Лхагва 2019-01-02 Дархан
Time out   2019-01-19

ЧИХЭР БА АМЬДРАЛЫН УХААН

Та хүүхдээ эрүүл, аз жаргалтай амьдралд хүрээсэй гэж хүсдэг үү?  Бид хүүхдүүдээ амьдралын бүхий л талбарт амжилттай байгаасай гэж хүсч IQ өндөртэй хүн болгох гэж хичээдэг. Гэтэл үнэндээ IQ амжилтын түлхүүр мөн үү? Ухаантай байна гэдэг аз жаргалтай байна гэсэн үг мөн үү?

Арав гаруй жилийн өмнөөс сэтгэлийн хөдөлгөөн амьдралд ямар ач холбогдолтой болохыг шинжлэх ухаанаар баталж амьдралдаа амжилт олох, аз жаргалд хүрэх боломжийг сэтгэн бодох чадвар буюу IQ биш харин өөрийн ба бусдын сэтгэлийн хөдлөлийг таньж, зохицуулах чадвар буюу EQ тодорхойлдог болохыг тогтоожээ.

“Сэтгэл хөдлөлийн ухаан” буюу EQ хэмээх чадварыг эзэмшсэн хүн бүх талаар, өөрөөр хэлбэл бие махбод, сэтгэл зүй, харилцааны хувьд ч эрүүл байдаг. EQ өндөр хүүхэд биеэ зөв авч явдаг ба элдэв асуудалд ордоггүй, хичээлдээ “нойлдохгүй”, сурлага сайтай, олон найзуудтай байдаг байна.

Өөрөөр хэлбэл EQ сайтай хүн харилцаж буй хүнээ зөв мэдэрч үнэ цэнийг нь мэдрүүлж чаддаг ба өөрийгөө ч бүрэн ойлгуулж чаддаг ба энэ нь амжилтынх нь түлхүүр болдог ажээ.

Энэ талаарх судалгааг хийхээр 1960-аад оны үед сэтгэл судлаач Валтер Мишел алдарт "Marshmallow test" буюу “Чихрийн туршилт”-аа дөрвөн настай хүүхдүүдийн дунд явуулжээ.

Тус туршилтын үеэр хүүхдүүдийг хоосон буюу сонирхол татах юу ч байхгүй өрөөнд оруулж, нэг чихэр өгөөд “Энэ чихрийг одоо идэж болно. Гэхдээ намайг буцаж иртэл хүлээвэл дахин нэгийг нэмж өгнө” гэж амлаад ганцааранг нь орхижээ. Ингээд хүүхдүүдийг “Би хүслээ шууд хангах уу?” гэсэн зөрчилдөөн дунд 15 минут орхиж, нууцаар бичлэг хийсэн байна. /Youtube-с үзээрээй/

Зарим хүүхдүүд огт хүлээлгүй чихрийг шууд идсэн бол зарим нь “уруу таталт”-аас зайлсхийх гэж тавагтай чихрийг өөрөөсөө холдуулах, өөрийгөө саатуулах гэж дуу аялах гэх мэтээр янз бүрийн стратеги ашиглаж байв. Үр дүнд нь хэсэг хүүхэд бүхэл бүтэн 15 минут хүлээж хоёр чихрээ авч чаджээ.   

ТУРШИЛТЫН ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ ХЭСЭГ БОЛ ҮРГЭЛЖЛЭЛ НЬ... 

Валтер Мишел энэ туршилтын дараа хүүхдүүдтэй үе үе холбоо барьж, тэдний хэрхэн өсөн хөгжиж буйг судалжээ. Дөчин жилийн турш судлах явцад биеэ барьж чадсан хүүхдүүд том болоод хичээлдээ илүү өндөр дүн авч, архи тамхины асуудал багатай, хэвийн жинтэй, өвчин зовлон багатай, бусадтай сайн харилцдаг хүмүүс болсон бол хүслээ хойшлуулж чадаагүй хүүхдүүд том болсон хойноо ч хүнд байдлыг даах чадваргүй, эрүүл мэндийн, сэтгэцийн ба харилцааны асуудалтай, амжилт муутай хүмүүс болсон байна.

Үүнээс харахад хүслээ барьж чадсан хүүхдүүд зорьсондоо хүрэх замдаа гарах стрессийг даван туулж, урт хугацаанд хичээл зүтгэл гаргах чадварыг эзэмшсэн байжээ. Тэгвэл хүлээх тэвчээргүй хүүхэд заавал хэцүү амьдралтай болох тавилантай гэсэн үг үү? Үгүй ээ, биеэ барих чадвар нь ямар ч хүн хүүхэддээ зааж болох хүн өөрөө өөртөө хөгжүүлж болох энгийн чадвар юм. Үүнийг дараах судалгаагаар баталсан юм.

Рочестэр их сургуулийн судлаачид чихэртэй туршилтыг давтан хийхдээ нэгэн хэсгийг нэмжээ. Тэд хүүхдийг хоёр бүлэг болгоод эхний бүлгийн хүүхдүүдэд “хорвоо найдваргүй” гэсэн сэтгэгдэл төрүүлэхийн тулд хүүхдэд жижиг хэсэг шоколад гаргаж өгөөд “хэсэг хүлээ, би буцаж ирэхдээ томыг авчиръя” гэж амласан байна. Гэхдээ эргэн ирэхдээ хоосон ирж. Энэ байдлыг хэд хэдэн удаа давтав. Харин хоёр дахь бүлгийн хүүхдүүдэд амласнаа биелүүлснээр “хорвоо найдвартай” хэмээх сэтгэгдэл төрүүлэв.

Үүний дараа явуулсан чихрийн туршилтын үр дүн нь ойлгомжтой. Судлаачдад найдаж болохгүй гэж мэдсэн хүүхдүүд хүлээлгүй чихрээ шууд идсэн бол хоёр дахь бүлгийн хүүхдүүд хүслээ даран, хүлээж чадвал үр дүн гарна гэдэгт итгэлтэй болсон байв.

Судлаачид амлалтаа биелүүлэх болгонд хүүхдүүд хоёр зүйл сурсан байна. Нэгд, хүслээ дарвал үр дүнтэй. Хоёрт, надад хүлээх чадвар бий.

Үүний үр дүнд хоёрдугаар бүлгийхний хүлээх хугацаа дөрөв дахин нэмэгдсэн байжээ. Туршилтаас харахад хүүхдийн биеэ барих чадвар нь төрөлхийнх биш, харин эргэн тойрноосоо сурч мэдэж авсан туршлагаас урган бий болдог байна.

Мэдээж энэ нь цаг хугацаа их шаардах зүйл мэт боловч хичээл давтуулахтай адил хажууд нь сууж сайжруулдаг чадвар биш бөгөөд хүүхдээрээ бодлого бодуулах гэх мэт тусгай цаг шаардахгүй. Харин эцэг эх өөрсдөө хүүхэдтэйгээ зөв харилцаж, итгэлийг нь хүлээх, зөв хандлагатай хүн болоход нь чиглүүлэх тухай асуудал учир бүх хүнд боломж байдаг.

Монтессори зөвлөх багш

R. ӨЛЗИЙХҮҮ

О.ГҮНДЭГМАА.    

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
591   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan