Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-09-25

ШИНЭХЭН ТАВЬЖ БУЙ АСФАЛЬТИЙН ЗУРГААР ЧИМСЭН МЭДЭЭНД ХӨӨРЧ БАЯРЛАХ АРАЙ Л ЭРТ БАЙНА

Өчигдөр Дархан-Улаанбаатар хоорондын олон улсын авто зам, түүний засвар шинэчлэлийн асуудалтай холбоотой мэдээллүүд олон нийтийн анхаарлын төвд байлаа.  

Нэг нь, Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн залуусын хамтарсан Дархан-Улаанбаатарын зам засварын ажил удаашралтай, хэвийн бус байхад Засгийн Газраас дорвитой арга хэмжээ авахгүй байгаа тул иргэд өөрсдөө хяналт тавихаар нэгдэж байгаагаа мэдэгдсэн хэвлэлийн хурал байсан бол нөгөө нь “Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км замын засвар, шинэчлэлийн ажил 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж, асфальт бетон хучилтыг хийж эхэллээ” гэх Зам Тээврийн Хөгжлийн яамнаас гаргасан мэдээлэл байв.

Түүнчлэн гуравхан хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатараас Эрдэнэтийг зорихдоо авто замыг биш төмөр замыг сонгож галт тэргээр зорчсонд олон хүн эгдүүцэж байсан юм.  

1. ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЯАГААД АВТО ЗАМЫГ БИШ ТӨМӨР ЗАМЫГ СОНГОВ?

Ерөнхий сайд, яагаад хэвийн үедээ өдөрт дунджаар 7000 авто тээврийн хэрэгсэл зорчдог олон улсын авто замыг сонголгүй, галт тэргийг сонгов? Яагаад иргэдийнхээ нэгэн адил энхэл донхол болж, шороо манарсан энэ замаар явж, нөхцөл байдал газар дээрээ ямар байгааг харахыг хүссэнгүй вэ?

Тэрбээр хэдхэн хоногийн өмнө барилгын макет буруу хийсэн салбарын сайд нартаа “Зайл” хэмээн ширүүлж, камерийн өмнө сүрийг үзүүлж байсан. Гэвч иргэд нь тамтаг болсон зам дээр аргаа барж, олон зуугаараа амь насаа алдан, бэртэж гэмтэн, шоронгийн хаалга татаж, эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл зүйгээрээ хохирч байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх замын асуудлыг хариуцсан сайд нартаа “Зайл” гэж хэлэхгүй л байна.

Засгийн Газрын тэргүүнд зуу зуун Монгол хүний амь нас нэг барилгын макетнаас ч үнэ цэнэгүй юу?

Сайхан замтай болох гэж зорьж эхлүүлсэн ажил нь сайшаалтай ч шаардлага хангахгүй түр зам, цаг хугацаандаа эхлээгүй ажлын хариуцлагыг яалт ч үгүй Зам тээврийн хөгжлийн яам хариуцах ёстой.  

2. “МОНГОЛ ТӨР” БУРУУГ ӨӨРӨӨСӨӨ ХАЙХ ДУРГҮЙ БАЙГАА БОЛОЛТОЙ

Зам тээврийн хөгжлийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яамдаас хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын цагаан ном - 2018” ыг гаргажээ. Дэлхийн олон орон жил бүр тухайн салбарынхаа онцлог, хөгжлийн чиг хандлагийн талаарх дүн шинжилгээ, зөвлөмж мэдээлэл бүхий “Цагаан ном”-ыг гаргадаг байна. Тус номонд манай улсад гарч буй зам тээврийн ослын шалтгааны 97.7% нь жолоочийн буруутай үйлдлээс болж байна хэмээн дурьджээ. Энэ нь бараг л 100% гэсэн үг юм.

Тэгвэл олон улсын жишигт ослын үндсэн шалтгааныг зам, орчны стандарт, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, жолоочийн хариуцлага хэмээн үздэг. Дээрх гурван үндсэн хүчин зүйлсийн хоёрыг нь төр хариуцдаг билээ. Өөрөөр хэлбэл, зам орчныг стандартын түвшинд байлгах үүргийг төр хүлээдэг бол автомашины бүрэн бүтэн байдалд хяналт тавих чиг үүрэг ч төрийнх. Төрөөс зохион байгуулалттайгаар гаалиар орж ирж буй бүх автомашинд хяналт тавьж, жил бүр оношлогоонд оруулдаг бөгөөд энэ бүхнийг татвар төлөгчдийн мөнгөөр хийдэг. Түүнчлэн дээрх “Цагаан ном”-д дурдьсанаар Монгол улс авто замын дэд бүтцийн чанараараа дэлхийн 140 улсаас 119 дүгээр байрт, азийн улсуудаас хамгийн мууд тооцогдож байна.  

Ийм байтал төр нь зам тээврийн ослын гол буруутнаар 100% иргэдээ нэрлэчихээд, замаар дүүрэн самбар босгож “айлгах” тактик бариад сууж байгаа нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл “Монгол төр” бурууг өөрөөсөө хайх дургүй байгаа бололтой.

3. ШИНЭХЭН ТАВЬЖ БУЙ АСФАЛЬТИЙН ЗУРГААР ЧИМСЭН МЭДЭЭНД ХӨӨРЧ БАЯРЛАХ АРАЙ Л ЭРТ БАЙНА

Тэгэхээр “Дархан-Улаанбаатар чиглэлийн олон улсын авто замын засвар, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэлийн явц 40 хувьтай байна” хэмээх шинэхэн тавьж буй асфальтийн зургаар чимсэн мэдээнд хөөрч баярлах арай л эрт байна. Үйл явц цаашид хэрхэн өрнөх ч эргэлзээтэй.

Удахгүй цас орж, замын нөхцөл хүндэрвэл бүх бурууг цаг агаарт чихээд төр засаг маань “цаашаа эргэх”-ийг хэн эс мэдэхэв.

Харин иргэдийнхээ талд дуугарч, замын нөхцөл байдал газар дээрээ ямар байгааг харуулж, энэ бүхэн бидний амьдралд хэрхэн сөргөөр нөлөөлж буйг төр засаг, шийдвэр гаргагчдын сонорт хүргэх гэсэн залуусыг дэмжиж, хамтран ажиллах нь зүйтэй болов уу.

Тиймээс иргэн та ч Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн залуусын үүсгэсэн “Дарханы зам засвар иргэдийн хяналт фэйсбүүк группт нэгдэж, өөрт байгаа замын нөхцөл байдлыг харуулсан гэрэл зургуудаа илгээгээрэй. Тэдгээр зургаар аравдугаар сарын 15-нд Сүхбаатарын талбайд үзэсгэлэн гаргах бөгөөд энэ нь Зам тээврийн хөгжлийн яамнаас замыг ашиглалтанд оруулна гэж бидэнд амласан өдрөөс ердөө 15-хан хоногийн өмнө болох юм.

 

                                                                                           

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • 1-а байрны оршин суугч идэрээ (139.5.218.229)
    Та бүхнээс ганцхан зүйл хүсье. Тэс петролиум компанийг сурвалжилж өгөөч Дарханы төв дэх хүүхдийн сос хотхоны хажуугийн колонкоос маш их бензин үнэртэж байна. Ялангуяа түгээлтийн цистерн нь ирэх үеэр хавь орчинд аймшигтай их бензиний уур тархаж хүүхэд хөгшидгүй үнэрт нь бөөлжис цутгаж баларч байна. Уг нь ном журмаараа бол гидр соруул байрлуулж сорж авах ёстой байхад эднийх зүгээр л дээд тагийг нь нээж орхиод уналтаар нь юүлж авдаг юм билээ. Хөдөө сумдад ч ингэж шатахуун түгээхээ больсон байхад дэндүү бүдүүлэг бөгөөд стандартын бус байна. Хээтэй хорооллын 1а байрны оршин суугчид зөндөө гомдол гаргасан боловч баттөмөрийн колонк болохоор мэргэжлийн хяналт нь арга хэмжээ авахгүй байна. Арай л дээрэлхсэн юм болоод байна шүү
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
    • (64.119.19.79)
      Darhani Mergejlin hynaltand heden udaa bichgeer hen gedeg hund gomdol gargasan. Hen gedeg huni umchiig hen gedeg hun hamgaalaad ard irged olon hunii eruul mendiig her hugtsaan hohirooj baigaag barimt tsugluulaad UB s TB nuud duud
      2019 оны 09 сарын 25
    • Dawaa(64.119.19.79)
      UB aas TB setguulchdees tuslamj guih heregtei! Ard tumendee anhaaral handuul. Benzin uner mash ih hortoi!!!
      2019 оны 09 сарын 25
    • 1-а байрны оршин суугч(202.21.127.219)
      Тийм шүү. Үнэхээр их үнэртдэг. Яг түгээлтийнх нь машин ирэх үед андашгүй их үнэртэж унтаж амрахын аргагүй болдог. Үүнийг дарга нар анхааралдаа авч стандартыг мөрдүүлэх хэрэгтэй. Үнэр бол хүнийг чимээгүй хордуулж байдаг аюултай зүйл.
      2019 оны 09 сарын 25
    • (202.126.89.79)
      10-р багийн төлөөлөгч батболд, юра нарт оршин суугчид гарын үсэг цуглуулж бичгээр хандсан шдээ таг алга болсон. Муу новшнууд иргэд нь амьдрах агааргүй шахам өмхий бензинд утуулаад сууж байхад юу ч хийхгүй сда
      2019 оны 09 сарын 25
1310   5
НИЙТЭЛСЭН: MyDarkhan