Лхагва 2019-01-02 Дархан
Залуус ярьж байна   2019-04-30

Миний хамт олон миний шоонд дуртай, тууштай байх шалтгаан

Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн төгсөгч, ШУТИС-ийн ЭХС-ийн I дамжааны оюутан, рубик шооны “NOMAD” багийн тамирчин Энхбаатар овогтой Амарсанаагийн шоотой нөхөрлөсөн сонирхолтой түүхээр хамтдаа аялцгаая.

Хамгийн анх шоо сурсан түүхээсээ, тэр дундаа “NOMAD” багтай хэрхэн холбогдсон тухайгаа хуваалцаач

- Анх 2015 оны хавар 9-р ангид байхдаа мянгатын арга буюу анхлан суралцагчдын аргаар 3х3х3 шоо эвлүүлж сурч байв. Тэр үедээ гурван минутанд эвлүүлдэг байсан бол хичээллэсээр, youtube-с бичлэг үзэж хурдны арга сураад зургаан сарын дараа гэхэд 35 секунд дундажтай эвлүүлдэг болсон. Гэвч жил гаруй хугацаанд шоог орхих шаардлага гарсан юм. Арваннэгдүгээр ангид байхад манай сургууль дээр нэг ах ирээд, ердөө 20хон секундэд шоог эвлүүлэхийг хараад, ямар хурдан юм бэ? гэж гайхаж биширч байв. Тэгээд энэ ах шиг болчих юмсан гэж бодож байлаа. Ер нь тэр үедээ шоог нэгт тавьж байгаагүй. Одоо бодоход тэр үедээ л орсон байсан бол 7,8 секундэд эвлүүлдэг болчих байсан даа гэж их боддог. Тэгээд 2016 оны 12-р сард улсын тэмцээн зарлагдсаныг хараад орох эсэхээ бодож байхад нэг танихгүй дугаараас залгаад “Тэмцээнд хамт бэлтгэл хийж оролцох уу?” хэмээн ярьсан. Тэр хүн нь нөгөө манай сургууль дээр ирж шоо эвлүүлж байсан ах буюу манай багш Н.Сэргэлэнбат байж билээ. Ингэж л анх багштайгаа, “NOMAD” багийнхантайгаа уулзсан юм.

Шооны аль төрлөөр түлхүү хичээллэж байгаа вэ, хувийн рекорд чинь хэд вэ?

- Гурвалжин шоогоор түлхүү хичээллэдэг.  Өмнө нь гурвалжин шооны дундаж рекордыг эзэмшиж байсан. Одоо 2-3 секундын дундажтай байгаа. Гэхдээ тэмцээн дээр хэд дундажлахаа сайн мэдэхгүй л байна. /Инээв/. Ер нь бэлтгэл дээр гаргадаг дунджаа тэмцээн дээр гаргахыг л зорьж байна.

Түүний амжилтуудаас дурдвал:

Он

Тэмцээн

Төрөл

Амжилт

Хугацаа

2017 он 4 сар

“Төвийн бүсийн аварга - 2017”

3x3x3

I байр

24.39 секунд

2017 он 4 сар

“Darkhan Spring”

2x2x2

I байр

 

2017 он 4 сар

“Darkhan Spring”

Pyraminx /Гурвалжин/

I байр

 

2017 он 6 сар

“Монгол шоочид - 3”

Скевб /ташуу/

I байр

9.98 секунд

2017 он 8 сар

“Монгол шоочид - 4”

Скевб /ташуу/

I байр

6.15 секунд

2018 он 4 сар

Mongolia - 2018

Скевб /ташуу/

III байр

6.28 секунд

2018 он 4 сар

Mongolia - 2018

Pyraminx /Гурвалжин/

II байр

4.88 секунд

2018 он 10 сар

Dornogobi Open

Pyraminx /Гурвалжин/

I байр

3.85 секунд

2018 он 10 сар

Dornogobi Open

Скевб /ташуу/

II байр

6.04 секунд

2018 он 11 сар

Umnugovi Autumn

Pyraminx /Гурвалжин/

III байр

4.90 секунд

Чиний хувьд урам зориг авч цаашид шоогоор тууштай хичээллэхэд чинь юу нөлөөлсөн гэж боддог вэ?

- Шантрах үе гардаг байсан. Гэвч болъё гэж огт бодож байгаагүй. Ер нь дэлхийн аврагын бичлэг үзээд, надад боломж байгаа юм байна гэж харсан. Тэгээд өөрөө өөртөө амлалт өгч байв. Шантрах үедээ амлалтаа бодоод улам бүр урам зориг ордог. Би багштайгаа, багийнхантайгаа уулзахаас өмнө ганцаараа эвлүүлдэг байсан бол багтай болоод хамтдаа хичээх, ганцаараа хичээхийн ялгааг жинхэнэ мэдэрсэн дээ. /Инээв/. Түүнээс хойш шантрах, ухрах тухай огт бодож байгаагүй. Миний шоонд илүү дуртай болж, тууштай байх болсон шалтгаан миний хамт олон.

Шоо эвлүүлснээрээ авдаг хамгийн гоё мэдрэмжээсээ хуваалцаач...

- Шоо эвлүүлээд кайф авдаг гэвэл хүмүүс ойлгохгүй байх л даа /Инээв/. Миний шоонд дуртай болсон шалтгаан хамт олон минь гэж би сая хэлсэн. Ер нь ганцаараа эвлүүлээд байхаар нэг их кайф байдаггүй. Олуулаа эвлүүлэхээр, бусадтайгаа алгоритмаа хуваалцана, алдаагаа ярилцана, амжилтаа ч хуваалцана. Мөн зөвхөн гоё мэдрэмж авахаас илүү сайжрахын үндэс болж өгдөг. Энэ мэт маш олон давуу талтай.

Тэрээр ШУТИС-ийн ЭХС-ийн сургуулийн “Цахилгаан хангамж”-ийн “2+2” Хятадтай хамтарсан хөтөлбөрт суралцдаг ба хичээлийнхаа хажуугаар  Хятад хэл сурч, “Рубик Шоо”- ны сургалтанд багшилдаг. Энэ нь тэмцээний зардал болон өдөр тутмын санхүүгээ зохицуулахад нь тус болдог талаар доор өгүүлэх болно.

Удахгүй тавдугаар сарын 5-нд “Ulaanbaatar spring 2019” улсын тэмцээн болох гэж байна. Тэмцээнд оролцоход бүртгэлийн хураамж, шоогоо сайжруулах гэх зэрэг санхүүгийн шаардлага гардаг болов уу. Оюутан хүний хувьд үүнийг хэрхэн шийдвэрлэдэг вэ? Гэр бүлийнхэн нь хэр дэмжих үү?

- Гэрийнхэн маань энэ спортын ирээдүйг бүрхэгээр хардаг ч “боль” гэж хорьдоггүй /Инээв/. Тиймээс арван жилд байхаасаа л тэмцээний зардлаа өөрөө болгохыг боддог байсан. Ер нь гэрийхэндээ төвөг удахгүйг хичээдэг. Дунд сургуульд байхдаа аав, ээжийнхээ өгсөн хэрэглээний мөнгөнөөс хуримтлуулж, тэмцээндээ зарцуулах мөнгөө олчихдог байсан.   

- Тэмцээн хоорондын хугацаа 1-2 сар байдаг болохоор хангалттай мөнгөө цуглуулж амждаг байв. Харин оюутан болсноос хойш хэрэглээний зардал нэмэгдэж эхлэсэн. Дархан хоттой харьцуулахад Улаанбаатарт амьдрах харьцангуй зардал өндөртэй. Тиймээс би хичээлийнхаа хажуугаар багийнхаа дэргэдэх “Рубик шоо”-ны клубд багшилж эхлэсэн. Өөрийн дуртай зүйлээ хийгээд анхны цалингаа аваад маш их баярлаж байлаа. Арван жилд хуримтлуулдаг байсан шигээ тэмцээндээ зориулаад цалингийнхаа талыг нь хуримтлуулж эхлэсэн. Мөн шоогоо сайжруулах, шинэчлэхэд зарцуулахаас гадна өдөр тутмын хэрэглээндээ зарцуулдаг. Анх аав, ээжээсээ хэрэглээний мөнгө авдаг байсан бол одоо аль болох гэрийхэндээ төвөг удахгүйг хичээж өөрөө болгож байгаа.

Шоо сонирхон хичээллэхийг хүсч байгаа үе тэнгийн залуус, дүү нартаа юу гэж зөвлөх вэ?

- Бидний үеийн хүүхэд залуучуудад олон сайхан боломжууд байгаа. Ерөөсөө оройтсон гэж бодож болохгүй юм байна билээ. Хүн болгонд баатар болох хүч бий. Боломжгүй зүйл гэж байхгүй шүү. Өөрийн зорьсон зорилгынхоо төлөө тууштай зогсохгүй урагшлаарай. Удаан байсан ч хамаагүй гол нь битгий зогсоорой. Харамсаад суух биш яг одооноос эхлээрэй гэж л хэлье даа.

РУБИК ШООНЫ СПОРТ МАНДАН БАДРАГ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (66.181.185.33)
    Сайн аав ээжийн хүү нь сайн л байна. Улам их амжилт хүсье.
    2019 оны 05 сарын 05 | Хариулах
  • НОЁН С (178.62.63.240)
    Bairniihaa naizdaaa bayr hurgej ene ercheerei amjilt gargaj yvaarai hytadaas udahgu ochij surgaltand chn suunaa
    2019 оны 05 сарын 04 | Хариулах
  • Оюунгэрэл эгч (66.181.190.234)
    Амжилт гаргаж алдартай тамирчин болоорой
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • Ц.Амгалан (66.181.182.202)
    Мундаг байна аа.Жижигхээн Бөмбөл ийм мундаг залуу болох гэж.Аливаа юманд тууштай байх ийм л үр дүнтэй байгаа юм даа.Дэлхийд нэрээ цуурайтуулсан тамирчин болох цаг удахгүй дээ
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
    • Oyutan(64.119.17.175)
      Hytad helendee suuldaa
      2019 оны 04 сарын 30
2390   5
НИЙТЭЛСЭН: Б.Оюунчимэг