Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-07-17

ДИВААЖИНД ЯАРСАН ХУРД

Багажаа оцойтол нь ачаад, баяр хөөртэйгөөр гэр бүлээрээ суугаад хөдлөх машинуудыг бид өдөр бүр харж байна. Түүнтэй зэрэгцэн, орон нутгийн замд гарч буй аймшигтай ослуудын талаарх мэдээллүүд ч хөвөрч сэтгэл хөндүүрлүүлнэ. Аялал, амралт зугаалгын их хөл хөдөлгөөнтэй энэ улиралд Улаанбаатар-Дархан хоорондын их зам засварын ажил ч явагдаж, жолооч нар багагүй бухимдалтай байгаа. Гэсэн ч хурдан яваад ирэлгүй, сайн яваад ирэхийн учир анхаарал болгоомж хэзээ ч илүүдэхгүйг сануулан www.shuud.mn сайтын сэтгүүлч Г.Сүрэнгийн бичсэн "Диваажинд яарсан хурд" нийтлэлийг та бүхэнд хүргэе.  

Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас олон нийтэд сэрэмжлүүлэг болгон тус аймгийн нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн ноцтой ослын фото зургийг олон нийтийн сүлжээнд байршуулав. Уг зурагт сэтгэл өвдөм дүр үзэгдэнэ.

Хоёр хүүхдийн цогцсыг цэнхэр даавуугаар бүтээжээ. Бүтээсэн даавууны доогуур цухуйх хоёр жижигхэн хөл өр өвтгөнө. Ослын газрын эргэн тойронд задлаагүй чипс, гурван ч сав ундаа мөн л бүтнээрээ харагдана. Хөөрхий бяцхан үрс зорьсон газраа очоод тухтайхан ундаагаа ууж, чипсээ идэхээр хадгалж явсан байх даа...

Ослын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад Хэнтий аймаг Чингис хотын хаалганы ойролцоо зам тээврийн осол гарч 33 настай эмэгтэй "Э" нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хажууруу онхолдож, зорчиж явсан 5, 10, 21 настай 3 хүн газар дээрээ нас барж, 28-30 насны 2 хүн гэмтжээ.

Өнгөрсөн жилийн баяр наадмын өдрүүдээр нийт 427 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 16 хүний амь нас хохирсон харамсалтай тоон мэдээ бий. Харин өнөө жилийн баяр наадмын үеэр зам тээврийн 589 осол бүртгэгдэж ослын улмаас 12 хүн амь насаа алдаж, 48 хүн хүнд хөнгөн байдлаар бэртэж гэмтжээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал энэ сарын 13-нд Дорнод аймаг Цагаан-овоо суманд хоёр хүүхэд автомашинд дайруулж амь насаа алджээ. Тус сумын төвөөс урагш байрлах “Гүн цэнгэлэг” нэртэй нуурын эрэг орчимд 25 настай "О" нь автомашин жолоодон явах үедээ голын эрэг дээр амарч байсан иргэдийн майхан дээгүүр гарч улмаар 06, 07 сартай 2 эмэгтэй хүүхэд нас барж 3, 11, 25 настай 3 хүн гэмтсэн осол гарчээ. Энэхүү осол нь санамсар болгоомжгүйгээс үйлдэгдсэн ч ослын улмаас хоёр бяцхан зүрх дахид цохилсонгүй.

Хамгийн сүүлд гэхэд 2019.07.15-ны өдөр 16 цаг 47 минутын орчимд Сүхбаатар аймаг Сүхбаатар сумын 5-р багийн нутаг “Хөтөл нуур” гэх газар /Аймгийн төвөөс Баруун тийш 65 км-т/ шороон замд Тоёота Prius  автомашин онхолдож,  36 настай, эрэгтэй Т нас барж, зорчигч 34 настай, эмэгтэй Б, 4 настай, эрэгтэй Б нарын 2 хүн гэмтсэн хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Нийт ослын 98 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан гэдгийг ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат хэллээ. Тэрбээр “Зам тээврийн ослын нэгдүгээр шалтгаан нь манай жолоочид хөдөө орон нутгийн замд хөдөлгөөний хурдыг 90 хувь хэтрүүлж явдаг. Хоёр дахь шалтгаан нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж автомашин жолооддог” гэдгийг онцолсон юм.

Мөн хөдөө орон нутгийн замд жолооч нар гүйцэж түрүүлэх үйлдлийг огцом өөд газар болон үзэгдэх орчин хязгаарлагдмал эргэлттэй зам дээр гүйцэтгэж амь насаа эрсдэлд оруулсаар байна.

Яах аргагүй дүрмээрээ эгнээгээрээ явж байтал өмнөөс гэнэтхэн өөр нэг автомашин урсгал сөрөөд ороод ирэх юм. Тэгснээ “зогс” гэсэн шиг гэрлээрээ дохих нь “додигор”. Улаан цайм очоод мөргөчихгүйг хичээж хэн ч л гэсэн тоормос гишгээд удааширч байгаа юм. Тэд аминдаа дэндүү хайргүй юм. Гэвч хэт хурдтай, тоормос гишгэх завдалгүй яваа өөр нэгэн ч бий гэдгийг санаж анхаарал болгоомжтой зорчих хэрэгтэй байна.

Юунд тэгтлээ яарна вэ, ижий аавдаа юу? эсвэл диваажинд уу, тамд уу?

Эх сурвалж: www.shuud.mn

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
576   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan