Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-07-04

“ТОРГОНЫ ЗАМ-2019” АВТОРАЛЛИ ЭХЛЭХЭД ХЭДХЭН ХОНОГ ҮЛДЛЭЭ

“Торгоны зам-2019” олон улсын авторалли энэ сарын 09-13ны өдрүүдэд манай улсад болно.

Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа “Торгоны зам” 2019 авторалли нь ОХУ-ын Эрхүү хотоос долдугаар сарын 06-д гараагаа эхэлж, Хятадын Дунхан хотод долдугаар сарын 16-нд барианд орно. Ингэхдээ нийт 5007.96 км замыг туулж, уур амьсгалын таван өөр бүсийг дайран өнгөрөх юм.

Тус уралдааныг 2009 оноос жил бүр ОХУ – Казахстан - БНХАУ гэсэн чиглэлээр зохион байгуулж ирсэн бол 2018 онд ОХУ - БНХАУ чиглэлээр явуулжээ. Харин  2019 онд манай улсын нутгаар дамжин ОХУ - Монгол Улс - БНХАУ чиглэлд зохион байгуулахаар болсон.

“Торгоны зам”-2019 авторалли нь манай улсын Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн хилийн боомтоос, Өмнөговь аймгийн Гашуунсухайтын хилийн боомт хүртэл гурван салаа замаар үргэлжлэхдээ Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь, Өмнөговь аймгийн нутгийг дайран өнгөрнө.  

Энэ үеэр тус уралдааны талаарх мэдээлэл дэлхий даяар цацагдах бөгөөд Монгол орны байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөл, зэрлэг ан амьтан, нүүдлийн ахуй соёлыг сурталчлан таниулах, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх томоохон боломж юм.

Тус уралдаанд нийт 43 орны тамирчид, 120 орчим техник хэрэгсэл уралдахаар болоод байна. Манай улсаас автомашины төрлөөр дөрвөн баг, мотоциклын төрлөөр зургаан баг өрсөлдөнө.  

“Торгоны зам-2019” автораллиг өөрийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх эрх авч, оролцогч улс болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 22 дугаар захирамж гарч, ажлын хэсэг байгуулагдсан.

Энэ хүрээнд төрийн байгууллагууд, орон нутгаас нийт 4000 гаруй албан хаагч, иргэдийг дайчлан оролцуулж, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний зохицуулалт, хамгаалалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Түүнчлэн цагдаагийн байгууллагаас авторалли болох долдугаар сарын 9-13ны өдрүүдэд орон нутгийн замд тодорхой хуваарийн дагуу тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тул тухайн замд аль болох хөдөлгөөн үйлдэхгүй, малаа замын ойролцоо хариулгагүй орхихгүй, гэр майхан барихгүй байх зэргийг онцгойлон анхааруулж байна.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

574   1
НИЙТЭЛСЭН: MyDarkhan