Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-05-03

ДАРХАНЫ “ДААМ ГАРСАН” ДАРГА, ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАР

Хил Хязгааргүй Сурвалжлагчид (RSF) байгууллагаас гаргасан 2019 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээс харахад дэлхийн ихэнх оронд сэтгүүлчдийг хүчирхийлэх үйлдэл илт олширчээ. Мөн авторитари дэглэмтэй орнуудад сэтгүүлчдийн эрхийг хааж боох байдал улам газар авсаар байгаа.

RSF-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар, хэрэв улс төрийн хэлэлцүүлэг нь далд орчинд өрнөж, сэтгүүлчдийг буруутгаж байгаа бол тэнд ардчилал маш том аюулд оржээ гэсэн агуулгыг дээрх тайланд хавсаргажээ.

Тэгвэл ийм байдал Монголд захын аймагт байгаа нэгэн жишээг дурдая.

  Мэдээлэл нягтлан шалгагчдын олон улсын өдөр буюу дөрөвдүгээр сарын хоёронд Дархан-Уул аймгийн сэтгүүл зүйд нэгэн томоохон үйл явдал болсон. Гар утасны сэтгүүл зүйд суурилсан, мэдээллийг нягтлан шалгах Монголын анхны цахим сайт болох www.MyDarkhan.mn энэ өдрөөс ажиллаж эхэлсэн. Гэтэл сайтын сэтгүүлчдэд эхнээс нь л мэдээлэл авах эрхийн маш ноцтой зөрчил, дарамтыг аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат болон түүний хэвлэлийн албаныхан үзүүлсэн юм. Тухайлбал, ИТХ-ын ээлжит хуралдааныг шууд дамжуулах гэсэн сэтгүүлчийн хүсэлтийн хариуд Ч.Энхбат дарга “Өмнө нь ийм явдал болж байгаагүй тул шууд дамжуулалтыг зөвшөөрөхгүй” гээд халгаасангүй. Улмаар ИТХ-ын хуралдааныг сурвалжлахаар очсон сэтгүүлчдийг хэвлэлийн төлөөлөгч нар нь тойрон бүчиж, техник хэрэгслийг нь шалган, бичлэг хийхийг хориглоно гэж улайм цайм зааварлав. Мөн тэд “Манайх зөвхөн гэрээ байгуулсан телевизүүддээ л мэдээллээ өгнө” хэмээн тайлбарлаж байв.

Хаана хэвлэлийн эрх чөлөө алга байна, тэнд дарга нар дур зоргоороо авирлах явдал гаардаг. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, иргэдийн мэдээлэл авах эрхийг боомилсон тийм л орчинд дарга нарын авлигал, нийгмийн шударга бус нөхцөл байдал, нутгийн өөрөө удирдах байгууллагын далд шийдвэр газар авсан байдаг. 

Дархан-Уул аймгийн Боловсролын салбартай холбоотой авилгал, гэмт хэргийн шинжтэй үйдлүүдийг АТГ одоо үргэлжлүүлэн шалгасаар байгаа. Гэтэл ийм нөхцөл байдалтай аймгийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч нар, бие даасан хараат бус редакцийн мэдээлэл авах эрхийг хаан боогдуулсан үйлдэл гаргаж байгааг хууль зүйн талаас нь хэрхэн тайлбарлах вэ?

"Глоб интернэшнл" төвийн хуульч Б.Пүрэвсүрэнгийн тайлбарыг энд товчлон оруулъя. Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга болон Мэдээлэл технологийн газрын хэвлэлийн төлөөлөгч нарын энэ үйлдэл нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, сэтгүүлчийн мэдээлэл авах эрхийг ноцтой зөрчөөд зогсохгүй иргэний мэдэх эрхэд халдсан үйлдэл гэдэг нь дараах үндэслэлээр нотлогдож байгаа ажээ. Тухайлбал, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд заасан “Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй”, Эрүүгийн хуулийн “Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл төлбөр төлж зориуд нийтлүүлээгүй, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Мөн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн үйлчлэх хүрээнд нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажлын алба шууд хамаарна. Энэхүү хуулийн дагуу ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж байгаа бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ, контракттай холбоотой мэдээлэл, тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээллийг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага нь сурвалжлах эрхтэй. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар ч иргэдийн мэдэх эрхийн үүднээс хурлын шийдвэр нь нээлттэй байх үүрэгтэй. Эдгээрийг ерөнхийлөн нэгтгэж үзвэл, сэтгүүлчийн мэдээлэл авах эрхийг хууль зүйн хувьд нэгдүгээрт үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам алдагдуулахаар бол, хоёрдугаарт бусдын нэр төр, алдар хүндийг гутаах тохиолдолд, гуравдугаарт хуулиар зайлшгүй хориглох (тухайн асуудал санхүүгийн захиргааны байгууллагад хянан шалгагдаж байгаа, хэрэг бүртгэл, мөрдөн байцаах, шүүхийн шатанд хянан шалгагдаж байгаа үед бусдын хууль ёсны нууцыг задруулахаар бол) хязгаарлаж болох юм байна. Хэрвээ дээрх шаардлагууд байхгүй бол хэрхэвч хязгаарлаж болохгүй. Хязгаарласан үндэслэлээ тайлбарлахыг шаардах, хязгаарласан шийдвэр, тогтоол байвал түүнийг хүчингүй болгохоор дээд шатны байгууллага, захиргааны шүүхэд хандах эрх нээлттэй гэсэн тайлбарыг хуульч өгсөн.

Тиймээс орон нутагт аймгийн ЗДТГ, ИТХ-ын дэргэд байгаа хэвлэл мэдээллийн алба, хэвлэлийн төлөөлөгч нарын ажлын байр, ажиллах нөхцөл хууль ёсны эсэхийг магадлан шалгаж цэгцлэх цаг нь болжээ. Алийн болгон төрийн байгууллага мэдээллийн агуулгад хяналт тавих, гэрээ байгуулж зөвхөн нэг талын мэдээллийг түгээхийг тулгах, сэтгүүлчийн мэдээлэл авах эрхийг бүдүүлгээр зөрчих вэ? Энэ талын мониторинг хийх, зөвлөмж боловсруулах, зөрчигдөж байгаа хуулийн тайлбарыг дээд шатны байгууллагаар ч гаргуулах шаардлагатай.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (64.119.17.4)
    Дархан сэтгүүлч байхгүй шүү дэ МАНыг магтаж хоол олж иддэг хэдэн тэжээвэр хэвлэлийн төлөөлөгч нэртэй хэдэн мангарууд бдаг
    2019 оны 05 сарын 04 | Хариулах
  • э.бүдээ (66.181.161.25)
    угаасаа даварсан юмнууд ялангуяа захиргаа газрын алба боловсорлынхон гээд дэндүү хүнд сурталтай шүүх цагдаа бүгд дархан уул аймгыг ер нь анхааралдаа авч авилгал хүнд сурталыг арилгахгүй бол иргэд нь туйлдаж бн шүү
    2019 оны 05 сарын 03 | Хариулах
809   2
НИЙТЭЛСЭН: Ц.Чимэддондог