Лхагва 2019-01-02 Дархан
FOCUS Cafe   2019-05-07

МУЗЕЙ БАЙГУУЛЧИХ ХЭМЖЭЭНИЙ ХОСГҮЙ ҮНЭТ ОЛДВОРУУД БИДЭНД БИЙ

ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл Төмрийн судалгааны салбарын эрхлэгч доктор, профессор Ц.ТӨРБАТ-тай ярилцлаа.

Эртний олдвор олдсон талаарх мэдээлэл сүүлийн үед хэд хэд гарлаа. Энэ нь иргэдийн мэдлэг, мэдрэмж өндөр болсных уу? Аль эсвэл өөр хүчин зүйл байна уу?

- Олдвор олдох нь гэнэтийн байх нь бий. Энэ нь ихэвчлэн ард иргэдийн гар дээр олдсон, мэдээлэгдсэн зүйлс байдаг. Гэхдээ төлөвлөгөөтэй судалгаанууд ч явагдаж байгаа. Хэвлэл мэдээллээр шуугиад байгаа нь тун багахан хэсэг нь. Тэдгээр нь ач холбогдолтой хэдий ч түүнээс илүү чухал ач холбогдолтой олдворууд төлөвлөгөөт малталт судалгааны үед гарч ирдэг. 2017 оны хувьд манай түүх археологийн хүрээлэн нэлээн өргөн хүрээтэй малтлага судалгаа хийж, хэд хэдэн сонирхолтой олдворууд оллоо. Эдгээр нь манай түүхийн тодорхой үед хамаарах одоо болтол хариулт нэхэж байсан асуултуудад хариулт өгч байна.

Тухайлбал ямар олдворууд олов. Мөн ач холбогдлыг нь хэрхэн үнэлж байна вэ?

- Хэд хэдэн зүйлийн талаар энд яримаар байна. Хүннүчүүдийн гарал үүсэл, аж ахуй, соёл, Монголын түүхэнд эзлэх байр суурийн талаар өнөөг хүртэл анхаарал татдаг хэдий ч бүрэн тодорхой болоогүй асуултууд бий. Ялангуяа үйлдвэржилтийн хөгжлийн асуудал нь тодорхойгүй байсан. Ер нь Хүннүгийн үйлдвэрлэлийн хөгжил нь зөвхөн тэдний тухайд ч биш Төв Азийн нүүдэлчдийн талаарх нэгдсэн мэдээлэл өгдөг. Тэд газар тариалан, гар урлалын том хөрштэй байсан хэдий ч өөрийн гэсэн үйлдвэрлэлийн төвүүдийг байгуулж байсан нь хөршөөсөө /Хятад улс/ хамааралгүй байх төрийн бодлого зорилт байсныг гэрчилдэг. Иймээс ч газар тариалан, гар урлалын төвүүдийг олноор байгуулсан байдаг. Энийг гэрчлэх Хүннүгийн үеийн хэд хэдэн томоохон суурин манайд болон Буриадад илэрсэн. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт Бороогийн суурин, Буриадад Мангиртай, Дөрөөгийн, Ивлэгийн гэх суурингууд. Эдгээрийн сууцны бүтэц, хэмжээ нь бүгд яг адилхан байсан. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр, тэдгээрийг зорилготой, зохион байгуулалттайгаар газар тариалан, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр барьж байгуулсан байна. Ингэж өөрийн гэсэн үйлдвэрлэлийн төвүүдтэй болж байж. Өөрөөр хэлбэл Хятадаас үр тариа, хүнсний бүтээгдэхүүн, зэр зэвсэг, төмөрлөг болон шавар ваар савны хамааралгүй байхыг зорьж байсныг илтгэдэг. Энэ өнөөгийн бидний амьдрал, улс орны нөхцөлтэй ч холбоотой зүйл байгаа биз. Бүүр 2000 жилийн өмнө ч Хятадаас хамааралгүй байх үйл явц явагдаж байж. Мөн тэр үед бүх зэр зэвсгээ төмрөөр хийж байсан. Тиймээс төмөр боловсруулах асуудал их чухал. Үүнийг гэрчлэх төмрийн зуухнуудыг Монгол-Германы хамтарсан экспедиц Хэрлэнгийн эх, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутгаас илрүүлсэн. Эдгээр зуухны хийц нь тухайн үеийн Хятад зуухнаас тэс ондоо байсан нь технологио тэндээс аваагүйг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл нүүдэлчдийн соёлын хүрээнд орон нутгийн өвөрмөц технологиор төмрөө хайлуулж байсан байна. Энэ их чухал. Мөн барилгын өнгөлгөөний зориулалттай вааран материал хийдэг том зуухнуудыг ч олсон. Энэ бол энэ жилийн чухал үр дүн.

Түүхийн хувьд нэлээн судлагдсан боловч археологийн хувьд бүрхэг, дурсгал цөөтэй Хүннүгийн дараах Сяньби, Жужаны үеийн дурсгалууд илэрсэн гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

- Сяньбигийн үеэс Түрэгийн үе хүртлэх 300 жилд хамаарах /НТӨ II-V зуун/ төмрийн хэд хэдэн зуухыг Баян-Өлгий, Увс аймгийн нутгаас Монгол Японы хамтарсан экспедиц илрүүлж олсон. Энэ их чухал. Хүннүгийн эзэнт гүрэн мөхсөний дараа хэсэг улс төрийн вакум орон зай үүсч, хүн ам нь цөөрч одоогийн төв азийн нүүдэлчид Өвөрмонголд байсан Сяньби нарын улс төрийн нөлөөнд орж, аж ахуйн болоод соёлын хувьд уналтанд орсон мэт ярьдаг. Тэгвэл энэ үед тэд төмрийн үйлдвэрлэл эрхэлж байсныг гэрчлэх олдворууд олдсон. Энэ бол томоохон зорилттой, зохион байгуулалттай, төвлөрсөн удирдлагатай нөхцөлд би болдог технологи. Түүнээс жижиг аймаг ийм хэмжээний үйлдвэрлэл явуулах боломжгүй. Мөн Түрэгийн мандаж гарсан түүхтэй холбоотойгоор Жужаны үеийн төмөрчин боолууд байсан хэмээн Хятад сурвалжуудад бичсэн байдаг. Тэгвэл энэ үед холбогдох Түрэгийн үеийн хүдэр боловсруулах зуухыг илрүүлсэн нь манай түүхийн чухал ололт. Үүнийг бараг 100 жил хайсан. Одоо судалгаа нь эхлээд байгаа. Сяньбигийн үеийн археологийн дурсгал гэхэд таван жилийн өмнө үзүүлэх зүйл бидэнд байгаагүй. Харин сүүлийн жилүүдэд хэдэн хэдэн дурсгалыг илрүүллээ. Ингэснээр бүхэл бүтэн үе хов хоосон байсныг нөхөх юмтай болж байна.  Монголын археологи баяжиж, эртний түүхээ бичих боломж нэмэгдэж байна. Өмнө нь үзүүлэх юм байхгүйгээс Хятад сурвалжийг барьж хэсэг ноолдог байсан. Одоо бидэнд тодорхой бодит гарт үзэгдэх зүйлтэй болж байна. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Шивээт хайрхан уулнаас Сяньбигийн үеийн торгон дээлтэй хагас хатмал, байгалийн жамаараа болсон мумми олсон. Сар гаруйн өмнө нэг хэсэг Солонгосын хэвлэлээр шуугиад байсан. Тэр чинь Солонгосын хэвлэлд яриад байгаа шиг хятад биш юм. Торгон хувцас бол байсан. Гэхдээ тэр чигээрээ Хүннүгийн дараа үеийн Монгол Алтайн нүүдэлчдийн сонгодог хэлбэрийн зан үйлтэй, нүүдлийн соёлын хүрээнд багтаж байгаа дурсгал. Энэ мэт олдворууд нь Монгол Алтай археологийн өв соёлын үүцээ дөнгөж нээж, цаашид агуу их нээлтүүд хүлээгдэж байгааг харуулж байна.

Ихэнх томоохон судалгааны ажлууд гадны хөрөнгө оруулалттай хийж байна гэж та дурьдлаа. Тэгэхээр нэг талаас нүүдэлчдийн соёлыг судлах сонирхол байгаа байх. Нөгөө талд өөр ямар нэгэн сонирхол байдаг уу?

- Энэ бол цэвэр шинжлэх ухааны сонирхол. Яагаад гэхээр эндээс ямар ч ашиг олохгүй шүү дээ. Зардлаас өөр зүйл байхгүй. Манай улс том газар нутагтай. Өмнөд Сибирь, Хятадын дунд нь байрладаг. Тиймээс Хятадыг ойлгохын тулд, Сибирийн археологийн соёлын хөгжлийг мэдэхийн тулд Монголыгсудлах хэрэгтэй болдог. Маш олон зүйлийн зангилаа манайд байгаа. Өөрөөр хэлбэл Монголын эртний түүх ийм чухал байр суурьтай юм. Жил бүр 20 гаруй олон улсын хамтарсан төслүүд хийгддэг. Ийм хэмжээний цар хүрээ, хамтын ажиллагаатай археологи энэ бүс нутагт байхгүй байна. Мөн үүнийг дагаад Орос, Япон, Америк, Баруун Европын онцлог бүхий сонгодог археологийн уламжлал манайд нэвтэрч Монголын археологид нийлж байна. Бид эндээс авахаа авч, хаяхаа хаяснаар Монголын археологи гэх өвөрмөц сургууль бүрдэх эхлэл тавигдаж байгаа юм. 

Орхон аймгийн Айргийн Гозгороос олдсон олдворыг орон нутаг нь өөрийн хөрөнгө оруулалтаар судалж, эргээд өөрсдөө аялал жуулчлалын зориулалтаар ашиглах хүсэлтэй байгаа гэж байсан. Тийм ашиг сонирхол байх нь түгээмэл зүйл үү?

- Аялал жуулчлалын хөгжилд археологи үүрэг гүйцэтгэх нь хэвийн үзэгдэл. Гарсан олдвороо хадгалалтын орчныг нь бүрдүүлээд хадгалж чадна гэвэл болох л асуудал. Тухайн аймгийн аялал жуулчлалын потенциал нэмэгдэнэ. Сүүлийн жилүүдэд энэ мэт зорилтот аялал жуулчлалыг өсгөх, музейн сан хөмрөгөө баяжуулах захиалгат төслүүд бас хэрэгжиж байгаа. Энэ жил хийсэн Тамирын Улаан хошууны малтлага нь Төрийн түүхийн музейн захиалгаар хийгдсэн. Тун сонирхолтой эд өлгийн зүйлс олдсон. Энэ нь Хүннүгийн дундаж давхрагын жирийн иргэдийн хамгийн том оршуулгын газар. Нийтдээ 400 гаруй булштай. Хүннүгийн оршуулгын болоод бусад дурсгалуудын хамгийн том бөөгнөрөл гэж болно. Энд Монгол Францын хамтарсан экспедиц 2013 оноос хамтарсан судалгаа хийж нийт ердөө 47 булшийг нь судлаад байна. Цаашид үргэлжилнэ. Хамаг гол дурсгал нь буюу улс төр, засаг захиргаа, эдийн засаг, аж ахуйн төв нь тэнд байсан байгаа юм. Тэгэхээр үүнийг цаашид аялал жуулчлалын том бүс болгож, Нүүдэлчдийн эзэнт гүрнүүдийн төв гэсэн утгаар нь хөгжүүлэх том зорилтын хүрээнд хийгдэж байгаа ажил юм. Маш олон зүйлийн сонирхолтой эд өлгийн зүйлс болох ваар сав, гоёл чимэглэл, урлагийн онцгой бүтээлүүд гарсан. Урьд нь зөвхөн язгууртны булшнаас гардаг байсан амьтны дүрстэй алт мөнгөн хөөмөл чимэглэлүүд энэ жил жирийн иргэдийн булшнаас гарч ирсэн. Урлагийн өндөр түвшинд бүтээгдсэн дээрээ янгирын дүрстэй хэд хэдэн мөнгөн чимэглэлүүд гарсан. Тэгэхээр эдгээрийг Төрийн түүхийн музейд шилжүүлнэ. Мэдээж ийнхүү музейн үзмэрийн сан хөмрөг нэмэгдэж баяжсанаар чадамж нь нэмэгдэх нь олгомжтой. Энэ бол бидний хийх ёстой зүйл.

Хэд хэдэн олдворуудын талаар нийтэд түгж нэг хэсэгтээ шуугилаа. Тухайлал түрүүнд дурьдсан Орхоны Айргийн гозгорын олдвор, “адидас” брэндийнхтэй төстэй гутал мөн сая хэдхэн хоногийн өмнө Увс аймгийн Давстаас эртний хүн гэх олдлоо гэж байсан. Эдгээр олдворуудын судалгаа шинжилгээ, хадгалалт хамгаалалт ямар түвшинд байгаа вэ?

- Эдгээр нь манай хүрээлэнгийн эрхэлж хийсэн ажлууд биш байна л даа. Тиймээс яг тодорхой хэлэхэд хэцүү байна. Ер нь бүх ажил нь журмын дагуу явагдаж байгаа болов уу. Тухайлбал Айргийн гозгорын малтлага маш амжилттай явагдаж байгаа гэж сонссон. Үүнийг Үндэсний түүхийн музейн доктор Одбаатар ахлан явуулж байгаа. Хоёр жилийн өмнөх Ховд аймгийн Мөнххайрхан сумаас илрүүлсэн Үзүүр гялааны оршуулга, хүмүүсийн “адидас” гутал шиг гэж яриад байгаа олдвор бол Түрэгийн үеийн оршуулга. Тухайн цаг үеийнхээ соёлыг илэрхийлж чадахуйц чухал олдвор. Сэргээн засалыг соёлын өвийн төвд хийж, манай судлаачид экспертээр ажилласан. Зарим шаардлагатай дээжүүдийг хамтарч ажилладаг гадаадын нөхдүүдээр хийлгэсэн. Судалгааны ажил нь үргэлжилж байгаа. Цаашдаа үндэсний хэмжээний музейд тавигдах монголын эртний соёлыг илэрхийлэх олворууд болно гэж найдаж байна. Сүүлийн Давстын олдворыг ямар байгууллага эрхэлж байгааг сайн мэдэхгүй байна. Ер нь иймэрхүү олдворууд нэлээн гардаг л даа. Гэхдээ тэр бүр хэвлэл мэдээлэгдээд байдаггүй. Миний ойлгосноор дундад зууны үеийн байдаг нэг онцлох зүйлгүй оршуулга. Сонирхолтой олдвор. Гэхдээ онцлох зүйл биш гэж бодож байна.

Та бүхний олоод байгааг нийтэд дэлгээд, жуулчдыг татаад, гайхшируулж бишрүүлээсэй, бас мөнгө болгоосой гэсэн хүсэл байх шиг...

- Одоо манайд археологийн музей байгуулчих хэмжээний юм байгаа шүү. Бидний бишрээд байдаг Англи, Хятад, Япон зэрэг олон орны музейн үзмэрүүдийн ихэнх нь хуулбар байдаг. Өөрөөр хэлбэл нэг л том зүйлээ түшиглээд музей байгуулдаг. Гэтэл манайх дандаа эх хувь, хосгүй үнэт зүйлстэй атлаа одоо болтол музейгүй байна. Ийм музейтэй болчихвол хүмүүс ч анхаарч сонирхоно, аялал жуулчлалын потенциал ч нэмэгдэх юм. Хүрээлэн энэ ажлыг олон жил хөөцөлдөж байна шүү дээ. Музей байгуулагдвал манай эртний өв соёл ямар гайхамшигтай гэдэг харах боломжтой болно. Энэ бол зөвхөн аялал жуулчлалын төдийгүй, соёлын өрсөлдөөний асуудал юм. Манай хөршүүд соёлоороо дэлхийд асар хүчтэй нөлөөлж чадаж байна. Солонгос гэхэд өөрсдийгөө 5000 жилийн түүхтэй хэмээн  сурталчилж байна. Гэтэл бид 800 жилийн түүхээ яриад л сууж байдаг. Агуу том түүхтэй гэдгээ илэрхийлэх археологийн бодитой материалууд маань байна. Ганцхүү гаргаж тавьж чадахгүй байгаа нь харамсалтай. Солонгос, Хятадын соёлоос дутахааргүй эртний гайхамшигтай соёл бий гэдгээ үзүүлэх ёстой. Ингэхийн тулд музей хэрэгтэй. Мэдээж хөрөнгө мөнгө хэрэгтэй. Гэхдээ санхүү хэцүү ч зайлшгүй хийх юм гэж байдаг. Бидэнд байгаа бүхэн үнэхээр үнэ цэнэтэй. Үүнийгээ чулуу болгож чадахгүй байна. Үүнд төр засгийн дэмжлэг, ард иргэдийн хүсэл ч чухал. Энэ бол манай археологчдийн хүсэл мөрөөдөл юм шүү.

Нээн илрүүлсэн гэх эдгээр олдворуудын хадгалалт хамгаалалт ямар байдаг юм бол?

- Хадгалалтын орчин бүрдсэн сан хөмрөг байхгүй. Маш хүнд нөхцөлд байгаа. Чийгтэй, халуун нөхцөлд байна. Тодорхой температур, чийгшлийг хангасан, тусгай сан хөмрөгийн орчин бүрдүүлэх ёстой. Тэгж байж хойч үедээ үлдээнэ. Гэтэл одоо  сайхан сэргээн засварлаад ирсэн олдворуудаа тохиромжгүй нөхцөлд байлгаж байна. Ингэж халуун чийгтэй газар удаан хадгалбал хэдэн жилийн дараа байхгүй болно. Дариухан арга хэмжээ авахгүй бол хүнд байна. Гэтэл судалгаа нь үргэжлээд байдаг. Энэ бол хойч үеийнхээ өмнө хийж буй гэмт хэрэг гэж болно. Гайхамшигтай олдвор гаргаад ирлээ, хамтарч ажилладаг гадаадын нөхөд маань үнэ төлбөргүй засаад өгчихлөө. Тэгтэл авчираад буруу хадгалаад байна. Ийм л байдалтай байна. Үүнийг хэлэх ёстой.  

2018 он.

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
817   0
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг