Лхагва 2019-01-02 Дархан
Time out / Зөвлөгөө   2019-05-19

МАРГААНАА ХЭРХЭН ЭЦЭСЛЭХ ВЭ?

Хэрвээ та олон амжилттай хүмүүсийн түүхийг сөхөж харвал тэдэнд нэгэн ижил тал бий. Тэд бүгд маш олон удаа алдсан бөгөөд амжилтын нэг хэсэг нь өөрөө алдаа юм гэж санал нэгтэйгээр хэлсэн байдаг. Үүнтэй ижил маргаан ч бас гэр бүлийн амьдралын нэгэн зайлшгүй хэсэг юм. Тэгвэл маргаанаа хэрхэн эцэслэх чухал алхмуудаас хамтдаа суралцацгаая.

НЭГ.

Гэр бүлийн хосууд аливаа нэгэн асуудлын улмаас зөрчилдөх үедээ тухайн маргаан дээрээ фокуслахаасаа илүү, гэр бүлийн харилцаагаа хэрхэн улам сайжруулан хөгжүүлэх боломжтой вэ гэдэг талаас нь харвал сайн. Хэрэв маргаан хүндэрч эхэлбэл 20 минут завсарлагаа аваарай. Энэ хугацаа нь физилогийн болоод сэтгэлзүйн хувьд тайван байдалдаа эргээд ороход тань туслана. Тэгээд амарсаны дараа заавал буцаад асуудал дээрээ ярилцаж, шийдвэрлэхийг хичээх хэрэгтэй. Асуудлаа ярилцаж байх үедээ эсвэл түр амсхийх хугацаандаа та нөхөр, эхнэрийнхээ байр сууринаас буюу хэрвээ би байсан бол яах байсан бол хэмээн бодоорой. Ингэснээрээ тэр хүний өнцөгөөс харж, гэр бүлийн хүнээ ойлгох боломж бүрдэнэ. 

ХОЁР.

Аливаа асуудалд хамтрагчаа хүлээн зөвшөөрөхгүй байсан ч заавал дуустал нь сонсох хэрэгтэй. Яагаад гэж үү? Энэ нь тэр хүнд “эхнэр, нөхөр маань намайг сонсож байгаа юм байна” гэсэн тайтгаралыг өгдөг. Өөрөөр хэлбэл ойлгогдох хэрэгцээг нь хангаж өгсөн учир тайтгардаг байх нь. Маргаан дээрээ ихэнх хосуудын гаргадаг алдаа, аль нэг тал нь өөрийнхөө зөвийг ойлгуулах гэж дайрах тохиолдол байдаг. Гэвч үүнд дургүй байсан ч бие биенээ хүлээцтэй сонсох алхам дутагдаж байгааг ухаардаггүй. 

ГУРАВ.

Маргасан бол хэн нэгнийгээ буруутгасан өнгө аястай үлдээж хэрхэвч болохгүй. Хэн нэг нь маргаанд ялна гэж бодож байвал энэ хэзээ ч бүтэхгүй. Харин маргалдаад дууссан бол харилцан ойлголцох хэрэгтэй. Тэгээд уучлалтыг өөрсдөндөө өгөх. Заавал уучлах хэрэгтэй. Энэ нь эхнэр, нөхрийг тань өөрчлөгдөхөд туслах чухал алхам байх болно. Өөрчлөгдөхөд цаг хугацаа болон хүлээцтэй хандах таны хандлага чухал тул та хайртыгаа илүү дэмжиж өгөөрэй. 

ДӨРӨВ.

Бие биенээ байгаагаар нь хүлээн авах. Энэ бол зайлшгүй таны хүлээн зөвшөөрөх нэгэн чухал алхмуудын нэг. Учир нь та эхнэр, нөхрийнхөө зан араншинг, гаднах төрх, эсвэл дууны өнгө, бүр хатгадаг сахлыг нь ч ургуулахгүй болгож чадахгүй. Тиймээс зүгээр л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ нь таньд хэзээ ч өөрчлөгдөхгүй зүйлсээс болж өөрийгөө зовоохоо болиход тант туслана.

ТАВ.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн байгалийн болон сэтгэлзүйн ялгааг мэдэх хэрэгтэй. Асар олон ялгаа байдаг. Тэдгээрийг энд дурдаж болох боловч, эдгээр ялгаа болгон нь үнэндээ биднийг эсрэг хүйстэндээ татагдан, сэтгэл алдрах, бүр насан туршдаа хайрлахад хүргэдэг чухал хэсгүүд юм. Тиймээс та ялгаа болгоныг засах гэж хичээхийн оронд, судалж мэдээд  харилцаагаа улам илүү сайжруулахдаа ашиглаарай. 

Харилцаагаа илүү халуун дотно болгоход тань туслах дараах номуудыг санал болгож байна.

“Ангарагаас эрчүүд, Сугараас бүсгүйчүүд” - Жон Грей

“Аз жаргалтай гэр бүл болох нууц” - Барбара де Анджелис

Таньд амжилт, аз жаргалыг хүсье!

Гэр бүл судлаач С.Баржав

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
640   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan