Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-05-09

МОНГОЛЫН ИХ АМАР АМГАЛАН ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙН ХӨЛД ҮРЭГДЭХ ҮҮ?

Өдгөө малын бэлчээр, хадлангийн талбай, ойн зурвас бүхий энэ газар тун удахгүй техник хүнгэнэн, шороо манарах их тариалангийн талбай болохоо хүлээн, одоохондоо нам гүм л байна...

Хэд хоногийн өмнө манай редакци дээр Хонгор сумын малчид хэмээн өөрсдийгөө танилцуулсан хоёр хүн ирсэн юм. Сэргэлэн байрын гялалзсан харц, гүдэсхэн яриатайг нь Б.Цогзолмаа гэх ба арай ахимаг, ямар нэгэн зүйлд зовиурласан бололтой хөмсөг зангидах эмэгтэйг Ж.Оюун гэх ажээ. Тэд сая Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр очоод, буцах замдаа манайхыг зорьсон нь энэ гэнэ.

Зорьж ирсэн хэргийн учраа Б.Цогзолмаа ийнхүү ярив. “Дархан-Уул аймгийн ИТХ дөрөвдүгээр сарын 02-ы өдрийн хуралдаанаараа атар газрыг тариалангийн бүс нутаг болгох шийдвэр гаргасан. Энэ нь хэд хэдэн хуулийн заалтыг зөрчихийн зэрэгцээ, улмаар байгаль экологид ноцтой хор хохирол учруулахуйц шийдвэр. Тиймээс тэр нутагт ажиллаж амьдардаг, суурьшин нутаглаад олон жил болж буй нийт 30 гаруй өрхийн 100-аад иргэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаад байгаа” гэлээ. Тэгээд засаг захиргааныханд туйлын их гомдолтой байгаагаа илэрхийлээд, өмнө гаргасан шийдвэрээ суурин дээрээ хэд хэдэн удаа өөрчилдөг, ингэхдээ тэр нутагт амьдарч буй хүмүүст ер мэдээлдэггүй, саналыг нь огт сонсдоггүй. Энэ нь хууль ёсоор газраа эзэмшиж, он удаан жил суурьшин амьдарч буй иргэдийн эрхийг үл тоомсорлосон асуудал” хэмээн ярив.

Б.Цогзолмаагийн яриаг хамт ирсэн эмэгтэй анхааралтай чагнан, хааяа толгой дохин, хааяа хөмсөг зангидан чимээгүй сууна.  

Тэгээд маш сул, арай хийн ярьж байгаа бололтой хүчилсэн өнгөөр ийн ярив. “Эгч нь хоолой муу. Өвдөөд олон хоног хэвтсэн. Гэсэн ч эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаад явж байна. Хэлэх үгээ ч бас хэлмээр байна. Яахав атар газрыг хагалж болно оо. Гэтэл яагаад заавал тэнд гэж. Бид газраа хууль ёсоор эзэмшээд, суурьшин амьдраад олон жил болж байна. Өвөлжөө байшингаа барьчихсан, амины хэдэн малтай. Ийм хүмүүсийг одоо яаж амьдар гэж байгаа юм бол? Ерөөсөө ч урьдчилж хэлээгүй. Биднийг дуудаж хуралдаагүй. Гэнэт л нэг өглөө ийм шийдвэр гаргасан байх юм. Тэр зургийг нь харсан. Малчдын өвөлжөөг дөнгөж гаргаад л бараг бүгдийг нь хагалахаар шийдвэр гарсан байна билээ. Кадастрын зургийг нь харахад, айлын өвөлжөө таарахаар нь тойруулаад, өвөлжөө таараагүйг бол цүлхийлгээд татчихсан байх шиг. Энэ чинь одоо юу болж байгаа юм бэ? Бид чинь малчид шүү дээ. Мал нь гарах, бэлчих газаргүй, малчид нь улаан шороон дунд амьдрах болох нь. За яахав, бодвол биднийг нүү гэх байлгүй. Бүтээж босгосноо буулгаад нүүлээ гэж бодъёо. Гэтэл Дархан хотын төвөөс ердөө 5хан км-т хагалчихаар энэ хот чинь ердөө элсэндээ булагдана. Тэр нутаг ойн зурвас газарт хамаарагддаг. Монгол Улсын “Ойн тухай хуулиар” ойн сан бүхий газарт газар хагалах, тариа тарихыг хориглодог юм билээ. Тиймээс ч ойн нөхөрлөлийнхөн бас бидэнтэй нэгдэж, гарын үсгээ зураад шүүхэд хандсан. Тэгэх мөртөө дөнгөж шийдвэр гаргангуутаа, энэ талаарх шийдвэрээ бидэнд мэдэгдэж танилцуулаа ч үгүй байж, одоо хагална гээд явж байна. Ингэж болох уу? Аргаа бараад сумынхаа ИТХ-ын төлөөлөгчид хандлаа. Тэгтэл Н.Нордог төлөөлөгч “Өө, бид зөндөө эсэргүүцсэн. Дарга нарыг дийлэхгүй юм билээ. Сумын ИТХ дээр наймуулаа эсрэг гар өргөсөн ч болоогүй. Шийдвэр нөгөө талд гарсан” гэж байх юм. Энэ юу гэсэн үг вэ?” хэмээн өвчиндөө зориурласан хэдий ч нүдэндээ нулимстай ярив.  

Тэдний яриаг анхааралтай сонсоод бид асуудлыг газар дээр нь очиж үзэхээр амлав.

Ингээд хэд хоногийн дараа Хонгор сумын Хоёрдугаар багт орших 30 гаруй өрх оршин сууж, 4500 орчим толгой мал идээшлэн бэлчдэг нутгийг зорилоо.

Дарханаас гараад Зулзага орох замаар 10 хүрэхгүй км-т бидний зорьсон газар буй. Малчин эмэгтэй биднийг газарчлан дагуулах ба зам зуурт таарах бүхнийг тайлбарлан явна. Ургамал ургалгүй удсан боловуу гэмээр томоохон тариалангийн талбай харагдав. Энэ ямар учиртай газар болохыг асуухад, хуучин “Охидын салаа”-ны орхигдсон талбай гэлээ. Цагтаа улсдаа арвин ургац өгч байсан, эмэгтэй тариаланчдийн хөдөлмөр шингэсэн энэ газар одоо ашиглагдахаа болиод, хөсөр хаягджээ. Зундаа зөнгөөрөө багахан ургамал ургах ч ердөө л элсэн “далай” мэт болж үлдсэн энэ газраас Дарханчуудыг салхи ихтэй өдрүүдэд тэвдүүлдэг шороон шуурга эхтэй байхыг үгүйсгэхийн аргагүй.

Бид ердөө арав гаруйхан минут яваад хүрэх газартаа ирэв.

Шинэхэн ногооны тааламжтай үнэр анхилан, уулын чийг хамар цоргих нь таатай. Нялх нахиагаа дэлгэсэн залуухан хус зөөлөн салхины аясаар найган бүжиж, хааяа нэг сэрчигнэх чимээ гарах ба тэртээд хэсэг бод тайван идээшилнэ. Хааяахан “Энэ юун хүмүүс ирэв” гэх шиг толгой өргөн биднийг харах авч төд удалгүй амтат зоогондоо умбан холдоно. Хараа булаан, нүд алдрам, таван мэдрэхүй дүүрэх мэт энэ мэдрэмж, энэ л ахуй Монголын их амар амгалан.

Уулын энгэрээд ойн төгөл үргэлжлэх ба армаг тармаг ургасан эдгээр ойн сан Дархан нутгийн маань газрын чийг, хөрсний тэнцвэрийг хадгалж, ургамал ургах нөхцлийг бүрдүүлж байдаг ажээ. Эдгээр нь манай аймгийн нэгдүгээр бүсийн ой бөгөөд Дархан хоттой хамгийн ойр оршдог ойн зурвас газар. Хэрэв эдгээр ойн модод устаж үгүй болох аваас цөлжих үйл явц улам эрчтэй болж Дархан хотод үе үе болдог их элсэн шуурга улам нэмэгдэх магадлалтай юм.

Өдгөө малын бэлчээр, хадлангийн талбай буй энэ зурвас газар тун удахгүй техник хүнгэнэн, шороон манарах их тариалангийн талбай болохоо хүлээн, одоохондоо нам гүм л  байна.

Бидний ирсэн сургаар малчид нэг дороо цуглан хүлээж байгааг газарч дуулгалаа. Нэгэнт малчдын санаа бодлыг сонсохоор ирсэн тул олзуурхан тэднийг зорив.

