Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-06-11

ЭНЭ ЖИЛ ЭЕШ-ийн ОНОО ӨДӨРТӨӨ ТОДОРХОЙ БОЛНО

Хэдхэн хоногийн дараа ЕБС төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан шалгалтанд бэлтгэгчид болон, эцэг эхчүүд юунд анхаарах талаар MyDarkhan.mn сайт тодрууллаа.

БСУГ-ын мэргэжилтэн Д.СОЁЛМАА:

Дархан-Уул аймагт энэ жил хичнээн шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлээд байгаа вэ?  

- ЭЕШ зургаадугаар сарын 17-20 өдрүүдэд болно. Энэ жил Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 430 хүүхэд ЕБС-ын 12 дугаар ангийг төгсөж байгаагаас 353 нь шалгалт өгөхөөр бүртгүүлээд байна. Тэдгээр дээр өмнө төгсөгчид болон МСҮТ төгсөгчид нийлээд нийт 529 хүн элсэлтийн ерөнхий шалгалт өгнө.

Энэ жилийн хувьд өмнөх жилүүдийхээс ямар онцлогтой байх бол?

- Монгол хэл, бичгийн шалгалтыг урьдчилан хоёр удаа авсан. Энэ шалгалтанд 400-с дээш оноо авсан тохиолдолд ЭЕШ өгөх, их дээд сургуульд элсэх эрхтэй болж байгаа. Мөн өмнө жилүүдэд ЭЕШ-ийн дүн 14 хоногийн дараа гардаг байсан бол энэ удаад өгсөн даруйдаа оноогоо мэдэх боломжтой болж байгаа. Өөрөөр хэлбэл шалгуулагчид гүйцэтгэлийн оноогоо тэр өдөртөө авна. Харин 800 оноо буюу дүйцүүлэн шилжүүлсэн хэмжээст оноо ЭЕШ дууссаны дараа буюу энэ сарын 21 гэхэд жагсаалтаар гарна. Их дээд сургуульд элсэгчдэд хуваарь олгох үйл ажиллагааг зургаадугаар сарын 24-27 өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн.

ЭЕШ хаана явагдах вэ?

- Уламжлал ёсоорОюуны Ирээдүй” Цогцолбор сургуулийн Ббайранд болно.

Шалгуулагчид шалгалтанд ирэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?

- Бичиг баримтууд бүрэн байх ёстой. Үүнд: иргэний үнэмлэх (хэрэв 2019 оны зургаадугаар сарын 01 гэхэд иргэний үнэмлэх аваагүй байгаа бол төрсний гэрчилгээ), Бүрэн дунд боловсролын үнэмлэх, Бүртгэлийн хуудас (элсэгчдийн хуудсыг сургуулийн захирлаар гарын үсэг зуруулж тамга даруулсан байх), Суудлын хуваарь зэргийг авч ирнэ. Суудлын хуваарийг Боловсролын үнэлгээний төвийн eec.mn вэбсайт руу орон хэвлэж авах боломжтой. Эдгээр дөрвөн бичиг баримтаас өөр зүйл авчрах шаардлагагүй. Авчирсан тохиолдолд оруулахгүй болохыг анхаараарай. Мөн энэ жилийн хувьд хариултын хуудсыг бөглөх харандаа, баллуурыг БҮТ-өөс өгнө. Түүнчлэн шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирж, бүртгэлээ хийлгэн, байраа эзэлсэн байх ёстой. Хонх дуугарснаас хойш ямар ч тохиолдолд шалгуулагчийг шалгалтын байранд оруулахгүй болохыг анхаарна уу. Мөн шалгуулагчид маань тохиромжтой хоол хүнс хэрэглэж, хэт их шингэн уухгүй, сайн унтаж амарсан байвал  сайн. Сэтгэл санааны хувьд ч тайван, тогтвортой байх нь бас чухал юм шүү.

Шалгалтын үеэр юуг анхаарах вэ?

- Шалгалтын хуудсыг бөглөхдөө харандаагаар тод бүтэн будах, мөн зөвхөн нэг хариултыг бөглөхийг анхаарах хэрэгтэй. Хэрэв хоёр хариулт өгсөн байвал тооцохгүй. Бүх асуултыг бөглөхөд нийт 8-10 минут өгөгдсөн учир  цагаа зөв тооцоолоорой. Шалгалтын дэвтэр дээр ажиллахдаа өөрт хүнд байгаа даалгавар дээр удаж, цаг бүү алдаарай.

ЭЕШ өгч буй шалгуулагчдын эцэг эхэд юу зөвлөх вэ?

- Хүүхдээ шалгалт болохоос нэг цагийн өмнө ирүүлсэн байх, бичиг баримт нь бүрэн эсэхэд анхаарах, бие сэтгэлзүйд нь анхаарч, тайван байлгах хэрэгтэй. Шалгуулагч, шалгалтын үеэр танхимаас гарсан тохиолдолд буцааж оруулдаггүй журамтай. Тиймээс энэ бүхнийг онцгой анхаараарай.

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                          

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
788   0
НИЙТЭЛСЭН: О.Ундаръяа