Лхагва 2019-01-02 Дархан
Time out / Зөвлөгөө   2019-06-11

ЗУРШЛААР БЭРХШЭЭЛИЙГ ЯЛАХУЙ

Ээлжит зөвлөгөөгөө гэр бүл болоод удаагүй байгаа залуу хосуудад хандаж хүргэе. Амьдралд юу эс тохиолдохов. Зөрчилдөх, маргах зүйл бишгүй. Гэвч эдгээр үл ойлголцлыг даван туулахад дараах гурван зуршлийг мөрдлөгө болгосон байхад бэрхшээл бүрийг ялж чадна.

“Хамтын амьдрал эхэлснээр хамгийн түрүүнд тохиолддог бэрхшээлүүдээс дурдвал ХАРИЛЦАА, САНХҮҮ, АЛСЫН ХАРАА гурав юм. Эдгээр бэрхшээлт асуудлууд нь гэр бүл болгонд тохиолддог бөгөөд даван гарахад тань туслах гурван САЙН ЗУРШИЛ бий”

1. ХАРИЛЦАА ба ХАНДЛАГА 

“Энхийн цагт Агуу баатар төрдөггүй” гэдгийн адил бүх зүйл амар амгалан байхад сайн хань ижил төрөхгүй. Үүнтэй ижил харилцаагаа ямар ч үед бүрмөсөн нуран унахгүйгээр бат бэх болгохыг хүсвэл заавал маргалдах, үл ойлголцох үеүүдтэй нүүр тулгардаг. Харин эдгээр үеүүдэд та бэлтгэлтэй байх хэрэгтэй. Энэ нь та үргэлж буулт хийж эсвэл уулчилж, тэвч гэсэн үг биш юм. Харин хандлагаа эерэг байлгаснаар та харилцаагаа сайжруулж болно. Харилцаа гэдэг өдөр тутамд таны эхнэртээ, нөхөртөө гаргаж байгаа үг, үйлдэл, биеийн хэлэмж, нүүр царайны хувирал тэр битгий хэл харц, дуу хоолойны өнгөөр илэрхийлэгддэг. Эл болгоныг хүн ухамсартайгаар үргэлж сайн сайхан байлгаж, удирдаж чадахгүй. Харин та хандлагаа үргэлж зөв байлгаж чадна. Ингэснээрээ уурлах, уцаарлах, гомдох, туних ямар ч үедээ аль болох “Бид хоёр ийм асуудалд бүдрэхгүй ээ, харин босоод илүү бат бэх, бие биенийгээ ойлгосон сайн хосууд болох болно” гэсэн хандлагаар дараагийн үйлдлээ бодох аваас тун удахгүй харилцаа тань гайхалтайгаар өөрчлөгдөх боломжтой юм.

2. САНХҮҮ ба ХУРИМТЛАЛ 

Өөр өөр орчинд өссөн хүмүүсийн бас нэг ялгаа нь санхүүгийн мэдлэг байдаг. Гэр бүлийн цаашдын оршин тогтнох нэг чухал үндэс орон байр, хоол хүнс, машин, ажил, мөрөөдөл гэх зэрэг эдгээр зүйлс нь ихэвчлэн санхүүгийн боломжоос шууд хамааралтай. Тиймээс та болон таны гэр бүл санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд дан ганц ажиллаад зогсохгүй, олсон мөнгөө хуримтлуулах хэрэгтэй. Ингэхийн тулд та бага ч гэсэн орлого олсон л бол үргэлж түүнийгээ бүртгэж, хамгийн чухал шаардлагатай зүйлсэд хуваан хэрэглэж, үлдсэн багахан хэсгийг нь тасдан авч хуримтлалын санд хийх зуршлийг бий болгоорой. Гол нь үүнийг ганцаараа биш гэр бүлээрээ хэрэгжүүлбэл илүү хурдан үр дүнд хүрнэ. Танай гэр бүл сар бүр олсон нийт орлогийнхоо арваны нэг хувийг хуримтлуулах аваас нэг жилийн дотор аяллаар эсвэл амралтанд явах хангалттай мөнгө хуримтлагдаж болох юм. Энэ мэтчилэн гэр бүлдээ хэрэгтэй зүйлээ авах эсвэл болзошгүй эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахын тулд урт хугацаанд багахан мөнгө хадгалаад явах зуршлыг бий болговол хуримтлал, таны санхүүгийн асуудлуудыг зохицуулах хамгийн сайн хамгаалагч байна. 

3. АЛСЫН ХАРАА ба ЗОРИЛГО 

Яагаад гурав дахь чухал зүйл нь алсын хараа гэж бодож байна? Гэр бүл болгонд ирээдүйдээ итгэх итгэл бий. Тэр итгэл нь илэрхий, мөн биелэгдэхүйц байх нь таны гэр бүлийн зорилгоос ихээхэн хамаарна. Жишээ нь энгийн нэгэн Болд ба Батын гэр бүлийн  алсын харааг харцгаая.

Болд эхнэртэйгээ “Бие биедээ үнэнч, аз жаргалтай, өнөр өтгөн сайхан гэр бүлийг цогцлооё” гэж ирээдүйгээ ярилцжээ. Тэгээд түүнийгээ арай нарийвчлан, түүнд хүрэхийн тулд хэрхэх талаар сардаа нэг удаа зөвлөлддөг байв. Харин Батын гэр бүл энэ талаар огт ярилцдаггүй. Зөвхөн тус бүрдээ “Элэг бүтэн сайхан гэр бүл л байвал жаргалтай” хэмээн бодож, хэрхэх талаар ер дурсдаггүй байв. 

Энэ тохиолдолд таны бодлоор аль гэр бүлийнх нь алсын хараа илүү тодорхой, хүрэхэд ойр санагдаж байна? Мэдээж Болдынх байгаа биз. 

Тиймээс ханиасаа гэр бүлийнхээ алсын харааг юу гэж ойлгодгийг нь, юунд зорьж байгааг нь заавал асууж ярилцаарай. Бүр зүгээр л ярилцаад өнгөрөх бус, харин алсын хараагаа тодорхойлж, зорилгуудаа жагсаан бичээрэй. Тэгвэл танай гэр бүл түүнд хүрэхэд илүү  дөхөм болно. Нарийн төлөвлөх тусам л хүрэхэд ойр байна шүү. 

ТАНЫ ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛД САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЬЕ. 

Гэр бүл судлаач С.Баржав

Таньд асуулт байвал, мөн илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
607   0
НИЙТЭЛСЭН: С.Баржав