Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-05-23

ПАРКЫН ГАЗАР ЗОЧИД БУУДАЛ, КАЗИНО БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН ЗУРАГ ИЛ БОЛЛОО

Солонгосчууд Дарханы “Хүүхдийн газар” дээр зугаа цэнгээний газар байгуулахаар төлөвлөж байна уу?  

“Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн /хүүхдийн парк/ -гийн газарт зочид буудал, казино, худалдаа үйлчилгээний цогцолбор, орон сууц барих зарим зураг төслийг та бүхэн харж байна.

Энэхүү зургийг Өмнөд Солонгосын дизайнер Лий Жонг хэмээх эрхэм боловсруулсан байна. Лий Жоны ажилладаг компани Yendalm design group-ийн охин компани бөгөөд олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг, маш өндөр өртгөөр захиалгат ажил хийдэг ажээ. Доор та бүхэн тус компаний дэлхий даяар хийдэг зарим төслийн зургийг харж байна.

Darkhan PMP” төслийн зургийг 2018 онд хийлгэсэн бөгөөд хэний захиалгаар хийлгэсэн болохыг нягтлахаар манай сайт БНСУ-ын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Newstapa төвтэй хамтран ажиллахаар төлөвлөөд байна.  

Зураг төсөл хийлгэхийн өмнө буюу 2018 оны хоёрдугаар сард  Дархан-Уул аймгийн ИТХ “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгээс 44,5 газрыг тусгай хамгаалалтад 15 жилийн хугацаатайгаар авсан юм. Улмаар энэ оны дөрөвдүгээр сард болсон хурлаараа 8,4 га газрыг тусгай хамгаалалтаас гаргасан. Түүнээс сар гаруйн дараа ИТХ мөн л яаравчлан хуралдаад өмнө нь хамгаалалтад авсан 44,5 газрынхаа хэмжээг 36,1 га болгон өөрчилж баталгаажуулж авсан.  

Гэтэл энэ мэт шийдвэрийг хурлаар гарган, түүнийг нь нийгмийн сүлжээгээр иргэд хэлэлцэн бужигнаж байх хугацаатай зэрэгцэн Солонгосоос 4 хүн манай аймагт хүрэлцэн ирж 2-3 хоног буудалд байрлан, дарга нартай уулзсан гэх мэдээлэл бидэнд байна. Энэхүү мэдээллийг манай сайт нягтлан шалгаж байгаа. 

Харин дараах зургаас хэдэн га газарт ямар ямар байгууламж барихаар төлөвлөж байгааг харж болно. Дарханчуудын дунд хамгийн их маргаан дагуулаад буй хүүхдийн тоглоомын хэсэг бол нийт төслийн ердөө 1/5 хэмжээтэй газар байна.

Хамгийн их буюу нийт газрын 2/3 дээр нь /хөх зураасаар тэмдэглэсэн/ зочид буудал, казино, театр, дэлгүүр, орон сууц барихаар тооцоолжээ.

Эдгээр зураг төслийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Б.Жавхлан, Б.Баттөмөр болон аймгийн Засаг Дарга С.Насанбат, ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нар мэдэж байгаа юу? Эдгээрээс хамгийн бодит мэдээлэл өгөх ойрын эх сурвалж бол Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга юм.

Тиймээс MyDarkhan.mn сайт Г.Эрдэнэбат даргаас дараах мэдээллийг тодруулахаар сайтаараа дамжуулан олон нийтийн өмнө ил хүсэлт илгээж байна. Үүнд:

  1. 2018 оны хоёрдугаар сарын 28-ний өдрийн хуралдааны тогтоолоор хүүхдийн паркаас тусгай хамгаалалтад авах газрын хэмжээг тогтоосон нь наанаа түүхийн дурсгалт газрыг хамгаалах гэсэн халхавчтай, цаанаа Солонгосчуудтай хамтран “бизнесийн” цогцолбор байгуулах 15 жилийн хугацаатай, алсын “санаархал” байсан уу?
  2. Нэг сарын өмнө зочид буудалд Солонгосчууд хэд хоног байрласан үнэн бол тэд ямар зорилготой ирсэн бэ? Тэдэнтэй аймгийн ЗДТГ, ИТХ-ын зүгээс хэн хэн уулзсан бэ?
  3. Тоглоомын талбай гэх нэрээр олон нийтийн анхаарлыг өөр тийш хандуулаад цаанаа томоохон байгууламж барихаар төлөвлөж байсан уу?
  4. ИТХ хуралдаж тогтоол гарахаас өмнө хүүхдийн тоглоомыг бэлдээд зөөж авчирсан нь та бүхнийг өөрийн хамаарал бүхий компанитай урьдчилан тохиролцсон гэх хардлагыг төрүүлж байна. Үүнд та хариулна уу?    
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат мэдээлэл өгөхөөр зөвшөөрсөн бөгөөд ирэх долоо хоногийн эхээр бид түүнтэй ярилцахаар тохиролцсон болно.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ganaa (202.126.88.225)
    Saikhan shaah yumaa
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
2011   1
НИЙТЭЛСЭН: Ц.Чимэддондог