Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-05-06

ГАЗРЫГ ГЭРЭЭГЭЭР ЭЗЭМШҮҮЛЭХ ЭРХ ИРГЭДИЙН ХУРАЛД БАЙГАА АТАЛ...

Орон нутгийн тусгай хамгаалалт бүхий “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 8.4 га талбайг тусгай хамгаалалтаас гаргасан ИТХ-ын шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж хуульч, өмгөөлөгч Б.Содболд, ИТХ-ын Дарга болоод Төлөөлөгчид, эсвэл тус шийдвэрийг тууштай хамгаалж буй аймгийн ЗДТГ-ын холбогдох албаны хүмүүсийг олон нийтэд нээлттэйгээр мэтгэлцэхийг уриалсан. Харин түүний хүсэлтэд ИТХ-ын Дарга Г.Эрдэнэбат татгалзсан хариу өгсөн бөгөөд ингэхдээ аймгийн ЗДТГ-ын Дарга Ч.Энхбатын хэвлэлийнхэнд хандаж хийсэн тайлбартай адилхан байр суурьтай байгаагаа мэдэгдсэн. Гэсэн ч хуульч Б.Содболд тогтсон өдрөө буюу өнгөрөгч тавдугаар сарын 01-ны өдөр ИТХ-ын хурлын 33 төлөөлөгчдөөс гаргасан шийдвэрээ хамгаалахаар хүрэлцэн ирэхийг хүлээн урьсаар байлаа. Гэвч ИТХ-ын төлөөлөгчид, ажлын хэсгийнхэн, аймгийн ЗДТГ-ын албаны хүмүүс, тэр бүү хэл олон нийтийн мэдэх эрхийг хангах зорилгоор хэвлэлийнхэн ч ирээгүй юм. Харин манай сэтгүүлч тэнд ажилласан. Хуульч Б.Содболд чөлөөт сэтгүүлч Б.Батзаяагийн асуултанд хариулах байдлаар өөрийн байр суурийг илэрхийлсэн бөгөөд тэрбээр ИТХ-ын “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн 8.4 га газартай холбогдуулан гаргасан шийдвэрийг хэрхэн няцаасныг хураангуйлан хүргэе.

НЭГ. ӨМНӨТГӨЛ

ХУВИЙН БАЙР СУУРЬ БУЮУ ПАРКАД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙХИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА ЭСЭХ?

“Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд бүтээн байгуулалт хийгдэж, хүүхдийн тоглоом бүхий парк болох ёстой. Гэхдээ үр хүүхдүүдийн маань тоглож, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх энэ парк хууль зүйн хувьд ямар нэгэн алдаа дутагдалгүй, хууль тогтоомжид нийцсэн шийдвэрийн үндсэн дээр эхэлж, цаашаа яваасай.

ЯАГААД ЗААВАЛ МЭТГЭЛЦЭЭН ГЭЖ?

Нэгэнт Иргэдийн хурлын тогтоол гарсан учир мэтгэлцээн гэдэг агуулгаар хандсан. Учир нь тус шийдвэрийг ИТХ-ын төлөөлөгчид буюу 33 хүн хэлэлцэн шийдвэрлэсэн. Гэвч гаргасан шийдвэр нь хууль зүйн хувьд алдаатай байна гэж үзэж байгаа. Тиймээс хуульчийн хувьд би үүнийг нотлоё, харин та бүхэн шийдвэрээ зөв гэдгийг батал гэсэн санаа. Үүний үр дүнд иргэд зөв ойлголттой болж, улмаар заавал шүүхээр шийдвэрлүүлэхгүйгээр засаад явах боломжтой гэж харсан.

МЭТГЭЛЦЭХГҮЙГЭЭР, ЗҮГЭЭР ОЧООД ЯРИЛЦААД ЗАСЧИХАЖ БОЛОХГҮЙ ЮУ?

ИТХ-аас гарсан энэхүү тогтоолыг холбогдох албаныхан тогтвортой хамгаалж байгаа. Мөн иргэдийн дунд эргэлзээтэй байдал үүсч, сошиал орчинд хэлэлцүүлгүүд өрнөж байна. Тиймээс иргэддээ тайлбарлаж, тодорхой ойлголт өгөх шаардлага үүсээд байгаа юм. Энэ нь цэвэр хууль зүйн мэтгэлцээн болох байсан. Мөн хууль зүй болон бодит байдал хоёрыг тохируулаад, яг энэ бодит байдал дээр аль хууль тогтоомж нь үйлчлэх вэ гэдэг байр суурийн зөрүүг иргэддээ ойлгуулахад мэтгэлцээн чухал байлаа.

Миний авсан мэдээллээр 2019 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг 33 төлөөлөгчийн 30 нь санал нэгтэйгээр дэмжиж, гурван төлөөлөгч ямар нэгэн байдлаар татгалзсан эсвэл түтгэлзсэн. Өөрөөр хэлбэл ямар нэгэн байдлаар дэмжээгүй байна. Мөн Иргэдийн хурлаар энэхүү тогтоолыг батлуулах төслийг Дархан-Уул аймгийн ЗДТГ буюу Засаг даргын ажлын албанаас оруулсан гэж ойлгож байгаа. Учир нь паркийг тохижуулах асуудал нь өөрөө Дархан-Уул аймгийн Засаг Даргын Мөрийн хөтөлбөрт орсон ажил юм билээ.

Түүнчлэн ИТХ-ын байр суурийг сонсохыг хүссэн миний хүсэлтийн хариуд ирүүлсэн албан тоотдоо ИТХ-ын Дарга Г.Эрдэнэбат, аймгийн ЗДТГ-ын Дарга Ч.Энхбатын өгсөн тайлбар нь бидний байр суурь гэх агуулгыг хэлсэн. Тэгэхээр тогтоол гаргагч буюу ИТХ-ын байр суурийг ЗДТГ-ын Дарга Ч.Энхбатын байр суурь гэж ойлгоод, тэр хууль зүйн үндэслэлийг няцааж өөрийнхөө байр суурийг олон нийтэд нээлттэйгээр илэрхийлэх нь зөв гэж үзсэн юм.

ХОЁР. НЯЦААЛТ

ИТХ-ын “МИНИЙ МОНГОЛ” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН 8.4 ГА ГАЗРЫГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТААС ГАРГАСАН ТОГТООЛ НЬ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛГҮЙ

Нэг. ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАНД БАЙГАА ГАЗРЫГ ХАМГААЛАЛТААС ГАРГАХ ЭРХ ИТХ-д БАЙХГҮЙ.

“Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль”-ийн 28 дугаар зүйлд аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын бүрэн эрхийг зааж өгөхдөө ердөө гурван эрх эдлэхээр тусгасан байдаг. Үүнд, энэ талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг улсын хамгаалалтанд авахуулах саналыг дээд шатны байгууллагад гаргах мөн “Нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтанд авах шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох” хэмээн заасан. Мөн тус хуулиар Засаг Даргад ч бас хамгаалалтаас гаргах тухай төсөл боловсруулах эрх олгогдоогүй. Гэтэл манай Иргэдийн хурлын 2019 оны дөрөвдүгээр сарын 02-ы 13/05 тоот “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолд, хууль зүйн үндэслэлээ бичээд нэгдэх заалтаараа “8.4га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргасугай” хэмээн заасан байгаа. Өөрөөр хэлбэл Иргэдийн хуралд газар нутгийг тусгай хамгаалалтаас  гаргах эрх хуулиар олгогдоогүй байхад ийм тогтоол гаргасан байна. Энэ утгаараа ИТХ-ын тус тогтоол нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй буюу хүчин төгөлдөр бус тогтоол юм. Мөн гаргах гэх эрх хууль зүйн хувьд ерөөсөө байхгүй гэж ойлгож болно.

Хоёр. ИТХ нь ХУУЛЬД НИЙЦСЭН ТОГТООЛЫГ ӨӨРЧЛӨХ ЭРХГҮЙ.

“Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль” бол улсын тусгай хамгаалалтай газрын тухай асуудлыг зохицуулдаг. Харин орон нутгийн тусгай хамгаалалтыг “Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль”-ийн 3.2 дугаар зүйлд журмаар зохицуулахаар заасан. Аливаа салбар хуулиудад, тухайн асуудлыг нарийвчлан зохицуулахаар заасан байдаг ба тэрхүү нарийвчилсан зохицуулалтууд нь хамгийн түрүүнд хэрэглэгдэх хууль зүйн зарчим бий. Тэгвэл хуулийн дээрх зохицуулалтаар Байгаль орчны сайдын 2000 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар тушаалын Нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтанд авах тухай журам” үйлчлэх бөгөөд бидний дунд маргаан үүсгээд байгаа эл асуудалд тус журам үйлчлэхээр байгаа юм.

Энэхүү журмын 4.3-т “Газар нутгийг орон нутгийн хамгаалтанд авах асуудлыг, Засаг даргын өргөн мэдүүлснээр Газрын тухай хуулийн 19.2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28.3-ыг үндэслэн аймаг нийслэл, сум, дүүргийн ИТХ шийдвэрлэх ба түүний хилийн заагийг тогтоож, өөрчилж болно” гэж байгаа. Тэгэхээр авах ба өөрчлөх л зохицуулалт байна. Өөрөөр хэлбэл өмнө хуулийн хүрээнд газраа, орон нутгийн тусгай хамгаалалтанд авчээ. Тэгвэл одоо эрх зүйн хувьд зөвхөн өөрчлөх асуудал л яригдах боломжтой. Түүнээс биш хамгаалалтаас гаргаад, тодорхой хэсгийг нь салгаж авах эрх хуулиар ч, журмаар ч олгогдоогүй байна.

2019 оны дөрөвдүгээр сарын 02-ы өдрийн 13/05 тогтоол нь өөрөө “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” утгатай бөгөөд “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.4-ийг үндэслэл болгон” хэмээн хууль зүйн үндэслэлээ тодорхойлсон байгаа. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь өнөөдөр Иргэдийн хурлын гол мөрдлөг болгох ёстой хууль. Хуулийн тус заалтаар ямар эрх олгосон байдаг вэ гэхээр “Хурлаас гаргасан тогтоол бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харъяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг хурал өөрчлөх буюу хүчингүй болгож болно” гэсэн зохицуулалттай. Тэгвэл манай Иргэдийн хурал 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 15/03 тогтоол буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 13/05 тогтоолоос нэг жил хоёр сарын өмнө гаргасан өмнөх тогтоолдоо өөрчлөлт оруулсан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь өнөөдөр Иргэдийн хурлын гол мөрдлөг болгох ёстой хууль. Хэрэв тийм бол өөрчлөх эрх нээгдэнэ. Гэтэл энэ 2019 оны 10/03 тогтоолд ямар ч тийм үндэслэл байхгүй. Мөн 2018 оны 15/03 тогтоол нь Засгийн газар, Байгаль орчны сайдын журам, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль тогтоомжид бүрэн нийцсэн байгаа. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь өнөөдөр Иргэдийн хурлын гол мөрдлөг болгох ёстой хууль.

Нэгтгээд хэлбэл дээрх гурван хуулийн заалтаар Дархан-Уул аймгийн ИТХ-аас 2019 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр гаргасан 13/05 тоот “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг гаргах эрх ИТХ-д хууль зүйн хувьд байхгүй. Мөн нэгэнт тусгай хамгаалалтанд авсан газрыг хамгаалалтаас гаргах ойлголт хуулинд алга байна. Өөрөөр хэлбэл энэ тогтоол гарах ёсгүй байсан.

ГУРАВ. ЗДТГ-ын ДАРГА Ч.ЭНХБАТЫН ТАЙЛБАРУУДЫГ НЯЦААХ НЬ

“Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн үйлчлэл болон “Орон нутгийн тусгай хамгаалалттай газар”-т үйлчлэх хууль тогтоомж нь хоёр тусдаа ойлголт. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль нь улсын хэмжээнд тусгай хамгаалтанд авч байгаа асуудал дээр яригддаг. “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг Дархан цаазат газар, Байгалийн цогцолбор газар, Байгалийн нөөц газар, Дурсгалт газар гэж дөрөв ангилна гээд цаашид энэхүү дөрвөн тусгай хамгаалалтыг зохицуулаад явдаг. Харин орон нутаг өөрөө тусгай хамгаалтанд авсан газрын асуудлыг Байгаль орчны сайдын 2000 оны 07 дугаар тушаалын Нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай” журмаар зохицуулахаар заасан. Өөрөөр хэлбэл энэ тохиолдол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль биш Байгаль орчны сайдын тушаалаар батлагдсан журам үйлчлэх ёстой. 

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙХ БОЛОМЖГҮЙ ГЭДГИЙГ НЯЦААХ НЬ

Ч.ЭНХБАТ: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд “дурсгалт газар, байгалийн болон түүх соёлын дурсгал зүйлээс 0.1-3км орчинд сүр бараа үзэмжийг нь дарах барилга байгууламж барих, газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмалыг хайх, олборлох, байгалийн болон түүх соёлын дурсгалт зүйлийг хөндөх, эвдэх, буулгах тэдгээрт хохирол учруулахуйц бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн учраас бид тоглоомоо байрлуулж, энтертайнмент барилга барьж болохгүй байна.

ХУУЛЬЧ: Тэрбээр тус хуулийн дурсгалт газрын дэглэм гэх зүйлийг иш татаж байв. Тэгвэл эндээс нэг зүйл гарч ирж байна. Юу гэвэл 13/05 тогтоол нь орон нутгийн тусгай хамгаалалтанд байгаа “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн нийт 44.5га газрын дундаас 8.4-ийг нь хэсэгчлэн гаргах тухай. Тэгэхээр энэ 8.4га газар нь цэцэрлэгт хүрээлэнгээсээ дор хаяж 0.1-3км-т буюу 100-3000м-ийн зайд байх хэрэгтэй болох нь. Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газрынхаа дотор нь байж болохгүй болж байна. Мөн сүр бараа, үзэмжийг нь дарах барилга гэсэн нэр томъёо байгаа. Үзэмжгүй ч юмуу, онцгүй барилга байгууламж барьж болохгүй байх нь. Тэгвэл бидний хийх гээд байгаа тоглоом, сүр барааг нь дарах уу, үгүй юу. Яг энэ хуулийн заалтыг барих ёстой юу гээд маргалдах зүйл зөндөө. Гэхдээ энэ хуулийн үйлчлэл орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй гэдгийг би түрүүнд тайлбарласан.

ЭЗЭМШҮҮЛЖ БАЙЖ ҮР ДҮНД ХҮРНЭ ГЭДГИЙГ НЯЦААХ НЬ

Ч.ЭНХБАТ: Заавал тусгай хамгаалалтаас гаргаж байж эзэмшүүлж, бүтээн байгуулалтын ажил хийхээс өөр аргагүй. Учир нь Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд газрыг эзэмшүүлэхгүйгээр, ашиглуулах хугацаа 5 хүртэл жил ба зөвхөн нэг удаа дахин таван жилээр сунгах боломжтой. Өөрөөр хэлбэл 10 жилээс илүү боломжгүй. Мөн газар ашиглах эрх дуусгавар болоход газраа нөхөн сэргээж, засаж тохижуулан, хуучин хэвээр нь хүлээлгэн өгөх хуулийн заалттай. Тиймээс барьж байгуулснаа бүгдийг нь буулгах болно. Ийм үр дагаврын улмаас эзэмшүүлэхгүй л бол хувийн хэвшил орж ирэхгүй байна.

ХУУЛЬЧ:  Тус хуулийн заалт нь дээр дурьдсан орон нутгийн тусгай хамгаалалттай газарт яригдахгүй зохицуулалт бөгөөд энд журам үйлчилнэ гэдгээр нэгдүгээрт няцаагдана. Байгаль орчны сайдын 2000 оны 07 дугаар тушаалын Нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай” журамд, тусгай хамгаалтаас гаргах гэдэг ойлголт байхгүй. Харин өөрчлөх, зааг тогтоох, горим тогтоох гэж байгаа. Мөн энэ хууль журмаар олгогдсон эрхээс бусад эрхийг хэрэгжүүлэх хориотой. Тэгэхээр өөрчлөх, хилийн горимыг тогтоох гэдэг агуулгаар шийдвэр магадгүй гарах ёстой байсан байх. Гэтэл 2019 оны 13/05 “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолд “хамгаалалтаас гаргасугай” хэмээн заасан байгаа. Өөрөөр хэлбэл ямар ч хууль, журамд тусгагдаагүй эрхийг хэрэгжүүлчихсэн байна.

Мөн журмын 4.7 дугаар зүйлд “Нутгийн хамгаалтанд авсан ой, амьтан, ургамал, усны нөөц газрыг аймаг нийслэл сум дүүргийн ИТХ, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тодорхой хугацаагаар төлбөртэйгөөр гэрээний үндсэн дээр эзэмшүүлж болно” гэж заасан байгаа. Эзэмших эрх дотор ашиглах эрх ордог. Эзэмших эрх бол ашиглахаас арай том эрх. Өөрөөр хэлбэл Засаг Даргын мэдэлд шилжүүлэхгүйгээр ИТХ өөрөө ашиглуулж, эзэмшүүлэх боломжтой байгаа биз. Мөн тус журмын 3.3.3-т “Тусгай хамгаалалттай газар дээр батлагдсан зураг төсөл, зөвшөөрлийн дагуу амралт аялал жуулчлалын бааз үйлчилгээний цэгүүд байгуулах, зам тавих боломжтой”, 3.3.8-д “Орон нутгийн хэрэгцээг хангах чиглэл бүхий байгаль орчинд халгүй жижиг үйлдвэрлэл үйлчилгээг явуулах боломжтой” гэж бас заасан байгаа. Гэтэл Ч.Энхбат даргын тайлбарт тусгай хамгаалалтаас гаргахгүй л бол барилга байгууламж барьж болохгүй байна гээд байгаа шүү дээ.

Тэгэхээр Иргэдийн хурлын байр суурь буюу энийг заавал тусгай хамгаалалтаас гаргаж байж, бүтээн байгуулалт хийхгүй бол болохгүй гээд байгааг эсрэгээр нь энэ журмаар бүгдийг нь зөвшөөрсөн, мөн гэрээний дагуу эзэмшүүлэх эрхийг нь бас хуульчилаад өгчихсөн байна.

ГЭРЭЭГЭЭ САЙН ХИЙЧИХВЭЛ, ЯМАР Ч АСУУДАЛ ҮҮСЭХГҮЙ ГЭДГИЙГ НЯЦААХ НЬ

Ч.ЭНХБАТ: “Одоо зөвхөн компанитайгаа гэрээ байгуулах асуудлыг ярина. Ажлын хэсэг байгуулагдсан. Энд яс юмаа тохирно. Зориулалтын бусаар ашиглаж болохгүй гэдгийг нь хэлнэ. Хийх ёстой юмаа хийхгүй бол хий гэж шаардана. Энэ гэрээ маш чухал”.

ХУУЛЬЧ:  Дээр дурьдсанчлан журмын 4.7-д эзэмшүүлэх эрхийг хуулиар Иргэдийн хуралд өгсөн байна. Гэтэл Иргэдийн хурлаас “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргачихсан. Ингэснээрээ тус газрыг ЭЗЭМШҮҮЛЭХ ЭРХ шууд ЗАСАГ ДАРГА-д оччихож байгаа юм.

Өөрөөр хэлбэл Иргэдийн хурал хууль эрх зүйн хүрээнд өөрөө газрыг эзэмшүүлэх боломж байхад яагаад заавал тусгай хамгаалалтаас гаргаж, Засаг Даргад эрхээ шилжүүлээд байна вэ????  ҮҮНД АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ.

Учир нь ийнхүү эрх шилжих нь өөр өөр эрх зүйн үр дагавартай.

ЗАСАГ ДАРГА-ын захирамжаар газар эзэмшүүлэх асуудал нь ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИАР, ИТХ-ийн шийдвэрээр газар эзэмшүүлэх асуудал нь ГЭРЭЭГЭЭР зохицуулагддаг.

Хичнээн сайн гэрээ хийх хүсэл зорилго байлаа ч Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийг нь “Чи манайхтай гэрээ байгуулж байгаа учраас ийм ийм эрхийг хэрэгжүүлж болохгүй. Эсвэл ийм эрхийг чинь хасна” гэж ерөөсөө болохгүй. Мөн Ч.Энхбат даргын яриад байгаа гэрээ нь, Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх нь бий болчихсон компанитай хийх гэрээ.

ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬ-д заасан газар эзэмших эрх нь маш өргөн зохицуулалттай. Барьцаанд тавих, бусдад шилжүүлэх, хугацаагаа хэдэн ч удаа сунгах, өв залгамжилах гэх мэт. Өөрөөр хэлбэл, эрхийг нь “зорилгынхоо хүрээнд гэрээгээр хязгаарлаж чадна” гээд итгэлтэй яриад байгаа Иргэдийн хурлын байр суурь амьдрал дээр огт хэрэгжих боломжгүйг харуулж байна. Харин журмын 4.7-д заасан Иргэдийн хурлаас эзэмшүүлэх эрхийн гэрээг хийгээд явбал асуудлыг гэрээгээр зохицуулаад байх бүрэн боломжтой.

“БИД ХОХИРЧИХВОЛ ЯАХ ВЭ” ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ОРЖ ИРЭХГҮЙ БАЙНА ГЭДГИЙГ НЯЦААХ НЬ

Ч.ЭНХБАТ: “ИТХ өөрчлөгдөөд, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан дараагийн улс төрийн хүчин гарч ирээд оруулсан хөрөнгийг маань үнэгүйдүүлж, биднийг хохироочихвол яах вэ” гэх болгоомж байгаа учир хөрөнгө оруулагчид олон орж ирсэнгүй. Арай гэж орж ирснийг нь та нар үргээчих гээд байна.

ХУУЛЬЧ: Аливаа хэлбэрээр эзэмшиж, өмчилж байгаа газрыг төр ямар нэгэн байдлаар буцааж өөртөө шилжүүлэх тохиолдолд нөхөн олговрын асуудал яригддаг. Энэ нь бас хуулийн зохицуулалттай. Мэдээж “Хохь нь. Чи газар дээр юм барьчихсан. Одоо минийх” гэвэл энэ дээрэм болно. Ийм төсөөллөөр ярих нь нэгдүгээрт хууль зүйн хувьд ямар ч боломжгүй. Хоёрт хэрэв ийм нөхцөл байдал үүслээ гэхэд нөхөн олговор буюу оруулсан хөрөнгөө төрөөс нэхэмжлэх эрх нь нээлттэй. Хөрөнгө оруулалт хийсэн иргэн, аж ахуйн нэгжийг хууль хамгаална.

Түүнчлэн хувийн хэвшилд “Хөрөнгө оруулалт хийж байтал төр авчихвий” гэх айдас байгаатай адил “Гоё сайхан юм барина гээд Газрын тухай хуулиар эзэмшиж, гэрчилгээгээ авчихаад, дараа нь өөр зориулалттай болгочих вий” гэх болгоомж, айдас бас иргэд, олон нийтэд байгаа нь үндэслэлтэй. Ийм жишээ тоочвол Улаанбаатарын паркийн газрын асуудлаас эхлээд өөр олныг хэлж болно.

ДӨРӨВ. ДҮГНЭЛТ

Бидний хэн хэн нь бүтээн байгуулалт явагдах ёстой гэдгийг зөвшөөрч, бүгд санал нэгтэй байгаа. Мөн “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн газар орон нутгийн хамгаалалтандаа хэвээрээ, бидний хүсч буй үр дүнг бий болгох хууль зүйн боломж ч байна. Тиймээс хамгаалалтанд нь хэвээр нь хөгжүүлээд цаашаа явъяа. Одоо бүх зүйл хууль, журмын дагуу явбал, хожим маргаан үүсэхэд асуудал гарахгүй.

2019 оны дөрөвдүгээр сарын 02-ы 13/05 тогтоолыг ИТХ өөрөө хүчингүй болгох ёстой. Хэрэв үгүй бол би ингээд зогсохгүй ээ. Дараагийн шатанд шүүхэд хандана. Урт удаан хугацаанд үргэлжлэх, татвар төлөгчдийн мөнгө үргүй зарагдах, өртөг зардал шаардагдах ийм нөхцөлд хүргэхгүй байхыг та нөхдөөс хүсье.

Улмаар биднийг төлөөлөн шийдвэр гаргаж буй Иргэдийн хурлын төлөөлөгчид, эрх барьж буй удирдлагууд, түүнчлэн УИХ-д төлөөлж буй УИХ-ын Гишүүд /УИХ-ын Гишүүн Д.Хаянхярваа “Тамгын газрын цаг” нэвртүүлэгт оролцохдоо паркийн газрын асуудал хуулийн дагуу, ямар ч асуудалгүй явж байгаа юм билээ хэмээн хэлсэн/ та нар бидний эрх ашгийг хууль зүйн үндэслэлтэй төлөөлж чадаж байна уу гэдэг эндээс харагдаж байна. Энэ асуудлыг ч гарган тавьж болохоор байна. 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.87.173)
    шал худлаа тайлбарлаж байна. 3 үндэслэл 3 уулаа буруу байна. тэгээд ч хуулийг зөвхөн нэг өмгөөлөгч мэдэж тайлбарладаг юм биш . олон талтай эцсийн хувилбарыг шүүх л эцэслэн тогтоодог юм.
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
1048   1
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг