Лхагва 2019-01-02 Дархан
Time out   2019-05-28

ХАЙРЛАХ УРЛАГ БА ЭРИК ФРОММ

“Ихэнх хүмүүс хайрын асуудлыг хайрлах асуудал, хайрлах чадварын асуудал гэж бус, хайрлагдах асуудал гэдэг талаас нь хардаг. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн хувьд хамгийн чухал нь яавал хайрлагдах вэ, яавал хүнд хайрлагдах хүн болох вэ, гэдэг тухай юм” 

Харин өнөөдөр бид бүхэн шинжлэх ухааны нэрт эрдэмтэн Германы сэтгэлзүйч, социологич, философич Эрик Фроммын ХАЙРЛАХ УРЛАГ номноос чухам Хайр гэж жинхэнэ мөн чанартаа юу вэ гэдгийг мэдэх болно.

Нэгдүгээрт - БАЙДАГ Л ЗҮЙЛ БУС

Нэн тэргүүн ХАЙР гэдэг зүгээр нэг гэнэт учирдаг, тэгээд л өөрөө цаашаа яваад өгдөг мэдээжийн үйл явдал биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Бусдыг хайрлахын тулд хайрлах урлагт суралцах зүйтэй гэсэн судлаачдын санааг бодууштай. “Хайрлагдах”-аас илүүтэй “хайрлах” явдал нь хамаагүй чухал юм шүү, гэдгийг бичигч тэмдэглэсэн бий. Мөн, хүний сэтгэлзүйд суурилан “Жинхэнэ хайр” гэж юу болох талаар дурьдаад өнгөрөх төдий бус, “Хайр хүнээс алсран одсон шалтгаан нь, өнөөгийн нийгмийн тогтолцоонд буй” гэсэн байр суурьнаас “хайр” ба “нийгэм” хоёрыг холбон авч үзэж, “хайр” гээчийн тухай ул суурьтай задлан шинжилж буй нь ч Фроммын чухал санааны нэг хэсэг.

Хоёрдугаарт - ХАЙРАНД СУРАЛЦАХ ХЭРЭГТЭЙ

Хайранд суралцах зүйл гэж юу ч байхгүй гэсэн бодлын угт байдаг шалтгаан, тэр бол хайрын асуудал гэдэг нь хэнийг хайрлах тухай асуудал бөгөөд хэрхэн хайрлах тухай чадварын асуудал биш, гэсэн бодон төөрөгдөлд бий. Хайрлах бол хялбархан, харин хайрламаар хүн, эсвэл хайрлагдмаар хүн олох л хэцүү. Хүмүүс яг л ингэж бодоцгоодог. Харин хайр бол “бие гүйцэн төлөвшсөн насанд хүрсэн хүн” л мэдэрч чадах эд бөгөөд, жинхэнэ хайрыг амтлахын тулд хайр гэж ямархан зүйл болохыг гүнзгий суралцаж, хайрлахын төлөөх арга технологийг эзэмшсэн байх шаардлагатай юм, гэнэ. Тэгээд хайр хэмээх технологийг эзэмшихийн тулд, хайрын онолыг ойлгож, дасгал сургуулилтад шамдан мэрийх шаардлагатай.

Гуравдугаарт - ӨГӨХ НЬ ХАЙР МӨН

Хайр бол идэвхитэй үйл ажиллагаа бөгөөд, идэвхигүй мэдрэмж биш юм. Тийшээ санаандгүй “унадаг” бус, “зорьж очоод дотор нь ордог” эд юм. Хайрын идэвхитэй шинжийг ойлгомжтойгоор илэрхийлэх юм бол, хайр гэдэг нь юунаас ч илүүтэй өгөх явдал бөгөөд авах биш юм, гэж хэлж болох биз ээ.  

“Хайрлуулах бус хайрлах нь чухал”, “Авах бус өгөцгөөе” гэх мессежүүд энэ хүртэл олонтаа гарч ирсэн ч, энд ч бас Фромм түүнийгээ давтсан буй. “Өгөх” гэдэг үгийг сайтар тунгааж үзвэл тэрүүхэндээ бас ээдрээтэй олон янзаар ойлгогдоно. Өгөх нь, хүний зан араншин байр суурьнаас шалтгаалан төрөл бүрийн утгад хувирах боломжтой. Жишээ нь гутранги бодолтой хүний хувьд, өгөх гэдэг нь ямар нэгэн зүйлээ золиосолж, эсвэл алдах явдал гэдэг утгаар бууж болно. Дандаа өгөө аваа ярьж зуршсан хүний хувьд, өгөх гэдэг үйлдэлдээ түүнээс буцаж ирэх хариунд үргэлж хүлээлттэй үлдэнэ. Мөн, олны дунд өгөх явдлыг буян, эсвэл ач гэж үздэг хүмүүс ч байх ба, тэр ч бас сэтгэлийнх нь гүнд хаа нэгтээ “Өөрийгөө үл хайхран бусдын төлөө зориулж байна” гэх хувиа золиослох нарциссизм нуугдаж байх нь бий. Фромм энэ мэт өөрт ямар нэг юм буцаж ирэх хүлээлттэй, эсвэл нарциссизм агуулсан үйлдлийг жинхэнэ утгаараа өгөх явдал болохгүй хэмээн няцаасан байдаг.

Энэ хүртэл удтал уншсан таньд баярлалаа. Илүү дэлгэрэнгүй ХАЙР-ын тухай мэдэхийг хүсвэл дараах номыг  уншихыг зөвлөж байна. (Эрик Фромм Хайрлах урлаг номын зураг)

Мөн доорх холбоосоор орж хураангуйтай танилцах боломжтой.

http://tomyo-bodyo.blogspot.com/2015/03/1.html

Гэр бүл судлаач С.Баржав

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
993   0
НИЙТЭЛСЭН: С.Баржав