Лхагва 2019-01-02 Дархан
FOCUS Cafe   2019-12-15

НЭГ ТИЙМ, ЧАДАХ МЭДРЭМЖ ТӨРӨХ ГОЁ...

Анх мэдээллийн вэб сайт ямар байх ёстойг харуулж, www.news.mn сайтыг хөгжүүлж ажилласан “Содон Солюшн” ХХК нь өвөрмөц шийдэл, шинэлэг загвар, аюулгүйн хамгаалалт бүхий программ хангамж, вэб үйлдвэрлэлээрээ Монголдоо тэргүүлдэг. Тэд арав гаруй жилийн түүхэндээ та бидний сайн мэдэх маш олон программ хангамжийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн, хөгжүүлжээ. Бас олон залуусыг энэ салбарын мэргэжилтнүүд болгон төрүүлэн гаргасаар байна.     

  MyDarkhan.mn сайт “Холоос Дарханыхаа тухай” буландаа тус компаний захирал А.Мягмар, программист Г.Дөлгөөн нартай ярилцлаа. Дархан хотод төрж өссөн эдгээр залуус ажил мэргэжлийнхээ тухай, төрөлх хотынхоо талаар хэрхэн ярьсанд анхаарлаа хандуулна уу.  

IT буюу программ хангамжийн салбар нь шинэ салбар болоод ч тэрүү ихэвчлэн залуус ажилладаг. “Содон Солюшн” компаний баг ч дан залуус. Та бүхэн салбарынхаа ирээдүйг хэрхэн харж байна?

А.Мягмар:

-  Би хувьдаа ийм бодолтой байдаг. Энэ нь компаний маань бодлогод ч бас нөлөөлдөг болов уу. Монгол улс хөгжих ёстой. Монгол улс хөгжихийн тулд Монгол хүн хөгжих ёстой. Өдгөө маш олон залуус гадагш гарч ажиллахаар харийг зорьж байна. Өөрөөр хэлбэл Монголын тархи гадагшилаад байна. Энэ маш буруу үйл явц. Үүнийг зогсоохын тулд Монгол хүн Монголдоо сайхан амьдрах нөхцлийг л бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм. Программ хангамжийн салбарын цалин орлого бусад салбаруудаас харьцангуй өндөр. Тиймээс “монгол тархи” гадагш урсах энэ үйл явцыг зогсооход манай салбарын үүрэг оролцоо их байх ёстой болов уу. Бид ч үүнд хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Одоо манай оффис дээр суурин 10 орчим хүн ажиллаж байгаа хэдий ч нийтдээ 20 гаруй хүн тогтмол цалинжиж байдаг. Мөн онлайнаар 2-3 мянган хүн нэмэлт ажил хийж байна. Тэгэхээр боломж бол бий. Ийм итгэл найдварыг өгч ажиллахыг бид хүсдэг.

Та сая оффист суухгүй цалинжиж, орлого олох боломж байгаа талаар дурьдлаа. Орон нутагт, тухайлбал Дарханд ажилгүйчүүдийн дийлэнх нь залуучууд байна. Мэдээлэл дутмаг байгаагаас залуус боломжийг олж харахгүй байна уу?

А.Мягмар:

-  Интернетийн хурд өндөр болсон энэ цагт зайнаас ажиллах боломж бий. Гэхдээ хэн намайг хайгаад олоод ирэх бол гээд суугаад байвал хэзээ ч боломж олдохгүй. Харин эрж хайж, суралцаж, чадваржиж байж ирнэ. Үнэндээ IT-ийн компаниуд хүний нөөцийн хомсдолд ороход ойрхон байна. Учир нь залуус хар ажил хийхээр гадаад уруу маш ихээр явж байна. Мөн нөгөө талаас гадаадынхан монгол тархийг маш ихээр сонирхох болсон. Тэгэхээр бид ажлаа гадаадын компаниудад алдахгүйн тулд өөрсдөө илүү сайн, чадварлаг бас илүү бүтээлч байх хэрэгтэй байна.

Жилийн өмнө японы нэг томоохон компани манайд судалгаа хийж үзээд монгол залуучуудын тархийг ашиглах бүрэн боломж байна гээд их хэмжээний хөрөнгө оруулахаар болсон гэж байсан. Тэгэхээр манайд нөөц байх шиг?

А.Мягмар:

-  Дахиад ч байна. Дарханд бол маш олон залуус өөрт нь ямар боломж байгааг мэдэхгүй унтаа байдалтай байгаа. Тэдгээр залуусаа идэвхитэй байж, ижил сонирхолтой хүмүүсийг олж, нийлж нэгдэн, сурч мэдээсэй гэж хүсч байна. Би Дарханы унаган хүүхэд учраас Дарханаа хөгжөөсэй гэж боддог. Ганц би ч биш, энд байгаа Дарханыхантай хааяа уулзаад ярилцаж байхад бүгд л ийм бодолтой байдаг нь мэдэгддэг. Дашбалбар гуайн шүлэгт байдаг даа. “Өөрөө түрүүлж амжилтанд хүрсэн бол бусдадаа шинэ замыг нээж өг” гэж. Тэгэхээр аль болох залуустаа гарцыг нээж өгөх тал дээр ажиллаж, эрэл хайгуул хийж байгаа.

Олон Дарханы залуус салбар бүрт амжилттай ажиллаж байгаа. Нийтлэгээр нь харвал бидэнд ямар давуу болон сул талууд байдаг нь анзаарагддаг вэ?

А.Мягмар:

-  Минийхээр хоёр үзүүлэлт байна. Нэгд манайх чинь их сайхан тайван хот. Тэгээд тэрэндээ дасчихсан байдаг юмуу, хэт налгар байгаад байна. Улаанбаатарт бол өөр. Байнга л бужигнаж, өрсөлдөж байдаг. Манайхны энэ нь налгар байдал ажил хэрэгт сөргөөр нөлөөлөх тал бий. Гэхдээ зарим талаараа хүлээцтэй, уужуу болгодог юм шигээ. Барагтаа өөрчлөлт, бүтэлгүйтэлд барьц алдахгүй. Бас яагаад ч юм Дарханыхантай ойлголцоход их амар байдаг. Тийм болоод ч тэрүү манай компанид олон Дарханы залуус ажиллаж байсан. Одоо ч ажиллаж байна.

Г.Дөлгөөн:

- Хүн бүр төрж, өссөн газраараа бахархалгүй яахав. Гэхдээ одоо чинь 21-р зуун шүү дээ. Орон нутгийн ялгаа гаргаж болохгүй. Чадвартай л бол чадвартай. Чадвартай хүнд хаана ч боломж бий. Би залуу хүний хувьд Дарханыхныгаа илүү нээлттэй, задгай сэтгэдэг байгаасай гэж хүсдэг. Бас багийн тоглолт сайтай, бие биенээ дэмждэг байгаасай. Ер нь жаахан хязгаарлагдмал шүү дээ.

Програмистуудыг ихэвчлэн ганцаараа ажилладаг гэж ойлгодог. Энд багийн ажиллагаа бас чухал уу? Ер нь залуусыг баг болгож ажиллуулах тал дээр туршлагаасаа хуваалцахгүй юу?

А.Мягмар:

- Багийн ажиллагаа хамгийн чухал. Бидний үед ангидаа хамгийн хурдан боддог нь хамгийн мундагт тооцогддог байлаа. Хэзээ ч багаараа ажиллах талаар ярьдаггүй байсан. Гэтэл японд, ажлыг ганцаараа хийж дуусгана гэдгийг бүр огт ойлгохгүй. Төсөөлж ч чаддаггүй байх жишээтэй. Харин манайд нэг их асуудал биш. Энэ бидний алдаа. Үүний суурь нь харилцаа юм билээ. Монголчууд болж өгвөл хавь ойрынхноо, бие биенээ муулах гээд байдаг. Энэ нь харилцааг үгүй хийж, холдуулдаг. Харин биенээ магтах тусам харилцаа ойртоно. Ойртсон хүмүүс багаараа үр дүнтэй ажилладаг. Нэгнийхээ өчүүхэн ч гэсэн жижиг амжилтыг урамшуулж, магтаж байх хэрэгтэй. Юм бүхнээс сайныг нь олж харах тусам улам нягтраад, улам урам зоригтой ажиллаж, ажил ч амжилттай болоод байдаг. Энэ их чухал зарчим юм билээ.

Г.Дөлгөөн:

-  Манай компаниас гарсан хүмүүс байнга эргэж холбогдон, зарим зүйлийг хамтарч хийдэг. “Би чадахгүй нь ээ” гээд урам хугараад сууж байхад минь хүрч ирээд “Үгүй ээ, наадах чинь болно” гээд зоригжуулдаг. Бид нарт туслах дуртай байдаг юм билээ. “Өө, наадах чинь амархан. Чи чаднаа” гээд л... Тийм хүмүүсийн ачаар л өдий хүрсэн дээ. Надад талархаж явах учиртай зөндөө хүмүүс бий. Би ч чадахаараа туслахыг хүсдэг. Энэ л багийн ажиллагаа байх.

