Лхагва 2019-01-02 Дархан
FOCUS Cafe   2019-06-06

АМЬДРАЛ ДАНДАА САЙХАН ӨНГӨТЭЙ

Очирваанийн их эгшиглэн наадмаас

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний түүхт 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам түүний төрсөн нутаг Завхан аймгийн Алдархаан суманд болж байна. Тус наадмын үеэр Зохиолчдын эвлэлийн Дархан салбарын гишүүн, зохиолч, яруу найрагч Б.Уянсүхтэй хэсэг хором уулзаж ярилцлаа. Тэрбээр 2009 онд Очирвааны их хишигтэн яруу найрагч, 2014 онд Ари гэгээний хишиг хүртэж, хоёронтоо хишиг хүртсэн гуравхан найрагчийн нэг болсон юм.  

Өнөөдөр олон сайхан яруу найрагч нөхөдтэйгөө уулзан, дорнын их найрагчийнхаа төрж өссөн бууцанд ирж, шүлэг яруу найргийн хур бууж буй энэ цаг үед таны сэтгэгдлийг сонсохыг хүссэн юм?

- Миний хувьд Б.Явуухулан их найрагчийн 90 жилийн ойд урилгаар оролцож байна. Мөн урилгаар ирсэн хэдий ч энэ өрсөлдөөнтэй наадамд ирүүлсэн бүтээл маань шалгаран оролцож байгаа. Ийм давхар ажилтай ирсэн. Уул ус тэгширсэн энэ сайхан хангай, байгаль дэлхий цаг агаар нь хүртэл ивээн, тогтуун сайхан байна. Хоёр дахь удаагаа энэ бууцанд ирлээ. 2009 онд их найрагчийн 80 жилийн тэгш ойг тэмдэглэхэд Дарханы зохиолчдоо төлөөлөн Цэвээний Цэнд бид хоёр ирж оролцож байлаа. Харин энэ жил дөрвүүлээ ирж, гурав нь уралдаанд оролцон, шүлэг яруу найргаа сойж байгаа.

Сойсон шүлгээсээ уншиж болох уу?

- Тун удахгүй тайзнаа уншина. Сойж байгаа учир одоо уншаад яахав. Харин “Амьдрал дандаа сайхан өнгөтэй” гэх өөр нэгэн бүтээлээ уншъя.

Амьдрал дандаа сайхан өнгөтэй

Алтан нар мөнгөн сартай

Агуужин болоод энхрий утгатай

Алимын амт цэцгийн үнэртэй

Араатныг төрүүлж, жигүүртнийг нисгэдэг

Атаатныг өсгөж маргаашийг бүтээдэг

Ялалтын түрлэг янагийн нулимстай

Яруу найраг айдсын манантай

Гоо ялдам охидын хэвлийд

Гол мөрний урсгал багтдаг

Гомдол баярын нэгээхэн агшинд,

Горьдлого тээсэн үнэн оршдог

Саран дээр тогтсон толбо нь хүртэл

Зохисон болохоор амьдрал сайхан

Сайхан бүхнээр дүүрэн болохоор

Сая сая жилээр улам өнгөлөг

Амьдрал дандаа сайхан өнгөтэй

Алаглаж ургасан цэцгийн үнэртэй.  

Ховор тохиох ойн энэ өдөр их найрагчийн олон сайхан бүтээл эгшиглэлээ. Та ямар бүтээлд нь илүү дуртай вэ?

- Мэдээж олон бүтээл бий. Дорнын их яруу найрагч гэж хэлэгддэг хүн шүү дээ. Амьд сэрүүн ахуйдаа бичсэн бүх зохиол бүтээлүүд нь шилмэл байсан гэж судлаачид хэлдэг. “Тэхийн зогсоол”, “Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” гэх мэт бараг хүмүүсийн амны уншлага болчихсон, цээжинд байдаг. “Туулын урсгал шөнөдлөө сайхан” дуу нь гэхэд ардын дуу шиг болчихсон. Би бүх шүлгүүдэд нь дуртай. Тэр дундаа “Мөнгөн хазаарын чимээ” шүлгийн

“Зорин ирэх амрагаа хүлээхэд

Морин төвөргөөн зүрхнээ хоногшино

Шөнийн чимээгүй гадаа налайн

Унийн углуургаар саран гэрэлтэнэ

Өнчин дэрэн дээр нойр хулжсан

Ухаангүй дурлалын урхинд байхад

Мөнгөн хазаарын бүдэг чимээ

Онгон зүрхийг цочоон баясгана” гэх мөр цээжинд байдаг даа.

Нээлтийн арга хэмжээний дараа их найрагчийн хөшөөнд цэцэг өргөх юм байна. Дараа нь ямар үйл ажиллагаанууд үргэлжлэх юм бол?

- Цэцэг өргөх ёслолын дараа “Очирвааны их эгшиглэн” яруу найргийн наадам болно. Дараа нь найрагчийн музейд “Мөнгөн жүнзний ёслол” болдог. Энэ нь уламжлал болсон ёслол. Найрагчийн амьддаа хэрэглэж байсан дөрвөн мөнгөн жүнзээр идээний дээж сөгнөж, хүрэлцэн ирсэн бүх хүмүүст амсуулдаг уламжлалт арга хэмжээ. Маргааш өглөө Отгонтэнгэр хайрханд бараалхана.     

Баярлалаа

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
880   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan