Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-06-20

ЦААШДАА ХЭРХЭН АЖИЛЛАХ АРГЫГ ОЛЖ АВЛАА

Өнгөрөгч 15, 16-ы өдрүүдэд MyDarkhan.mn сайтаас санаачлан “Амжилттай контент бүтээж, нийгмийн сүлжээнд хэрхэн ажиллах, олон нийттэй үр дүнтэй харилцаа тогтоох нь” сургалтыг зохион байгуулсан юм. Сургалтыг сэтгүүлч, зөвлөх багш, PR мэргэжилтэн, тус сайтыг үндэслэгчдийн нэг Ц.Чимэддондог, залуу мэргэжилтэн Б.Оюунчимэг нар хамтран явууллаа.

Сургалтанд оролцогчид, Бичлэгийн төрөл зүйл, Нийтлэл бичих аргууд, Сошиал медиа, Пэйж хуудас хөгжүүлэх, хөтлөх, Үр дүнтэй сошиал контент бүтээх аргачлал, Постын хандалтыг нэмэх хялбар арга, Сайт, И-мэйл, гар утасны аюулгүй байдал, Байгууллагын цахим харилцааны шинэ технологи, PR-ын үндсэн ойлголт, PR хийх дараалал, нарийвчилсан төлөвлөгөө, Хямралын PR-ын арга замууд, Явган шогийн сургамж, “Гүүр үг” зэрэг агуулгуудын хүрээнд лекц, харилцан яриа, дасгал ажил, хэлэлцүүлэг хосолсон аргаар суралцсан юм.

MyDarkhan.mn сайтын эрхлэгч Г.Ганцэцэг:

Сургалтанд оролцогчид, сургалтын үеэр ярьсан агуулга, сэдэв бүрийг өөрсдийн эрхэлдэг ажил албатай “нааж”, хаана алдаж байснаа дүгнэн, хэрхэн өөрчилж сайжруулж болох талаараа ярилцаж байсан нь сайхан байлаа. Тиймээс сургалтын үр дүн тун удахгүй бидэнд харагдаж мэдэгдэж эхлэх байх гэдэгт итгэлтэй байна. MyDarkhan.mn сайт Дарханд болж буй үйл явдлуудыг мэдээлэхийн зэрэгцээ, манай хэвлэл мэдээллийн байгууллагуудын үлдээж байгаа сэдвүүдийг аль болох барьж авахыг хичээдэг. Бид ямар нэгэн улс төрийн болоод, эрх мэдлийн нөлөөллөөс ангид үйл ажиллагаа явуулахыг зорьж буй бие даасан, хараат бус редакци. Энэ ч утгаараа хэвлэл мэдээллиийн байгууллагынхаа үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ, олон нийтийн харилцаа, мэдэх эрхийн боловсрол олгох чиглэлд ажиллана. Үүний маань нэг хэсэг нь энэхүү сургалт юм.

Оролцогч Г.Хурцбилэг /Төрийн байгууллагад ажилладаг/:

Анх сургалтын талаарх мэдээлэл аваад амралтын өдрөө өмнөх мэдлэгээ бататгая гэж ирсэн. Гэхдээ маш хэрэгтэй, сайн мэдлэг авлаа. Ялангуяа байгууллага дээрээ хэрэгжүүлмээр юм их байна. Миний хувьд байгууллагынхаа мэдээллийг яаж олон нийтэд хүргэх вэ гэдэг дээр сүүлийн 2-3 жил дэмий л санаа зовж явж байна. Үнэндээ санаа зовохоос цаашгүй байсан. Харин энэ сургалтаас нэлээн хэрэгтэй, гол гол гэсэн санаануудыг авлаа. Хэрэгжүүлэх л үлдэж байна. Дахиж сургалтууд авах хэрэгцээ, шаардлага байна гэж харж байна. Байгууллага дээрээ болон бусад өөр түвшинд ч тэр. Баярлалаа. Үр дүнтэй сайхан хоёр хоног байлаа.

Оролцогч Ж.Түвшинжаргал /Хувийн хэвшилд ажилладаг/:

Юуны өмнө ийм сургалтанд суух боломжоор хангаж өгсөн байгууллагынхаа захиралд маш их баярлалаа. Энэ талын мэдлэг үнэндээ дутуу байсан. Мэргэжлийн сургалтуудад сууж байсан боловч энэ чиглэлийн сургалтанд ер нь сууж байсангүй. Бидэнд их нөлөөллөө. Авч хэрэгжүүлмээр юм их байна. Цаашдаа хэрхэн ажиллах, бодож байсан ч учраа олохгүй байсан юмаа яаж хийх гаргалгааг олж авлаа. Бас хамтарч ажиллах хүмүүсээ ч оллоо. Тэгээд ойлгомжтой, бидэнд яг тулгамдаад байгаа, амьдралд ойрхон мэдлэг мэдээллийг цэгцтэй өгсөн багшдаа баярлалаа.

О.Ууганбаяр /ТББ-д ажилладаг/:

Миний хувьд гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр мэргэшиж байгаа. Тиймээс ч энэ чиглэлийн нийтлэлүүд бичнэ гэсэн зорилготой. Хэт онолын албаны хэв маягаар бичдэгээ ойлгож, сонирхолтой, үр дүнтэй нийтлэлийг хэрхэн бичихээ мэдэж авлаа. Мөн контент хэрхэн бүтээх талаар суралцсан нь зорилготой маань уялдаж байна. Сургалт үр дүнтэй, өгөөжтэй байлаа.

Сэтгүүлч, багш, зөвлөх мэргэжилтэн Ц.Чимэддондог:

Сургалтын зорилго нь бид илүү олуулаа болох. МyDarkhan сайт иргэний сэтгүүл зүйг дэмжинэ. Хамтарч, нэгдэж, олуулаа байж, өөр өөр өнцгөөс хүртээмжтэй мэдээлж байж бид үр дүнд хүрнэ. Манай сайт можо /mobile journalism/  буюу гар утасны технологи дээр суурилдаг. Орчин цагт хүмүүсийн 90 хувь нь гар утсаараа мэдээлэл авч байна. Гар утсанд тохируулсан контентийн хамгийн сонгодог хувилбар нь ерөөсөө гар утсаар хийсэн видео байгаа юм. Тэгэхээр бид цаашид видео контентийг гар утсаараа хэрхэн үр дүнтэй хийж, өөрсдийн пейж хуудсандаа нийтлэх талаарх сургалтыг хийхээр төлөвлөөд байна. Зун болж, аялал, амралт зугаалгын цаг ч ирж байна. Хувийн хэрэгцээндээ ч, эсвэл байгууллагынхаа ПиАр-д чиглэсэн контентуудыг хийх хүсэл их байгаа байх. Тийм боломжууд ч бий. 

 

 

 

   

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
529   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan