Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-05-09

Германы Bild сонин мэдээллээ өөрчилж, Монголын яамд хамтарсан мэдэгдэл гаргалаа

Германы Bild сонины сайт дээр Монголд гарсан тарваган тахлын улмаас ОХУ-ын хоёр жуулчин нас барсан мэтээр мэдээлснийг манай сайт Fact Check хийсэн билээ. Түүний дараа Монголд байгаа зарим уншигч www.MyDarkhan.mn сайтын редакцитай холбогдож зөвлөлдсөний дагуу Bild сонины редакци руу И-мэйл бичиж, манай мэдээллийг хүргүүлсэн юм. Тэгвэл өчигдөр Bild сонин мэдээллийн агуулгаа өөрчилж Оросын жуулчин хос нас барсан гэсэн хэсгээ хассан байна.

Мөн өнөөдөр манай улсын БОАЖЯ, ЭМЯ хамтран мэдэгдэл гаргалаа. 

Уг мэдэгдэлд, Баян-Өлгий аймагт 2019 оны дөрөвдүгээр сарын 30-нд тарваган тахлын хүний өвчлөлийн 2 тохиолдол гарч тус аймагт хорио цээрийн дэглэм түр тогтоосон. Өвчний голомтонд тандалт судалгаа хийн, мэргэжлийн баг ажиллаж, эцсийн халдваргүйтгэл хийсний үр дүнд өвчлөл тархахаас урьдчилан сэргийлсэн болно. Тарваган тахлын голомтыг бүрэн цомхотгосон тул хорио цээрийн дэглэмийг 2019 оны тавдугаар сарын 06-ны өдөр цуцалж, бүх үйл ажиллагааг хэвийн явуулж эхлээд байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд болон нийгмийн сүлжээний хэрэглэгчдийг буруу ташаа мэдээлэл олон нийтэд түгээж, түгшүүрт автуулахгүй байхыг хүсэе. Үүнээс гадна буруу ташаа мэдээллийг гадны хэвлэл мэдээллийн байгууллагууд эх сурвалж болгон ашиглаж, Монгол орныг зорих жуулчдын тоо эрс буурч байгааг анхаарч, холбогдох мэдээллийг баримттай эх сурвалжаас тодруулна уу гэжээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
569   0
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг