснөөс бага зэрэг ярвигтай асуудлууд гарч ирэхэд, анхнаасаа бэлтгэлтэй байх хэрэгтэй болохыг сануулахыг хичээж буй юм. Зөвөөр ойлгоорой. Гэр бүл гэдгийг та жижигхэн тусгаар тогтносон улс орон гээд ойлгочих. Нөхөр нь Ерөнхийлөгч, эхнэр нь Ерөнхий сайд. Харин үр хүүхдүүд бол иргэд. Ингээд бодохоор тус тусын үүрэг хариуцлага, хүлээх үүрэг, харилцан хамааралтай. Бас бие биедээ анхаарал халамж тавихгүй бол тусгаар тогтносон хүчирхэг улс болох боломжгүй байгаа биз. Гэвч хүчирхэг улс болохын тулд нөр их хөдөлмөр, зүтгэл  шаардлагатай болохыг та бас мэднэ.

  Нэг өдөр зөвлөгөөний өрөөнд маань дөнгөж гуч гарч буй залуухан гэрийн эзэгтэй ирж, зөвлөгөө авлаа. Түүний ярьсныг товчилбол, нөхөртэйгөө анх гэрлэх үед байсан халуун дотно харилцаа нь хадам, хүүхэд, ажил, найз нөхөд болон бусад янз бүрийн өчүүхэн үл ойлголцлуудаас бага багаар хөндийрч муудсаар, одоо хоёул гэрлэлтэндээ  сэтгэл дундуур болсон ажээ. Мөн цаашид хэрхэх учраа олохгүй, залхсан байдалтай байгааг нь түүний доголон нулимстай ярих эхний дөчин минутанд л би шуудхан ойлгосон юм. Энэ бол ихэнх хосуудын гэр бүлдээ гаргадаг алдаануудын үр дүн. Одоо бүсгүй надаас “Би яах хэрэгтэй вэ?” гэж асууж байна. Тэр эмэгтэйтэй ярилцсан олон зүйлийг энд дурдах шаардлагагүй учир, би чухам ямар алдаа илрүүлж, түүнд хэрхэн зөвлөснөө л таньд шуудхан хэлэх нь зүйтэй бизээ...

АЛДААНУУДЫГ ИЛРҮҮЛЭВ

АЛДАА-1:

Хэрүүл, үл ойлголцол болгоны дараа бүсгүй сална” хэмээн айлган уурлах эсвэл уйлж, сэтгэл санаагаар унан ээжрүүгээ явдаг байжээ. Гэртээ очиж ээждээ нөхрийнхөө зөвхөн муу талуудыг нь л тоочих ба үргэлжид сөрөг мэдээлэл өгнө. Дараа нь ээж нь охиноо өмөөрч, нөхрийг нь хамтдаа гоочилдөг байжээ

АЛДАА-2:

Бүсгүй өнгөрсөн долоо хоногийн эсвэл аль эрт болж өнгөрсөн үйл явдлуудыг марталгүй, гомдлоо сэтгэлдээ тээж, нөхрөө үргэлж шүүмжлэгч нүдээр харах ба энэ бүхнийг харилцаандаа үе үе сөхнө. Улмаар энэ нь уурлах, бухимдах, бага зэрэг эсэргүүцсэн байдлаар илэрдэг байж.

АЛДАА-3:

Анхаарал халамж тавихыг шаардахдаа үргэлж хэрүүл маргаантай үедээ хэлнэ. Ингэхдээ “Чи үргэлж утсаа эсвэл зурагт үзэж байх юм. Гэр бүлдээ, надад цаг зав гаргадаг билүү? Би ядарч байна. Чи намайг ойлгохгүй байна” гэх зэргээр илэрхийлнэ.

Зөвхөн дээрх гурван асуудалд бүсгүй ямар хандлага үзүүлснийг та сая уншлаа. Зарим талаараа таньтай адилхан байна уу? Тэгвэл одоо анхаарлаа сайн хандуулаарай. Бас энэ бүхнийг өөрчлөх сэтгэлийн бэлтгэлтэй байхыг таниас хүсье. Би таньд асуудалд хандах хандлага болон аргаа өөрчлөх амархан бөгөөд үр дүнтэй зөвлөмжүүдийг өгье. 

АЛДААГАА ОНОО БОЛГОХ НЬ
  1. Гэр бүлээ тогтвортой байлгахын тулд “Салах гэдэг үгнээс жинхэнээсээ салах хэрэгтэй. Болдог бол би таны амнаас энэ үгийг бүр мөсөн аваад нуучихмаар л байна. Мөн гэр бүлийн асуудлаа ярихдаа яг болсон үнэн асуудлаа л ярих нь зүйтэй. Хэт нэг талыг барьсан таны тайлбар нөхрийн тань талаарх маш буруу ойлголтыг таныг сонсч буй хүнд өгнө. Эсвэл “эрүүлээр” ойлгож, аль нэг талд оролгүй зөв зөвлөгөө өгөх мэргэжлийн хүнд хандвал илүү дөхөмтэй.
  2. Эрэгтэй хүн асуудалд хандахдаа өмнөх хойдохыг сөхөлгүй, яг одоо болж буй үйл явц дээр анхаарлаа хандуулдаг болохыг ойлго. Өөрөөр хэлбэл таныг өчигдрийн эсвэл аль дээр үеийн явдалд гомдсон гомдлоо одоо болтол тээсээр байгааг тэд мэдэхгүй. Эсвэл зүгээр л анзаарахгүй, мартчихсан байгаа хэрэг. Ийм л гээд та ойлгочих. Энэ нь албаар биш. Зүгээр л эрчүүд угаасаа л ийм энгийн ойлголттой хүмүүс. Тэгэхээр та олон ааш зан гаргаж эсвэл нууц таалгаж байгаа мэт байснаас, жин тан яг болсон явдлаа хэлээд, эцэст нь уучлалт гуйхыг хэрүүл маргаантай үедээ биш энгийн сайхан ааштай байх үедээ тайван тогтуухан хэлж ойлгуул. Тэгээд таниас уучлалт гуйвал та асуудлыг харин дахиж битгий сөхөөрэй. Болж өнгөрсөн бүхнийг тэнд нь үүрд орхи.
  3. Та анхаарал халамж нөхрөөсөө хүсч байна уу? Тэгвэл эхлээд маш сайн анхаарал, халамжийг түүнд үзүүл. Үнэнхүү шударга бус сонсогдож байгаа биз. Өөр арга үнэхээр байхгүй шүү. Би хичээгээд байхад харин нөхөр минь огт хичээхгүй байна шүү дээ” эсвэл “Тэгж давраахгүй” гэж та бодож байгаа бол, хэрхэн анхаарал, халамж өгөхийг нь зааж өг гэж зөвлөх байна. Ингэхдээ загнах, уурлах бус ухаантайгаар өөрөө үлгэрлэн харуулаарай. Дараа нь бага багаар ямар зүйл хэрэгтэй байгаагаа эвээр ойлгуулж бас сануулж бай. Хүнээр өөрийнхөө зүйлийг хийлгэхдээ бид яаж баярлаж, бас гуйж тухайн хүнд сайн ханддаг билээ, яг л тэрэн шиг... 

Та дээрхийг уншаад хэрэгжүүлэх гэж байгаа бол тийм ч амар биш гэдгийг эхлээд ойлгоорой. Гэхдээ бууж өгч огт болохгүй. Та л харилцаагаа аварч үлдэхийг хүсч байгаа бол зоригтой, бас тэвчээртэй байх хэрэгтэй. Үнэ цэнэтэй, үлгэр жишээ гэр бүл болно гэдэг таны хэр зэрэг тэвчээр гаргаж, үүрэг хариуцлагаа ухамсарлан нөхөртөө хань түшиг болж буйгаас л хамаарна. 

Бид дээр хүчирхэг улс орон бий болоход золиос бас нөр их хүч хөдөлмөр ордог болохыг ярилцсан шүү дээ. Таныг хичээж байгааг удахгүй л нөхөр тань ойлгоно. Харин тэр цаг ирж, хайр дэлгэрэх хүртэл анхааралтай арчилж тордоорой.

Урт удаан гэр бүлийн амьдралынхаа мөчүүдээ эргэн хараад, сайн сайхан хайр байгаад талархах мөч удахгүй ирнэ. Энэ аз жаргалтай мөч бүрийг таньд ерөөе.

Үргэлж ухаалаг байгаарай. Амжилт хүсье. 

Гэр бүл судлаач С.Баржав

Гэрэл зургийг Тulgaa S'kizz

 

 

 

 

photo by Tulgaa S'kizz photo by Tulgaa S'kizz
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (127.0.0.1)
    Яагаад зөвхөн эхнэрт хандсан зөвлөлгөө бичнэ вэ? Гэр бүлээ хадгалж үлдэхийн тулд зөвхөн эхнэр л хичээх ёстой юу? Нөхөр бас үүрэг рольтой, тэр ямар алдаанууд гаргадаг, түүнийгээ хэрхэн засах тухай, 2 талаас нь зөвлөх хэрэгтэй гэж бодож байна. Хэрэв гэр бүлийн зөвлөлгөө өгөгч юм бол! Нөхөр бол симбол маягаар гэрт ерөнхийлөгч аятай сууж байдаг, харин эхнэр сайд мэт бүх л ажлыг зохицуулж байдаг гэсэн сэтгэлгээнээсээ одоо салах хэрэгтэй байна! Гэр бүлд эхнэр нөхөр 2 адил тэгш харилцаатай байж2 тэр гэр бүл хэрүүл маргаангүй амьдарна! Бүсгүйн ярианаас харахад нөхөр нь утас, ТВгээ л байнга хараад сууж байдаг бол бухимдах нь аргагүй юм даа. Ингэсний оронд хэрхэн харилцах талаар зөвлөлгөө илүү үнэ цэнэтэй!
    2020 оны 11 сарын 29 | Хариулах
1531   1
НИЙТЭЛСЭН: С.Баржав