Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-05-17

БИДНИЙ ГЭРЛИЙГ БҮҮ УНТРААГААЧ...

Түүх-1: 

Миний найз алдартай жүжигчин болохыг хүсдэг. Үнэхээр ч авъяастай. Бид түүнийг маш их дэмждэг. Тэр мэргэжил сонголтын талаарх янз бүрийн лекц, сургалтанд сууж, алдартай хүмүүсийн зөвлөгөөг их сонсдог бөгөөд үлгэр жишээ авдаг бүх хүмүүс нь түүнд “хүсэл мөрөөдлөө л дага” гэж хэлсэн байдаг. Гэвч ээж аав хоёр нь “Аль ирээдүйтэй мэргэжлийг л сонго. Чи урлагаар хоолоо олж идэж чадахгүй” гэдэг.

Түүх-2:  

Сүхээ энэ жил дунд сургуулиа төгсөнө. Тэр эмч болохоор шийдсэн. Хичээлдээ ч сайн. Гэвч гэр бүлийхэн нь түүнд “Чи Цагдаагийн академид л сурна шүү. Аав, ах эгч нар чинь бүгд цагдаа. Тиймээс өөр зүйл бодохын ч хэрэггүй” гэж хэлдэг.

Түүх-3:

Т эгч сурагч охин байхдаа олон хүнд аз жаргал өгсөн сэтгэл зүйч болохыг хүсдэг байжээ. Гэвч мөрөөдөл нь биелээгүй. Учир нь түүний эцэг эх сонголтыг нь зөвшөөрөөгүй, бөгөөд “Миний сурч чадаагүйг чи сурах ёстой” гээд түүнийг эмч болгохоор анагаахад суралцуулсан.

Одоо тэр ажилгүйчүүдийн эгнээнд. Эцэг эхийнхээ мөрөөдлийг биелүүлж, анагаахад зургаан жил сурсан хэдий ч мэргэжлээрээ ажиллаагүй.   

Хэрвээ тэр сэтгэл зүйч болсон бол мэргэжилдээ урамшин илүү амжилттай явах ч байсан байж болох юм.

Хүүхдүүд бид, томчууд та нарыгаа үр хүүхдүүдийнхээ төлөө өөрийгөө ч үл хайхран өдөр шөнөгүй ажилладгийг мэднэ. Гэвч хүн бүрийн хурууны хээ давтагддаггүйн адил бид бүгд өөр өөр үзэл бодол, өөр хүсэл сонирхол, өөр мөрөөдөлтэй.

Хүн сонирхолтой зүйлдээ илүү их амжилтыг гаргадаг гэдэг. Магадгүй таны хүү, охин дэлхийн тавцанд дуурсагдах дуучин, жүжигчин, эрдэмтэн болохыг хэн ч үгүйсгэхийн аргагүй.

Би олон хүнээс асууж үзсэн. Таны амьдралдаа хамгийн их харамсаж явдаг зүйл юу вэ? гэж. Тэгэхэд тэдний олонх нь “хэрвээ би хүссэн мэргэжлээрээ сурч, ажиллаж байсан бол тарах цагийг хуруу даран хүлээн суухгүй байсан” гэж хариулдаг.

Тиймээс томчууд, аав ээж та нараасаа хүүхдүүдийнхээ ирээдүйг шийддэг нь биш, дэмждэг байгаасай гэж хүсч байна.

Бяцхан зүрхнүүдийн хүсэл мөрөөдлийг бүү унтраагаач. Буруу үг үйлдэлд нь зөвлөгч, харин үзэл бодол хүсэл сонирхолд нь найз нь байгаач. Зүгээр л бидэнтэй ярилцаж, хүсэл мөрөөдлийг маань сонсооч.   

XVI сургуулийн сурагч О.Ундаръяа

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
548   0
НИЙТЭЛСЭН: О.Ундаръяа