Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-09-24

ГУРВАН НӨХӨРЛӨЛИЙН АСУУДАЛ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ШАЛГАГДАЖ БАЙГАА

Өнгөрөгч 19-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын бага танхимд Бичил уурхай эрхлэгчдийн холбоо болон бусад мэргэжлийн байгууллагуудаас хамтарсан хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ. Харамсалтай нь тус хэвлэлийн хуралд манай сайтаас төлөөлөл байгаагүй учир асуулт тавих боломж олдсонгүй. Иймд аймгийн хэвлэл мэдээллийн албанаас шууд дамжуулсан тус хурлын бичлэг дэх Дархан-Уул аймгийн Бичил уурхайчдын холбооны Тэргүүн О.Цэцэгмаагийн ярианаас онцлох ишлэлүүдийг түүвэрлэн бэлтгэлээ.

 

 

 

 

  • Бид хуулийн хүрээнд үе шаттайгаар үйл ажиллагаа явуулаад, гэрээ хэлцэл бүх юмаа хийгээд явж байгаа. Энэ нөхцөлд ямар нэгэн зэмлэл, шийтгэл хүлээмээргүй байна.

 

  • Бичил уурхайчид 1-2 га газарт, сайндаа л 5 га газарт үйл ажиллагаа явуулдаг.  

 

 

  • Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компаниудын аймаар болгоод орхисон газрын нөхөн сэргээлтийн асуудлыг ерөөсөө хөндөж ярихгүй байгаа атлаа манай Шарын голын хувьд ерөөсөө л энэ бичил уурхайг яриад байна.

 

 

  • Бичил уурхай дөрөвхөн газар байгаа. Тийм 7-8 газар ухаад байгаа юм байхгүй. Хэрвээ байгаа бол манай мэргэжлийн байгууллагууд, хууль хяналтын байгууллагууд...  Энэ чинь эзэнгүй биш шүү дээ. Бүхэл бүтэн сумын ЗДТГ, аймгийн тамгийн газар тэр чигтээ ажиллаж байна. Эдэнд ч бас амаргүй байна.  

 

  • Албан бусаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулсан юм ор тас байхгүй гэдгийг хэлье.

 

 

Түүнчлэн сэтгүүлчдийн тависан асуултанд хариулсан байна. 

ТА ХИЧНЭЭН УДАА БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭХЭЭР ГАЗАР АВЧ БАЙСАН БЭ? 

- Хоёр удаа. Би “Буянтын хөндийн Шарын гол” нөхөрлөлийн тэргүүний ажлыг давхар хийдэг. Тэгээд хоёр удаа авсан. Нэг нь 2009 онд Буянтад 1,8 га газар авч, дөрвөн жил үйл ажиллагаа явуулаад нөхөн сэргээлтийг хийж хүлээлгэн өгсөн. Дараа нь 2017 онд Шар хөтөл гэх газарт 5 га газар аваад одоо нөхөн сэргээлт хийгээд явж байна.

ЭНЭ ХУГАЦААНД МОНГОЛ БАНКИНД ХИЧНЭЭН КГ АЛТ ТУШААСАН БЭ?

- Одоогоор 10-аад кг алт тушаасан. Энэ жилийн хувьд үйл ажиллагаа жигдрээгүй болохоор нэг их тушаасан юм байхгүй. Зургаадугаар сараас хойш 300-400 гр алт тушаасан байна. Нөхөн сэргээлтийн үйл явцаас гарч байгаа нь энэ.

НИЙТ ХЭДЭН ХҮН АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

- Одоогийн байдлаар манайх 50-аад хүнтэй.  

300 ГР ГАРУЙХАН АЛТНЫ ТӨЛӨӨ ГАЗАР СЭНДИЙЧЛЭЭ ГЭХ АСУУДАЛ ЯРИАД БАЙСАН?

- Энэ ийм. 1000 гаруй хүн өмнө нь ажиллачихсан хуучин “Алтан Дорнод” компаний газар дээр ажилласан шүү дээ. Ер нь бичил уурхайд эв эрүүл газар ерөөсөө олгодоггүй. Дандаа ухаад хаяад явсан газрын хаягдлыг ухаж байдаг.  

НИНЖА НАРЫГ ӨӨРИЙНХӨӨ ДЭГ ЖУРМАНД ОРУУЛААД АЖИЛЛАЖ БОЛДОГГҮЙ ЮМУУ? ТА НАРТАЙ НЭГДЭХГҮЙ БАЙНА УУ, ЭСВЭЛ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙНА УУ?

- Нинжа нарыг өөрсдөдөө нэгтгэх нь бидний өдөр тутмын толгойны өвчин болоод байна. Нинжа нь дотроо хоёр янз. Нэг нь гар аргаар алт олборлогчид буюу түмпэнгээ үүрээд дуртай газраа ухаад явдаг хэсэг. Нөгөө нь техникжсэн нинжа нар. Тэд угаасаа хариуцлагатай бичил уурхайн холбоонд нэгдэх сонирхолгүй байдаг. Тэдний нарын араас хөөцөлдөөд, бид нэлээд тэмцэж байгаа. Гэвч дийлдэхгүй, энд тэнд шөнөөр очоод ухчих юм.

Гэхдээ одоогийн байдлаар манайд учиргүй шанага тавиад олборлочихсон техниктэй нинжа нар байхгүй. Харин Зүүнхараа, Баруунхараагийн чигт байгааг Шарын голынх гэж хардаг.

ЭРҮҮЛ ГАЗАР УРУУ ОРЛОО ГЭСЭН АСУУДАЛ БАЙДАГ?

- Тийм ямар ч боломж байхгүй. Яагаад гэхээр мэргэжлийн байгууллагууд цэг солбицлыг нь тогтоож, шар тэмдэг тавьж өгдөг. Энэ тэмдгээс гадна хувь хүмүүсийн ухаад орхисон эвдэгдсэн газрууд залгаа байж байдаг. Тэгэхээр сүүлийн үед аймгийн МХГ, Байгаль орчноос өөрсдийнхөө шар тэмдэгнээс гадуур байгаа эвдэгдсэн талбайг тодорхой хэмжээгээр боломжоороо нөхөн сэргээгээрэй гэх зөвлөмжийг өгч байгаа.

ЦААШИД БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭХ БОЛОМЖТОЙ ХИЧНЭЭН ГАЗАР БАЙГАА ВЭ? ТӨЛӨВЛӨЧИХСӨН ГАЗРУУД БИЙ ЮУ? 

- Манай Шарын гол өөрөө их онцлогтой, уул уурхайн өлгий нутаг. Дээр нь эвдэгдсэн талбай ихтэй. Энэ үлдсэн зүйл, хаягдлаар нь бид амжиргаагаа залгуулж, нөхөн сэргээлт хийгээд явж байна. Тэгэхээр энэ газар дуусах юм бол тэгээд зогсоно. Яг одоогийн байдлаа Шарын гол сумын нутагт дахин зургаан газарт хүсэлтээ өгчихсөн байгаа. Зургаан нөхөрлөл гэсэн үг.

ХОЁР НӨХӨРЛӨЛИЙН ЗӨВШӨӨРӨЛ ЦУЦЛАГДСАН. ЯАГААД ЦУЦЛАГДСАН БЭ?

- 2018 оны намар гурван нөхөрлөлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл цуцлагдсан. Эдгээр нь талбайдаа хятадуудыг оруулж ажиллуулж байсан. Мөн талбайгаа хэтрүүлсэн байсан. Хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа.

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • 1а байрны оршин суугч г. идэржавхлан (139.5.218.229)
    Та өүхнээс ганцхан зүйл хүсье. Тэс петролиум компанийг сурвалжилж өгөөч Дарханы төв дэх хүүхдийн сос хотхоны хажуугийн колонкоос маш их бензин үнэртэж байна. Ялангуяа түгээлтийн цистерн нь ирэх үеэр хавь орчинд аймшигтай их бензиний уур тархаж хүүхэд хөгшидгүй үнэрт нь бөөлжис цутгаж баларч байна. Уг нь ном журмаараа бол гидр соруул байрлуулж сорж авах ёстой байхад танайх зүгээр л дээд тагийг нь нээж орхиод уналтаар нь юүлж авдаг юм билээ. Хөдөө сумдад ч ингэж шатахуун түгээхээ больсон байхад танайх арай л бүдүүлэг бөгөөд стандартын бус байна. Хээтэй хорооллын 1а байрны оршин суугчид зөндөө гомдол гаргасан боловч баттөмөрийн колонк болохоор мэргэжлийн хяналт нь арга хэмжээ авахгүй байна. Арай л дээрэлхсэн юм болоод байна шүү
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
562   1
НИЙТЭЛСЭН: MyDarkhan