Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-08-03

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛД НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ЗОХИЦУУЛАЛТ ХЭРХЭН ТУСАВ

Өдгөө орон даяар хэлэлцэж, олон нийтийн саналыг аваад буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл нь үндсэн дөрвөн багц асуудлыг тусгасан. Эдгээрт: Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах;   Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах;  Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах;  Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг асуудлууд багтаж байгаа юм. Үүнээс Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зорилтыг хэрхэн тусгасан талаар та бүхэнд хүргэе.

Энэхүү заалтууд нь Монгол Улсад хотууд хөгжих эрх зүйн үндсийг нээх гол заалт болно хэмээн төслийг санаачлагчид үзэж байгаа юм.

Цаашид шинэчилсэн зохицуулалт Үндсэн хуульд орсны дараа хэдэн хүн амтай, ямар газар нутагтай сууринг хот хэмээн үзэхийг өөр хуулиар нарийвчлан зохицуулах ажээ.

Тодруулбал, одоо Монгол Улс баг хороо, сум дүүрэг, аймаг нийслэлийн ИТХ-тай бөгөөд аль нь үндсэн нэгж болохыг хуулиар нарийвчлан заагаагүй байдаг. Тиймээс нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдээс сонгосон сум дүүргийн ИТХ бол нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн нэгж байна гээд сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг иргэд сонгохоор тусгажээ.

Өөрөөр хэлбэл амьдарч байгаа сум, дүүргийнх нь төсвийг баталдаг, захиран зарцуулдаг байгууллага нь хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байхыг иргэд өөрсдөө тогтоодог, сонгодог болох нь. Мөн сум, дүүргийн эрх мэдлийг тэлэх зорилгоор нутаг дэвсгэртээ татвар тогтоох, өмчтэй байх асуудлыг оруулсан байна.  

Түүнчлэн аймаг, нийслэлийн ИТХ нь сум, дүүргийн ИТХ-аас сонгосон төлөөлөгчдөөс бүрдэнэ гэж заасан нь тусгай сонгууль явуулахгүй байх зохицуулалт болохоор туссан байна.

Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд томилохоор, Баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга томилохоор, Харин Сум дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэдээс сонгож, аймаг нийслэлийн Засаг дарга батламжилахаар тусгасан байна.

Сум, дүүргийн Засаг даргыг хугацаанаас нь өмнө огцруулсан бол бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилно гэжээ.  

 Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа дөрвөн удаа хэлэлцэн баталсан байдаг. Хамгийн сүүлд буюу 1992 онд баталсан "Ардчилсан" Үндсэн хууль мөрдөгдөөд 20 гаруй жил болжээ. 2010 оны арванхоёрдугаар сарын 23-нд УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан юм. Энэ хуулийн дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт явагдана. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
601   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan