Лхагва 2019-01-02 Дархан
Залуус ярьж байна   2019-09-02

ТОМЧУУД ТЭР БҮР МЭДЭХГҮЙ УЧИР БИД ӨӨРСДӨӨ ГЭРЭЛ НЬ БАЙХ ЁСТОЙ

"Иргэн төсөл"-д 16 дугаар сургуулийн сурагчид болох О.Ундаръяа, С.Сумъяа, Б.Мөнхсолонго, Л.Мичидмаа нарын сургуулийнхаа биеийн тамирын талбайг тохижуулах төсөл амжилттай оролцож Үндэсний шалгаруулалтад III байрыг эзэлсэн. Багийн ахлагч О.Ундаръяа сэтгүүлч болох хүсэлтэй бөгөөд түүний томчууд, үеийн найз нөхөддөө хандан бичсэн нийтлэлийг хүргэе.

Анх “Иргэн төсөл”-ийн тухай сонсоод “хүүхдүүд төрийн бодлогод нөлөөлнө” гэхээр тэнгэрт буй одыг газарт буулгахын адил их л хол санагдаж байлаа. Яагаад гэвэл бид зөвхөн хичээлээ хийх эсвэл гэрээ цэвэрлэж, дүүгээ харах үүрэгтэй гэж өөрсдийгөө боддог байв. Магадгүй ийм бодолтой маш олон хүүхдүүд үүнийг уншиж суугаа байх.

Тэгээд төсөлд оролцож, бидэнд өгсөн аргачлалын дагуу асуудлаа тодорхойлов. Ингэх үедээ нэгэн зүйлийг ойлгож эхэлсэн юм. Тэр юу вэ гэвэл, аливаа асуудалд том, жижиг гэж байдаггүй, харин асуудал бүр ямар нэгэн байдлаар хэн нэгний эрхийг зөрчсөн байдаг юм байна гэдгийг олж мэдсэн.

Та нар, яагаад энэ төсөлд оролцох болсон юм бэ? гэж надаас асуумаар байна уу? Олон хүн тэгж асуудаг юм. Найз нөхөд, дүү нарынхаа адил тоглоод, зугаалаад л магадгүй зүгээр л хичээлээ хийгээд л байж байсан бол амар шүү дээ гэх байх л даа. Гэхдээ бидний эрх зөрчигдөж, дүү нар минь аюултай газраар зорчиж, найз нөхөд маань шаардлага хангаагүй орчинд суралцаж байгааг томчууд тэр бүр мэддэггүй юм билээ. За, мэдсэн ч ажилдаа дарагдаад төдийлөн тэр бүхэнд анхаарал хандуулаад байж чаддаггүй байх. Харин бид өөрсдөө өдөр бүр харж, үргэлж хамт байдаг болохоор сайн мэднэ. Бас энэ бүхнийг шийдвэрлүүлэхэд иргэний боловсрол маш их хэрэгтэй. Тийм ч учраас би энэ төсөлд эргэлт буцалтгүй оролцохоор шийдсэн юм.    

Ингээд баг маань бүрдэж, бид судалгааны үндсэн дээр асуудлуудаа тодорхойлоод, хэрхэн шийдвэрлэх арга замаа эрэлхийлж эхэлсэн. Эхний жил төдийлөн сайн учраа олохгүй, будилсан юм их бий.

Хууль эрх зүй, төрийн бодлого гэхээр л бие арзас хийх шиг болдог надад эхэндээ энэ бүхэн зөвхөн томчуудын ажил мэт санагддаг байв. Гэвч төслийн явцад бидэнд олон эрх, олон боломж байдаг, бас томчууд хүүхдүүд бидний төлөө маш их зүйлийг хийх үүрэгтэй байдгийг олж мэдсэн.

Бидний мэдэх, шилэн хаалганы цаана ажилдаа дарагдан суудаг ууртай дарга нартай уулзах эхэндээ их хэцүү байв. Учир нь тэд үл ойшоосон, ялгаварласан өнгө аястай байх ба иргэдэд мэдээлэл өгөх үүрэгтэй ажилтнууд нь хүртэл “Завгүй байна. Сайтруу ороод үзчих” гэх мэтээр хүйтэн хөндий, үл хүндэтгэсэн өнгө аясаар харьцана. Бүр зарим багш нар маань хүртэл биднийг “нэр хүнд хөөсөн” хэмээн хэлэхэд нь ямар их урам хугарсан гэж санана. Ийм үед “Бид заавал үүнийг хийх ёстой гэж үү?” хэмээн шантрах явдал зөндөө байсан. Гэхдээ сургуулийн коридорт таараад “Эгчээ, та нар нөгөө бидний асуудлыг шийдэх гээд явж байгаа тэ. Заавал бүтээгээрэй... Гоё байгаа биз” гээд нэгэндээ ярин, нүд нь гялалзан гүйж яваа дүү нараа хараад бид зогсоогүй юм. Тэд л бидэнд хамгийн их урам зоригийг өгч байлаа.

Хүн зөвхөн өөрийнхөө төлөө бус бусдын төлөө гэх сэтгэлтэй болсон тэр үеэс л хамгийн их аз жаргалыг мэдэрдэг юм билээ. Магадгүй бид замын дундаас шантарсан бол энэ хоёр жилийн хугацаанд бий болгосон үр дүнгүүд байхгүй байх байсан бизээ.

Ямар ч байсан хичээснийх өөрсдөө стандартын шаардлага хангасан анги танхимд хичээллэж, дүү нар маань аюулгүй замаар зам хөндлөн гарч, сургуулийн маань бүх сурагчдын ундны цэвэр усны асуудал шийдэгдсэн. Мөн сургуулийнхаа гадаах биеийн тамирын талбайгаа тохижуулж, аюулгүй болгох гэсэн хүсэл маань бараг биелж байгаа. Дархан сумын Засаг Дарга Б.Азжаргал ах биднийг дэмжихээ илэрхийлж ямар ч байсан тодорхой хэмжээгээр санхүүжилтийг нь шийдэж өгнө гээд, төслийн зургийг хийлгэж өгсөн. Бас манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Баттөмөр гуай ирэх оны төсөвт санхүүжилтийг суулгаж өгнө хэмээн амалсан. Бид үүнд маш их баяртай байгаа. Зөвхөн бид ч биш манай сургуулийнхан, багш нар, эцэг эхчүүд гээд бүгд их баярлаж, талархаж байгаа.

Гэхдээ бид зөвхөн өөрийн сургуулийнхаа 1400 хүүхдэд тулгамдаж буй асуудлуудыг л мэдэж байна. Цаана нь манай Дарханд зөндөө олон хүүхдүүд бий. Тэдэнд ч бас асуудлууд байгаа байх. Тиймээс үе тэнгийн найз нартаа өөрсдийнхөө асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө өөрсдөө ч бас хичээх хэрэгтэй юм билээ гэж хэлмээр байна.

Асуудал бүрт шийдэл бий. Тэр асуудлыг шийдэхэд ардчилсан нийгмийн энэ аргачлал их чухал бөгөөд хэн нэгэн эрх мэдэлтнийг хүлээлгүй, хүүхдүүд өөрсдөө идэвхийлэн оролцож байж харанхуйд гэрлийг асааж чадна.  

XVI сургуулийн 11 дүгээр ангийн сурагч О.УНДАРЪЯА

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.160.73)
    Оюунлаг охинд амжилт хүсье.
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • Долгормаа (202.126.89.3)
    Шавь минь мундаг шүү.Ирээдүйд мундаг сэтгүүлч болохыг хүсэн ерөөе
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • Том хүн (66.181.161.48)
    Олон хүүхдэд хүргэмээр сайхан илтгэл байна.
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
1658   3
НИЙТЭЛСЭН: MyDarkhan