Лхагва 2019-01-02 Дархан
Time out   2019-05-29

АНИР ЧИМЭЭГҮЙ АГЛАГ ОЙН ДУНД

Үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоц бүхий горхи Тэрэлжийн бүс нутгийн үзүүштэй газруудын нэг бол Ламрин дацангийн харьяа “Арьяабалын бясалгалын төв” юм. Рашаан булгийн ундрагатай, аглаг ой, уулын мухарт орших энэ төвийн ерөнхий бүтээн байгуулалтыг 1998-2004 онд хийжээ.

Сүм дуган, суврага, дүүжин гүүр бүхий өнөөгийн цогцолборыг бий болгоход жил бүр зас засч сайжруулсаар ирсэн байна. Энд эмэгтэйчүүдэд зориулсан цагаан суврага, ходоодны рашаан, Мял богдын агуу, ганжуурын хүрд гээд сонирхох зүйлс цөөнгүй.

Шувууд жиргэхээс өөр аниргүй энэ газарт ертөнцийн манан будангаас ангижирч, хүмүүний орчлонгийн утга учрыг бясалган суугчид элбэг. Жаахан охиноо хөтөлсөн нэгэн эмэгтэй “Би энэ газарт ирж тогтмол бясалгал хийдэг. Газар орны энерги нь хүчтэй. Сэтгэл санаагаа түвшитгэх, стрэссээс ангижрахад энд хийсэн бясалгал их сайнаар нөлөөлдөг. Ламрим дацангаас бичиг аваад энд бясалгал хийж болдог” гэлээ.

Аялагчдыг угтан бүрх малгай хэлтгийдүүлэн тавьж, урт саарал оосортой гар утсаа бугуйндаа дүүжилсэн хижээл насны эрхэм зогсоно. Олон халааст хантаазных нь энгэрээс богино долгионы радио станц цухайх нь түүнийг энэ газрын ажилтан болохыг илтгэнэ. Тэрээр амар мэндээ мэдэлцэх зуур аялагчдаас “Хүн болгонд урт, богино байдаг. Өөрөө төдийлөн хэрэглэдэггүй ч өрөөл бусдад хэрэглүүлдэг тэр юу вэ” хэмээх таавар таалгаад авлаа. Бүгд л янз хариулав. Гэвч оновчтой хариулт өгөх хүн гарсангүй. “Тун энгийн, хүний НЭР юм” гэж өөрөө хариулав. Бүгд л ам амандаа “Нээрээ тийм байна шүү...” хэмээн инээлдлээ. Өөрийн зохиосон гэх оньсого таавраар бусдыг хөгжөөж, яг ч үгүй хөөрхөн сориод авах энэ хүнийг С.Чогдан гэдэг. Тэрбээр “Арьяабалын бясалгалын төв”-д ажилласаар хорь орчим жилийг үджээ. Хүмүүс манай төвийг “Гүнжийн сүм” гэж андуурдаг. Одоо тэр сүмээс зөвхөн туурь нь үлдсэн. Манай энд ном хурдаггүй юм. Харин лам нар төдийгүй жирийн иргэд ч ирж бясалгал хийдэг юм ” гэж ярьсн юм.  

Буддын шашны улбар шар өнгө голлосон хээ хуар, бурхадын хөргөөр чимэглэсэн асар бол төв рүү орох гол хаалга. Үүний чанх эсрэг 300 метр орчимд хүрдний асрыг байрлуулжээ. Аялагчид уулын хэжлүүр дагаж алхсаар хүрдэнд хүрнэ. Хүрдний асрын дугуй таазыг 150 хэсэгт хувааж, тус бүрийг тоогоор тэмдэглэжээ. Хүрд эргэлдсээр зогсоход сумны урт хэсэг мөнөөх тоонуудын аль нэгийг заах ба тоо тухайн хүрд эргүүлэгчийн хувь заяатай холбоотой хариултыг өгдөг гэнэ. Хүмүүс хүрдний өөрт нь заасан тоог цээжлээд цааш өгсөцгөөнө. Тооны тайлал зам дагуух самбарт байгаа аж. Бүгд л өөр өөрийн хувь тавиланд хамаарах тэрхүү бичвэрийг анхааралтай харж, чимээгүйхэн унших ба ямар нэгэн зүйлийг бясалган зогсоно.

“Арьяабалын бясалгалын төв”-ийн хоймор, элгэн хаданд Бурхан багш, Очирваань, Жанрайсиг зэрэг язгуурын гурван бурханы хөргийг мөнхөлжээ. “Арьяабал гэдэг нь Жанрайсиг бурханы санскрит нэр бөгөөд монголоор Чандмань эрдэнэ, Лянхуа цэцэг баригч гэдэг юм байна. Жанрайсиг бурхан нь баруун мутартаа чандмань эрдэнэ, зүүн мутартаа лянхуа цэцэг барьсан байдаг учир бас монголоор  “Чандмань эрдэнэ баригч”, “Лянхуа цэцэг баригч ” хэмээн нэрлэдэг” гэж С.Чогдан гуай тайлбарлалаа. 

Зүүн хойд эгц уулын энгэрт байх “Арьяабал бурханы бясалгалын сүм” нь  Жанрайсиг бурханы номлол бүтээлийг урин залж бясалгах болон залбирал даатгал хийх гол газар юм. Энэхүү сүмийг Бурхан багшийн хөлөг цагаан зааныг  дүрслэн барьсан гэдэг. Дүүжин гүүрээр дамжин, байгалийн чулууг засч бүтээсэн 108 шатаар өгсөн тэнд хүрнэ. Сүм нь овор хэмжээ багатай. Дээврийнх нь доод хэсэгт гурван ертөнц буюу тэнгэрийн орон, хүмүүний орчлон, тамын ертөнцийг дүрсэлжээ. Ирмэгээр нь Б.Шаравын “Монголын нэг өдөр” уран зургийг буулгаж зуржээ. Сүмийн дотор хойморт Бурхан багшийн хамт найман мутарт Арьяабал буюу Жанрайсиг бурханы хөрөг заларсан харагдана. Сүмийг тойрон 108 хүрд байх бөгөөд “Хэн үүнийг эргүүлвээс гурван дүнчүүр маань уншсантай тэнцэж, эдүгээ болон урьд насны нүгэл хилэнцийг арилгаж, цаглашгүй буянг маш ихээр хураах болой” хэмээн самбарт бичжээ.

Сүмийн баруун хойно Мял богдын агуу нэртэй нэгэн газар байх ба арын уулын том хадыг ашиглан, өмнө талд нь жижиг сүм барьж тохижуулжээ. Мял богд гэж их хөлгөний бурханы шашинтнуудын бясалгалын гол бэлэг тэмдэг ажээ. Тэрээр XI зуунд Түвдэд амьдарч байсан хүн. Мял богд үйлдсэн гэм нүглээ цагаатгахын тулд есөн давхар цамхагийг ганцаараа барьж, есөн жил зөвхөн халгай өвсөөр зоог хийж бурханлаг мөн чанарыг олсон гэдэг. Агуу доторх түүний чулуун хөрөг ногоон өнгөтэй байдаг нь халгай өвсөөр хооллож гэгээрснийг илтгэдэг гэнэ.

“Арьяабалын бясалгалын төв” нь мэлхий хаднаас цааш гурван километр орчим зайтай. Догол ихтэй, бартаатай замаар туулж очих хэдий ч хүний хөл тасрахгүй. Солонгос, Хятад, Францаас зорин ирсэн жуулчид хүрд эргүүлэн, байгалийн сайхныг бишрэн аялцгаах ажээ. Тус төв рүү дотоодын иргэд 1000 төгрөг, гадаалын жуулчид 2000 төгрөг төлж ордог.

Хөтөч Б.Болд “Жуулчдыг энд байнга дагуулж ирдэг. Байгалийн өвөрмөц болон буддын шашны сүм зэрэг нь жуулчдын анхаарлыг маш их татаж, сэтгэл дүүрэн аялалын нэг хэсэг болдог. Ази аялагчид тус төвийн зам дагуу байрлуулсан самбаруудаас өөрийн анхаарч явах зүйлсийг мэдэж аваад их гайхширдаг. Энд ирэхдээ эх орныхоо байгаль болон өөрийн ажлаараа бахархах сэтгэгдэл төрдөг” гэлээ.

Онгон байгалийн үзэсгэлэн, буддын шашны өвөрмөц дэг жаяг, эртний хийцэт сүм хийд бүхий аялалаас буцаж яваа хүмүүсээс “Ундааны савыг дундуур нь хуваалгүйгээр ус, сүү хоёрыг зэрэг яаж авч явах вэ? Хамгийн гол нь саваа хуваахгүй, ус сүүгээ холихгүйгээр шүү!” хэмээн Чогдан гуай ээлжит таавраа асуусаар... Тэд ч өөр өөрийнхөөрөө ам булаалдан хариулж байх зуурт тэрээр “Хааяа манай энүүгээр согтуу монголчууд яваа л харагддаг юм. Ийм ариун номын газарт болохгүй шүү дээ, хүүхдүүд минь” гэж санаашрангуй хэлсэн юм.

Ц.ОЮУНГЭРЭЛ

Б.БАТЧИМЭГ 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
810   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan