Лхагва 2019-01-02 Дархан
FOCUS Cafe   2022-06-11

“ЧАДНА” ГЭЖ Л ХЭЛЖ АМЬДАРНА

   “Хүчирхэг эмэгтэй” гэж таныхаар хэнийг хэлэх вэ? Үнэтэй брэндээр гоёж, ганган машин унасан, хэнд ч үл ялагдам босс бүсгүй юу? Аль эсвэл...

Хашааны хаалга онгорхой байлаа. Онгорхой ч гэж дээ, угаасаа хаалгагүй байв. Цэмцгэр, бүртийх ч хоггүй хашаа. Жижгэвтэр байшингаас шавилхан бүсгүй гарч, тосон ирсэн нь миний уулзахыг зорьсон Дархан-Уул аймгийн Дархан сумын ...-р багийн иргэн М мөн байв. Хальт харсан хүнд дунд сургуулийн сурагч охин шиг харагдах энэ эмэгтэй, төсөөлөлд минь байсан ганцаараа найман ам бүлийг авч яваа гэх нэгнээс огт өөр харагдаж байлаа.   

2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар Дархан-уул аймагт нийт 4328 өрх толгойлсон ээж, аав байгаа бөгөөд тэдгээрийн дотор гурваас дээш хүүхэдтэй өрх 185 байна. Мөн нийт хүн амын дунд таван хүүхэдтэй 158 өрх, зургаан хүүхэдтэй 45 өрх, долоо ба түүнээс дээш хүүхэдтэй 9 өрх байна.

Зуны амралт эхэлсэн тул хүүхдүүд нь хөдөө гарсан гэв. Байшин доторхийг нүд гүйлгэн харах зуурт “Олон жаахан хүүхэдтэй айл гэхэд цэвэрхэн, цэгцтэй юм” гэх бодол төрж, ундуй сундуй, бохирдуу орчих угтах байх гэсэн өөрийн төсөөллөөсөө ичих шиг болов.  

Эзэгтэй ширээнд суухыг уриад, дүрэлзсэн алаг нүдээрээ юу асуух бол гэсэн шиг урдаас ширтэнэ. Ширээний урд хананд, хүүхдүүдийн нэрс бичиж, ард нь инээсэн, уурласан, уйлсан /emotion/ гэх мэт нүүрний хувирал бүхий дүрс наасан хуудас цаас харагдав. 

ХҮҮХДИЙГ ТЭЭРШЭЭХ ХҮМҮҮС БАЙХАД, ӨӨРИЙН ЮМ ШИГ ӨГӨӨМӨР СЭТГЭЛ ГАРГАХ НЭГЭН БАЙДАГ НЬ САЙХАН

 “Хүүхдүүдээ хооронд нь уралдуулдаг юмуу?” хэмээн асуухад “Ингэж дүгнэхээр тэд их дуртай байдаг юмаа” гээд инээв. “Бас хэн нь хичээлдээ хэр зэрэг байгааг, даалгавраа хийж байгаа эсэхийг нь өөрсдөд нь ингэж харуулдаг. Энэ жил Г охин маань сургуульд орно. Тэгэхээр энд дөрвөн хүүхдийн нэг бичигдэнэ” гээд “Хүүхдүүдээ сургууль номтой, боловсролтой хүмүүс болоосой гэж хүсдэг. Цэцэрлэгт явсан хүүхэд сургуульд орохоороо их өөр юм билээ. Охиноо гурван настайд нь цэцэрлэгт өгөх гээд зөндөө явсан. Харъяаллынхаа цэцэрлэгт өгөх гэхээр орон тоо дүүрсэн гээд, өөр цэцэрлэгүүд, улсынх нь ч тэр, хувийнх нь ч тэр ялгаагүй авахгүй гээд байсан. Олон ч багш, эрхлэгчээс гуйж үзсэн дээ. Ер халгаагаагүй. Боломжгүй л гэдэг. Харин санамсаргүй нэг хувийн цэцэрлэгийн хажуугаар өнгөрөхдөө, юу ч гэсэн асуугаад үзье гээд орсон юм. Ихэнх эрхлэгч “Хүүхдээ оруулах” гэсэн юм гэхээр л шууд “Орон тоо байхгүй” гэдэг бол энэ цэцэрлэгийн эрхлэгч миний ярихыг зөндөө удаан сонссон. Тэгээд “Таныг ойлголоо. Хүүхдийг нь авъяа. Гэхдээ нэг юмыг анхнаас нь хатуугаас хатуу хэлье. Бид нар л ядарсан гэсэн шиг хүүхдээ бохир явуулж болохгүй шүү. Байнга цэвэрхэн байлгах хэрэгтэй” гэж захисан. Би итгэлийг нь алдаагүй ээ. Одоо дүү нь үргэлжлүүлээд явна.

ТЭГЭХЭД МАНАЙХ ПОДВАЛЬД АМЬДАРДАГ БАЙЛАА...

Арай гэж охиноо цэцэрлэгтэй болгоод дөнгөж санаа амраад байж байтал подвальд нялх хүүхэдтэй айл байлгахгүй гээд СӨХ-өөс биднийг хурдан нүүхийг шаардах болов. Очих газаргүй, орох оронгүй, олон нялх хүүхэдтэй би яахаа мэдэхгүй, дэмий л тусламжийн байгууллагуудаас гэр авч, айлын хашаанд буучих юмсан гээд өдөр бүр зарын дагуу айлуудаар явж байлаа. Гэвч уулзсан айл бүхэн “ОЛОН ХҮҮХЭДТЭЙ” гэхээр л татгалзана. Тэгсэн энэ тухай охин багшдаа “Бид нар хөөгдөөд, ээж өдөржин буух хашаа хайгаад явж байгаа. Миний дүү гэртээ ганцаараа, өлсч, даарч байгаа байх даа” гэж ярьсан байв. Үүнийг захирал багш нь сонсоод “Дүүг нь аваад ирээ. Охин дүүдээ санаа нь их зовдог юм байна. Хоёуланг нь нэг хүүхдийн төлбөрөөр явуулъя” гэсэн. Хүүхдүүдийг маань тээршээлгүй авч, дулаан тохитой орчинд сургаж, халуун хоол ундтай байлган, тусалж дэмжиж, халуун сэтгэлийн гараа сунгасан тус цэцэрлэгийнхэнд, маш их баярлаж талархаж явдаг даа.

“ПОДВАЛЬД АМЬДАРДАГ ГЭЭД ХҮҮХДҮҮД ШОГЛООД, АРАЙ ГЭЖ НУУГДАЖ ОРЖ ИРЛЭЭ”

Том хүүхдүүд маань сургуулийн сурагчид. Сургуулиас янз бүрийн юм нэхнэ. Ядарсан байлаа гээд тэр болгоноос хойшоо сууж болохгүй. Хандив, фонд, засвар үйлчилгээ гээд байнга л мөнгөний асуудал гарна. Би яаж ийгээд л бүгдийг нь өгдөг. Гэсэн ч хүүхдүүд нэгнээ гоочлох нь их.

Өмсч зүүснээр нь, амьдарч байгаа орон байраар нь гадуурхан ялгаварлана. Том охин маань тавдугаар ангид байх үеэсээ “Ээжээ, хүүхдүүд намайг подвальд амьдардаг гээд шоолоод байна” гэх болсон. Өвлийн хүйтэнд “Нуугдаж орж ирэх гэсээр байгаад удчихлаа. Хөлдөх гэж байна...” гэчихсэн ирнэ. Ийм үед их хэцүү...

Бас заримдаа хүүхдүүд зэрэг зэрэг юм нэхнэ. Өмссөн хувцас, барьж байгаа утас, амьдарч байгаа байрнаасаа болоод маргалдаж, муудалцаад ороод ирнэ. Аашилж, учирлах үе байх ч, хүүхдүүдтэйгээ нийлээд уйлах үе ч байна. Амьдралд юу эсийг үзэхэв дээ. Хэцүү үе, жаргалтай үе ч байсан. Жирэмсэн байхдаа өөрийн гэх орон гэргүй, үгийн муухайгаар доромжлуулаад, хоёр жаахан хүүхэдтэйгээ гудамжинд хөөгдөөд гарч байсан.

ХҮҮГЭЭ ТӨРӨХӨД “ОДОО ЗОВЛОН ДУУСЛАА” ГЭЖ БОДСОН. ГЭВЧ...

Нөхөр маань архи их уудаг байлаа. “Битгий уугаач” гэхээр “Хүүхэдтэй болохоороо уухгүй” гэдэг байв. Анхны хүүхэд маань охин төрөхөд аав нь их голсон юм. “Чи надад хүү төрүүлж өгсөнгүй” гээд улам их ууж, гэрээсээ хөөдөг болов. Тийм ч болоод хүүгээ төрөхөд “Одоо нөхөр минь архи уухгүй. Ингээд л амьдрал маань дээшилнэ дээ” гэж өөрийн эрхгүй баярлаж байв. Гэвч юу ч өөрчлөгдөөгүй. Худлаа байсан. Харин ч улам бүр хэцүү болсон доо.  

Өвлийн хүйтэнд хоёр жаахан хүүхдээ хөтлөөд гэрээсээ хөөгдөөд гарч байлаа. Өөрөө сонгино талхтай шарж идчихээд бидэнд юу ч өгөхгүй. Дөрвөн сартай хүүдээ өгөх юм байхгүй. Өлсгөхгүйн тулд усанд гөөхий дэвтээж, вакусны шилэнд хийгээд угжиж байв.

ЗҮДЭРЧ ЯВАА НЭГНИЙГ, ХҮМҮҮС ХҮН ГЭЖ ТООДОГГҮЙ ЮМ БИЛЭЭ

Манай хүн хоёр жил гаруй шоронд суугаад ирсэн юм. Тэр хооронд би том охиноо нэг эмээгээр харуулаад, хүүтэйгээ шатны доодох жижиг өрөөнд амьдарч, орцонд үйлчлэгч хийдэг байлаа. Гэтэл гарч ирсэн өдрөө намайг ёстой “үхтэл” зодсон. “Аллаа, авраарай...” гээд хичнээн орилж, хашгирсан ч хүмүүс гарч ирээгүй. Орцонд хаана ч тод сонстоно шүү дээ. Би огт архи уудаггүй. Тэгэхэд нэг архичин орилж байхын чинээ тоогоогүй. Тоодоггүй юм билээ.

МИНИЙ АМЬДРАЛДАА ГАРГАСАН ХАМГИЙН БУРУУ ШИЙДВЭР

Тэгээд, хүүхдүүд минь л эрүүл саруул, хойд эцгийн “гарын шүүс” болчихгүй бол миний зовох хамаагүй гэж боддог болсон. Энэ миний амьдралдаа гаргасан хамгийн буруу шийдвэр.

Ингэж явсаар, нэг мэдэхэд таван хүүхэдтэй болсон доо.

Миний нөхөр архи уудаг, ааштай авиртай ч намайг хаяагүй. Хамт амьдарсанд нь баярлаж явдаг. Ямар ч гэсэн хүүхдүүддээ хойд эцгийн гар харуулаагүй, аав шиг аав байж чадсан. Харин хань шиг хань байсангүй. Өнгөрөхийнхөө өмнөхөн хүүхдүүддээ нэлээн ширүүн гар хүрч “Та нар энэнээс илүү хатуу үзнэ...” гээд зодоод байсан гэсэн. Багадаа их л зовлон үзсэн хүн юм билээ.

“ҮРТЭЙ ХҮН ЖАРГАЛТАЙ”

Багадаа дуучин болохыг мөрөөддөг байлаа. Байнга урлагийн үзлэгт орж, дуулдаг байсан. Харин одоо бачимдаж, хэцүү байгаа үедээ хааяа нэг караокед ороод дуулдаг. Тэгэхээр тайвшираад, сайхан болчихдог юм. “Үртэй хүн жаргалтай” дууг дуулах дуртай. Ээж минь намайг арвантавтай байхад гэнэт зүрх нь хаагдаад өнгөрсөн юм. Харин аав маань олон удаа аваарт орсон хүнд өвчтэй хүн байлаа. Хонгор сумын анхны тариаланч, тракторч, комбайнчдын нэг байсан юм. Аавын минь их олон одон медаль бий. Бурхан болсных нь дараа ах бид хоёр хувааж авсан. 

Би ер нь ихэвчлэн газар шороо, ногооны ажил хийдэг. Хар нялхаасаа хийж сурсан болохоор ч тэрүү арай дөхөмтэй байдаг юм. Зэрлэг зулгаана. Ногоо хураана. Өвөлдөө зооринд ажилладаг. Байнга ажиллаад, сурчихсан болохоор хүмүүс ч ажиллуулах дуртай. Хааяа муудаж, гэмтсэн ногоотой бууна. Заримдаа гуйгаад авна. Хоолонд нэмэртэй л байдаг юм.

ЦАГ ҮЕ БҮР ХЭЦҮҮ БОЛБОЛ БИ ЯАХ БИЛЭЭ...

Манай хүүхдүүд хуурай хоол идэх нь ховор. Ихэвчлэн шөлтэй хоол иддэг. Тэрэндээ ч их дуртай. Нэмүүлээд л идээд байдаг. Бид хэд талоноороо хүнсээ авна. Дээр нь кг нь 2000 байдаг шулсан яснаас авч, шөл гаргаад хоол хийж иддэг. Махыг бол барагтаа худалдаж авахгүй. Хааяа л талоноороо авна. Нэг кг ясыг хоёр хуваагаад хоол хийхэд яг болдог. Ер нь дэлгүүрээс барагтаа юм авдаггүй. Боов боорцгоо хийж идээд, халамж буухаар хүүхдүүддээ ээлжилж хувцас аваад, тэгээд болоод л байгаа. Хүүхдүүд ч өөрсдөө мэддэг болчихсон. Сар өдрөөр нь тоолчихсон “Одоо миний ээлж” гээд хүлээж байдаг. Заримдаа комиссоос /хуучин хувцасны худалдаа/ юм авна. Харин хүүхдүүдийнхээ 21.000-д гар хүрэхгүй юмсан гэж боддог. Ялангуяа гурван багынхдаа огт хүрэхгүй, шууд хадгаламжинд нь хийдэг. Миний бодол зөв буруу эсэхийг хэлж мэдэхгүй юм. Нэг удаа том охин минь надаас “Яагаад?” гэж асууж байсан. Тэгэхэд нь “Энэ цаг үед ээж нь амжуулаад болоод л байна. Харин ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй. Бүр хэцүү болж, ээж нь ажил хийж чадахгүй болбол яах билээ” гэж хариулсан даа.  

“БИ ЧАДНА” ГЭЖ ХЭЛЖ АМЬДРААРАЙ...

Хүүхдүүдээ нэг тийм мундаг, том ажил хийдэг хүмүүс болоосой гэж боддоггүй ээ. Харин амьдрах ухаантай, мөнгөний үнэ цэнийг мэддэг, хүнтэй сайхан харилцдаг, бусдаас “авъяа” гэхээсээ илүү “өгье” гэдэг хүмүүс болоосой л гэж хүсч байна. Хүүхдүүддээ, бие биедээ дэм тустай амьдраарай гэж захидаг. Олсноо зөв зарцуулж, олж чадахгүй бол олохын төлөө зүтгэж “Би чадна” гэж хэлж яваарай” гэдэг. Зарим хүмүүс намайг ингэж хэлэхээр буруу яриад байна гэх нь бий. Мэдэхгүй юм...

ТӨГСГӨЛД НЬ

АМЬДРАЛД ХАТУУ ЗҮЙЛ ТОХИОХ Ч, БИД НЭГ Л МЭДЭХЭД ДАВСАН БАЙДАГ

Торомгор алаг нүдэндээ дүүрэн ирэх нулимсыг сул тавилгүй хүчлэн, хүчлэн хүүрнэсэн М бүсгүйн сэтгэлийн гүн дэх бараан дурсамжийг сэдрээн бид ийнхүү удаан ярилцлаа.

Эцэст нь түүнээс “Одоо юунд зорьж байгаа вэ?” хэмээн асуухад “Миний зорилго уу?” гээд инээмсэглэснээ “Энэ байшинг бид холын садангаасаа урт хугацаатай зээлээр авсан юм. Өвөлдөө энд тэндээсээ сийгээд, их хүйтэн юм билээ. Тиймээс энэ жил байшингаа дулаалаад, хашаагаа битүүлээд авбал боллоо. Тэгээд хавраас хашаандаа ногоо тарина. Ямар чадахгүй биш. Харин алсдаа хүүхдүүдээ сургууль соёлтой, боловсролтой хүмүүс болгочих юмсан л гэж боддог. Хүүхдүүд маань зөв явж, амьдралд хүрчихвэл болно доо” гэлээ.

“Та сая яриандаа таван хүүхэд төрүүлсэн гэсэн. Гэтэл надад танайхыг найман ам бүлтэй гэсэн?” гэхэд “Эгч маань бурхан болж, ганц охин нь үлдсэн юм. Тэгээд би өөр дээрээ авсан. Бас талийгаач нөхрийн маань хөгжлийн бэрхшээлтэй дүү манайд байдаг. Тэгээд ам бүл наймуулаа болж байгаа” гээд “Амьдралд хүнд, хэцүү зүйлс тохиолдох нь бий. Гэхдээ нэг л мэдэхэд даван туулсан байдаг. Ядраад байна, болохгүй байна, бүтэхгүй байна гээд байвал юу ч бүтэхгүй. Аль болох “ЧАДНА” гэж л амьдрана даа...” хэмээн инээмсэглэн хэлсэн юм.

  • Үндэсний статистикийн хорооноос гаргасан “Хүчирхийллийн нүцгэн үнэн” судалгаанд дурьдсанаар Монголын нийт эмэгтэйчүүдийн 57,9% нь хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртсөн байдаг бөгөөд хамтрагчийн үйлдсэн бие махбодийн хүчирхийлэл Дархан-Уул аймагт 41%-тай буюу хамгийн өндөр байна.
  • Хамтрагчийн зүгээс бие махбодийн хүчирхийлэлд өртсөн дөрвөн эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртсөн тухайгаа хэнд ч хэлээгүй хэмээн хариулсан бөгөөд нийт хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 43.6% нь “хэн ч туслаагүй” гэжээ.

Жич:  Нийтлэлд дурьдагдсан үйл явдлууд нь бодит түүх бөгөөд өдгөө та бидний дунд амьдарч буй эгэл жирийн эмэгтэйн амьдрал. Хэдий тэрбээр нэр, зургаа тавихад татгалзаагүй ч бид хувь хүний нууц, хүчирхийллийн асуудлууд байгаа тул олон нийтэд дэлгэх нь зохимжгүй хэмээн үзсэн. Гагцхүү энэхүү нийтлэлээр, анхаарлаа хандуулж туслах, дэмжлэг хэрэгтэй "хүчирхэг" ээжүүд бидний дунд амьдран байгааг сануулахыг хүссэн юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Урнаа (103.242.44.241)
    Үнээр үнээр амьдрал ийм л байдаг.Үнэхээр нулимс туслуулан уншиж дуусгалаа гайхалтай мундаг бүсгүй байна.Зүгээр бүх зүйлдээ аж жаргалаар хүлээж авч амьдраарай.Мундаг эмэгтэй юмаа.
    2019 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.44.88)
    Яасан мундаг ээж вэ. Хүүхдүүд нь ямар азтай юм бэ ийм мундаг ээжтэй. Нийгэмд ийм ээжүүд их бий. Жаргалдаа ташуурч айл амьдрал үймүүлж явдаг хүмүүс хэзээч ийм зовлон дааж чадахгүй.
    2019 оны 09 сарын 11 | Хариулах
1231   2
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг