Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-08-25

ӨНГИЙГ НЬ СЭРГЭЭСЭН ӨНДӨР БАРИЛГАТАЙ СЕЛЬФИ ХИЙХЭД ЯМАР Ч БАЙСАН НҮҮР УЛАЙХААРГҮЙ...

Та нар аав, ээжийнхээ, эсвэл ах эгч нарынхаа хуучны зургийн цомгийг сөхөөд нэг үзээрэй. Тэр дунд Дарханы 16 давхарын өмнө даруулсан ямар нэгэн зураг байж л байгаа. Нэгээр ч тогтохгүй нэлээн хэд ч байж мэдэх юм. Харин сүүлийн үеийн залуусын гар утасны цомогт энэ байшинтай хамт хийсэн селфи байгаа л болов уу... Хүмүүс яагаад тэгдэг гээч. Учир нь энэ байшин Монгол улсад баригдсан хамгийн анхны 16 давхар, тухайн үеийнхээ хамгийн өндөр барилга байсан юм.

Хол ойроос ирсэн нэгэн 16 давхрыг оруулан зургаа даруулснаа бусдад харуулахад, түүнийг Дарханд ирсэн гэдийг хэн ч төвөггүйхэн мэддэг. Бас Дархан хотын тухай ном, товхимол, зураг бүхэнд сүндэрлэн байдаг “нэрийн хуудас” маань энэ өндөр барилга гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.

Анх 1985 онд Зөвлөлт Армен улсын барилгачид барьж, ашиглалтанд оруулан Дарханчуудад хүлээлгэн өгөхөд, тухайн үеийн хүүхдүүд бид шил толь шиг гялалзсан, тостой гараар баримгүй, тоостой алчуур хүргэмгүй энэ барилгын цахилгаан шатанд нь сууж, 16 давхарынх нь цонхоор харах гэж догдолж, дэггүйтдэг байж билээ. Түүнээс хойш 30 гаруй жил өнгөрчээ.

Одоо барилга оршин суугчдын мэдэлд очсон. Өөрөөр хэлбэл өмчийн эзэд нь иргэд өөрсдөө болсон.

Зах зээлийн шуурганд бүгд бүдчиж, тэмтчиж явсан цаг үед барилга бүхэлдээ усгүй, үе үе тоггүй, бас огт лифтгүй болж байсан гэдэг. Лифтгүйгээс дээд давхарт амьдардаг өвгөд хөгшид нэг орвол гарч чаддаггүй, гарвал орж чаддаггүй байсан хэмээн энд амьдардаг байсан нэгэн найз минь ярьж билээ. Мөн хэдэн жилийн өмнө цахилгааны шитэнд нь масс үүссэний улмаас гал гарч, багагүй хохирол учирлаа гэх мэдээлэл ч цацагдаж байв. Гэсэн ч хотынхоо чимэг өндөр барилгаа аймаг, сумын засаг захиргааныхан яаж ийгээд тордож додомдоод л байдаг сурагтай.

Өндөр байшин гаднаа гял, цял харагдавч, дотроо ямар байгаа бол???

Нэгдүгээр давхрын эргэн тойронд хүнсний дэлгүүр, кафе бэйкэри, гэрэл зургийн студи ажиллах ба тэдэнтэй хаяа дэрлэх хогийн цэг нь хогондоо дарагдаж, зарим нь хашлaганаасаа давж хальсан харагдав.

Орц гэрэлтэй, лифт нь ажиллаж байна. Хаа сайгүй байрлуулсан хяналтын камерын жижиг улаан гэрэл анивчих нь мөн л ажиллаж байгаа бололтой.  

Үүдэнд нь арав орчим насны хэдэн хөвгүүн тоглож байв. Өндөр барилгын бяцхан оршин суугчдаас байрныхаа талаар юу гэж боддогийг нь сонирхохоор “Танай байр гоё уу?” хэмээн асуув. Өөрсдийгөө 5,9,10 дугаар давхарт амьдардаг хэмээн танилцуулсан тэд “Эгчээ, манай байр хэцүү шүү дээ. Орж гарахад өмхий үнэртээд байдаг юм. Хааяадаа хүмүүс баачихсан, нохой ороод шээчихсэн байдаг. Ядаж байхад цэвэрлэгч олдохгүй байгаа. Нэг удаа найман давхарт нэг согтуу хүн унтаад босохгүй, бааж, шээчихсэн байсныг нь арай гэж өргөж гаргасан гэсэн. Бас хорхой шавьж их байдаг. Манай гэрт жоом, хар хорхой байсан. Хор цацаад бараг нөлөөлөхгүй байгаа. Ер нь энэ 16 давхарт нөлөөлөхгүй дээ...” хэмээн ярив.  

Нэгдүгээр давхарт байх СӨХ-ийн өрөө цоожтой байв. Тус байрны СӨХ-ын дарга н.Ганцэцэг энэ ажлыг аваад гурван жил гаруй болж байгаа бөгөөд давхар зах дээр лангуу ажиллуулдаг тул өдрийн цагаар ихэвчлэн тэндээ өнждөг гэнэ. Түүнийг орлож нэг байцаагч ажиллаж байгаа гэх ч ажлын байран дээрээ лав байсангүй. Харин байрны үйлчлэгчээр ороод 3-4 хонож байгаа гэх 30 орчим насны залуу өрөөндөө байхтай нь таарлаа. Өрөөндөө ч гэж дээ, амьдардаг гэх хааш хаашаа хоёр метр орчим тасалгааны шалан дээр нь халуун тогоо тавьж, гудас орхисон харагдав. Тэрбээр 14-өөс дээшхи давхрын цэвэрлэгээг хариуцахын зэрэгцээ бункерийг /хог зайлуулах хоолой/ цэвэрлэж, бөглөөсийг нь гаргадаг гэнэ.

Үйлчлэгч “Эднийх сар шахуу үйлчлэгчгүй байсан гэсэн. Би зурагтаар зар нь явж байхыг хараад ирсэн. Эхлээд 800.000 төгрөгийн цалинтай гэж байснаа одоо хоёр хүн ажиллах болсон болохоор 400.000-аар нь хувааж өгнө гэсэн. Нэг айлаас цэвэрлэгээний хөлс гэж 5000 төгрөг авдаг юм шиг билээ. Намайг ирэхэд бункер бөглөрчихсөн байсан. Оршин суугчид нь ер нь хогоо гаргаж хаядаггүй. Хогийнх нь уут нь задарчихсан, хаа сайгүй хөглөрөөд л, тэгээд тэр нь өмхийрөөд, ялаа батгана шаваад л байж байдаг юм байна. Саяхан бас дээврээс ус алдлаа гээд л хүмүүс хэл ам хийгээд байсан” хэмээн хуучлав.

Түүнийг ийнхүү ярих зуурт би СӨХ-ийн даргатай утсаар холбогдон, сайтаас яваагаа мэдэгдэн, уулзах хүсэлтэйгээ хэллээ. Тэрбээр ойрхон байгаа тул одоохон яваад очье гэв.

Энэ зуурт орц, шатаар явах оршин суугчидтай уулзав.

14-р давхарын оршин суугч У “Орж ирэнгүүт өмхий үнэртэж байгаа биз дээ. Подвалын засварт 10 сая төгрөг төсөвлөөд зассан гэсэн. Дөрвөн жилийн өмнө бас л төсвөөс мөнгө гаргаад заслаа л гэсэн. Цэвэрлээд болчихлоо л гэдэг. Мэдэхгүй. Бахь байдгаараа л байна. Муу трубагаар хийчихдэг юмуу, нөгөөх нь салж унаад л, өмхийтэйгөө холилдоод л байж байх юм. Өчнөөн жил заслаа гэж ярилаа. Бас хогний асуудал их хэцүү. Миний бодлоор СӨХ айлуудаасаа цэвэрлэгээнийх нь хөлсийг аваад, хүмүүсээ шууд цалинжуулаад ажиллуулбал тогтвортой байх болов уу. Тэгэхгүй баахан цэвэрлэгээ хийлгэчихээд, хажуугаар нь өөрсдөө айлуудаар явж мөнгөө нэхэх хэцүү. Нөгөөдүүл нь элэг бариад өгөхгүй. Тэгэхээр цэвэрлэгч тогтохгүй байна. “Мөнгөө авч чадахгүй байна” гээд энүүгээр нэг орилоод л... Амьдрахад үнэндээ хүнд. Оршин суугчиддаа ч байна. Бас ажлын зохион байгуулалт, удирдлагадаа ч байх шиг. Ер нь яамаар ч юм байгаан. Цөөн айлтай нэг орц бол бас хоорондоо учраа олоод, зохицоод засвар үйлчилгээгээ хийгээд болоод байна гэхсэн. Гэтэл энд чинь 171 өрхийн 800 гаруй оршин суугч байна. Бид аминдаа л давхраараа нэгдэж, орцныхоо засварыг хийгээд байгаа. Зарим давхар их сайхан болсон. Зарим нь ч хэрэг алга. Хэцүүхэн л байх юм. Манайх зургаан жилийн өмнө энд орохдоо дээврээ өөрсдийн хөрөнгөөр засаад орсон. Гэтэл одоо муудчихсан. Тэгээд СӨХ-өөсөө ус гоожоод болохоо байлаа, засаад өгөөч гэж зөндөө гуйлаа. Ер тоохгүй. Одоо бүр хажуугийн айл, доод талын айл ташраараа 10 давхар хүртэл гоожиж байна. Бороо орчих вий гээд л яс хавталзаад байна. Тэгэхэд энэ СӨХ-ийн дарга “Би чадлаараа ажлаа хийж байна. Өөсдөө учраа ол” гэх. Ингэх юм бол СӨХ-ын хэрэг юу байна. Энд одоо ядахдаа агааржуулах хоолой байхгүй. Тэрнийх нь зураг ч байхгүй. Хаана байх ёстой нь ч мэдэгдэхгүй болчихсон. Одоо олж учрыг нь олохгүй бол бүр болохоо байлаа.” гэв.

Есдүгээр давхрын оршин суугч Х “Орц гэж авах юмгүй. Энэ угаасаа бүүр ужгирчихсан. СӨХ-ийг буруутгах ч хэцүү. Ерөөсөө хаа хаанаа байна. Хог, үнэр танар, хорхой шавьж, ус гээд болох болохгүй бүх юм манай энд байна. Ядахнаа л хоггүй, цэвэрлэгээгээ хийгээд байдаг бол өөр шүү дээ” гээд толгой сэгсрэн яваад өгөв.

СӨХ-ын дарга ирээгүй л байв. Утсаар холбогдоход “очиж байнаа” гэсэн учир түүнийг хүлээнгээ дээд давхруудаар явж үзэхээр лифтээр өгслөө. Лифт шинэхэн болоод ч тэрүү, тохитой, ажиллагаа нь хэвийн аятайхан юмаа. 16 давхар дахь том шилэн цонх бүхий тасалгаанаас Дарханаа тольддог байснаа санаад тийшээ орж үзэхийг хүссэн юм. Гэвч өрөө хаалттай, дангинатал нь түгжсэн байв. Хэдэн жилийн өмнө аймгийн музейн дарга асан, одоо “Залуучууд” театрын даргаар ажиллаж буй А.Болорсүх энэ тасалгаанд хотын музей байгуулах юмсан хэмээн телевизэд өгсөн ярилцлагадаа хэлж байсан санагдана. Уг нь эзэнтэй, бүр тэр тусмаа музейтэй болчихсон бол арай өөр байх байсан болов уу?? Далдхан горьдлого төдий юм даа...

Саяхан, тус багийг Дархан сумын ИТХ-д төлөөлдөг А.Соронзонболдтой ярилцаж байхад “Бид бага багаар хийгээд л байгаа. Нэг үеэ бодвол дээрдсэн. Нэг аж ахуйн нэгж дээд давхрын өрөөг ашиглаад, байшингийн зарим засвар үйлчилгээг хийж өгье гэх санал тавиад байгаа. Хэрэв энэ бүтвэл сайхан болох байхаа” хэмээн их л өөдрөг ярьcан нь санагдав. Гэхдээ л, одоо ч нэгдүгээр давхарт үйлчилгээний байгууллагууд ажиллаж байгаа. Гэвч байр “эзэнтэй” болсон билүү. Тэд гаднаасаа гоё харагдах ч дотоод асуудлууд нь хэрхсэн бол???

Одоо СӨХ-ын дарга ирж байгаа байх. Нэлээн ч удчихлаа. Гэхдээ буухдаа лифтээр биш, шатаар бууж үзье...

Гурван жилийн өмнө гарсан галын ул мөр хаа сайгүй. Нэг л таагүй, дотор давчдах, дээрээс ямар нэгэн хүнд юм дарах шиг дарамттай орчин...

Гэтэл нэг зүйлийг хараад нүд орой дээрээ гарах шахав. Долдугаар давхрын шатны хажуугийн жижиг өрөөнд хүнсний дэлгүүр ажиллаж байх юм. Үүдээ дэлгээд, элдэв янзын хүнс өрчихсөн цагаан цамцтай ах, ялаа үргээгээд хээв нэг сууж байв. Мэргэжлийн хяналт нь зөвшөөрдөг л юм байх даа???? Зургийг нь гялс дараад авлаа. Дэлгүүрийн эзэн ихэд дургүйцэж байнаа...

Утас дуугарав. СӨХ-ын дарга ирсэн байна гэв. 50 орчим насны эгч инээмсэглэн зогсож байв. Би сайтаас яваа сэтгүүлч гэдгээ хэлэхэд “Чи яах гэж ирсэн юм?” гэв. Таны хариуцаж байгаа байрны талаар сурвалжилга бэлтгэж байгаа юмаа. Та СӨХ-ийн даргын хувьд надтай ярилцахгүй юу?” гэхэд. “Өө, би чамайг сайтаас явна гэхээр чинь манай дээр антенн нь байдаг үүрэн холбооны, бас фм радиогийн газруудаас яваа юм байх гэж бодоод яараад ирсэн. Надад чамтай ярих юм байхгүй ээ” гэв. “Үгүй ээ, эгчээ. Танай энд байдал ямар байгааг. Ажил хийхэд юу нь болохгүй байгаа зовлон жаргалаа л та ярихад болно шүү дээ. Холбогдох хүмүүс нь хараад ямар нэгэн шийдвэр гаргахад нөлөөлөх байх” хэмээн аргадангуй гуйхад минь “Би энэ ажлыг чадлаараа л хийж байна. Харин ч хийснийхээ төлөө хүмүүст дарамтлуулаад, өчигдөрхөн цагдаад хандчихсан байгаа. Миний асуудлыг цагдаа шийдэх эсэх нь ч эргэлзээтэй байна” гээд юу юугүй уурлахтай болоод явчихлаа. Гэвч тэр дургүйцэн, уурлах зуураа зовлонгоо тоочсоор байв...

16 давхрын СӨХ-ын дарга н.Ганцэцэг

“СӨХ-ийн ажил ямар хэцүү гээч. Хүмүүс ер хүндэлдэггүй. Чадсан чадаагүй ямар их юм хийж, өөрсдийнх нь орчныг сайжруулах гээд яваад байгааг огт ойлгодоггүй. Жишээ нь дээвэр үнэхээр хүнд байгаа. Би энэ асуудлыг шийдүүлэх гээд танилаараа төсөл бичүүлж, санхүүжилт олчих гээд явж байна. Би маш их стрессд орж байна. Хүүхдүүд маань наад ажлаа боль гэсэн. Үнэндээ СӨХ-ын дарга хийх хүн олддоггүй байхгүй юу. СӨХ-ийн дарга ганцаараа байгаа юм шиг л байдаг. Тэгсэн хэрнээ шаардахаараа айхтар. Гэрт нь дусаал гоожихоор гүйгээд ирнэ. “Чи 10 сая авчихаад, 5-ыг нь идчихлээ” гээд хараагаад явж байна. Өнөөдөрхөн хүртэл манай хажуугийн 17-ийн СӨХ-ийн дарга “Яанаа, ус сувгийнхнаар юм хийлгэх гэсэн чинь тамхи байдаггүй. Зээлээч” гээд аваад явлаа. Бид нар ингэж л ажлаа хийж байна. Бидэнд юм байхгүй байсан ч, яаж ийгээд юмаа ломбарданд тавиад ч хамаагүй зохицуулдаг. Гэтэл оршин суугчдын идэвх оролцоо муу. Мөнгөө ч өгөхгүй. Цаашдаа ер нь манай Дарханд Орон Сууцны контортой байхгүй бол болохгүй нь. Жишээ нь манай 16-д бол 1 цахилгаанчин, 1 сантехникч, 2 цэвэрлэгч, СӨХ-ийн дарга, байцаагчтай байвал болох гээд байна. Гэтэл ийм олон хүнийг иргэдээс авч байгаа мөнгөөр цалинжуулж чадахгүй. Тэгэхдээ чадахгүй гээд бид зүгээр суугаагүй. .... тоотын согтуу бас өглөө загнаж харааж байгаад л гарсан. Ямар хүмүүс ингэж загнадаг гээч... мөнгөө өгдөггүй хүмүүс...” хэмээн ярьж байснаа “Би ерөөсөө дээд удирдлагаасаа зөвшөөрөл авч байж яриа өгнө” гэлээ. “Таны дээд удирдлага чинь оршин суугчид чинь биш юмуу? Та тэднээс санхүүждэг биз дээ? Хамгийн сүүлд хийсэн оршин суугчдын хурлын протоколыг нь үзэж болох уу” гэхэд “Би өмнө СӨХ-ийн дарга хийж байсан хүнээс нэг ширхэг ч цаас хүлээж аваагүй. Тэгсэн атлаа яахаараа та нарт юмаа үзүүлэх ёстой юм. Манайд удирдах зөвлөл гэж бий. Чи тэр хүмүүстэй уулзаарай...” гээд яваад өглөө.

Өрөвдөх ч шиг... Нээрээ энэ СӨХ –ийг яамаар ч юм бэ дээ. Айлуудаас авч байгаа мөнгөнөөсөө гадна үйлчилгээний байгууллагуудын хураамж, антенн байрлуулсны төлбөр гээд ямар ч байсан нэмэлт орлогууд олоод л байдаг бололтой. Гэвч энэ талаараа тайлан тавьдаг эсэх нь эрэгэлзээтэй.

Ингээд тус байрны СӨХ-ын УЗ-ийн Дарга н.Бэгзсүрэн гуайтай утсаар холбогдлоо. Тэрбээр энэ байшинд хамгийн удаан амьдарч байгаа хүмүүсийн нэг.

16 давхрын СӨХ-ы УЗ-ийн дарга н.Бэгзсүрэн:

“Одоо Дарханд орц нь ийм үнэртэй байр ховор болчихсон шүү. Дээврийнх нь усыг шууд доошоо зайлагдахаар хийсэн мөртлөө, доошоогоо усаа зайлуулдаг шугам байдаггүй. Зураг хөргийг нь үзье гэхээр, олддоггүй. Хотын архивт ч байхгүй. Арай инженерийн зураггүй юм хүлээж аваагүй л байлтай. Миний зүгээс СӨХ-дөө аль болох тус дэм болохыг л хүсэх юм. Дулаан, Ус суваг гэх мэт газруудтай уулзаж, ярилцахыг нь хийхээс биш дотоод ажилд нь оролцоод хэдэн төгрөг байна гэж бид явдаггүй. Оршин суугчдын хурлыг он гарсаар хоёр ч удаа хийх гэж оролдлоо. Ерөөсөө манай оршин суугчид өөрийнхөө хаалганаас дотогшиход анхаарна уу гэхээс, ядахдаа хогоо бункерт хийчихдэг нь ховор шүү. Гайхамшигтай. Яахаараа ийм байдаг юм. Түрээсийн голдуу байдаг болохоороо тэгдэг юмуу, бүү мэд. Цэвэрлэгч л авч хогийг нь далд хийхгүй бол, тэгээд л байж байна. Би СӨХ-ын даргатайгаа бараг өдөр бүхэн уулздаг. Нэг хэсэг их эрчтэй сайхан ажиллаж байсан. Гэвч сүүлийн үед нэг л болиод байна. Янз бүрийн зовлон тоочиж л байх юм. Заримдаа хөөрхий СӨХ-ийнхөө мөнгийг байг гэхэд ядаж гэрэл, цахилгааныхаа мөнгийг өгөөчээ гээд л амьтан хүнээс гуйгаад явж байх юм байна шүү. Дээвэр, тэр доод инженерийн шугам энэ тэрийг солиход 10 орчим сая төгрөг аймгаас өглөө гэсэн. Гэхдээ түр зуур аргацаасан юм болох шиг боллоо. Би тэр хийсэн ажлыг аймаг сумаас төлөөлөл болж ирсэн хүнтэй нь орж үзсэн. Ингэж хиймээр байна гэдэг шаардлагаа тавиад гарсан. Дээрээс бууж ирж байгаа шугамд тулгуур биш бэхэлгээ хиймээр байгаа юм. Тулаад орхисон юм нэг өдөр мултраад л унана. Өндрөөс бууж байгаа юм чинь доргино, гадны хүч нөлөөлөхтэй зэрэг л уначихна шүү дээ. Энэ мэт дутуу хагас хийгээд байхаар олигтой юм болохгүй байна уу л гэж бодох юм” хэмээн ярив.

Гадаа, тоглоомын талбай дахь бяцхан жаалуудын дуу аз жаргалтай цуурайтана. Орцноос гарахад агаар цэвэрхэн байгаа... Тэр жаалууд аюулгүй, амар тайван, эрүүл орчинд өсөх ёстой. Гэвч “16 давхарт юу ч нөлөөлөхгүй дээ...” хэмээн оршин суугч хэвлүүхэн хүүгийн хэлсэн нь санаанд бууна.

Өнгийг нь сэргээн будсан өндөр барилгатай хамт сельфи хийхэд ямар ч байсан нүүр улайхааргүй...

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.55.188.36)
    Бүрэн шинэчлэл засвар хиймээр юм даа. Нэг талдаа оршин суугчдын асуудал мэт боловч хотын маань нүүр царай, түүх, бахархал юм шүү дээ
    2019 оны 07 сарын 18 | Хариулах
  • зочин (103.242.47.90)
    16 давхар нэг үе бодвол ч сайхан байгаа шүү, хог үнэр танарын хувьд цэвэр оршин суугчидын өөрсдийн арчаагүйнх гэж хэлж болно, энд лифтний үйлчилгээ бол маш сайн, лифтээ байнга цэвэрлэдэг бол ч бүр сайн, харин тэр сөх - ийн дарга хүүхний хувьд одоо өөрийн бизнесээ хийгээд завгүй байгаа юм биш үү, хийсэн гийгүүлсэн юмийг нь мэдэхгүй л юм байна
    2019 оны 07 сарын 18 | Хариулах
  • Zochin (64.119.27.179)
    Mundag setgvvlch yumaa vnen boditoi tsag veteigee niitssen bolomjiin surwaljlaga boljee tand amjilt xvsey
    2019 оны 07 сарын 18 | Хариулах
  • Оргил (66.181.186.124)
    Хэцүү юмдаа хаа хаанаа хажуугийнх нь гурван 9 давхарын цахилгаан шатыг мэргэжлийн хяналт гэж гвазар хавар бас хаачихсан хуучных гээд ниргэсэн хойно нь хашгиррч байхаар зөвлдөө бас. Настай хүмүүс нялх хүүхэдтэй хүмүүс орж гарахад үнэхээр хэцүү байрныхан нийлээд шийдэлд хүрье гэхээр цуглахгүй юм сум нутагаас яадаг юм бол та энэ талаар боломжтой бол сураглаж өгөөч
    2019 оны 07 сарын 18 | Хариулах
2211   4
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг