Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-09-16

"САРНЫ ГАДАРГА" МЭТ БОЛСОН ШАРЫН ГОЛЫН НУТГААР

Сэтгүүлч миний бие "ДарханТаймс" сонины 2018 оны есдүгээр сарын дугаарт “УУРХАЙД НЭРВЭГДСЭН ШАРЫН ГОЛ” сурвалжлагыг нийтэлж байсан юм. Тус сурвалжилгад Шарын гол сум уул уурхайн хөлд нэрвэгдэж, хүн ард нь атга шорооноосоо үнэ цэнэгүй болж байгааг хөндөхийн зэрэгцээ Шарын голчуудын амьдралыг орвонгоор нь эргүүлж буй энэ бүхэнтэй тэд хэрхэн тэмцэж байгаа талаар дурьдсан.

Саяхан миний бие дахин тийш зорьж нийтлэлийн гол дүр 80 настай буурай Д.Батжав гуай болон “Шарын голын баялгийн төлөө” ТББ-ын төлөөллүүдтэй уулзлаа.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ИРГЭНИЙ ТАЛД ГАРЧ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТ БОЛОН ШАРЫН ГОЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА С.АМАРСАНАА НАРЫН ШИЙДВЭР ХУУЛЬ ЗӨРЧСӨН БОЛОХЫГ ТОГТООЖЭЭ.

Шарын гол сумын Хүндэт иргэн, 50 гаруй жил энэ нутагт суурьшин амьдарч буй Д.Батдорж гуай анх өвгөнтэйгөө томилолт өвөртлөн Шарын голын уурхайд ажиллахаар иржээ. Хорвоогийн жамаар өвгөн нь хадан гэртээ морилж, үр хүүхдүүд нь өрх гэр тусгаарлан одсон ч эмээ бууриа сахин бага хүүгийн хамт нутагтаа үлдсэн байна. Гэвч дасаж, ээнэгшсэн нутагтаа суугаа буурай “Эд намайг нүү. Тохиролцъёо гэсэн. Эмээ нь нүүж чадахгүй. Энүүхэнд би хөгшинөө нутаглуулсан. Аав минь тэрүүхэнд байгаа. Энэ нутагтаа байж байгаад тэр хоёрынхоо дэргэд очих юмсан” хэмээн тэрбээр хоолой зангируулан, нулимсаа барьж дийлэхгүй ярьж байсан юм.

Эмээгийн гэрийг тойрон өнөөх л хүнд даацын машинууд холхиж, уурхай ажиллан, шороон манан суунаглах ба ухаж сэндийцсэн нүх, шороон овоо, багахан нуур мэт тогтсон бохир усан сан дунд хэдэн мал бэлчих дүр зураг аанай л хэвээрээ байлаа.

Гэхдээ тэд энэ бүхэнтэй тэмцэж, шүүхэд хандсанаар Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат болоод “Гуравт” ХХК-ий эсрэг мэдүүлсэн гомдол нь шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр тэдний талд гарчээ. Өөрөөр хэлбэл Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны наймдугаар сарын 05-ы өдрийн дугаар 26 тоот шийдвэрээр Дархан-Уул аймгийн Засаг дарга нь хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ, Шарын гол сумын Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас саналыг аваагүйгээс иргэн Д.Батжавын эзэмшил газартай давхцуулан ашигт малтмал ашиглахыг хүссэн “Гуравт” ХХК-ний өргөдлийн дагуу лиценз олгохыг дэмжсэн нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн. Мөн хариуцагч Шарын гол сумын Засаг дарга нь “Гуравт” ХХК-ний хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаж байна уу, үгүй юу гэдгийг судлалгүйгээр шийдвэрлэсэн ба хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулах тухай хуулийн заалтыг зөрчсөн нь нэхэмжлэгч иргэн Д.Батдоржийн газар эзэмших эрхийг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна хэмээн үзжээ.

БУРГАСАН ШУГУЙГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ НЭРЭЭР УСТГАЖ БАЙНА

“Шарын гол”-ын уурхайн хажууд буюу Буянт гэх газарт, голын хажууд бургасан шугуй бүхий газрыг ухаж, уул уурхайн үйл ажиллагаа явуулах гэж байгааг “Шарын голын баялгийн төлөө” ТББ-ын тэргүүн Т.Ганболд хэлж байлаа. “Том компани зөвшөөрөлтэй л гэдэг. Шилжүүлж суулгах гэж байгаа л гэнэ. Гэвч шилжүүлсэн юм байхгүй ухаж, унагаагаад заримыг нь булсан байна. Бургасыг суулгахад санаа тавихаасаа илүү газрыг нь хурдан ухах гэж яарч байгаа бололтой” хэмээн тэрбээр ярьсан юм.  /Энэ талаар бид нэхэн сурвалжилна/

БИЧИЛ УУРХАЙН ЗОРИУЛАЛТААР ДАХИН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХЫГ ШАРЫН ГОЛЧУУД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2019 оны долдугаар сарын 03-ы өдөр хуралдаж, 2019 оны долдугаар сарын 22-ы өдөр Аймгийн ИТХ-ын ээлжит бус 15 дугаар хурлыг хуралдуулж Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын тухай асуудлыг хэлэлцүүлэхээр дугаар 66 тоот тогтоол гаргасан байдаг. Гэвч энэ хурал бололгүй хойшилсон. Тэгвэл “Шарын голын баялгийн төлөө” ТББ-ынхан дахин Шарын гол сумын нутагт бичил уурхайгаар олборлолт явуулах ажлыг дэмжихгүй байгаа бөгөөд харин өмнө хийсэн ажлуудад нөхөн сэргээлтийг эрчимтэй хийлгэх хэрэгтэй байна хэмээн хэлж байлаа. Мөн дахин зөвшөөрөл олгохоор зэхэж, бичил уурхай ашиглахаар горилж буй хүмүүсийн дотор өмнө уг үйл ажиллагааг эрхэлж, нөхөн сэргээлтээ хийгээгүй нөхдүүд байгааг сануулж байлаа.    

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Галт (202.126.88.152)
    Яг зөв.....
    2019 оны 09 сарын 16 | Хариулах
1213   1
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг