Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-05-10

МЭХТ МЭХЭНДЭЭ

“Зорилго нь аргаа зөвтгөдөг” гэж өнгөрсөн зууны баларсан үзэл санаа шинэ цагийн Монголчууд тэр дундаа орон нутгийн удирдах албан тушаалтнуудын дунд байсаар байгаа нь сэтгэл эмзэглүүлэх шиг.

Өнгөрөгч сарын 2-ны өдөр манай аймгийн ИТХ-аас нэгэн хууль бус тогтоол гарч улмаар тус тогтоол шийдвэрийг тойрсон маргаан мэтгэлцээн, сошиал хэрүүл иргэдийн дунд идэвхитэй өрнөв. Хэрүүлийн алим болсон уг тогтоол нь “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн орон нутгийн тусгай хамгаалалттай газраас 8.4 га газрыг хэсэгчлэн гаргах тухай байлаа. Эндээс тус газрыг заавал орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргах хэрэгцээ шаардлага байсан уу? гэх асуулт урган гарч ирнэ.

Асуултын хариулт тодорхой. Учир нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хууль эрх зүйн орчны хүрээнд тийм шаардлага огт байхгүй, тийм боломж ч байхгүй. Тэгвэл хууль бус тогтоол гаргаад байгаа нь чухам ямар учиртай юм бол? ИТХ-аас орон нутгийн тусгай хамгаалалттай газарт тавих өөрийн хяналт ба эрхийг хэн нэгэн даргад цаашлаад хувийн хэвшлийн бизнесийн байгууллагад шилжүүлэх хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаан байсан уу? Энэ мэт олон асуултанд хууль зүйн үндэслэл бүхий хариулт өгөх замаар үүсээд буй асуудлын учгийг тайлах боломжтой.

Гэтэл яг энэ зарчимаар бус, явцуу улс төржсөн өнцгөөс, ирээдүйнхээ төлөө санаа зовинож, үүссэн асуудлын гарц, шийдлийг үнэн зөвөөр нь олохоор үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн бүхнийг буруушаах хандлагыг нийгэмд түгээхийг оролдогсод цөөнгүй байлаа. Тэдний энэ үйлдэл “тэнэсэн сум байгаа оноосой” гэсэн эцсийн найдлага байсан нь гарцаагүй.

Сум байгаа оносон, гэхдээ тавьсан эзнийхээ хүссэн байг биш харин хэргийн эзэн хэнгэргийн дохиурыг олж онохдоо “өөдөө шидсэн чулуу өөрийн толгойн дээр” гэдэг гарцаагүй үнэнийг батлаж орхилоо.

Үүссэн асуудалд олон ургалч үзлээр Дарханчууд хандсан нь иргэн төвт эрх зүйт төрт улсад байдаг л нэгэн зөв бөгөөд хэвийн үйл явц. Гэтэл энэ бүхнийг эвэртэй туулай үзсэн мэт гайхаж, хүүхдийн паркын хөгжил цэцэглэлтийн ажилд чөдөр тушаа болж байна хэмээн буруутган, шүүмжлэгчдийн шүлс үсэрч байх юм. Үүнтэй зэрэгцээд өнөөх тусгай хамгаалалтаас гаргасан 8.4 га газрыг эзэмшиж, олон тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр, иргэний зориг гарган тодроод байсан компанийн удирдлага нь, тогтож сонсоход ч төвөгтэй олон үндэслэл хэлж “менежментийн” гэх айхтар гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдлээ.

Ийнхүү мэдэгдэхдээ “Манай компанийн нэр хүнд унаж, үндсэн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа учраас бид энэ төслөөс гарч, гэрээнээс албан ёсоор татгалзаж байна” гэв. Шалтгаанаа харин, ИТХ-ын хууль бус тогтоол бус харин татвар төлөгчдийн халааснаас авсан 1.2 тэрбум төгрөгөөр оруулж ирсэн 6 ширхэг тоглоомын чанар, үзэмжийг шүүмжилсэн иргэд олон нийтийн “хэл ам” мэтээр тайлбарлахыг хичээнгүйлэн оролдох юм.

Тэдний энэ оролдлого “асуудлын гол нь газартаа биш, бид газрыг менежментийн гэрээгээр 100 хувь хянана” хэмээн бардамнаж, өөрийн чиг үүрэг, эрхлэх асуудалд хамааралгүй ИТХ-ын тогтоолыг нүцгэн цээжээрээ хамгаалах нь холгүй байсан аймгийн ЗДТГ-ын даргын тайлбарыг няцааж орхилоо.

Дархан хотод маань орчин үеийн олон улсын жишигт нийцсэн хүүхдийн паркын бүтээн байгуулалт хийгдээсэй гэж хүсдэггүй нэг ч хүн байхгүй нь ойлгомжтой. Хүн бүр л энэ бүтээн байгуулалтыг зуу бүр хоёр зуун хувь дэмжиж байгаа нь маргаангүй үнэн. Харин иргэдийн энэхүү хүсэл тэмүүлэл дээр увиагүй дарга, урагшгүй албат нарын хувийн ашиг сонирхол яваад байгаа нь дараах тодорхой фактуудаар улам бүр ойлгомжтой болсоор байна.

Эхлээд газрыг нь хууль бусаар орон нутгийн хамгаалалтаас гаргаж, Улаанбаатарын паркын газрыг хэрхэн зувчуулсан яг тэр боломжийг ИТХ түүний төлөөлөгчид нээж өгсөн. Дараа нь татвар төлөгчдийн мөнгөөр авч ирсэн гэх тоглоомууд, наад захын өнгө үзэмж, цаад захын чанар стандартын шаардлага хангаж, үнэ өртгөндөө тохирсон байгаа эсэх харах мэдэрхүйтэй хүн бүрийн хардлагыг баталгаажуулав.

Улмаар гэрээнээс татгалзсан компанийн мэдэгдлийн дараа паркын газар дээр ургасан шарилжийг үзэн ядагсад борооны дараах мөөг шиг гэнэт сошиал ертөнцөд олширлоо. Шарилж найгасан ханшаанд бүтээн байгуулалт хийх гэж байхад, тамын тогооны үлгэрээр шүүмжилсээр байж ажлыг нь хийлгэсэнгүй, хайран юм гэж халаглах утсан хүүхэлдэйнүүд дарга ах нартаа үнэнчээ харуулан, дараагийн явуургүй алхамаа эргэлзэх зүйлгүйгээр хийж эхлэв.

Тэд хуулийг зөрчөөд ч хамаагүй, хүсэл зорилгоо биелүүлж болох мэт дураар авирлан, асуудлын мөн чанарыг зөвхөн шарилжтай талбай, хүүхдийн тоглоомд хандуулахыг оролдов. Түүгээр зогсохгүй, суурилуулж буй тоглоомын чанар стандарт, хүүхдийн амь нас эрүүл мэндэд эрсдэл учрах эсэхэд эргэлзсэн иргэдийн бодитой асуултанд хариулахаасаа илүү “Тэр хамаагүй дараачийн асуудал. Ямар ч байсан шарилж найгаж байснаас дээр” гэх логик бүхий утгагүй хариултыг өгч байх юм.

Энэ бүхэн “сайн ах нар” болоод түүний дагалдагч нарт зөвхөн шарилжгүй талбай, тоглоом бүхий парк “чухал”, харин хуулийн засаглал, иргэдийн хяналт, эрүүл аюулгүй орчин чухал бус болохыг илтгэнэ.

Уг нь юутай ч харьцуулж боломгүй үнэ цэнэ, үнэт зүйл гэж байдгийг тэд мэддэг баймаар.

Хүний амь, хөгд шарилж хоёрыг жингийн туухай дээр тавьж болох уу?

Хүүхдүүдийн маань тоглох тоглоом аюулгүй байж, гүйх газар нь өөрсдийнх нь байж, зөвхөн өөрсдөд нь зориулан бүтээсэн эрүүл аюулгүй орчинд, шарилж найгасан ч хамгаалалттай талбайдаа эрх дураараа өсөж торнивол дээрсэн.

Мордохын хазгай гэж буурлын хэлдгээр анхнаасаа хууль бусаар эхлэсэн энэ ажил даамжиралгүй, “мэхт мэхэндээ” гэдэг ардын үгийн үнэнийг сануулахын хамт, олонхын саналаар хууль бус шийдвэрийг ч нүдээ аниад баталж, батлуулж болдог гэх харалган бодолтой дарга, удирдлагуудын увиагүй үйлдлийг тасалж, хэрсүү иргэдийн зөв хяналт үр дүнгээ өгч байгаад баярлах сэтгэл өөрийн эрхгүй төрнө.

Одоо нэгэнт тэдний тэнэсэн сум тавьсан байгаа оножээ. Оногдсон бай нь өөрийн эрхгүй үнэнд гүйцэгдэж үгээ хэлж гэрээнээс татгалзав. Матарын нулимас унагаж өрөвдүүлэх тактик чинь харин тусыг эс олж, мэхт мэхэндээ гэх мэргэн үгний учгийн үзүүр эргэлт буцалтгүй хөвөрч эхэллээ.

Нэгэн цагт хэрсүү иргэдийн шударга хяналт Дархан нутагт минь сайн цагийг авч ирэх бизээ.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1460   0
НИЙТЭЛСЭН: Б.Содболд