Лхагва 2019-01-02 Дархан
Time out   2019-07-26

"АМЖИЛТ" -гүй ХҮНИЙ ТАЛААР...

Darius Foroux гэж энэ нөхрийн нийтлэлийг орчуулан хүргэж байгаа юм шүү дээ


24 хүртлээ би амжилттай хүнтэй таараагүй юм даг. Ажилчин ангийн жирийн нэг гэр бүлд өсч торнисон миний эргэн тойронд ихэвчлэн нөгөө бүлгийн хүмүүс л тааралддаг байлаа.

Харин хамгийн анх амжилттай хүнтэй таарсан нь 40-өөд насны бизнес эрхлэгч байсан юм. Анхны бизнес гэж хэлж болох, ажлын маань анхны үйлчлүүлэгч. Намайг түүнтэй танилцахад тэр жаахан илүүдэл жинтэй, тоолж барамгүй мөнгөтэй, үргэлж баяр хөөртэй байдаг байлаа.

Гэхдээ тэр эхнэрээ /нэгэн биений нөгөө талаа/ алдчихсан байсан. Тэр надад хэзээ ч тэр уй гашууг “давж гардаггүй” гэж хэлж байсан юм. Хэдийгээр тэр зовлон туулж байсан ч үргэлж ч гаднаа баяр хөөртэй байж, сайн зүйлс хийж бүтээдэг байсан.

Бусдад үргэлж санаа тавина. Үнэнээ хэлэхэд, миний анхны бизнес тийм ч сайн байгаагүй ч гэсэн тэр надад бизнес хийх боломж олгосоор л байсан.

Түүний байнга хэлдэг үг нь “Би амжилтгүй байхаас зайлсхийдэг юм”. Тэр хүнээс сурсан анхны чухал зүйл нь энэ. Түүний хэлснээр бидний амьдралыг юу амжилтгүй, аз жаргалгүй, бүдүүн, тэнэг болгодог вэ гэдгийг мэдэж аваад тэр зүйлсийг багасгахад анхаарах хэрэгтэй.

Өнөөдрийг хүртэл би энэ зөвлөгөөгөөр амьдарч байгаа. Тэр амжилтгүй байхаас зайлсхийх гэдэг үг надад их таалагддаг. Тэгвэл юуг амжилт гэдэг юм бэ?

Хөгжмийн зохиолч Боб Дилан амжилтыг ийнхүү тодорхойлжээ:

Хоёр нарны хооронд х ү ссэн з ү йлээ хийж байгаа  бол   амжилттай х ү н

Амжилттай, бүтээмж хүмүүсийн талаарх ном тэрэг тэргээр бий. Гэхдээ тэдний зуршлыг дуурайж, хийдгийг хийлээ гээд бүгд л амжилттай болж чадахгүй. Үүнийг, эсвэл түүнийг хийчихвэл л би амжилттай, аз жаргалтай болчихно гэж бодож амьдардаг хэдий ч амжилт нь бидний боддогоос хавьгүй төвөгтэй, ярвигтай ирдэг эд.

Харин одоо дурдагдаж буй жагсаалт бол АМЖИЛТГҮЙ хүмүүсийн хийдэг зүйлс. Тиймээс эдгээрээс зайлсхийж чадвал АМЖИЛТТАЙ байх нь дамжиггүй.

1. Тэд одоо цагтаа төвлөрч чаддаггүй

Greg McKeown-ий Essentialism гэж ном бий. Тэр ном дээрээ ийм нэг түүх хуваалцсан байдаг юм.

  • Сургууль төгссөнөөсөө хэдэн жилийн дараа хамт сурч байсан найзтайгаа таарчээ. Тэр найз нь ажилгүй байгаа, McKeown-ийг туслаач гэж гэнэ. Тэгснээ хорьхон секундын харилцан яриан дунд тэр нөхөр ирсэн мессежэндээ хариулаад утсаа таг ширтчихсэн гэнэ шүү.

McKeown “Арван секунд, хорин секунд өнгөрөөдөхөв. Би тэнд тэр хүний мессежлэхийг хараад л зогсож байсан. Мэдээж хоёр минутын дараа би залхаад яваад өгсөн” гэж хэлжээ.

Ирээдүй юм уу, өнгөрсөн цагт амьдарч, түмэн юм толгойдоо эргэлдүүлээд яваад байж болохгүй. Хэрвээ тэр залуу одоо цаг дээрээ төвлөрч чадсан бол магадгүй Greg McKeown-оос ажлын санал авах байсан ч юм билүү.

2. Тэд хоосон ярьдаг

Ярихаас илүү чухал зүйл юу байдаг гэхээр??? Тэр нь хийх бүтээх

2010 оны TED talk-д Derek Sivers Зорилгоо хүнд хэлэхгүй байх талаар илтгэл тавьснаас дурдъя. Илтгэлд хэлснээр хүнд санаж бодсон зорилгоо яриад явах нь урвуу үр дүн авчирдаг.

Амьдрал дээр ч, сошиал медиа дээр ч “Би марафонд орохоор бэлдэж байна”, “Бизнес эхлүүлж байна” гэх мэтийн “зарлал”-ууд хаа сайгүй.

Үүнд үзүүлэх хүмүүсийн хариу үйлдэл их хачин. Тэд ингэж “зарласны” төлөө л баяр хүргэдэг. Тэгэхээр түр амсхийгээд нэг бодоод үзье: Марафонд оролцоно гэж хэлэх, жинхнээсээ марафонд гүйх хоёр чинь тэнгэр газар шиг ялгаатай, тийм биз?

Харин бидний тархинд энэ тийм ч их ялгаатай биш. Derek Sivers хэлэхдээ:

Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар хэн нэгэнд зорилгоо хэлэхэд тэд түүнийг чинь үнэлж урамшуулбал энэ нь “нийгмийн бодит байдал” болно. Энэ нь тухайн зүйлийг аль хэдийн хийчихсэн мэт хуурамч мэдрэмж төрүүлдэг. Тэгээд энэ сэтгэл ханамжийг мэдэрсний дараа өнөөх ажлаа гүйцэлдүүлэхэд шаардлагатай урам зориг чинь буурчихдаг.

Тиймээс зүгээр нэг яриад явдаг биш, хийж бүтээдэг хүн бай.

3. Тэд бүтэхгүй хүмүүстэй нөхөрлөдөг

Үл бүтэх нөхөдтэй нийлээд л бай, удахгүй чи өөрөө тэдний нэг болно. Үүнийг ямар ч төрлийн хүн дээр хөрвүүлж хэрэглэж болно.

Булчинлаг, эрүүл биетэй болмоор байна уу? Тэгвэл тийм хүмүүстэй цагийг өнгөрүүл. Хүмүүс чинь нэг нэгнийхээ эрчим хүчээр амьдардаг юм шүү дээ.

Найз чинь бэлтгэлийн заал руу явъя гэж дууддаг байвал зүгээр үү? Долоо хоногт гурван удаа шоудъя гэж уриалдаг байвал зүгээр үү?

4. Бүхнийг үзэн ядагчид

Ихэвчлэн өөрөөсөө илүү яваа хүнийг үзэн яддаг. Бусад хүний өмнөөс баярлаж чадахгүй байна уу? Санаа зоволтгүй, та Pollyanna болчихгүй. Та догь, эерэг хэвээрээ байна.

Хүмүүсийг хайрла, тэглээ гээд үхчихгүй. Харин иймэрхүү бүтэлгүй хүмүүс хэнийг ч, юуг ч зүгээр л “байсных нь” төлөө үзэн яддаг. “Өөө, өглөө бороо орчих юмаа. Үс, хувцас хамаг юм муухай болчихлоо. Би бороог үзэн яддаг” гэх мэтчилэн үглэнэ. Арай л байгаа биз?

Үнэндээ ядаргаатай өдөр хоногууд байдаг л юм шүү дээ — хүн бүрт л тийм үе байдаг. Гэхдээ байнга юм болгоныг өөчилж, дургүй чинь хүрээд байвал, амьдрал чинь тэр чигтээ дургүй хүрэм болж хувирна шүү.

5. Ажлыг дандаа хойшлуулж байдаг

Ажлыг хойшлууллаа гээд ямар ашигтай юм бэ? Нэг удаа би профессор багшаасаа эссе өгөх хугацааг маань хойшлуулж өгөөч гэж гуйсан юм.

Багш хариуд нь “Долоо хоногоор хойшлуулж болж л байна, надад асуудалгүй. Харин долоо хоногийн дараа өглөө гээд одоо өгөх эссенээс чинь дээрдэх болов уу?” гэхээр нь би “Үгүй” гэж хэлээд цагт нь дуусгахаар “чацга царайлаад” суусан юм даа. Үнэхээр чанар нь сайжирна гэвэл ямар нэг юмыг хойшлуулж болох юм.

Адилхан л үр дүнд хүрэх юм бол хойшлуулахын хэрэг юу байна? Одоо хий, эсвэл дараа нь илүүг хий.

6. Бусдыгсонсдоггүй

Амжилтгүй хүмүүс зөвхөн өөрийгөө хайрладаг. Шударгаар хэлэхэд, бид бүгд л өөрсөддөө хайртай. Гэхдээ амжилтгүй хүмүүс ЗӨВХӨН өөрсдийгөө хайрладаг.

Бид бусдыг сонсдог. Учир нь бид тэднийг анхаарч, хайхардаг. Анхаардаг гэдгээ ер нь өөр юугаар илэрхийлж болох юм бэ? Хэн ч гэсэн хүмүүсийг тэвэрч өгч чадна. Харин тэр болгон бусдаас “Амьдрал чинь ямархуу байна?” гэж асуугаад сонсож өгч чаддаггүй юм.

7. Залхуу хойрго

Нэг тийм, юу ч хийхгүй байгаа юм шиг мэдрэмж. Их танил мэдрэмж байх шүү. Юунд ч идэвхийлэн оролцдоггүй. Үнэндээ амьдралын сайн сайхан нь шинэ содон туршлагуудад байдаг.

Хэрвээ та залхуу бол, өөртөө ямар нэг шинэ зүйл турших боломж олгохгүй дээ. Ийм залхуу байх нь хамт байгаа хүмүүст чинь ч муухай.

8. Суралцдаггүй

Энэ хорвоо дээрх хамгийн хэцүү ажил “суралцах” байх. Огт ном уншдаггүй, сургуулиа дүүргээгүй, алдаан дээрээсээ суралцдаггүй хүнтэй таарах нь тийм ч гайхмаар юм биш. Сурна гэдэг чинь “алаан” байхгүй юу.

Тэгэхээр, бодъё л доо. Бид сурахад хамгийн гайхалтай эрин үед амьдарч байна. Мэдээлэл олж авах хэзээ ч ийм амархан байгаагүй. Урд нь бол, аав чинь малчин бол чи малчин л болдог байлаа шүү дээ.

Одоо бол чи хүссэн амжилтандаа хүрч, хэн ч болж болно — хамгийн гол нь түүндээ хүрэхийн тулд СУРАХ хэрэгтэй.

9. Найрсаг биш

Хямсгар байх нь догь гэж боддог хүмүүс байх юм. Шулуухан хэлэхэд, харин ч найрсаг байх нь илүү догь. Хөөрхөн ааштай байхын тулд сүмийн гэлэнмаа, буддист лам байх ямар ч шаардлагагүй.

Яах вэ, туршаад үзэхгүй юу. Шинэ найз нартай болчих ч юм билүү. Харин “хөөрхөн ааш”-тай байна гэдэг нь юу гэсэн үг юм бол доо гэж бодож байгаа бол, та ч эвгүй нөхөр байна даа.

10. Эхэлснээ дуусгадаггүй

Сүүлд хадгалж авсан нэг үг бий. Энэ нийтлэлээс нэг л үгийг сонго гэвэл би доорх үгийг л сонгоноо. 

Бидний хамгийн том сул тал бол “бууж өгөх”. Амжилтанд хүргэдэг хамгийн тод зам бол “дахиад нэг оролдоод үзэх”

/Томас Эдисон/

Үүн дээр нэмэх юм ч алга даа.

Аан тийм, “Хэзээ ч битгий бууж өг”

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ммм (202.179.27.52)
    сайхан зүйл уншлаа, баярлалаа
    2019 оны 09 сарын 13 | Хариулах
545   1
НИЙТЭЛСЭН: Б.Батзаяа