Лхагва 2019-01-02 Дархан
FOCUS Cafe   2019-06-12

ХАРЬ ГАРАГИЙН ХҮН...

  “Та Дарханд хаанаас, хэзээ ирсэн бэ?” хэмээн санаатай хэрнээ санамсаргүйхэн асуухад минь тэрбээр “Нар хиртэх үеэр. Харь гарагаас...” гэж инээмсэглэн хариулсан нь гэмгүй хошигнол байсан хэдий ч түүний ертөнцөд өнгөрүүлсэн нэг өдрийн дараа “Нээрээ л тэр ХАРЬ ГАРАГИЙН ХҮН юм байна” гэх гэнэн бодол санаанд эргэлдсээр буцсан юм.

Зураач, уран бүтээлчид оюун санаагаараа ямагт цаг үеэсээ түрүүлж явдаг

Хана дүүрэн амьд мэт урдаас ширтэх хүлэг морьд, хаад хатад, баатар эрс, уул ус, гоёмсог цэцэгс..., хаа сайгүй хөглөрөх зотон даавуу, бийр будаг... Энэ бол зураачийн урлан. Түүний дотоод сэтгэлийн эрхэмсэг ДИВААЖИН.

Н.Алтангэрэл ухаан орсон цагаасаа л харандаа, цааснаас салддаггүй, байнга л “эрээчиж” байдаг хүү байжээ. Аав нь ажил дээрээсээ хэрэггүй болсон падааны цаасыг цуглуулан авчирч, харандаануудыг нь нямбайлан үзүүрлэж өгөөд “Зураад бай...” гэдэг байсан нь бяцхан зураачийн авъяасыг тордон, торниход хамгийн их дэм болсон байна.

Оюун санаандаа бодсоор, дотоод сэтгэлдээ дүрслэн зурж дуусгасан бүтээл л зотон даавуунаа бийр будгийн хүчээр амилан буудаг ажээ. Харин сэтгэлд буугаагүй бүтээл, цааснаа бууна гэж үгүй.

Зураачийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөөр амилсан цор ганц давтагдашгүй тэр л өнгө төрх, дүрслэлийг дахин давтан буулгахын аргагүй. Мэдрэмж дахин давтагдахгүй бөгөөд дуурайлгаж болох ч зураачийн сэрэл хэрхэн амилж, бийр будгаа тавьсныг хэмбугай ч давтахын аргагүй байдаг нь гайхамшигтай.

Ханаар өлгөсөн бүтээлүүдийн дундаас аймшигтай цоргих харц, цоо ширтэх нь тун эвгүй. Өөрийн эрхгүй бие арзайж, ямар нэгэн зүйлд хүлэгдэх мэт...

Маш их судалгаа шинжилгээ, бясалгал, дотоод мэдрэмжийн хүч шингэсэн “Удган”, “Үүр шөнийн зааг” хэмээх бүтээлүүд, далд ертөнцийн чанадаас хэн нэгэн нүгэл буяныг нэвт харах мэт жигтэй. Тэрхүү цоргин ширтэх эгэлгүй харцанд дальдчин эмээхүй дор зураачийн ур ухаан, авъяас билэгийг шагшин биширч байлаа.

Зураач Н.Алтангэрэл түүх, тэр дундаа Монголын түүхийг тун их сонирхон судалдаг. Чингис хааны байлдан дагууллыг очсон орон бүрээр нь “амьдруулахаар” эхлүүлжээ. Цуврал бүтээлийн эхнийх нь болох “Самаркандыг байлдан дагуулсан нь” бүтээл дуусах тун дөхөж. Эл бүтээлийг гурван жил зурж байгаа ч, хараахан болоогүй байгаа хэмээн ярьж байв.

Н.Алтангэрэл зураач гар зургийн бүх төрлөөр мэргэшсэн. Түүний бүтээлүүд дунд анимэшн төрлийн зураг олон. Тэрбээр маш олон хүүхэлдэйн баатруудыг бүтээн төрүүлсэн бөгөөд МҮОНТ-ийн “Маамуу нааш ир” студийн захиалгаар “Сүхийн цагаан унага”, “Эврийн домог” зэрэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино, мөн тоймгүй олон чимэглэл, хүүхэлдэйн баатруудыг амилуулан хүүхэд багачуудад баяр баясгалан бэлэглэсэн. Та бидний очих дуртай “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн дэх “загас”, “охин”, “мэлхий”, “бумба”, “нум” ордууд ч Н.Алтангэрэл зураачийн бүтээл. Тэрбээр хөшөөнүүдийн зургийг зурсан төдийгүй, бүтээн байгуулахад нь ч гар бие оролцож байв.

Н.Алтангэрэл зураач зурах сонирхолтой хүүхэд багачуудад сургалт явуулдаг бөгөөд “Зурж сурна гэдэг сууж сурахаас эхэлдэг. Хэн ч юуг ч сурч чадна. Гэхдээ нэг л зүйлийг сурахгүй бол юуг ч чадахгүй. Тэр бол тэвчээр” хэмээн ярьж байлаа.

2016 он  

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
799   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan