Лхагва 2019-01-02 Дархан
FOCUS Cafe   2019-12-10

ӨӨР ЭМЧИЙН ЭХЛҮҮЛСЭН ЭМЧИЛГЭЭГ ЭНД ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ

 

“Дархан Денталь Арт” шүдний эмнэлгийн эмч Ж.Заниамядар:

Шүдний согог засал, гажиг заслыг андуурах нь их. Ялгааг нь тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?

-  Шинэхэн цаасыг базаад тэнийлгэхэд үрчийж, өнгө зүсээ алддаг. Үүнийг индүүдсэн мэт өөгүй тэгш, цэвэр болгох нь гажиг засалтай дүйнэ. Харин бүрэн бүтэн биш болж урагдаж хуваагдсан цаасыг сэргээж, хэвийн болгох нь согог засал. Өөрөөр хэлбэл гажиг засал нь бүх шүд нь байгаа хэдий ч харагдах байдлын хувьд хэвийн биш байгааг төгс болгож байгаа бол согог засал нь байхгүй болсныг бий болгож, сэргээж байгаа нь юм. 

Байхгүй болсон, унасан эсвэл авахуулсан шүдийг нөхөж хийлгэхгүй байх нь ямар үр дагавартай байдаг вэ?

-  Насанд хүрэгчид хүүхдийнхээ төдийгүй өөрсдийнхөө эмчилгээ хийлгэх боломжтой шүдийг олон дахин ирэхээсээ төвөгшөөгөөд авахуулъяа гээд ороод ирдэг. Энэ их буруу. Аль болох авахуулахгүй байх хэрэгтэй. Учир нь авсан шүдний зай уруу хажуугийн шүднүүд нүүж, шүд хооронд зай завсартай болно. Улмаар авахуулсан шүдний зайд хэрэв хиймэл шүд зүүхгүй, зөвхөн нөгөө талын араагаар зажлаад байхаар, яваандаа нүүрний булчингуудийн тэнцвэр алдагдаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл зажилдаг талын нүүрний булчин чанга, нөгөө тал нь суларна. Зарим хүн миний нүүр далий байна гээд байдаг. Энэ нь нүүрний аль нэг талын булчин суларсных юм. Эмч нар зөвхөн авах заалттай шүдийг л авахаас бусад тохиолдолд шүдийг авахуулахгүй байхыг зөвлөдөг.

Танайх согог заслын ямар эмчилгээ, үйлчилгээнүүдийг явуулж байна?

- Гажиг заслын эрүү, хоншоор тайрах мэс заслаас бусад бүх, согог заслын бүх төрлийн эмчилгээ, үйлчилгээг хийж байгаа. Тухайлбал бүх төрлийн авагддаг ба авагддаггүй хиймэл шүд, холливууд смайл гэх мэт. Энэ бүх эмчилгээ үйлчилгээндээ Япон, Солонгос, Герман материалуудыг ашиглаж, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологоор, халдвар хамгааллын өндөр түвшинд эмчилгээ, үйлчилгээг явуулж байна.  

Хиймэл шүдний хувьд имплантыг өөрийн шүдийг төгс орлоно гэж сурталчилах юм. Та энэ тал дээр хэрхэн зөвлөх вэ?

-  Мэдээж, өөрийн шүдийг төгс орлох юм гэж хаана ч байхгүй. Бурхан хүнд эхлээд сүүн шүд өгдөг. Тэрийгээ арчилж хамгаалж чадаагүй бол дахин сайжруулж ясан шүд өгдөг. Харин ясан шүдээ алдсан бол эмч имплантыг хийж өгч болно. Энэ бол гурав дахь боломж юм. Одоогоор шүдийг орлох хамгийн сайн хувилбар. Манайх Солонгосын “Осстем” брэндийн имплантийг хийж байгаа. Дэлхий дээр автомашинуудаас “Тоёота” борлуулалтаараа тэргүүлдэг бол “Осстем” брэндийн имплант түүнтэй дүйнэ. Борлуулалтаараа тэргүүлдэг, маш сайн чанар, үзүүлэлттэй, бас үнийн хувьд боломжийнд тооцогддог юм.  

Дарханыхан имплант хийлгэх гэж Улаанбаатарыг зорих нь ч их байдаг. Тэгэхээр заавал тийшээ явах шаардлагагүй байх нь?  

- Манай эмнэлэг шүдний согог засал, гажиг заслаар мэргэшээд есөн жил болж байгаа туршлагатай хамт олон. АШУИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийн захирал, доктор Ж.Отгонболд зөвлөхөөр ажилладаг. Тэгэхээр Улаанбаатарын эмнэлгүүдэд хийж буй бүх төрлийн эмчилгээ, үйлчилгээг чанарын өндөр түвшинд, яг тэнд хийдэг материал, хэрэгсэл, технологиор хийж байгаа. Тиймээс хол явж цаг заваа гарздах, мөн давхар зардал мөнгө, санхүү зарцуулах шаардлагагүй болов уу. Манайд “Эмчилгээгээ Улаанбаатарт эхлүүлчихсэн, танайхаар үргэлжлүүлж болох уу?” гэх хүмүүс ханддаг л даа. Харамсалтай нь тийм боломжгүй. Гажиг заслын хамгийн хүндрэлтэй юм нь эмчилгээний аргаа эмч өөрөө сонгодог юм. Гажиг заслын эмчилгээ маш олон төрөл байдаг. Эмч оношлогоо хийгээд, тэрэндээ тааруулж өөрийн төлөвлөгөөгөө гаргаад эхэлдэг. Мөн тухайн эмнэлэг ямар арга техник хэрэглэж байгаагаас хамаараад өөр өөр. Тиймээс өөр эмчийн эхлүүлсэн эмчилгээг энд үргэлжлүүлэх боломжгүй юм. Тэгэхээр анхнаасаа хаана эмчилгээгээ эхлүүлэх вэ гэдгээ сайн бодож, төлөвлөж эхлүүлэх хэрэгтэй болов уу. Манайд Улаанбаатараас хүмүүс их ханддаг. Тэгээд, өө Дарханд юмуу гэх нь бий.

Имплантыг хийлгэхэд сөрөг заалт бий юу?

- Сахар хэт өндөртэй тохиолдолд эсрэг заалттай. Бага зэргийн сахартай бол хянаад хийх боломжтой. Мөн эмчилгээний үеэр виног ор тас хорьдог.

Имплантаас өөр авагддаггүй ямар хиймэл шүд хийлгэх боломжтой вэ?  

- Хоосон болсон шүдний хоёр талын шүдэнд холбож суулгадаг гүүрэн шүдэлбэрийг хүмүүс бас их хийлгэдэг. Энэ нь имплантыг бодвол үнэ өртөг арай бага байдаг.

Мэдээж болж өгвөл авагддаггүй шүдийг хийлгэх нь зөв байх. Гэвч үнэ өртөг өндөр байдгаас авагддаг шүд хийлгэх нь түгээмэл байдаг шүү дээ?

- Авагддаг шүдний хувьд түгээмэл хэрэглэдэг ягаан буйлтай хиймэл шүднээс гадна металл тагнайтай шүдийг хийлгэж болно. Олон улсад авдаг ягаан буйлтай шүдийг түр шүд гэж үздэг. Дээд тал нь зургаан сар хэрэглэх заалттай. Өөрөөр хэлбэл авагддаггүй шүд хийлгэх хүртэл тэр хүний амны хөндийг шүдтэй байлгах үүднээс хэрэглэдэг юм. Гэвч манай улсад өндөр настнуудад халамжаар өгөхдөө гурван жилийн хугацаатай өгч байгаа. Шүдгүй болсон хэсгийн яс бага багаар шимэгдэж байдаг юм. Тиймээс ягаан буйлтай хиймэл шүдийг удаан зүүхэд аажимдаа буйландаа томдоод, завсараар нь хоол хүнсний үлдэгдэл орж, ярихад сугардаг болдог. Бас эвгүй хазах тохиолдолд хугарах эрсдэлтэй. Харин авагддаг металл тагнайтай хиймэл шүдийг удаан хугацаанд зүүх боломжтой. Энэ шүдийг зүүхдээ амны хөндийд хэмжилт хийж, оношилсны үндсэн дээр зүүж өгдөг учир амны хөндийд маш тохиромжтой, зай бага эзэлдэг. Мөн зургаан сар болоод шүдээ бүтнээр нь солиулахгүй, зөвхөн хуванцар ордог хэсгийг нь солиулаад байж болно. Энэ нь хажуугийн шүдийг гэмтээхгүй, хөдөлгөөн ордоггүйгээрээ давуу талтай.

“Холливууд смайл”-ыг танайх хийх үү? Ер нь энд ямар ажилбар хийгддэг юм бэ?

-  Тиймээ, манайх хийж байгаа. Энэ нь бүрээсний нэг төрөл юм. Шүдний харагдаж байгаа цагаан хэсэг буюу цөгцөн хэсгийн 3/1-с дээш хувь нь байхгүй болсон тохиолдолд бүрээс хийж сэргээж, хэвийн болгож буй ажилбар. Ингэхдээ шүдний бүтцийг бүрээс суух хэмжээгээр өөлж, түүн дээр үндсэн шүдний хэлбэр хэмжээгээр шинэ бүрээсийг нааж өгдөг юм. Хагарах, хугарах гэх мэт эрсдэл байхгүй. Өөрийн шүд мэт болдог. Харагдах байдал, гоо зүйн хувьд ч маш сайхан болдог. Хамгийн гол нь амны хөндийн арчилгаа маш сайн байх ёстой. Холливууд смайлийн давуу тал нь шүднийхээ хэлбэр, өнгийг өөрийнхөө хүссэнээр өөрчлөх боломжтой байдаг. Жижигхэн шүдтэй хүн том болгох, хэт том шүдтэй бол багасгах гэх мэтээр өөрчилж болдог. Мөн сүүлийн үед буйлны хэлбэржүүлэлт гэдэг эмчилгээ нэвтэрсэн. Зарим хүний буйлных нь 3/2-нь ил гарчихсан, шүднийх нь харагдах хэсэг маш жижигхэн байдаг. Энэ тохиолдолд мэс заслын аргаар буйлыг тайрч, хэлбэржүүлэлт хийж, шүдийг нь ил гаргах эмчилгээг хийж байгаа.

Үйлчлүүлэгчдийн хамгийн ихээр анхаарал хандуулж сонирхдог зүйл халдвар, хамгааллын асуудал байдаг шүү дээ. Танайх энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна?

-  Халдвараас хамгаалах хамгийн чухал зүйл юу гэхээр аль болох нэг удаагийн хэрэгслүүд ашиглах. Бид үйлчлүүлэгчийн хэрэглэж буй зүйлсийг нэг удаагийн болгохыг чухалчилдаг. Мөн ариутгал, халдваржуулалтуулалтын стандартыг нарийн баримталж ажилладаг.

 

“Дархан Дентал Арт” эмнэлэг Консулын уулзварын дэргэдэх есөн давхар байрны нэгдүгээр давхарт байрлаж байна.

Харилцах утас: 94707020   99150885   99028308

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.181.49)
    Hayg ni heregtei bn
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
1500   1
НИЙТЭЛСЭН: MyDarkhan