Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-09-09

РЕДАКЦИЙН ЗУРВАС - 1

Манай Дарханд намар, хичээлийн шинэ жилтэй хамт ирж биднийг “ажилд” оруулдаг гээд хэлчихвэл нэг их буруутахгүй болов уу.

Зунжин нам гүм байсан гудамж талбай хөл хөдөлгөөнд орж, амарсан хүмүүсээ орлох хэд гуравхан ажилтантай байсан албан тасалгаанууд дүүрч, зам дээрх суудлын тэрэгнүүд олширон цуварч, бас зунжин амарсан орон нутгийн мэдээллийн хөтөлбөрүүдийн явж эхлэх нь цаанаа л нэг бүх зүйлс хөгжил, хөл хөдөлгөөндөө орж байгааг зарлах шиг...

Энэ бүхэнтэй зэрэгцээд “MyDarkhan буюу “Миний Дархан” сайтын хамт олон бид цоо шинэ контентуудаа таны өмнө дэлгэхээр зэхлээ. Таныг уйдаахгүй сонирхолтой, бас нэгийг бодож хоёрыг тунгаахаар өгөөжтэй байх болно гэдэгт итгэлтэй байна.

Унших эвийг нь олох юм бол хүн бүрийн амьдрал маш сонирхолтой ном. Та бидний дунд эгэл жирийн орших ч гайхамшигийг бүтээж буй хүмүүс ч олон. Тэд хэзээ ч олны өмнө гарч “тууз хайчилдаггүй”, бас надад тохиолдоод байгаа асуудлыг шийдээд өгөөч гэж бусдаас гуйж явахыг хүсдэггүй. Тэд тэмцэж, зорин тэмүүлж, өөрийнхөө төдийгүй өрөөлийн амьдралыг ч өөрчилсөөр байдаг нь гайхамшигтай.

Хичээлийн шинэ жил эхлээд хуучраагүй байгаа энэ цагт, ирж буй долоо хоногийг бид Монгол Улсын Гавъяат багш С.Эрдэнэчулууны амьдрал тэмцлийн түүхээр эхлүүлж байгаадаа таатай байна. Тусламж, дэмжлэг хэрэгтэй олон арван хүүхдүүдийг энэрэн халамжилж, өнөр гэр бүлийг үүсгэн, өсгөн бойжуулж, халамжлан хүмүүжүүлж яваа түүний, хайр дүүрэн ярилцлагыг та заавал тогтож уншаарай. Багшийн хөдөлмөр эхийн сэтгэлээр амилж, хүний амьдралыг гэрэл гэгээтэй замд хөтөлдөг болохыг та эндээс дахин ухаарах болов уу.

Харин энэ долоо хоногийг дараагийн өдрүүдэд “Би өнөөдөр юу амжуулав” булангаас Хүний эрхийн Үндэсний комисс орон нутагт хэрхэн ажилладаг талаарх бичил сурвалжилга, “Онцлох бизнес” булангаас мод, үхрийн шир хослуулсан өвөрмөц брэндийг бий болгохоор ажиллаж буй “ZEKL цүнх үйлдвэрлэгч старт апп бизнесийн тухай, “Time out булангаас найман ам бүлийг ганцаараа авч явж буй өрх толгойлсон хүчирхэг ээжийн ярилцлага, мөн “Sportligt булангаас цаг үеийн шинжтэй “хадаас” материал зэргийг таньд хүргэхээр бэлдээд байна.

Таны шинэ долоо хоногийн ажил үйлст амжилт хүсье.

Өдөр бүр MyDarkhan.mn таньтай хамт.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
273   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan