Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-05-03

ТЭДНИЙ ЯВАХ ЗАМ БОГИНО, ХАРИН БИДНИЙ ҮЙЛС АРИУН

Өнөөдөр Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр.

Ардчилсан Монгол улсын иргэд бидний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, өмч хөрөнгө эзэмших зэрэг хүн болж төрсний учир эдлэх ёстой жам ёсны эрхүүдийг Монгол Улсын Үндсэн Хуулиар тунхаглан, хамгаалсан. Энэхүү эрхээ эдлэхэд бидний мэдэх эрх, эрх чөлөө онцгой чухал. Өөрөөр хэлбэл жам ёсны үндсэн эрхийг маань төр хэрхэн хангаж байгааг мэдэх, тэр тусмаа үзэл сурталжсан, хэн нэгний эрх ашигт нийцүүлэн бэлтгэсэн бус, бодит, олон ургальч байдлаар хандсан мөн өөрийнхөөрөө дүгнэлт хийх боломжтой мэдээ, мэдээлэл тун чухал.

Төрийн мөнгө гэж байхгүй. Зөвхөн татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Өөрөөр хэлбэл жам ёсны үндсэн эрхийг маань төр хэрхэн хангаж байгааг мэдэх, тэр тусмаа үзэл сурталжсан, хэн нэгний эрх ашигт нийцүүлэн бэлтгэсэн бус, бодит, олон ургальч байдлаар хандсан мөн өөрийнхөөрөө дүгнэлт хийх боломжтой мэдээ, мэдээлэл тун чухал. Тэд нийгмийн баялгийг олны тусын тулд хэрхэн зарцуулж, ямар үр дүн гаргаж байгааг, эрх нь зөрчигдсөн иргэдийнхээ төлөө хэрхэн ажиллаж байгааг олон нийт мэдэх ёстой. Бас тэд ч мэдээлэх үүрэгтэй. Үүний төлөө сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн ажилладаг юм.

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн олон нийтийн мэдэх эрхийн “манаанд” зогсч, төр хэрхэн ажиллаж байгааг хянах үүргийг хүлээж байдаг учир тэднийг албан бус засаглал буюу “ДӨРӨВ ДЭХ ЗАСАГЛАЛЫНХАН” гэдэг. Бас тэд бол хүний эрхийн манаачид.

Гэтэл өдгөө манай аймагт ердөө 3-4 хэвлэл мэдээллийн байгууллагад хамаарах мөн тооны сэтгүүлч ажиллаж байна. Сэтгүүлчид гээд зөндөө л хүмүүс байдаг биз дээ гээд та гайхаж байна уу? Тиймээ, өөрсдийгөө сэтгүүлч гэж нэрлэдэг, энэ мэргэжлийг эзэмшсэн, энэ салбарт ажиллагсад олон. Бас төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийн ажилтнууд ч бий. Гэхдээ тэд даргадаа үйлчилж, даргынхаа ажлыг тайлагнаж бас даргынхаа хийж буйг мэдээлэх үүрэг хүлээдэг тул тэднийг хараахан сэтгүүлч хэмээн нэрлэхээ түр орхиё. Харин микрофоноо бариад, үйл явдлын халуун тогоон дунд ажиллаж, даргын хялалзах, цэргийнх нь цэрвэхийг үл анзааран иргэдийнхээ мэдэх эрхийн төлөө ажиллаж байгаа цөөхөн хэдээ өнөөдөр хэрхэн ажиллаж байгаад анхаарлаа хандуулаад нэг үзээрэй. Элдвийн дарамт шахалт, санхүүгийн хүндрэл байгаа хэдий ч дуртай мэргэжлийнхээ үнэ цэнийг ухамсарлан цөөхүүлээ ч гэсэн зүтгэж л байна.

Тэдний нэг нь манай шинэхэн сайтынхан. www.MyDarkhan.mn ажиллаж эхлээд өнөөдөр яг 31 хонож байна. Энэ хугацаанд бид аль болох нягталж шалгасан, судалгаатай, олон эх сурвалжаас бэлтгэсэн нийтлэл, мэдээллүүд бэлтгэж, өөр өнцөг, өөр үзэл санаануудыг олон нийтэд түгээн хүргэхийг хичээн ажиллаа. Мөн багагүй бэрхшээл, үл тоомсорлол, хаалттай хаалга, мэдээллийн тэнцвэргүй байдлуудтай тулгарсаар байна.

Хаана хэвлэлийн эрх чөлөө үгүй байна, тэнд эрх мэдэлтнүүд дураар авирлаж, далд нууц бүхэн цэцэглэж байдаг гэдэг.

Дөрөвдүгээр сарын 02-ны өдөр бид сайтынхаа анхны мэдээллүүдийг үзэгч, уншигч түмэндээ хүргэж эхэлсэн. Энэ өдөр Дархан-Уул аймгийн ИТХ хурлын ээлжит хуралдаан болж, бид шууд нэвтрүүлэхийг хүсч холбогдох албаны хүнд хандсан. Гэвч тэрбээр “Манайд өмнө ингэж явуулж байсан жишиг байхгүй. Харин та бүхэн манай хэвлэлийн албанаас бичлэг, мэдээллийг авч болно” хэмээх хариултыг өгсөн юм. Өөрөөр хэлбэл зөвхөн ганц өнцгөөс бэлтгэсэн, шүүлтүүртэй мэдээллийг өгөхийг хүссэн бололтой. Ингээд бид шууд дамжуулж чадаагүй ч, хуралдааны явцыг ажиглан, төлөөлөгч нар ямар асуудлуудыг хэрхэн хэлэлцэж байгааг анхааралтай ажиглаж байлаа.

Тус хуралдааны үеэр хэд хэдэн асуудлыг хэлэлцэж байсан хэдий ч хоёр асуудал онцгой анхаарал татсан юм. Үүний нэг нь “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 8.4 га-г орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргах асуудал. Нөгөөх нь атар газрыг тариалангийн бүс нутаг болгох. Бид эдгээрт анхаарлаа хандуулж мэдээлэл бэлтгэн, уншигч үзэгч Дарханчууддаа хүргэсэн. Паркийн газрын асуудал хэрхэн олон нийтийн анхааралд хүрч, одоогоор ямар шатанд байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Олон нийтийн хэлэлцүүлэг сошиал орчинд өрнөж, хуульч өмгөөлөгч байр сууриа илэрхийлэн, асуудлыг дахин хэлэлцэх шаардлагатайг сануулсаар байгаа.

Дараагийнх нь атар газрыг тариалангийн бүс нутаг болгох шийдвэр.

Энэ шийдвэр мөн л тухайн газар нутагт амьдардаг, хууль ёсоор тус газрыг эзэмшиж, хадлангаа бэлтгэдэг 100 орчим малчдын эрхийг зөрчиж буйг эсэргүүцэн тэд шүүхэд хандаад байна. Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл сурвалжилга бэлтгэснээ тун удахгүй та бүхэнд хүргэнэ.

Хэрэв тэр өдөр хурлаар уг асуудлыг хэлэлцэж байгааг мэдээлээгүй байсан бол юу болох байсан бол...

Иргэдээ сонсоогүй, тэдний эрх ашиг, амь амжиргааг үл тоомсорлосон энэ мэт шийдвэрүүд ар араасаа цуварч шүүхийн шийдвэрийг хүлээхээр болж байна.

Сошиал дахь нэр хаяггүй аккаунтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээс ялгаж мэддэггүй, төрийн ажил хийж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаагаа ойлгодоггүй, даргад биш ард түмэндээ ажлаа тайлагнах ёстойгоо ухамсарлаагүй олон олон ухвар мөчид төрийн албан хаагчид өнөөдөр сэтгүүлчдийг үл тоомсорлон харьцсаар.

Гэвч тэдний явах зам богино, харин бидний үйлс ариун гэдгийг “Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний Өдөр”-ийг тохиолдуулан бичсэн энэхүү нийтлэлээрээ дарга нартаа дайяа.  

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (64.119.19.99)
    иргэн баян бол улс баян
    2019 оны 05 сарын 03 | Хариулах
729   1
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг