Лхагва 2019-01-02 Дархан
Хүний түүх   2022-06-29

ГАЛЗУУ ЮМ ШИГ ЯВЖ БАЙГААД “АЛТАН ХАЙРЦАГ”-АА ГЭЭЧИХЭЖ...

“Маангаа Даш” нэрээр нь Дарханыхан МУСТА, шог зохиолч, зураач Д.Мянганзам ахыг андахгүй. Хөгжилтэй төрх, загварлаг малгай бас үргэлж инээж, бусдыг хөгжөөж явдаг түүний дотоод ертөнц харин өөр. Шог зохиолчийн сэтгэл түмнийхээ төлөө чилж, хаяж огт болохгүй, авч цаашаа явахаас өөр аргагүй тийм шаналал дунд байдаг аж...

“УХААНТАЙ ХҮН ХОШИН ШОГИЙН МЭДРЭМЖТЭЙ БАЙДАГ” ГЭЖ ЗАРИМ ХҮМҮҮС ХЭЛЭХ ЮМ БИЛЭЭ. ТА ҮҮНТЭЙ САНАЛ НИЙЛЭХ ҮҮ?

- Хошин шогийг ойлгоход нэг их ухаан хэрэггүй. Хошин шог гэдэг өөрөө амьдрал, өөрсдөө өөрсдийгөө харж буй толь юм. “Инээд байгаа газар эрүүл нийгэм байдаг” гэж манай “Тоншуул”-ын уриа бий. Хүний амьдрал алдаагаар дүүрэн болохоор хошин шогийг мөнхийн зүйл гэж би боддог. Бид их бага хэмжээгээр заавал инээж байх ёстой. Гэхдээ хэтэрсэн мааз байж болохгүй. Жишээ нь Бооёогийн гэрийн ханаа үүрээд, хүргэндээ агсам тавьдаг хошин үзүүлбэр байдаг даа. Үүнийг хараад, зүгээр л Бооёо мөн хөгжилтэй шүү гэхээсээ илүү цаана хэлж буй санааг нь харж чаддаг байх ёстой. Өөрөөр хэлбэл инээхийн зэрэгцээ эмгэнэж буй өгүүллийг харахад л ухаан хэрэгтэй.

ХОШИН ШОГ ГЭДЭГ ЗҮГЭЭР ХӨНГӨН ХҮЛЭЭЖ АВАХ ЗҮЙЛ БИШ ГЭЖ ТА ХЭЛЭЭД БАЙНА УУ?

- Ерөөсөө хөнгөн хүлээн авч болохгүй зүйл. Далд санааг нь олж харах хэрэгтэй. Нэг шог зураг арван өгүүллэгтэй тэнцдэг гэдэг. Хүн нэг хараад л тархинд нь хүрч нөлөөлж байдаг тийм хүчтэй.

ХҮМҮҮСИЙН СЭТГЭЛГЭЭ ХӨНГӨН, АСУУДЛЫН ГҮНРҮҮ ОРОХ ДУРГҮЙ БОЛЧИХОО ЮУ ГЭЖ НАДАД САНАГДДАГ. ЖИШЭЭ НЬ УРТ ЮМ УНШИХ ДУРГҮЙ. ҮГ ӨГҮҮЛБЭР БҮР УТГА, АГУУЛГАТАЙ БАЙДАГ ГЭДЭГТ ТӨВЛӨРӨХӨӨ БОЛЬСОН БАЙНА. ҮҮНТЭЙ АДИЛ ХОШИН ШОГИЙГ Ч БАС ХӨНГӨХӨН АВЧ ИНЭЭХ Ч, ЦААД АГУУЛГА УРУУ НЬ ӨНГИЙХ НЬ ХОВОР БОЛЧИХОО ЮУ. ХОШИН ШОУГ ИНГЭЖ ХҮЛЭЭН АВЧ БАЙГАА ЮМ ЧИНЬ ШОГ ЗУРГИЙГ ОЙЛГОХ НЬ ХЭР БАЙДАГ ЮМ БОЛ? ТЭР ДУНДАА ШОГ ХӨРГИЙГ. ТА ХӨРГӨӨР ГАРШСАН...

- Гаршсан гэхээр хэтрүүлсэн болох биз. Зүгээр маш олныг зурсан. Чи сая их сонин зүйл хэллээ. Нийгэм нээрээ тийм болчихож. Урт юм уншихаа больсон байна. Тийм ч болоод би саяхан гаргасан "Та инээхгүй ч байж болно" номоо дандаа богино бичвэрээр бичсэн.

ИНГЭХЭД ТАНЫГ АНХ ЮУ ӨДӨӨЖ, ХОШИН ШОГ УРУУ “ЧИРСЭН” БЭ?

- Нийгмийн бухимдал. Би чинь бас хөгжимчин хүн юм шүү дээ. Арав гаруй хөгжмөөр тоглодог. Наяад онд Дарханы анхны рок поп хамтлагийн сүүлчийн бөмбөрчин байлаа. Тэгсэн нэг удаа тоглолтонд орох гэтэл, дарга нар хамтлагийн бөмбөрчин заавал эмэгтэй хүн байх ёстой гээд, намайг оруулсангүй. Бас нэг даргын жолооч байлаа. Тэгтэл машиныг нь намын дарга 50% унах ёстой гэнэ. Үүнийг байгууллагын дарга хүлээн зөвшөөрөхгүй атлаа даргадаа хэлж чадахгүй, надад уурлаж байх. Ерөөсөө хуучин цагт тийм л байсан юм шүү дээ. Бүх зүйл хяналтанд. Тэгээд үүнийгээ зурлаа. 1989 онд. “Амьдрал үргэлж сайхнаараа” гээд дуулж явдаг, том гүзээтэй, чихгүй, нүдгүй дарга зураад “Найрамдлын Дархан” сонинд нийтлүүлэхээр явуулсан юм. Тэгсэн "намын эсрэг байна" гээд буцаад ирсэн. Тэгэхээр нь “Тоншуул” сонинд явуулах гээд Төв шууданд зогсож байтал, огт танихгүй нэг ахимаг хүн “Би Тоншуулынхныг сайн мэднэ. Ах нь аваад явъя” гээд, өгөөд явуулсан. Тэр хүнийг хэн гэдгийг ч мэдээгүй, зураг маань сонинд нийтлэгдсэнийг ч бүү мэд. Тэгээд л өнгөрсөн. Тэгсэн бүүр хожим, олон жилийн дараа айлын хогон дундаас санамсаргүй тоншуулын нэг дугаар олж, хараад сууж байсан чинь нөгөө зураг маань байж байсан. Ингэж “Тоншуул”-тай холбогдсон. Гэвч удалгүй “Тоншуул” гарахаа больсон. Харин 2002 онд дахин хэвлэгдэж эхлэхэд нь очиж уулзаж, ойр холбоотой болж байлаа. Одоо ч дунд үеийнхний нэг болжээ. Ер нь “Тоншуул” сонин намайг нээж, миний бухимдлыг задалсан юмуу гэж боддог. Тэгж би өөрийгөө нийгмийн бурангуй, шударга бус байдалд их бухимддаг юм байна гэдгээ мэдсэн дээ. Үүнийгээ эхэндээ шог зургаар зурдаг байснаа, нэлээн сүүлд зохиол бичдэг болсон. 2006 онд “Баарай жолоочийн паян” гээд номоо гаргасны дараа Дархан-Уул аймгийн утга зохиолын холбооны гишүүн болсон юм. Зарим жил бүр гурван ном гаргаж байв. “Яах гэж номын тоо хөөцөлдөөд байгаа юм” гэх ч хүн байсан. Гэхдээ үнэхээр “шатаад” бичээд байгаа юмыг яах билээ. Бүх номоо л өөрөө цалингийн зээл энэ тэр аваад хэвлүүлдэг. 

СОЦИАЛИСТ НИЙГМИЙГ САНАГАЛЗАЖ, ӨМНӨ ИЛҮҮ САЙХАН БАЙСАН ЮМ БАЙНА ГЭХ ХАНДЛАГА БАС БАЙХ ЮМ. ТА ЭНЭ ТАЛААР ЮУ ХЭЛЭХ ВЭ?

- Би саяхан сэтгүүлч, зохиолч Д.Төрмөнхийн “Санкара” гээд зохиолыг уншиж дуусгалаа. Тэнд хуучин нийгмийн байдлыг нэг хүний амьдралаар төлөөлүүлэн өгүүлсэн байна. Тэр үед хүн буруутай ч бай үгүй ч бай цагдаагийн газрын хаалгыг нэг л татсан бол амьдрал нь тэр чигээрээ шоронд байгаа мэт болдог талаар гардаг. Ерөөсөө л энэ. Бүх юм хаалттай. Өнөөдрийнх шиг тээр дэлхийн цаана байгаа мэдээллийг авдаг, хэн дуртай, юу бодсоноо сошиалд бичдэг байгаагүй юм шүү. Ардчилал бидэнд их зүйлийг өгсөн. Гэхдээ үнэндээ ах нь заримдаа сэтгэл зүйн “шорондяваад байх шиг санагдах юм. Жинхэнэ ардчилал ард түмний тархи, сэтгэлгээнд байхгүй байна. Уг нь өнөөдөр миний чамтай ярьж байгаа, фэйсбүүкд үзэл бодлоо дураараа илэрхийлж байгаа ч ардчиллын буян юм шүү дээ.

ЯМАР УТГААРАА??? “СЭТГЭЛ ЗҮЙН ШОРОН” ГЭЖ ТА ЯГ ЮУГ ХЭЛЭЭД БАЙНА?

- Ардчиллын талаарх жинхэнэ ойлголт, үнэт зүйлийн мэдрэмж ард түмний тархи, сэтгэлгээнд хараахан байхгүй байна. Жишээ нь би шог зураач. Зурж байна, цаашдаа ч зурна. Гэтэл зөндөө эсэргүүцэлтэй тулгардаг. Ялангуяа эрх барьж буй нөхдүүдийг зурахаар хэвлэл мэдээллийн алба энэ тэр нь гээд хүмүүс хүрээд ирэх юм. Та энэ зургаа өөрчил, хамрыг нь жижигхэн болго, амьд юм шиг зур, ийм байж болохгүй ээ... энэ тэр гэнэ. Би тэгж чадахгүй. Тэгж гандан буурдаг ч хүн биш. Бас зарим нэг нэр бүхий хүмүүс шиг элэглэлийг магтаал болгож би чадахгүй.

ТЭГВЭЛ БИ ТАНИАС ИНГЭЖ АСУУМААР БАЙНА. БҮҮ ЭМЗЭГЛЭЭРЭЙ. ЗАРИМ ТОХИОЛДОЛД ТА ЗАХИАЛГААР ЗУРДАГ БИЗ ДЭЭ?

- Үгүй. Би захиалгаар шог зураг зурдаггүй. Үүнийгээ ч олон хүнд хэлдэг.

ЗАХИАЛГААР ЗУРАГ ЗУРДАГГҮЙ ГЭЖ ҮҮ?

- Тийм. Хэрэв тэгвэл утгагүй. Хэн нэгний хүслээр би шог зургийг зурах юм бол би, би биш болчихно. Нэг их гоё юм хийх гээд, дотроосоо оргилоод байж байтал “Болохгүй. Тэрийг шүүмжил” гээд хайрцаглаад ирвэл... Бишээ. Ерөөсөө ингэж болохгүй. Хэрэв “хайрцганд” орох л юм бол тэгээд л хэрэггүй болно. Мянганзам энэ дэлхий дээр цор ганц, хэзээ ч давтагдахгүй. Би өөрийнхөөрөө л зурна. Гэхдээ магтаал хүнийг алдаг гэдгийг ойлгож, шүүмж болгоныг хоол шиг хүлээн авч байх хэрэгтэй. Би хүн бүхэнд таалагддаг доллар биш. Надад хэн нэгэн 99% дургүй байж болох ч тэр нь надад 101% хамаагүй.

ТАНЫГ ХҮМҮҮС ЮУ ГЭЖ ШҮҮМЖИЛЖ БАЙХ ЮМ?

- “Орон гаран” гэж байна. Жишээ нь Би боксын тэмцээн болж байхад зочиноор оччихсон байж байдаг. Зохиолчдын уулзалт болоход байж байдаг. Зураачдын үзэсгэлэн гарахад байж л байна. Бас тээвэрчдийн наадам болоход давхиж л явдаг. Тэгэхээр зарим хүн намайг “бага тархины сааталтай” гэдэг гэсэн. Би энэ тухайгаа “Олон туулай хөөсөн он жилүүд”-гээд ном бичих бодолтой байгаа. Угтаа бол би ердөө л жолооч хүн. 34 жил тэрэг барилаа. Гэхдээ 14 ном гаргаж, 3000 гаруй шог зураг зурж, шог зургийн үзэсгэлэнгээ гаргасан байна. Энэ үзэсгэлэн Монголд анх удаа гарсан шог зургийн үзэсгэлэн байсан. Мөн бие даасан хоёр тоглолт, хамтарсан маш олон тоглолт, аялан тоглолтууд хийлээ. Бокс, шүхэр, цана, хоккей, тэшүүрээр хичээллэдэг. Дархан хотын тэшүүрийн 100 метрийн аварга болж байсан. Бас модоор, ясаар сийлбэр, мужаан хийнэ. Тиймээс ч хүүхдүүддээ “Сонирхсон дуртай юмаа бүгдийг хий” гэдэг. Харин ямар мэргэжил эзэмшинэ тэрэндээ үнэнч байх хэрэгтэй. Ургаа модоор төсөөлбөл жолооч бол миний модны үндсэн эх бие юм. Харин түүнээс салбарлан шог зохиолч, шог зураач, боксчин, тэшүүрчин гээд гарсан. Аль алинд нь төдийлөн амжилтанд хүрээгүй байж болно. Учир нь энэ бүхнийг би зүгээр л өөрийгөө нээхийн төлөө хийж байсан.

ТЭГЭХЭЭР ТА ОДОО ӨӨРИЙГӨӨ НЭЭСЭН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?

- Хараахан дуусаагүй бололтой. Дахиад л шаналж байна. Би одоо хөлөөрөө зурж байгаа.

ТИЙМ ҮҮ? ХЭЗЭЭНЭЭС ТЭР ВЭ?

- Саяхнаас. Хөлөөрөө зурахын тулд эхлээд тархиндаа зурах хэрэгтэй байдаг. Ерөөсөө аливаа зүйлийг сурахдаа эхлээд тархиндаа чадна гэдгээ мэдрэх нь чухал. Би спортын дэд мастер, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан бас онц тээвэрчин, осолгүй манлай. Гэхдээ би энэ бүхнийг иш мухарт нь хүртэл чадахын төлөө яваагүй.

ЯАГААД?

- Зөвхөн өөрийгөө нээхийн төлөө байсан. Саяхан С.Цогтбаяр зураач миний загатнасан газрыг маажсан. “Өөрт байгаа авъяасыг хэн нэгэн хэрвээ нуун дарагдуулах юм бол тэр асар том гэмт хэрэг” гэж. Тийм учраас одоо жишээ нь би өнөөдөр орой нэг хүлээн авалтанд хөлөөрөө зурвал хүмүүсийг баясгачихаж байна. Тэгээд л боллоо. Би Монголын “Хамгийн хамгийн” нэвтрүүлэгт орж байлаа. Өөрийгөө нээж, өөртөө түүх үлдээхийн төлөө олон уралдаанд оролцож байсан. Монголын онигооны бүх уралдаанд орсон. “Азтай бадарчин”-д орж байлаа. Хамгийн сүүлд “Гурван сая инээд” нэвтрүүлгийн анхны дугаарт зочиноор орлоо. Гэхдээ түрүүлэх, ялах ялагдахад утга учир нь байдаггүй. Зөвхөн өөрөө өөрийгөө ялахад, өөрийгөө нээж, өөрийгөө ялахын тулд мөн өрөөл бусдад үлгэр болохын тулд ордог.

ТА БАГАДАА ЯМАРХУУ ХҮҮХЭД БАЙВ. БИЧИЖ, ЗУРДАГ БАЙСАН УУ?

- Бага насныхаа тухай яривал их хэцүү. Үнэндээ хүн болохооргүй хүүхэд байсан юм. Тэр тухай ярихаар би заримдаа уйлдаг. Бие их муутай. Эхээс төрөхдөө л гар мултардаг. Миний дээр ээж маань хоёр төрөөд хоёулаа хүн болоогүй болохоор намайг ч бас “Хүн болохгүй” гэж байсан юм билээ. Эмнэлгийн орноос салдаггүй, бөөр муу, дан нөжөөр шээдэг, уушиг устсан байв. Энэ бүхнээсээ болоод есөн настай хөлд орж, тэр жилээ нэгдүгээр ангид элсэж байлаа. Биеийн тамирын хичээлд орохгүй чөлөөлөгдсөн. Хөдөлгөөн хориглочихсон. Энэ бүхэн намайг их ганцаардуулдаг байв. Нэг удаа тухайн үеийн ЗХУ-ын спортын “Стадион” гээд сэтгүүлээс “Смертная ринг” гээд /Үхлийн ринг/ боксын тухай бичсэн нийтлэл санамсаргүй олж уншсан юм. Тэгээд ерөөсөө л өөрийгөө сорьж үзье, боксчин болъёо гэж шийдсэн. Гэвч хэн ч намайг дэмжихгүй, харин ч бүр хориглоно. Дунд ангид байх жилээ том эгчийндээ амьдрахаар болж Дархан хотод шилжин ирлээ. Тэгээд сэмхэн гэрийнхэндээ хэлэлгүй, боксийн секцинд явж эхэлсэн дээ. Удаан ч хичээллээгүй, тэр жилдээ Дархан хотын аварга болсон.

ГЭРИЙХЭН НЬ ТАНЫГ БОКСООР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙГААГ ОГТ МЭДЭЭГҮЙ ХЭРЭГ ҮҮ?

- Өөрийгөө ялахын тулд, боксоороо хичээллэхийн тулд бүх юмаа нууж, авсан шагнал дээрх нэрээ хүртэл хусаад арилгачихдаг байлаа. Дараа нь шүхрээр хичээллэж, кальцотой буулт хийж, өглөө болгон гүйдэг, штанг өргөдөг, дасгал хийдэг байв. Эхэндээ бөөрөө баадагнаад, цусаар шээчихээд гүйгээд явдаг байсан бол яваандаа багасч, эрүүлжиж эхэлсэн. Энэ бүхнээ гэрийнхэндээ мэдэгдэхгүй, нууж явсаар цэрэг татлагад ороод тэнцэж, явахаар болсноо хэлэхэд эгч минь их уйлж билээ. Тэгээд цэрэгт очоод хорооны зураач болсон доо.

ТЭР ЦАГААС ЭХЛЭЭД ЗУРЖ ЭХЭЛСЭН ҮҮ?

- Ер нь бол бүр багаасаа зурсан. Гуравдугаар ангид байхдаа цуврал зургуудаараа үзэсгэлэн гаргаж байлаа. Бага ангидаа “Хүүхдийн ертөнц” гээд зургийн уралдаанд орж байр эзлээд, "Найрамдал" зусланд амрах эрхийн бичгээр шагнуулж байв. Гэвч биеийн байдлаасаа болоод яваагүй. Нуулгүй хэлэхэд би чинь наймдугаар ангид ортлоо орондоо шээдэг байсан юм. Ах дүү нарынхаа дунд “Гааз” гэдэг хочтой байлаа шүү дээ. Гэрээсээ өөр газар огт унтаж чаддаггүй, сэрүүн хонодог байв. Үүний сэтгэл зүйн дарамт гэж ямар аймаар гэж санана. Их санаа зовно. Тийм ч учраас өөрийгөө л ялъя гэж бодсон. Өөрийгөө ялна гэдэг, өрөөл бусдаас ч ялалт авчирдаг. За, тэгээд үхэхээс бусдыг үзлээ дээ.

ТА ХУВЬ ТАВИЛАНД ХЭР ИТГЭДЭГ ВЭ?

- Итгэдэг. Хүний амьдрал ерөөсөө л хувь тавилангаас хамаарна. Итгэхгүй гээд яахав.

ТА ӨӨРИЙГӨӨ ТАВИЛАНГАА ДАГААД ЯВЖ БАЙГАА ГЭЖ БАЙНА. ГЭТЭЛ ТА ТҮРҮҮН ӨӨРИЙГӨӨ ЯЛАХ ГЭЖ ОЛОН СОРИЛТУУДЫГ ДАВСАН ГЭСЭН. ТЭР БҮХНИЙГ ДАВААГҮЙ, ЗҮГЭЭР Л ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧИХСӨН БОЛ ТАНЫ АМЬДРАЛ ӨДИЙД ЯМАР БАЙХ БАЙСАН БОЛ?

- Энэ ерөөсөө л хувь тавилан. Би өөрийгөө ялж, сорилтуудыг давж яваа. Надад тийм нөхцлийг өгөөгүй бол би өдийд ийм байх ч уу, үгүй ч үү. Би заримдаа “Галзуу юм шиг явж байгаад “алтан хайрцаг”-аа гээчихэж” гэж найзууддаа хошигнодог юм.

ХҮМҮҮС ТАВИЛАНГААРАА БОЛОГ. БОЛОХ ЁСТОЙ БОЛ БОЛНО, ҮГҮЙ БОЛ ТЭР БИЗ ГЭХ НЬ БИЙ... 

- Хувь тавиланг байлгах гэж явах нь дэмий.

ТАНЫ ТУУЛСАН ЗАМНАЛ, ЯРЬЖ БАЙГАА ХОЁР ЧИНЬ ЗӨРӨӨД БАЙХ ШИГ САНАГДААД, ТЭГЭЭД Л ДАХИН ДАХИН АСУУГААД БАЙНА Л ДАА...

- Хүмүүс хувь тавиланг өөрөөс хамаардаг гэж ярьдаг. Би харин сүүлийн үед өөрийгөө хувь тавилангаараа л яваа юм байна гэж боддог. Санамсаргүй юм гэж байдаггүй. Өнөөдөр чи бид хоёрын ярилцаж суугаа ч хувь тавилан шүү дээ.

ТАНЫГ АМЬДРАЛ СОРЬЖ БАЙНА ГЭЖ БОДОЖ БАЙСАН УУ?

- Сориод л байна. Амьдралын бүх сорилтонд би бэлэн байх ёстой. Бүдэрч болохгүй. Гэхдээ ах нь үнэндээ сүүлийн үед их ганцаардаж байна.

 

- Ялангуяа Дарханд маань хэвлэл мэдээллийн тал дээр ч тэр, уран бүтээлийн тал дээр ч тэр нэг л ганцаардаад байна. Хэн миний энэ шаналал, хошин шогийг ойлгох юм. Хэн ойлгож дэмжих юм... Байхгүй байна. Хааяа хотруу очино. Очоод тоосонгүй гээд л гомдоллоно. Тэгэхэд манай Тоншуулыхан, С.Цогтбаяр зураач намайг “Орон нутагт суугаа элчих сайд” гэж урам өгдөг. Гэхдээ үнэхээр уран бүтээлийн ганцаардал гэж байдаг юм байна. Жишээ нь би нэг хошин шогийн ном бичээд, редакторлуулах гэхээр хүн олдохгүй. Нэг удаа нэг томоохон яруу найрагчаар редакторлуулсан чинь яруу найраг болгоод орхисон. “Хад мөргөөд ялаа уналаа” гээд бичиж байтал, “Ялаа хана мөргөнгүүтээ толгой нь эргээд эргэн тойрноо хараад тогтуухан муужирч уналаа” гээд өөрчилчих жишээний. Тэгэхээр нөгөө хэлэх гэсэн санаа маань алга болчихно. Зарим нэг бүтээлээ сонингийн буланд тавьж үзлээ. Гарсных нь дараа их шуугина. Өнөөх улс төр ороод л ирнэ. Жишээ нь нэг цүнх барьсан хүн зураад тавихад “Чи яах гэж цүнх зурав. Авилгал авсан гээд байгаа юмуу?” гэх жишээтэй. Нүдийг нь жаахан дээшээ зурахаар “Баяжаад сэтгэл хангалуун байгаа хүнийг зурчихсан юмуу?” гээд... Ерөөсөө л нэг коммунист лозугнасан сэтгэлгээ арилахгүй байна. Би энэ баригдмал сэтгэлгээ байхгүй болоосой л гэж ардчилсан нийгмийг хүлээн зөвшөөрч дэмжиж ирсэн. Ардчилсан нийгмийг шүү. Түүнээс намыг биш. Олон хүнд үр шимээ өгсөн тэр үнэт зүйлсийг. Одоо энэ миний дуртай зүйлсээ хийж байх, дураараа “хуцаж байх”, тэр олон элийрэгчдэд эрх чөлөөг өгсөн. Энэ бүхнийг манайхан хайш яйш л ойлгоод байх юм.

УРАН БҮТЭЭЛИЙН ЭНЭ ГАНЦААРДЛЫГ ТА ХАМТРАН БҮТЭЭЛ ТУУРВИГЧИД БАЙХГҮЙ БАЙНА ГЭДЭГ АГУУЛГААР ХЭЛЭЭД БАЙНА УУ? ЭСВЭЛ ХОШИН ШОГИЙГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА ГЭДЭГ ТАЛААС НЬ ЯРИАД БАЙНА УУ?

- Ойлгохгүй байна. Ерөөсөө л энэ. Дээрээс нь хамтран ажиллагсад ч ховор байна. Миний орчинд шүү дээ. Жишээ нь монголд хүн зурж байгаа хошин шогчид хэдхэн л бий. А.Батэрдэнэ, С.Цогтбаяр, Байдий ах ч одоо зурахаа больж, Намхай.. гээд, тэгээд л боллоо. Орон нутагтаа бол би энэ орон зайг чадахаараа л бөглөж байна. Нэг их мундаг биш. Угаасаа шог зураач гэх мэргэжил байдаггүй шүү дээ. Зөвхөн өөрийн мэдрэмжээр л хийдэг. Өөрийнхөө бодсоноор, өөрийнхөөрөө үзэг балаараа илэрхийлж байдаг. Жишээ нь төрийн ордны дээр хоёр далбаа намираад, хоорондоо орооцолдоод л, ордныг хуулаад л, доороос нь өт мөт язганаж байгаа зураг зураад тавихад л хар мянган эсэргүүцэлтэй тулгарна. Нэг бодоход намайг ганцаардуулах бодлого явагдаад ч байгаа юм шиг. Үүнийгээ хуваалцах, ойлголцох хүн ч надад алга.  Зүгээр Путин энэ тэрийг шогчилоод зурахад нэг өөр. Гэтэл яг орон нутагтаа байгаа асуудлуудыг зурахаар айхтар ганцаардах юм. Уншигчид, үзэгчид бол хүлээдэг. Тэгсэн атлаа хэлж, илэрхийлж чаддаггүй. Хүсэвч, хэн ч баярлалаа гэж хэлэхгүй. Яагаад гэвэл дандаа хайрцаглагдсан нөхдүүд. Хэн нэгнийг шүүмжлэх гэхээр болдоггүй. Тэгээд "лайк дараад ч яахав дээ" гээд гараад явчихдаг. Ерөөсөө сэтгэл доторх үнэнээ илчлэх, илэрхийлэх зоригтон байхгүй болчихож. Энэ л намайг ганцаардуулж байна. Хоолой зангирч байна шүү. Хэн ер нь надаас ингэж асууж байсан юм...  /хоолой нь зангирч, нулимс нь цийлэгнэв/

УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗОВНИЛ ГЭДЭГ ДАНДАА Л БУСДЫН ТӨЛӨӨ БАЙДАГ. ТА ӨӨРИЙГӨӨ ХАРУУЛАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ХАРИН ХЭЛЭХ ГЭЭД БАЙГААГ САНААГ МИНЬ ОЙЛГООСОЙ, ОЛЖ ХАРААСАЙ ГЭСЭН ЗОВНИЛ ЭНЭ БОЛОВ УУ.

- Надаас хэн ч ингэж асууж байсангүй. Уучлаарай. Уран бүтээлийн тал дээр бухимдаад ирэхээрээ өөрийн эрхгүй хэцүү байх юм. Би уг нь их ярьдаг хүн шүү дээ. Тэгсэн мөртөө бүтэн ярьж чаддаггүй юм байна. Үүнийгээ сая мэдлээ. Ингээд ярьсан чинь нэг их сайхан, доторхоо бүгдийг гаргачихсан юм шиг болчихлоо. Баярлалаа... Дотроо их л бөглөрч явсан юм байна. Маангаагийн сэтгэл дэх мяндсан утсыг оролдож, цэнэгийг нь мулталжээ дүү минь. Тэр “гранат” тийм амар тэсэрдэггүй юм байна шүү. /инээв/ Шидээд л байна шидээд л байдаг. Зөвхөн тэр оньсыг л татаж байж тэсэрдэг юм байна. Миний оньсыг чи өнөөдөр татчихлаа...

ЖОЛООЧ НАРЫГ КАБИНДАА ИХ ДУУЛДАГ ХҮМҮҮС ГЭДЭГ. ТА ДУУЛДАГ УУ?

- Би жолоо барьж явахдаа дуулдаггүй ээ. Жолооч нар хажуудах хүн унтчихаар эвгүй болчихдог гэдэг дээ. Харин надад бол хажуудах хүн нам л байвал зүгээр. Тэр тусмаа шөнө явах би дуртай. Гэхдээ нэг зүйл хэлмээр байна. Жолооч хүн насаараа суралцдаг юм шүү. Ердөөсөө бардаж болохгүй. Би саяхан машинаа өөрийн буруугаас болж өнхрүүлчихсэн. Гуч гаруй жил жолоо барихдаа ер ийм алдаа гаргаж байсангүй. Гэхдээ азаар дотор нь хэн ч байгаагүй. Машин маань дөрвөн метр хясааны уруу унаж, дөрвөн дугуйн дээрээ буусан ч, авах юмгүй болсон байсан. Ингээд л бодохоор би жолооч биш байна. Авсан цол хэргэмүүдээсээ үнэхээр их ичсэн. Үхсэнийх нь осолгүй манлай, онц тээвэрчин. Жолооч хүн гэдэг жолооч л байх ёстой. Тэрэнд хэдэн жил барьсан байх, гавъяа шагнал, алдар нэр ер пад байхгүй. Хамгийн хариуцлагатай, хамгийн эмзэг, хамгийн нарийн, хамгийн мэдрэмжтэй, хамгийн ухаалаг байх мэргэжил. Мэргэжил шүү.. Ямар юмных нь хэрэглээ. Энэ гар утас биш. Хамгийн хайртай бүхнээ тээж явдаг, маш том хариуцлага.

ЯНЗ БҮРИЙН АВЪЯАС ТЭР БҮР ХҮНД БАЙДАГГҮЙ. МАГАДГҮЙ БАЙДГИЙГ НЬ БИД НЭЭЖ ЧАДДАГГҮЙ Ч БАЙЖ МЭДНЭ. ТАНЫ ХУВЬД ЭНЭ ОЛОН ТӨРЛӨӨР ӨӨРИЙГӨӨ НЭЭСЭН ОН ЖИЛҮҮДИЙН ТУРШИД АЛЬ НЬ ИЛҮҮ ТАНЫГ ИЛЭРХИЙЛЖ БАЙВ? ТА УГААСАА ЖОЛООЧ ХҮН ҮҮ? АЛЬ ЭСВЭЛ ХОШИН ШОГ СЭТГЭЛГЭЭНИЙ ХҮН ҮҮ?

- Би бол зүгээр л жирийн жолооч хүн. Жолооч гээд бичихгүй, зурахгүй байж болох л байх. Харин би тэгж чаддаггүй юм. Шаналаад байдаг. Гэнэт цээжиндээ ороод ирсэн мөрийг гудамжинд хаана ч хамаагүй зогсож байгаад алдахгүй бичиж тэмдэглэдэг. Тэгэхээр жолооч гэж хэлмээр байвч, урлагийг хоёрт тавьсан гэж хэлж чадахгүй нь.

БИ БОЛ ХҮНИЙГ ХООЛОО ОЛЖ ИДДЭГ ЗҮЙЛЭЭР НЬ БИШ, ХАРИН ӨӨРИЙНХӨӨ ДОТООД СЭТГЭЛЭЭР, БҮР БҮХ ЮМАА ХАРАМГҮЙ ЗОРИУЛЖ ХИЙДЭГ ЗҮЙЛЭЭР НЬ ТОДОРХОЙЛОХ БОЛОВ УУ ГЭЖ БОДДОГ. ТИЙМЭЭС БИ ТАНЫГ УРАН БҮТЭЭЛЧ Л ГЭХ ГЭЭД БАЙНА Л ДАА...

- Энэ надад томдоно..

ЯАГААД?

- Би олонд загнуулсаар байгаад Монголын утга зохиолын эвлэлийн гишүүн болсон л доо.

ТА ЯАГААД ТОМДОНО ГЭЖ БОДООД БАЙГАА ЮМ? ТЭГВЭЛ ТАНЫХААР УРАН БҮТЭЭЛЧ ГЭЖ ЯМАР ХҮНИЙГ ХЭЛЭХ ВЭ?

- Уран бүтээлч гэдэг нь өөрийнхөө бүтээж буй тэр үйл ажиллагаагаараа түмэнд хүрсэн, хүлээн зөвшөөрөгдсөн, хүндэтгэл хүлээсэн хүнийг хэлэх боловуу гэж би боддог. Би урлагийн байгууллагын ажилтан байгаагүй учраас ингэж хэлүүлэх ёсгүй байх. Харин чөлөөт уран бүтээлч гэвэл би хүлээн зөвшөөрнө.

ЭНД ЯЛГАА БАЙНА ГЭЖ ҮҮ?

- Байна.

АЛЬ НЭГ УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГАД ХАРЪЯАЛАГДААД, ТОДОРХОЙ ЦАГ НАРТАЙ, ЦАЛИН МӨНГИЙГ НЬ АВААД ХИЙЖ БАЙГАА БА САЙН ДУРААРАА ХИЙЖ БАЙГАА ГЭДГЭЭРЭЭ Л ЯЛГААТАЙ БАЙХ. ГЭХДЭЭ Л УРАН БҮТЭЭЛЧ БОЛ УРАН БҮТЭЭЛЧ...

- Урлагийн байгууллагуудаар хааяа орж гарч явахад хар өглөө ирчихсэн гамм уншаад сууж байдаг шүү. Орой нь бас уншаад л байж байна. Тийм л хүмүүс уран бүтээлч. Би өөрөө мэргэжлийн хүмүүстэй хутгалдаж яваагүй болохор өөрийгөө тэдний дэргэд дутуу гэж боддог. Магадгүй та намайг хараад уран бүтээлч гэж хэлж болно. Харин би хүлээн авч чадахгүй нь. Гэхдээ ингэж нэрлэвэл баярлана. Би уран бүтээлийн төлөө шаналж, дотроо өвдөж явдаг хэдий ч, энэ эрхэм алдрыг зүүхээсээ эмээж байна. Заримдаа Соёлын тэргүүний ажилтан гэдэг цол тэмдгийг хүртсэндээ ч айдаг. Саяхан авсан л даа. Би зүгээр л “Хүрмэн чулуунд бүдчээд бэлд нь сөгдөх нээ яахав дээ. Хүний хүү байна даа би ёроолоос нь сарвалзаж явна даа...” гэх шүлгийн шад мөр шиг урлаг гэдэг оргилын тэргүүнд нь хүрэхгүй ч, сарвалзаж л яваа хүн...

НЭГ ЭРХЭМТЭЙ ЯРИЛЦАЖ БАЙХАД “УРАН БҮТЭЭЛ ХИЙНЭ ГЭДЭГ ӨӨРӨӨ ДОТРОО ШАТАХЫН ЗОВЛОН” ГЭЖ БАЙСАН...

- Угаасаа тийм. Дотроо шатахын зовлон. Юмаа бичээд, зургаа зурах мэдээж сайхан. Орчлонгоос тасрах шиг болдог. Бас нэгийг нь хийчихээд дараагийнхаар нь өлсөж байдаг. Би болъёо гэж бясалгаж үзсэн шүү. Гэвч болдоггүй юм. Ерөөсөө л хорт хавдар мэт. Эдгэшгүй, орхиж боломгүй. Ингээд л дуусна. Хамгийн хатуу бөгөөд үнэн бол энэ. Бүтээ, туурви гэдэг “өвчин”. Заримдаа шөнө дунд зүүдлээд ч байгаа юм шиг санаа, шүлгийн мөр ороод ирдэг. Тэгэнгүүт нь шууд босоод бичдэг. Заримдаа алдчихдаг. Тэрийгээ олох гэж шанална. Сэтгэл эзгүйрээд, гонсойгоод л байна... “Үзэг цаас хармаалж явахгүй яаваа...” гээд өөрийгөө буруутгаад, ёстой шаналж дуусдаг юм. “Уран бүтээлч” их том үг юм даа... За, яахав. Хүлээн зөвшөөрье.

ТЭГВЭЛ ТАНААС ИНГЭЖ АСУУЯ. ТАНЫГ ЖОЛООЧ ХИЙХЭЭ БОЛЬ ГЭХ, ЭСВЭЛ БҮР ОГТ БИЧИЖ, ЗУРАХАА БОЛИОД “ДУУГҮЙ Л ЖОЛООЧОО ХИЙ!” ГЭВЭЛ ТА АЛЬ СОНГОЛТЫГ НЬ ХИЙХ ВЭ?

- Шар хаданд л очих байх. Өөр юм байхгүй.

ЯАГААД?

- Галзуу болчихвол амар.

ИРЭХ ДАРАМТЫГ МЭДРЭХГҮЙ АМАР ГЭЖ ҮҮ?

- Тийм.

ТИЙМ СОНГОЛТ ХИЙХ ДАРАМТЫГ НАДАД БИТГИЙ ӨГӨӨЧ ГЭЖ БАЙГАА ЮМУУ?

- Тийм. Угаасаа надад тийм сонголт өгөх хэрэггүй.

ТЭГЖ АСУУСАН Ч АСУУГААГҮЙ БИ ХИЙХ ЮМАА ХИЙНЭ ГЭЖ ҮҮ?

- Тийм. Би хийх юмаа хийнэ. Зургаа зурна. Бичихээ бичнэ. Хөтлөхөө хөтөлнө. Гэхдээ залуучууддаа зай тавьж өгөхөд бэлэн. Одоохондоо урилгаас татгалзаж чадахгүй л байна. Учир нь хүмүүс таалж байгаа болоод л урьж байна уу гэж би боддог. Тэгэхдээ тэр бүрдээ их шаналдаг. Хүмүүс хөтлөхийг их амархан гэж боддог шиг билээ. Нэг гоё хувцастай нөхөр, баахан бэлэн зэлэн ярьж байгаад явлаа гэж битгий бодоосой. Хөтлөгч гэдэг угтаа найруулагч юм шүү дээ. Тэр өдрийн үйл ажиллагаа хүмүүст хэрхэн хүрэх нь бүгд хөтлөгчөөс хамаардаг. Тиймээс ч би одоо ард түмнийхээ өмнө "хошин хөтлөгч" гэж цоллуулж яваадаа сэтгэл хангалуун явдаг. Гүрбазар ах “Би мэдээ хөтөлж чадахгүй” гэж хэлсэн байдаг шиг би албан ёсны юм бол хөтөлж чадахгүй ээ. Намайг сайхан хүлээж авдаг ард түмнээрээ л хөглөгдөж явна даа.

ТА ЕР НЬ ХЭР НЯЛУУН ХҮН БЭ?

- Яг үнэнээ хэлэхэд их нялуун. Хүүхдүүддээ, найз нартаа ч бас их нялуун байдаг. Гэхдээ зарим зүйлд их хатуу байдаг шиг билээ. Их олон хэцүү юм болоход би уйлаагүй. Үхэл зовлон дээр манлайлаад, гозойгоод л зогсч байдаг. Тэгсэн атлаа их сонин юман дээр уйлчихдаг. Магадгүй зарим үед хэрэгтэй болоод л уйлдаг байх. 2008 онд Бадарууганыг олимпийн алтан медаль авахад хөнжлийнхөө даавууг ханз татаад л уйлж байлаа шүү дээ. Түвшинбаярыг анхны медаль авч байхад хөөрч баярласан ч гэсэн уйлаагүй. Тэгсэн хэрнээ, бокс болохоор тэгсэн юмуу. Ёстой тайван байж чадаагүй. Ялангуут нь сад тавьчихсан. Үгүй мөн гоё шүү... Тэгээд шууд л эхнэрлүүгээ залгаад “Манай бокс олимпийн алтан медальтай боллоо. Би Дарханы хамгийн үнэтэй ресторанд орж, хамгийн үнэтэй 100гр-ыг татлаа” гэж хэлээд, боксынхоо бээлийг үүрч, спортын мастерийн тэмдгээ зүүж, костюм пиджак өмсөөд гарсан. Тэгсэн такси хүртэл надад үнэгүй үйлчлээд л, найзууд залгаж баяр хүргээд л, сайхан байсан. Тэгээд нэг 100 татаад, эхэр татан уйлсан даа.

ТАНЬ ШИГ ИХ ОЛОН ЗҮЙЛД ӨӨРИЙГӨӨ СОРЬДОГ, ЗАВГҮЙ БАЙДАГ ХҮНИЙ АРД ИХ Л ОЙЛГОДОГ ХҮН БАЙГАА БАЙХ ГЭЖ БОДОГДООД БАЙНА?

- Хүчирхэг гэж хэлдэг дээ. Миний хань тийм л хүн. Би эхнэрээ “гэргий” гэж ярьдаг. Авгай гэж ер ярьдаггүй. Миний гэргий барилгын засал чимэглэл хийдэг юм. Бид хоёр 30 гаруй жил хамт амьдарлаа. Хоёр сайхан охинтой. Сайн муу бүгдийг ойлгож, өөртөө шингээж аваад буцааж надад ойлгуулдаг нэг тийм “плитка” шиг л хүн дээ. Плитка аажмаар өөрөө халаад дээрх цайгаа буцалгаад, тэгээд тэр цай нь янзын аагтай, амттай болдог доо...

ТА ЯМАР ГОЁ ЗҮЙРЛҮҮЛЖ ХЭЛЭВ ЭЭ...

- Тийм л хүн. Дэндүү сайхан. Адилхан хоёр плитка халчихвал яах билээ. Хий дэмий л халсаар байгаад цайгаа буцалгасан ч юм байхгүй шатна. Гэтэл дээрх цайгаа аажим халааж, даргилуулан буцалгаж, амт үнэр хачин сайхан болгоно гэдэг бүсгүй хүний ухаан. Амьдрал ер нь бие биеэ ойлгох, хамтран нийцэж, нэгдэх хайр дээр л тогтдог юм шүү.

“ХАЙР” ГЭДЭГ ҮГ ЦЭЭЖНИЙ ГҮНЭЭС ГАРАХАА БАЙГААД ЭНҮҮХЭН ХЭЛНИЙ ҮЗҮҮРЭЭС ГАРДАГ. ТАНИЛЦААД Л БИЕ БИЕЭ "ХАЙР АА" ГЭХ ЗАЛУУС ЭЛБЭГ БОЛЖ. ТА ҮҮНИЙГ ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА?

- Хайртай юу? гэхээсээ байртай юу? гэдэг болж гэсэн ёгтлол байдаг. "Хайраа" гэдэг үгийг битгий харамлаарай. Гэхдээ хоосон үг биш, үнэ цэнэтэй байлгаж, амьдруулаасай. Зүгээр цаасан дээр хоёр үг биччихээд ном гэж нэрлэж болохгүйн адил “Хайраа...” гэж дуудаж байгаа бол тэр хайрыг тордож, жинхэнэ ном мэт болгох хэрэгтэй. Ер нь ханийгаа л хамгийн их хайрлах юм даа. Дахин өнгөрүүлсэн хугацааныхаа хэрээр бид хамт байгаа ч уу, үгүй ч үү.  

Гэрэл зургийг Х.ГАНБАТ

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Скаут нь (64.119.20.186)
    Сайхан ярилцлага болжээ. Та хоёртоо уран бүтээлийн арвин их амжилтыг хүсэе.
    2019 оны 09 сарын 23 | Хариулах
2145   1
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг