Лхагва 2019-01-02 Дархан
Time out   2019-05-25

ПОППЕГООС ХАЙСАН МОНГОЛ

Бид гэрийн унь, тооно, тотго, чагтга мэддэг байх нь хэр их ач холбогдолтой вэ? Энэ зэргийг мэддэг байх нь биднийг Монгол хүн болгож байна уу? гэх мэтийн асуултууд дунд ээрэгдэж байхад Монголч эрдэмтэн Поппе-гийн номтой таарлаа. Таарах таарахдаа Густав Ион Рамстедтийн номны араас шүү. Тэндээс Монголчуудын бусдаас ялгарах зүйл нь амьдралын хэв маяг, түүнийг дагасан хэдэн үг төдий биш юм байна гэдгийг тод томруун ойлголоо.

Өнөөдөр Николас Поппегийн номоор аялахдаа түүнийг намтраа бичсэн судлаач гэхээс илүүтэй түүний нүдээр тухайн үеийн монголчууд яаж харагдаж байсан талаас нь түлхүү харъя. Түүний бичсэнээр нэхэн дурсана. Дурсаад зогсохгүй эргүүлж авчирмаар санагдаж байснаа хуваалцъя.

Поппе бидний (бидний ч гэж дээ, тухайн үеийн Монголчуудын) зочломтгой зан чанарын талаар хэлэхдээ “Айл саахалтын хажуугаар өнгөрөх тоолонд гэр нь бүтэн бээрийн зайтай байсан ч хамаагүй домбо дүүрэн цай, эсвэл айраг бариад давхиад ирнэ” гэжээ.

Мөн тэрээр Монголчуудын шударга үнэнч занг батлахаар хэд хэдэн түүх бичсэн байдаг шүү. Авдар дүүрэн мөнгөө үлдээгээд хол газар явчихаад ирэхэд өнөөх нь орхисон газраа ямар ч өөрчлөлтгүй хүлээж байсан гэдэг. Уул нь очсон газар бүрд нь л тийм их юу авч явааг нь асуугаад мэдчихдэг байсан гэсэн шүү дээ. Тийм шуналгүй, үнэнч… Ийм хүмүүстэй Поппе Америк болон Монголд л таарч байсан гэнэ.

Октъябрын хувьсгал, хэлмэгдүүлэлтийн шуурганд сөхөрсөн Орос орон, дэлхийн дайнуудын хөлд нэрвэгдээд байсан Европт ийм үзэгдэл яахин харагдах.

Захиа хүргэж өгөхөөр мөнгийг нь аваад явсан нөхөр хэдэн сарын дараа таарахдаа захиа болон мөнгийг нь бүрэн бүтэн буцааж өгсөн явдал ч бий. Үгээгүй ядуу, бөөс хуурсандаа баригдсан, эрдэм мэдлэг гэх юмгүй, мухар сүсэгт автсан, ном эрдмийг зөвхөн лам нар сурдаг гэж боддог Монголчуудад цайлган, хүнлэг, зочломтгой гэх мэт ЗАН ЧАНАРЫН БОЛОВСРОЛ харин бүрэн төлөвшсөн байжээ гэмээр.

Энэ тухай аавтайгаа ярихдаа “90 гаруй жилийн өмнө л Монголчууд ийм үнэнч байсан байна шүү дээ, сайн сайхан зан чанар гэдэг тийм амархан алга болдог эд гэж үү?” гэхэд “90 жилийн өмнөх байтугай 90-ээд оноос өмнөх юм алга болчихоод байна шүү дээ” гэж хариулсан. Нэг бодлын харуусмаар юм шиг боловч нөгөө бодлын бид цаанаасаа ийм арчаагүй, яадгаа алдсан улс биш юм гэсэн итгэл найдвар төрүүлэх шиг.

Нээрээ, бидний тэр МОНГОЛ ЗАН ЧАНАР хааччихав? Нүүдэлчин Монголын амьдралын хэв маяг, хэрэглэгдэхүүний нэрнээс илүү ийм жинхэнэ Монгол шинжээ эргүүлж авахсан.

Угнаасаа, углуурганаасаа тийм ч муу хүмүүс байсангүй юм шүү гэдгийг өгүүлдэг өөр нэг ном бий нь Б.Наминчимэд гуайн “Монголоо нэхэж буй Монгол” юм. Эл эргэцүүллийг бичиж суухад энэ ном эрхгүй санаанд орж байсан бөгөөд нэг хэсэгт нь “Вернадский бичихдээ ‘Чухамхүү эзэнт гүрний үзэл санаа л Монголчуудын…ялан дийлсэн оюуны онцлог шинж байсан юм’’ гэж бичигдсэн байдаг. Эзэнт гүрний ҮЗЭЛ САНАА шүү дээ. Тэрнээс биш байлдааны техник, хурц сэлэм, хурдан морьд биш байж.

Энэ хүрээд Монголчуудын талаар бичсэн хэсгийг нь дуусгая.

Ямартай ч та энэ номыг уншсанаар Хятадад төрсөн Орос эрдэмтний туулсан боксерын хувьсгал, Орос Японы дайн, Дэлхийн I, II дайн, Оросын иргэний дайн болон их хэлмэгдүүлэлт, үзэл санааны өндөр цензур, эрх чөлөөний амт, коммунизм социализмын адил төстэй талуудыг ч олж харах болно. Мөн мэдээж судалгааны ажлаар аялж амьдарсан олон орноор нь хамт аялах болно гэдгийг амалъя.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
577   0
НИЙТЭЛСЭН: Б.Батзаяа