Лхагва 2019-01-02 Дархан
FOCUS Cafe   2019-05-01

БИД АЛЬ ЗАМААР ЯВАХ, АЛЬ ЧИГЛЭЛИЙГ СОНГОХ ВЭ ГЭДГИЙГ МЭТГЭЛЦЭЭН ТОДОРХОЙ БОЛГОЖ ӨГДӨГ

Сүүлийн өдрүүдэд "Миний Монгол" Цэцэрлэгт хүрээлэнгийн 8.5 га газрыг Орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргасан аймгийн ИТХ-ын тогтоолыг тойрсон маргаан Дарханчуудын дунд хүчтэй өрнөж байна. Энэ хүрээнд мэтгэлцэх саналыг ч хуульч, өмгөөлөч Б.Содболд ИТХ-ын ажлын албанд хүргүүлсэн. Харин өчигдөр ИТХ-ын Дарга Г.Эрдэнэбат мэтгэлцэх шаардлагагүй хэмээн мэдэгдлээ. Иргэдийн дунд ч янз бүрийн байр суурь байна. Тиймээс бид "МЭТГЭЛЦЭЭН" гэж юу болох талаар Дарханы Мэтгэлцээний Нэгдсэн танхимчг үүсгэн байгуулагч, сургагч багш, Үндэсний шилдэг мэтгэлцэгч Х.ЭРДЭНЭПИЛ-тэй ярилцлаа.   

Мэтгэлцээний үндсэн зарчим юу байдаг юм бэ?

- Хүн өөрийн үзэл баримтлалыг нотолгоогоор баталгаажуулж, бусдад илэрхийлэхийг мэтгэлцээний үндсэн зарчим гэж ойлгож болно. Энэ нь гурван чухал агуулгыг багтаана. Нэгд судалгаа шинжилгээн дээр үндэслэсэн байх /энд цаг үетэйгээ нийцэх явдал үргэлж зэрэгцэж байдаг онцлогтой/. Хоёрт үнэнийг баримтлах. Хэт худал зүйлээр бусдыг сэнхрүүлэх зорилгоор мэтгэлцээнийг хийж болохгүй. Гуравт бусдыг хүндэтгэх гэсэн зарчмууд багтдаг. Зарим хүмүүс мэтгэлцээнийг хэрүүл маргаан гэж ойлгодог. Энэ буруу. Мэтгэлцээн гэдэг нь ярих, өөрийгөө илэрхийлэх чадвар дээрээ суурилан мэдлэг бүхий яриа өрнүүлж, мэдлэгээрээ өрсөлдөн үзэл бодлоо тууштай хамгаалах явдал юм. Үүнд өөрийн байр сууриндаа итгэх итгэл, үнэнч шударга байдал, зөв нотолгоо чухал. Мэдээж үүнийг мэтгэлцэгч талуудаас адилхан шаардагдана. Монголчууд эрт дээр үеэсээ мэтгэлцэж ирсэн түүхэн уламжлалтай. Тухайлбал хэлц үг, билэг ерөөл, магтаал, дэмбээ гэх мэтээр мэнд усын ерөөл дээр ч мэтгэлцээн явж байдаг. Тиймээс бидний хувьд цоо шинэ зүйл бишээ. Мөн мэтгэлцээн нь олон ургальч сэтгэлгээг хөгжүүлдэг онцгой ач холбогдолтой юм.

Мэтгэлцээний үеэр оролцогчид өөрийгөө илэрхийлэх нь чухал уу аль эсвэл асуудлаа гаргаж ирэх нь чухал юм уу? Онолын хувьд хэрхэн авч үздэг юм бол?

- Мэтгэлцээний хамгийн гол зүйл нь тухайн асуудлыг өөр өнцгөөс харах боломжийг олгодог. Аливаа асуудалд хоёр тал байдаг. Эсвэл хүсч буй зорилгодоо хүрэх өөр өөр замууд байдаг. Үүнийг тодорхой болгоход мэтгэлцээн тус болно. Өөрөөр хэлбэл бид аль замаар явах, аль чиглэлийг сонгох вэ гэдгийг мэтгэлцээн хамгийн сайн тодорхой болгож өгдөг. Талуудын олон ургальч байдлаар харж байгаа өөр өөр чиглэл, үзэл санааны аль нь зөв болохыг мэтгэлцээн тодруулна. Энэ нь талуудын гарган тавьж байгаа нотолгоо, дэмжлэг, санаачлагаар илэрдэг. Өөрөөр хэлбэл мэтгэлцээний явцад мэтгэлцэгч талуудын үнэ цэнийн зөрүү, утга төгөлдрийн зөрүү харагдаж эхэлдэг юм. Ингэснээрээ зөв зам нь тодроод гарч ирдэг юм. Ерөөсөө мэтгэлцээний гол зорилго нь зөв сонголтыг олох, аль зам зөв вэ гэдгийг тодруулахад оршиж байдаг.

Мэтгэлцэгчдэд тавьдаг шалгуур гэж бий юу?

- Мэтгэлцээний олон төрөл бий. Гэхдээ нийтлэг утгаараа тухайн асуудлыг талууд өөр өөр замаар шийдвэрлэх саналтай байж, үүнийгээ нотолгоон дээр суурилан батлах ёстой. Мөн талууд ижил түвшний ур чадвартай байвал сайн. Нэг нь хоосон, нөгөө нь дүүрэн байвал энд ямар ч мэтгэлцээн үүсэхгүй. Мэтгэлцээн нь ерөөсөө мэдлэг дээр суурилсан үзэл бодлын солбилцол тул энд огт сэтгэл хөдлөл, тулаанч байдал байж болохгүй. Эерэг байх хэрэгтэй. Мэтгэлцээн, бидний амьдралд аль гарц нь зөв болох вэ гэдгийг тодруулахад чиглэдэг учир өөрөө эерэг байх тусмаа сайн. Ингэж чадвал асуудлаа бүрэн шийдэхэд чиглэнэ. Хэтэрхий сэтгэл хөдлөлөөр хандаад, дайрч давшлах байдал гаргаад байвал асуудал уруугаа төвлөрөхөө больж, хүнрүү чиглэж эхэлдэг. Мэтгэлцэгчид хүнд биш асуудалд төвлөрөх ёстой. Маргахаасаа илүү мэтгэлцэж үзэл бодлоо хамгаалдаг, тодорхой хэмжээний судалгаа хийж, харилцан асуулт хариулт тавьж хариулах, үзэл баримтлалаа тууштай хамгаалаж буй энэ байдал дээр мэтгэлцээн маш гоё амттай болж байдаг юм. 

Хэлэлцүүлэг, мэтгэлцээн хоёрт мэдээж ялгаа байгаа. Үүнийг жаахан тодруулаад өгөхгүй юу?

- Хэлэлцүүлэг ч гэсэн мэтгэлцээн дээр суурилдаг. Олон улсад brain storm гэх хэлэлцүүлгийн төрөл их хүчтэй гарч ирж байна. Монголоор орчуулбал “тархины тулаан” гэмээр юмуу. Өөрөөр хэлбэл байгаа онохын тулд бид маш олон зүгээс шидэж үзээд байгаа юм шүү дээ. Тэгж байтал тэр дундаас хамгийн хүчтэй, зөв нь ялгараад гараад ирдэг. Тэр байг онох л бидний зорилго. Хэлэлцүүлгийг нэмэлт санаа авах зорилгоор хийдэг. Харин мэтгэлцээн бол асуудлыг тодорхой болгож, шийдлийг хамгаалдаг.  

Хамгийн үр дүнтэй болсон эсвэл магадгүй утгагүй байдлаар өрнөж, оролцогчдоо эвгүй байдалд оруулсан олны мэдэх мэтгэлцээний жишээг нэрлээч гэвэл та юуг хэлэх вэ?

- Утгагүй мэтгэлцээн хэрүүл болоод дуусдаг. Ийм жишээ хаа сайгүй өрнөж л байна. Ер нь маргаан үүсч, тэндээс уур бухимдал бий болж, давах давахгүй, хүчтэй хүчгүйн ялгаа үүсээд эхлэх юм бол энэ ямар ч утгагүй мэтгэлцээн болж байгаа юм. Өөрөөр хэлбэл хүн ухаанаар хандаж байгаа асуудал огт бишээ. Үзэл баримтлалаа хамгаалаад, мэдлэгээ уралдуулаад гарч ирсэн амттай мэтгэлцээнүүд байна. “Де-Факто” Д.Жаргалсайхан гуайн хөтөлдөг олны анхаарлыг татсан мэтгэлцээнээс дурьдвал цаазаар авах ялыг сэргээх ерөнхийлөгчийн санаачлага дээр Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, Хүний эрхийн активист Б.Болорсайхан нарын мэтгэлцээн их хүчтэй сайн болсон. “Оюун Толгойн” гэрээний асуудлаар хийсэн С.Баярцогт, С.Ганбаатар нарын мэтгэлцээнд хоёр тал хоёул сайн бэлтгэлтэй байсан. Гэвч хувь амбицаасаа илүү зорилгодоо чиглэсэн бол маш гоё мэтгэлцээн болох байлаа. Асуудал дээрээ цэгцтэй, чигтэй хандаагүйгээс ойлгомжгүй, хөөсөрсөн байдлаар хандсаар дууссан. Ингэснээр үзэгчид тодорхой ойлголтгүй үлдсэн.

Мэтгэлцээнд хөтлөгчийн үүрэг юу байх вэ?

- Мэтгэлцээний хэлбэрээс хамаараад хөтлөгчгүй явах нь ч бий. Гэхдээ хамгийн чухал нь хөтлөгч аль нэг талд налж огт болохгүй. Тэгэх л юм бол тэр мэтгэлцээн биш болно. Хөтлөгч маш чухал. Асуулт нь адил түвшинд байж талуудын үзэл санаа, судалгаа, баримталж буй чиг явцад тулсан асуултуудыг асууж чаддаг байх нь чухал. Бусдын асуугаарай гэснийг асууж байвал зүгээр дамжуулагч, асуугч болчихож байгаа юм.

Манайхны сайн мэдэх мэтгэлцээний нэг нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр болсон мэтгэлцээн байдаг. Тэнд олон нийтээс ирсэн асуултуудыг сугалаа байдлаар тавьж байсан?  

- Тэр мэтгэлцээн бол улс төрийн шинжтэй. Өөрөөр хэлбэл ерөнхийлөгч болохоор горилж байгаа хүмүүс ард иргэдээ сонсох үүрэгтэй учир иргэдээс ирж буй асуултыг асуух нь зөв. Гэхдээ тухайн асуултуудыг оролцогчдоос бүгдээс нь адилхан асуух ёстой. Тэгж байж мэтгэлцээн болно. Ер нь мэтгэлцээнд хувь хүнд хандсан, эсвэл хэн нэгийг нь дөвийлгөх байдлаар асууж, ялгаад эхлэх юм бол мэтгэлцээн биш болно. Налсан асуулт мэтгэлцэгчийг сул дорой байдалд оруулдаг. Ямар ч асуултанд бэлэн, асуудлын шийдлийг өөрийнхөө талд гаргаж тавих өөрийн чин зорилгоо биелүүлэхийг хүсч байгаа хүн бүрэн дүүрэн судалгаатай байх ёстой. Мөн зөвхөн нэг талаас нь биш, олон талаас нь харж шийдлээ гаргасан байх ёстой юм. Ийм бэлтгэлтэй хүнийг л мэтгэлцэгч гэнэ. Бүх зүйлийг нэг талаас нь хараад, нэг талаас яриад байх юм бол энэ нь туйлшрал болж, туйлширал нь яваандаа маргаан болж дуусна.

Таны хувьд шүүмжлэлт сэтгэлгээг юу гэж боддог вэ? Бидний амьдралд шүүмжлэлт сэтгэлгээ хэр их хэрэгтэй вэ?

- Хэрэв шүүмжлэлт сэтгэлгээ байхгүй бол нийгэм зогсоно. Өөрөөр хэлбэл шинэ зүйлийг хүлээн авах, найрсгаар угтан авах гэдэг байхгүй болчихно. Шүүмж өөрөө дандаа шинийг эрэлхийлсэн байдаг. Энэ нь хуучнаа үгүйсгэх биш харин сайн зүйлийг аваад дэвших үйл явцын эхлэл юм. Бүтээлч шүүмж их чухал. Мэтгэлцэх нь бүтээлч шүүмжийн нэг хэлбэр. Мэтгэлцэхэд тоть шиг ярих биш, харин олзоо шүүрч буй бүргэд мэт байхыг шаарддаг. Хэлсэн үг нь товч тодорхой, зорьсон зорилго нь тодорхой, үйлдэж буй үйлдэл нь тодорхой, мөн өөрийгөө зоригжуулж буй байдал нь тодорхой байдаг. Өнөөгийн манай нийгэмд бүтээлч шүүмж үгүйлэгдээд байгаа учир хүн бүр улс төрч болж байна. Хүн бүр ихийг мэдэгч болж, бүх хүүхдүүд хүртэл шагналын төлөө улайрдаг болж байна.

Өчигдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат мэтгэлцээнд урьсан өмгөөлөгчийн хүсэлтийн хариуг хэлэхдээ “Мэдээлэл авахыг хүсч мэтгэлцээнд дуудаад байгаа юм болов уу” гэж байсан. Үүнийг та юу гэж бодож байна?

- Тухайн мэтгэлцээн “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн газрын тодорхой хэсгийг тусгай хамгаалалтаас гаргасан асуудал дээр яригдаж байгаа. Мэдээж Б.Содболд өмгөөлөгчийн зүгээс иргэн хүнийхээ хувьд ийм санал тавих бүрэн эрхтэй. Уг нь орон нутгийн удирдлага саналыг хүлээгээд авчихсан бол их зүгээр байлаа. Мэтгэлцээн гэдэг хоёр тал байр сууриндаа бат зогсоод байгаагаа л батлах үйл явц юм шүү дээ. Яахав нэг талаасаа мэдлэг солилцох арга мөн ч гэлээ цаад утга нь мэдлэг нь бодит юмуу, зөв юмуу, зорилгодоо хүрэхийн хэдэн хувь нь юм гэдгийг тодруулна. Мэтгэлцээний 20 хувь мэдлэг дээр суурилж, үлдсэн 80% нь судалгаа, мэдээлэл, ур чадвар, харж буй өнцөг, хандлагаас хамаардаг. Аймгийн удирдлага энэ хотод байгаа 100 гаруй мянган хүнийг удирдан чиглүүлж байгаа. Тиймээс ийм зүйлд бэлэн л байх ёстой. Уг нь хүсэлтийг хүлээн аваад, зөв утгаар нь мэтгэлцээнийг зохион байгуулаад бодит хариултаа өгөөд, иргэд нь мэдэх эрхээ эдлээд явсан бол сайн сан. Мөн нөгөө талаар санал тавьсан иргэн ч өөрийн үзэл баримтлалаа хамгаалж, дуу хоолойгоо төрдөө хүргэх эрхээ эдэлж байгаа хэлбэр юм л даа. Энэ эрхийг нь төр эдлүүлэх ёстой. Мөн өөрийн гаргасан шийдвэрээ хамгаалах ёстой. Тэр танхимд юу болсон, ямар хэлэлцүүлэг өрнөж, тэндээс ямар гарц харсан, ямар гоё ирээдүйг харсан болоод ийм шийдвэр гаргасан юм бэ? Үүнийгээ тайлбарлавал зүгээр. Тэдний харсан ирээдүйг иргэд ч бас хармаар, сонсмоор л байна шүү дээ. Тэгэхээр уг нь мэтгэлцээнд оччихмоор л байгаа юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Дархан (112.72.11.102)
    Дарханы удирдлагууд мэтгэлзэх битгий хэл нуууаар хийсэн нь баригдчаад баларчийнаа
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
720   1
НИЙТЭЛСЭН: MyDarkhan