Энд малчид суурьшин амьдраад олон жил болсон бололтой өвөлжөө бууц, малын хашаа, гэр байшин олон ажээ. Бас холгүйхэн аж ахуйн томхон хашаа харагдсаныг “Алтан хүнс” группийнх хэмээн малчид хэлж байв. Голдуу эзэгтэй нар байх агаад эрчүүд нь малдаа явсан учир эзгүй байгаа гэнэ.

Тэд дор бүрнээ л шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа хэлэх бөгөөд энэ нутагт доод тал нь зургаан жил, дээд тал нь 20-оод жил нутаглан амьдарч байгаа гэж байв. Энд Хонгор сумын Хоёрдугаар багийн малчид болох Б.Отгонбаяр, М.Туяа, Б.Нарантуяа, Ц.Дамдинсүрэн, Т.Чимэгсайхан, Б.Алтанзул, Б.Цэрэндолгор, Г.Гантулга нар ирсэн байв. Тэд нийт 101 хүн гарын үсэг зурж баталгаажуулсан эсэргүүцлийн бичгийг үзүүлж, энэ нутагт амьдарч байгаа малчид, ойн нөхөрлөлийн бүх гишүүд шийдвэрийг эсэргүүцэж байгаа хэмээн ярилаа.

Малчдын хэлж байгаагаар “шийдвэрийн талаар хэзээ хойно сошиалаас харсан бөгөөд Төмсний бригад, Загт өндөр, Талын толгой орчмын нийт 895 га газрыг тариалангийн талбай болгох болсон нь шууд малчдын өвөлжөө, бэлчээр, хадлангийн газарлуу халдсан явдал. Энэ асуудлыг жилийн өмнөөс өөр өөр байдлаар оруулж ирж байгаа. Эхлээд 2018 онд Дархан сумыг малгүй сум болгоно гээд 119 айлыг энд авчирна гэж байсан. Тухайн үед бид эсэргүүцсэн. Яагаад гэхээр одоо байгаа энэ бэлчээр маань маш бага. Бараг нэг сум болох дайны тийм олон айл ирээд буучихвал энэ бэлчээр дийлэхгүй. Гэтэл дараахан нь ферм бол, дэд бүтцээр хангана, эрчимжсэн мал аж ахуй болгож, баахан үхэр оруулж ирнэ гээд, биднийг үхрээ хашаандаа малла, өөр зам байхгүй гэсэн. Юу гэж монгол мал 365 хоног хашаанд зогсох вэ дээ. Энэ чинь одоо биднийг амь амжиргаанаасаа сал гээд байна уу, үгүй юу. Малгүй малчин яаж амьдрах билээ. Иргэдээ амьдралгүй болгох гэж байж саяхан манай багийн дарга, малын зоо хоёр сумын 60 жилд хандив өгөх үү гэж орж ирсэн. Бид үгүй гэсэн. Ийм л юм болоод байна” хэмээн ярьцгааж байв.

Малчид ийнхүү ярьж суутал өглөөнөөс хойш бидний ярианд үе үехэн орж ирж байсан өнөөх айхтар шороон шуурга хүүе гэхийн завдалгүй нөмрөн ирж, даргилан буцалж байсан тогоотой цайг эрээн алаг болгон эмэгтэйчүүдийг сандаргах нь тэр. Бүгд л гэр гэрийн зүг яаран, саяхан шаагилдиж байсан эмэгтэйчүүд сандран одоцгоов.

Нүүр нүдгүй цохин, аманд торж араанд зажилагдах шорооноос дайжин бид ч буцах замдаа гарлаа.

Малчид олон зүйл ярьж, олон ч баримт үзүүлсэн. Гэхдээ асуудал нэгэнт шүүхийн шатанд очиж, шийдвэр хэрхэн гарахыг хүлээж байгаа учир энэхүү сурвалжлагын хүрээнд баримтуудыг нийтэд дэлгэхийг бид зорьсонгүй. Харин хамтдаа шүүх хэрхэн шийдвэрлэхийг хүлээе.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Irgen (66.181.180.40)
    Hongor sumiin 2 bagiin malchidiin yaridag vnen shvv dee arai dengvv ym aa
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
1209   1
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг