Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-07-17

ГАНДУУ ХОТЫН ГУНДУУ НААДАМ

Амны билгээс ашдын билэг гэж...Наадам сайхан болж өнгөрлөө.
Баярын гурав хоногт өөрт төрсөн наадмын сэтгэгдлээ та бүхэнтэйгээ хуваалцъя! 

  Жилийн жилд нутгаа гүйдэг адуу шиг л наадам дөхөхөөр сэтгэл гэгэлзээд улсын наадмыг орхин Дархан уруугаа хүлгийн жолоо залдаг олон олон унаган Дарханчуудын нэг нь би...
Өнөө жил ч тэрхүү сурсан, дадсанаараа гэр бүлийнхнийгээ дагуулан 10-ны өглөө эртлэн гарч давхилаа! 
  За тэр хот хоорондын зам үнэхээр найгүй "там" шиг л байлаа. Энд тэндгүй хаачихсан, ухчихсан зүгээр л нүүр нүдгүй улаан шороо. Хаа сайгүй аваараа татсан, дугуйгаа хагалсан, ард урдаасаа орчихсон машинууд. Тэнд дүрэм журам гэх юм алга. Тэрийг баримтлах ч боломж угаасаа алга! Улаан шороон дунд урдаас гэнэт ирэх машин зөв талаар ч явахын, буруу талаар ч гарахын хөл толгой гэж алга. Ашгүй нэг пост орж иртэл өнөөдрөөс Дархан хүртэлх замыг хаачихсан гэлээ. Ирэх замд ч хаасан хэсгүүдийг мөн яг 10-нд хаасан гэснийг сонсоод, яг баяраар энд тэндгүй хааж, халуун нарнаар ажиллах хүнгүй өнжөөдөг нь ямар учиртай юм хэмээн бодохуйд өөрийн эрхгүй бухимдал төрж, ахиад л шороон замаар гэлдэрсээр халтайсан машинтай ядарч, цухалдсан хэдэн амьтан Дархандаа нэг юм орж ирлээ.

 Ядарч байсан ч наадам үзэх гэж яарч байсныг хэлэхүү, шууд л наадмын талбайг зорив. Машин тэрэг тавих талбай олдохгүй, нэлээн эргэлээ. Олдох ч юм алга. Олны жишгийг даган замын хажуу уруу хазгай муруй тавьсан машинуудыг дагуулан нэг юм чиглүүлэхчээн аядаад хаячихлаа. Талбайг тойрон жаал алхлаа. Халуу шатна ч гэж най алга. Үдийн халуунд тэгсэн үү, ер нь ч тийм байсан уу...наадамчид гэхээр ч хүмүүс алга, дээл хувцастай хүн хар бүр ч алга. Унжийж урвайсан, халууцаж амь тэмцсэн, хүүхдээ бодоод гараад ирсэн болов уу гэмээр хэдэн хүн яаруухан хуушуур зайрмаг, тоглоомхон авч өгөөд явж байгаа нь анзаарагдана. За тэр наадмын талбайн гаднах зам, шороо тоос, зэрлэг энэ тэр гэж үнэндээ бас гомдмоор юмаа. Хоол ундны гэр, асрууд, задгай худалдаа үйлчилгээний гарсан барьсан, зохион байгуулалт, чанар үйлчилгээ гэж ичиж үхмээр, бүр яг 90-ээд оны хэв маяг тэр чигээрэй... Арай л гомдмоор! 


  Тэгээд нэг тойрчихоод хэдэн хуушуур олж идэх санаатай суув. Наадам ямархуу байна гэж бараг асуугаагүй байхад нэг эгч өөдөөс "Ээ ёстой хэлэх ч үг алга! Жилээс жилд л улам онцгүй, үзэх харах ч юмгүй, хүн ч гэх юмгүй, зохион байгуулалт ч муутай, тэгсэн хэрнэ татвар, хураамж дарамт нь арай дэндэх боллоо. Түүндээ тохирсон үйлчилгээ ч алга" гэсээр угтлаа. 

  Нээрээ ч тэр гэр барьсан газар талбай гэж улаан шороо. Аль 70,80 аад онд яаж барьдаг байсан, яг тэр хэвээрээ байх юм. Гэтэл энэ чинь өнөөдөр юу билээ... Бидний алслагдсан хөдөө гээд байдаг аль баруун, зүүн хязгаарын аймгуудын наадам, талбай, зохион байгуулалт, өнгө зүс, үзвэр үйлчилгээ, соёл зохион байгуулалт бүр тэс өөр болсон байна билээ.

  Ингээд хэдэн хуушуур идэхчээн аядаад, жаахан настр унасан ч, стадион уруугаа орлоо. Хүн ч алга, нуль зэрлэг болсон улаан халцгай шороон дээр хэдэн бөх, бусад нь хоёр сараанд чихчихэж. Ёстой л үзэж суух нь бүү хэл сэтгэгдэл ч төрсөнгүй, үүднээс нь хэсэг харж зогсож байгаад хэдэн хүүхдүүдээ чирээд гарлаа... Бүр явлаа.

Маргааш нь ирж, дахиад хэсэг тойров. Яг л бахь байдгаараа! 
Найз нөхөд, амьтан ах дүүгээс сонсоход морь, сурыг нь хэдэн унаа машинтай дарга, даамал, эсвэл уяач, харваачид л зорьж очиж үзнэ үү гэхээс биш жирийн иргэд бид мартаад удаж байна гэх! 
Хуучирч муудсан ч гэсэн, тэр муу жижигхэн стадионыг тойруулаад дотор гадаргүй ногоон байгууламж хийж, аятайхан зам, тохижилт хийхэд санхүү биш сэтгэл л дутсаныг олж харлаа! 


Дарханчууд минь, дахин дахин шургахад..! 
Хүнийрхүү, явуулын улс төрч нэртэй ашгийн төлөө авилгажсан бүлэглэл шинэ юм сэдэх нь бүү хэл сэргээж будах ч сонирхолгүй байгааг жилд ганц болдог НААДАМ-аасаа олж харж болохоор байна даа.  
ДАРХАНД БОРОО ОРОХГҮЙ ГАНДСАН Ч ГЭЖ НАЙ АЛГА!

ДАРХАНЫ НААДАМ ГУНДУУ Ч ХЭРЭГ АЛГА!  байлаа.

Эх сурвалж:  Шургуу.мн  /сошиал хуудас/

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.119.87)
    Яг зөв! Хүнийрхүү сэтгэлтэй явуулын хүмүүсийг засаг дарга болон сонгуульт ажил албанд тавимааргүй юм. Орон нутгаа аваад явчих Дарханчууд зөндөө л бгаа шүү дээ!
    2019 оны 07 сарын 18 | Хариулах
1891   1
НИЙТЭЛСЭН: MyDarkhan