А.Мягмар:

-  Төгс баг гэдэг энэ гарын таван хуруу юм. Чигчий хуруу жижиг сажиг өдөр тутмын ажлыг амжуулна. “Сэржим өргөдөг” гэдэг ядам хуруу нь ялдам хуруу буюу багийнхнаа сэтгэл зүйн хувьд өргөдөг. Дунд хуруу бол ноён нуруу. Ажлын голыг нугалдаг, тархи нь. Долоовор хуруу заадаг буюу энийг хийх ч зүгээр юмуу гээд үсчиж, шинэ санаа гаргаж байдаг. Тэгээд энэ дөрөв хоорондоо зөрчилдөнө. Надгүйгээр юу ч бүтэхгүй, би л байхгүй бол та нар баларна гэж жишээтэй. Тэгвэл тэднийг эрхий хуруу нэгтгэдэг. Бүгдийг зангидаж байдаг. Тэгэхээр энэ ухаан аль ч салбарт чухал. Би ингэж боддог юм. Бид бүгд бие биедээ сэтгэлийн өртэй амьдрах учиртай. Надад тусласан, зааж зөвлөсөн нэгний урмыг хугалахгүй, улам бүр хичээж ажиллаж амьдрах ёстой. Энэ нь эргээд бүгд хамтдаа хөгжих үндэс болно. Сэтгэлийн өрөө төлөх зарчмаар хэзээ ч салахгүй, хамтран ажиллаж амьдарна. Энэ л багийн ажиллагааны суурь зарчим юм.

Сайхан үг байна. Нээрээ л сэтгэлийн өртэй амьдрах нь зөв амьдрах их том философи юм байна. Дөлгөөнөө, олон залуус “Содон Солюшн”-д сурахынхаа хажуугаар ажиллаж, төгсөөд дараагийн алхамаа тавьсан байдаг. Тэдгээр залууст болоод чиний хувьд компани юу өгдөг вэ?

Г.Дөлгөөн:

-  Шинэ эхлэл, гүүрийг нь тавьж өгдөг. Миний хувьд яг л ийм. Би залуу хүн. Бас энэ компани маань ч залуу. Компани хөгжихийн хэрээр бид ч бас хөгжиж байна. Энд байхдаа ажил хэрхэн явдгийг, технологийг хэрхэн өөрчилдгийг, багаар хэрхэн ажилладгийг сурлаа. “Содон Солюшн” компани ганц миний төдийгүй олон залуусын өмнө гарцыг нээж, ажлын амтыг мэдрүүлж, цаашид хөгжих, өсч дэвжих замыг зааж өгсөн. Бас Монгол улсын программ хангамжийн салбарын хөгжилд ч томоохон үүргийг гүйцэтгэсэн компани гэж би боддог.

Танай мэргэжлийн хамгийн амттай, кайф авдаг зүйл юу вэ?

Г.Дөлгөөн: 

- Нэг тийм чадах мэдрэмж төрөх их гоё. Онгироо мэдрэмж /инээв/ Захиалагчийн хүсч байгаа зүйлийг “би энийг эргэлзээгүй хийж чадна” гэх тэр бодол тархинд шууд орж ирэх. Бас энэ салбарт юуг ч хийж, туршиж үзэх боломж бий. Нэг тийм эрх чөлөөтэй гэх юмуу. Хэрэв өөрөө л хүсч, хичээх юм бол чамайг дэмжих, туслах хүмүүс зөндөө. Гол нь тэдний итгэлийг алдахгүй гэдгээ харуулах л чухал. Би юм бүтээсэн хүний үгийг сонсох дуртай. Одоо юу ч хийж бүтээгээгүй байж, зөвлөх, ярих дуртай хүмүүс их болсон байна билээ.

А.Мягмар:

- Миний хувьд арай өөр. Өмнө нь хүнд асуудлыг шийдчихээрээ өөрөөрөө их бахархдаг байсан. Одоо бол том үндэсний хэмжээний ажил хийх, эсвэл өөрсдийн санаачилсан бүтээгдэхүүн маань хүмүүст хүрч, таалагдаж байгааг харах сайхан. Ерөөсөө массыг хамарч байгаа тэр мэдрэмж ажлын амт болчихсон. Нэг их сайхан байдаг. Тэр мэдрэмжийн төлөө, түүнийг агнахын төлөө ажилладаг.

Программ хангамжийн салбарыг сонирхож байгаа залууст та хоёр юу зөвлөх вэ?

А.Мягмар:

- 2000 оны эхээр программ бичих нь бидний үеийн залууст цоо шинэ, ер бусын гайхамшигтай зүйл байсан бол ирээдүйд өдөр бүр хонио бэлчээдэг шиг энгийн, өдөр тутмын ажил болно. Бид программ гэдгийг ойлгох нь байтугай төсөөлдөг ч үгүй байсан бол орчин үеийн хүүхдүүд бүр багаасаа анхан шатны ойлголттой болж байна. Тиймээс зүгээр л тоо, физиктээ сайн байх биш суурь чадваруудаа хөгжүүлэх хэрэгтэй. Логик сэтгэлгээ, харилцааны чадвар, гадаад хэл гээд бүх зүйл чухал. Энэ чадваруудаараа өрсөлдөх болно. Тиймээс боловсролын байгууллагууд үүнд анхаарал хандуулах цаг болсон.  

Г.Дөлгөөн:  

-  Хэл сайн сурах хэрэгтэй юм байна билээ. Өөр сурах, судлах юм зөндөө байхад хэлний бэрхшээлтэй тулгараад зогсчихож болохгүй. Өөртөө шинээр зам, гарц нээхийн тулд хэлийг л сайн сурах хэрэгтэй. Нэг байран дээрээ байх утгагүй. Ингэж ч болохгүй.

Монгол Банкны шийдвэрээр бүх арилжааны банкнуудын дата баазуудыг Дарханд байрлуулах ажил хийгдэж байгаа юм билээ. Зарим хүмүүс үүнийг дагаад Дархан бичил “цахиурын хөндий” болох боломж байна ч гэж байсан. Та хоёр энэ тал дээр ямар бодолтой байна? Ийм хөгжил хөдөлгөөн өрнөх болов уу?

А.Мягмар:

-  Өрнөнө. Дарханы хүн ам одоогоор Улаанбаатартай харьцуулахад бараг арав дахин бага байгаа. Тэгэхээр Дарханы удирдлагууд ч энэ салбарт төвлөрч ажиллавал сайн байна.

Тэгвэл Мийгаа, хэрвээ чи яг одоо Дарханы Засаг дарга байсан бол юу хийх вэ?

А.Мягмар:

-  Нөхцлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тэр урсгалыг татах. IT-ийн компаниуд юу дагаж нүүдэг вэ гэхээр шонгоо дагаад нүүдэг. Өөрөөр хэлбэл дэд бүтцээ, интернетийн урсгалаа дагадаг. Тэгэхээр юуны түрүүнд өндөр хурдны интернетийн сүлжээг бэлдэх хэрэгтэй юм. Улаанбаатарт ч төдийлөн сайнгүй байна. Яагаад IT-ийн компаниуд хотын төвдөө шаваад байна гэхээр ерөөсөө л энэ. Харин хүний нөөцийн хувьд бол Дарханд сийрэг толгой хангалттай бий. Тиймээс залуусаа дэлхийн түвшинд сэтгэж хийх боломжийг бүрдүүлж өгөх ёстой юм. Хэрвээ 2000 оны эхээр Дарханд ийм нөхцөл байсан бол би Улаанбаатарыг зорихгүй байсан. Яалт ч үгүй амьдрахын тулд их нүүдлийг дагаад Улаанбаатарт ирсэн дээ. Ер нь энд байгаа Дарханыхан бүгд л нутагтаа очих юмсан, хөгжүүлэх юмсан гэж ярьдаг. Гэвч бүгд л амьдралын нугачаанд, нийгмийн байдал урсгалыг дагаад гарсан байдаг. Одоо шинэ зам тавигдаж байна. Зөв бодлого баривал залуус явахгүй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • D3 (127.0.0.1)
    ene hun ch maash nairsag chadvartaildaa yag goy Mongo humuus hamtdaa asuudla shiideed yvj bgaag ni harhaar mash ih uramtai yum bnalee. Mash ih bayrlalaa
    2020 оны 09 сарын 16 | Хариулах
    • D3(127.0.0.1)
      Mongol*
      2020 оны 09 сарын 16
  • baaska (127.0.0.1)
    miga ahdaa bolon hamt olondoo amjilt husey
    2020 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Яасан ч зөв сэтгэлгээтэй залуус вэ
    2020 оны 09 сарын 09 | Хариулах
  • sarantuya (59.153.87.170)
    sn uu.yamar mundag zaluus we.darhanaa hogjuulehiig husej bna.
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.57.92.66)
    манай Дөлгөөнөө мундаг шүү улам их амжилт хүсье
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
1569   6
НИЙТЭЛСЭН: MyDarkhan