Лхагва 2019-01-02 Дархан
FOCUS Cafe   2020-01-16

МАНАЙ ХУРИМЫН ОРДОН МУЗЕЙ БАС ҮЗЭСГЭЛЭН ШИГ БАЙСАН

Дархан хотын Хуримын ордон 1984 оны зургаадугаар сарын 17-нд нээлтээ хийж, шилдэг залуу гурван хосын хуримын ёслолоор үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Анхны ажилчдын нэг тус ордны эрхлэгч, иргэний бүртгэгч С.Энхжаргал, зохион байгуулагч, ёслолын үйлчилгээний ажилтан Т.Наранханд нартай хэсэгхэн хором ярилцав. Энэ яриа зөвхөн хуримын ордны тухай байсангүй. Тэдний залуу нас бас бүтээлч Дархан хотын залуусын тухай байлаа.

ОДОО БАЛГАС БОЛЧИХООД БАЙГАА ДАРХАН ХОТЫН ХУРИМЫН ОРДНЫГ АНХ ЗАЛУУЧУУДЫН САНААЧЛАГААР БАРЬЖ БАЙГУУЛСАН ГЭХ ЮМ?

С.Энхжаргал:

- Тийм ээ. Тэр үед Дархан газар газраас залуус хуран цугласан, жинхэнэ “Залуучуудын” хот байсан юм шүү дээ. Тийм ч учраас залуучуудын хүсэлтээр, анхнаас нь хуримын ордны зориулалтаар бүтээн байгуулсан гэдэг.

Т.Наранханд:

- Дархан хотын залуус чөлөөт цагаараа субботникийн \сайн дурын хөдөлмөр\ журмаар босгосон юм. Анх энд Дархан хотыг барьж байх үед талхан цех байж байгаад шатчихаад, барилгынх нь балгас, юу ч үгүй болсон нуранги л байсан гэдэг. Тэрийг бүгдийг нь буулгаж, цэвэрлээд хуримын ордны барилгыг шинээр барьсан юм.

Дархан хотын хуримын ордон 1985 он

ЗАЛУУСЫН ХӨДӨЛМӨРӨӨР БОССОН ГЭЖ ХЭЛЭХЭД БОЛОХ НЬ ЭЭ...

Т.Наранханд:

- Ерөөсөө улсаас мөнгө гаргаагүй, аж ахуйн аргаар боссон гэдэг. Залуучууд амралтын өдрөөрөө ирж, илүү цагаар ажилладаг. Харин барилгын материалыг нь тухайн үеийн үйлдвэр аж ахуйн нэгжүүдээс аж ахуйн аргаар цуглуулсан юм. Би дөнгөж ашиглалтанд ороод, сахиулаас өөр хүнгүй байхад нь ажиллахаар ирж байлаа. Дотор чимэглэлийнх нь ажил хараахан дуусаагүй. Хүлээн авалтын танхимд их том хоёр метрийн өргөн, зургаан метрийн урттай, нарийн ур хийцтэй гоёмсог ширээг Архангайгаас ирсэн уран сийлбэрч \Уучлаарай, нэрийг нь санахгүй байна\ хийж байсан юм. Бараг дуусч, жижиг чимэглэл л үлдсэн байсан.

Тус ордны эрхлэгч, иргэний бүртгэгч асан С.Энхжаргал

С.Энхжаргал:

- Хуримын ордныг байгуулахад идэвхи зүтгэл гарган, гардан зохион байгуулж, анхнаас нь хариуцан ажиллаж байсан хүн бол цэргийн хурандаа н.Далай гэж хүн байв. Тухайн үед тэтгэвэртээ суусан ч манайд нярваар ажиллаж байсан юм. Ёстой бүх ажилд нь гүйсэн дээ. Далай гуай бидэнд дотор засал, эд хэрэглэлүүдийнх нь учрыг тайлбарлаж өгдөг байлаа. Энэ тэдэн угалзтай, ийм учиртай ширээ, үүнийг тэр гэдэг уран сийлбэрч хийсэн юм гээд л ярьж өгдөг байсан. Харамсалтай нь, тухайн үед залуу ч байж, анзааргагүй, бичиж тэмдэглэж авсан юмгүй үлджээ. Их л түүх дурсгалтай гэж ярьдаг байж билээ.

Т.Наранханд:

- Ер нь бүх юмнууд нь бүгд сийлбэртэй их гоё байсан шүү. Ёслолын өрөөний гоёлууд, тооно, хүндэтгэлийн хаалга гээд бүгд битүү сийлбэр. Бас Нэхий эдлэлийн үйлдвэрт хийсэн Дарханы бэлэг тэмдэг бүхий гоёмсог аравч ёслолын өрөөний хананд байсан. Тухайн үеийн Дарханы брэнд юм шүү дээ. Бид хосууд, хуримд ирсэн зочдыг Дарханыхаа хүнсний үйлдвэрийн чихэр, набороор дайлдаг байв. Тэр үед манай Дарханы “Сансар”, “Дархан” зэрэг чихрийн цуглуулга их алдартай байсан юм.

Унгар улсын Будапешт хотын дарга, удирдлагууд ирж хотын дарга нь монгол дээлтэй эмэгтэйтэй зураг авахуулая гэж хүссэний дагуу хамт авахуулсан зураг. Энэ зурагт сийлбэртэй том ширээ болон хаалганы хийц загвар тодорхой гарсан байдаг.

С.Энхжаргал:

- Баталгаагаа хийлгэчихээд, цайллагын танхим уруугаа орж ирэхэд уран нарийн хийцтэй хаалгаар орж ирдэг. Гадаа зэсээр хийсэн хосын хөшөө, усан оргилууртай. Ёсолгоо хийдэг гол танхимын дээд хэсэг шилэн мансардтай, шууд тэнгэр харагддаг, сийлбэртэй тоонотой, доороо гэрийн баганатай яг л монгол гэр мэт. Ханаар нь монгол хээ угалз бүхий гэрийн ханыг дүрсэлсэн. Гаднаа тухайн үеийн хамгийн тансаг, маш ховор, үнэтэй машин болох “Чайка”-тай байлаа.

БАС МОНГОЛ ҮНДЭСНИЙ БЭЛГЭДЛҮҮДЭЭ ОРУУЛСАН БАЙСАН БАЙХ НЬ?

Т.Наранханд:

- Тэгэлгүй яахав. Ерөөсөө монгол гэр шиг байсан. Дархан хотын Их барилгын хэлтсийн Ерөнхий архитекторч Б.Галсанцэрэн гэж хүн барилгын дотор интеръер заслын ажлыг хариуцан хийлгэж байв. Ордон арай нээгдээгүй, бид их цөөхүүлээ ажиллаж байсан юм. Галчаа ч хийгээд, цэвэрлэгчээ ч хийгээд, гадаа чулуу энэ тэр зөөгөөд л... Тэгсэн нэг өдөр Б.Галсанцэрэн даргыг Улаанбаатараас Ц.Филатова гуай дуудсан гэв. Бид “Таныг ийм гоё юм хийж байгаа юм чинь шагнах нь ээ... За яваад ир, ямар гоё юм бэ” гэж хөөргөөд л, өөрсдөө ч баярлаж, догдлоод л байж байв. Тэгсэн хоёр хоноод ирэхдээ “юун шагнуулах, загнуулаад..” гэсээр ирсэн.

ЯАГААД ТЭР ВЭ? ЮУ ГЭСЭН ЮМ БОЛ?

Т.Наранханд:

- Тоононы доор, хоёр баганын дотор талд тулга тавина гэж байсан юм. Тэгсэн Ц.Филатова гуай “Тэрний оронд том цэцгийн вааранд мөнх ургадаг цэцэг тарь” гэсэн байв. Бид “Та шагнуулах нь битгий хэл авахуулчих дөхөж” гээд инээлдэж байлаа. Тэгээд нээлт хийх үед тэр зайд Японы кана кала гээд нэг их том ургадаг цэцэг тавьж байв.

БАС ТИЙМ ЯВДАЛ БОЛСОН БАЙХ НЬ...

- Тийм юм байсан. Гэхдээ л дандаа монгол хээ угалз, тооно, хана гээд яг л монгол гэрт хурим хийж байгаа юм шиг л орчин бүрдсэн байв. Цайллагын танхимын хана алхан хээтэй. Нөгөө гоё урт ширээгээ тойрч зогсоод л, бөгжийг нь тавган дээр тавьж хадагтай өгдөг байлаа. Манай хуримын ордон чинь бас музей, үзэсгэлэн шиг байсан юм шүү. Улаанбаатараас, гадаад, дотоодоос янз бүрийн зочид ирнэ. Тэдэнд үзүүлнэ. Нөгөө ширээ, үүх түүхээ яриад л... музейн тайлбарлагч шиг л байлаа.

ЯМАР ЗОЧИД ИРДЭГ БАЙСАН ЮМ БЭ?

Н.Наранханд:

- Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, В.Жанибеков нар эхнэрүүдтэйгээ ирж байв. Тэгэхэд Жанибековын гэргийд хадаг, сүү барихад “Ямар амттай сүү вэ, ямар гоё газар вэ, яасан ч сайхан хүмүүс ажиладаг юм юм бэ” гээд л “Бүр гэртээ ороод ирсэн юм шиг санагдаж байна. Би жаахан сууж болох уу” гээд эрхлэнгүй хэлж байсан нь тод санагдаж байна. Тэгээд зөндөө удаан суугаад, чихэр идэж, сүүгээ дуустал нь уугаад гарч билээ.

ЯМАР САЙХАН ТҮҮХ ВЭ. ТИЙМ САЙХАН СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛЭХЭЭР ОРДОН БАЙЖ ДЭЭ? 

- “Алаг морьт” гэж алдаршсан Монгол цэргийн зүтгэлтэн Л.Дандар баатар хүртэл ирж байсан юм шүү дээ. Тэгэхэд ордон арай нээгдээгүй. Бараг маргааш нь нээгдэнэ гэж байсан байх. Нэг өдөр намхан бор гялалзсан хүн ирсэн нь улсын баатар Дандар гуай байсан. Орж ирээд, ордон дотуур явж байснаа “Дарханы залуучуудад маш их баярлалаа. Үнэхээр сайхан ордонтой болж байгаа юм байна” гээд “Үгүй, би энд бас ороод авна гэдэг чинь том аз...” гээд инээж байсан сан.

Зохион байгуулагч, ёслолын үйлчилгээний ажилтан асан Т.Наранханд

ТЭР ГОЁ ОРДОНД, ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ХУРИМ ХИЙСЭН ЗАЛУУЧУУДЫН СЭТГЭЛ ХӨДЛӨЛ Ч ИХ ӨНДӨР БАЙСАН БАЙХ ДАА?

Т.Наранханд:

- Хосууд бүүр догдолчихсон, бараг хаана гишгэж байгаагаа ч мэдэхгүй, сандарчихсан байдаг. Бид бүх юмыг нь заана. “За, та одоо ингээрэй” гээд л... Хүн чинь хэт их баярлахаараа бараг явах газраа ч ойлгохгүй, нэг тийм сонин байдалд орчихдог юм билээ. Дараа нь ёслол дууссаны дараа тайвшираад Ямар гоё юм бэ...” гээд гарахгүй, суугаад л байна. Хурим их учиртай, ёслол хүндэтгэл дүүрэн болдог байсан. Хуримаа хийж байсан хүмүүс битгий хэл би одоо дурсан ярихад хоолой минь зангирч байна. Ямар ч сайхан байсан юм бэ дээ... Их өндөрт байрласан, цэгцийсэн, үнэхээр сайхан ордон, үнэхээр сайхан орчин байсан юм шүү. \Түүний нулимс нь цийлэлзэж, хоолой нь зангирав\.

Сүйдэж эвдэрсэн Гэрлэх ёслолын орны тооно \одоо байгаа нь\

С.Энхжаргал:

- Гэрлэлтийн баталгааг хотын депутатууд, хөдөлмөрийн баатарууд ирж гардуулдаг байв. Ардын төлөөлөгч буюу ард түмний төлөөлөл болж тийнхүү ирдэг байсан. Ардын их хурлын депутат Цэнд-Аюуш баатар,  Дархан хотын депутат Сугар гуай нар зөндөө ирнэ. Бид уридаг байсан юм. Тууз зүүж байгаад их ёс төртэйгөөр хосуудад бөгжийг нь гардуулж өгдөг байлаа. Их хүндтэй, дэгтэй байсан. Манай Наранханд эгч их сайхан бүсгүй, одоогоор бол манай нүүр царай байсан юм. Зочин гийчин бүрээ угтаж, үднэ. Хүргэн бэрүүддээ хадаг сүү, бөгжийг нь барина. Орсон гарсан бүхэнд сайхан сэтгэгдэл үлдээх атлаа жигтэйхэн ажилсаг. Дотор гадаах бүх ажилд оролцоно. Чулуун хашааг барихад хүртэл шороо зөөгөөд л явж байдаг байсан.

Т.Наранханд:

- Одоогоос бараг 35 жилийн өмнө гэхээр их л залуухан байж дээ. Би одоо 60 гарчихсан хүн. Энэ сайхан ордныхоо хажуугаар нь гарах бүртээ харамсч “Өөд нь татчих хүн байдаггүй юм байх даа гэж  боддог юм. “Томчууд”, дарга маань нар л аливаа юмныхаа түүхэн ач холбогдлыг мэдэхгүй хадгалж үлдэхгүй болохоор бид яах билээ... Харамсах юм. Тэр сайхан газрын буянаар ч юмуу хүмүүсээс дандаа урмын үг сонсдог байжээ. Сэтгэл санаа өөдрөг, их гоё байдаг байсан. Ямар ч сайхан ордон юм, яасан сайхан хүмүүс ажилладаг юм, ямар ч сайхан хүүхнүүдтэй юм…” гээд л орсон гарсан бүхэн хэлдэг байж билээ.

СЭТГЭЛГҮЙ ХҮМҮҮСИЙН ГАРААР ДАМЖААД ИЙМ БОЛЧИХВУУ ГЭЖ БОДОХ ЮМ...

С.Энхжаргал:

- Уг нь хотын удирдлагууд л бодлогоор авч явах ёстой байсан болов уу. “Морь унасан толгойгүй хүн” шиг л, юм болгон эзэнгүйдчихсэн цаг үе байсан. Гэхдээ л хамгаалаад үлдээх байсан юм. Нэг л тийм өгөөжтэй, ёстой гоё ордон байсан шүү. Янз бүрийн л хүмүүс хуримаа хийдэг байв. Мөнгөтэй төгрөгтэй нь ч байсан. Энгийн нэгэн ч байсан. Тэгсэн ч сэтгэлээрээ, бүх л юм нь бүтээд их л сайхан ёслолууд болдог байсан даа.

ТЭР ҮЕД ТӨЛБӨР МӨНГӨ ГЭЖ БАЙСАН ЮМ БОЛОВ УУ?

С.Энхжаргал:

- Тийм юм байгаагүй. Бөгжөө л худалдаж авна. Чихэр жимс, хадгаа авчирна. Бид нар ёсолгоог нь хийж өгөөд, гэрлэлтийг нь баталж, үйлчилгээгээ үзүүлдэг байсан.

УГТАА ТӨР НЬ ШИНЭ ГЭР БҮЛЭЭ ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛТЭЙГЭЭР УГТАЖ АВЧ БАЙГАА АГУУЛГА ЮМ УУ?

Т.Наранханд:

- Хуримаа хийх гэсэн хүмүүст орчинг нь бүрдүүлж өгч байсан хэрэг. Манай ордон чинь Улаанбаатарын ордны дараа л ордог Гэрлэх ёслолын ордонгэдэг албан ёсны нэртэй байсан юм.

ХУРИМЫН ЁСЛОЛЫН ҮНЭ ЦЭНЭ УТГА УЧРЫГ ТА ХОЁР ЮУ ГЭЖ БОДДОГ ВЭ?

Т.Наранханд:  

- Хурим гэдэг хүний амьдралд тэр бүр тохиолдоод байдаггүй. Хамгийн дурсамжтай, хамгийн хүндтэй ёслол. Нэг байгууллагын жижигхэн өрөөнд, хязгаарлагдмал байдлаар ёслол үйлдэх нь тийм ч тохиромжтой биш. Бүх л бүтэн ордон гэдэг чинь өөр шүү...

С.Энхжаргал:

- Маш сайхан ярьж ойлгуулж, ёслол төгөлдөр гэр бүлийг эхлүүлэх нь тэдний цаашдын амьдралыг бат бөх, утга учиртай болгоход чухал түлхэц болно. Гэрлэлтийг үнэ цэнэтэй болгоход хуримын ёслол их чухал.

Т.Наранханд:

- Угаасаа хуримын ордон байсан газраа сэргээх нь зөвөө. Би энэ хуримын ордноо харахаар сэтгэл эмзэглэдэг. Зах зээлд шилжсэнээс хойш огт орж хараагүй. Хүнээс асуухнаа их муухай болсон байна гэж байсан. Хамаг юм нь өнгө зүсээ алдаад, бүр христийн сүм ч болж байлаа. Тэр олон хүний сэтгэл, хөдөлмөр шингэсэн тэр уран нарийн ур ухаан, хийц бүхий эд хэрэгслүүд нь хаачив??? Бүгд жинхэнэ үнэ цэнэтэй зүйлс байсан юм шүү. Хүндэтгэлийн өрөөний сийлбэртэй ширээ бол бүтнээрээ гарахааргүй, ширээгээ эвдэх эсвэл байшингаа нураахаар тийм том ширээ байсан. Энэ бүхнийг нэхэн тодруулж, олох хэрэгтэй. Ард түмний, Дарханы залуусын хөрөнгө юм шүү дээ угтаа.  

       

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Гэрэл (64.119.16.250)
    Гоё эгч нар сайхан энергитэй газар ажиллаж бсан болохоор одоо ч жавхаалаг хэвээр. Гэхдээ Хуримын ордон балгас болсонд харамсаж бна
    2019 оны 11 сарын 26 | Хариулах
  • Ou (192.82.71.250)
    Үнэхээр сайхан ордон байлаа. Тэр үеийн депутатууд хосуудад баяр хүргэдэг гэрлэлтийг нь бүртгэдэг байлаа.
    2019 оны 10 сарын 20 | Хариулах
  • Enebish (192.82.70.58)
    Uuh tuuh aguulsan saihan gazar baisan yumdaa
    2019 оны 10 сарын 18 | Хариулах
  • Batbold (192.82.70.58)
    Saihan yriltsalga bolje
    2019 оны 10 сарын 18 | Хариулах
  • Selenge (122.201.22.228)
    Saihan tuuh sergeesen yriltslaga boljee,uneheer saihan emegtei shuu,odoo ch hurtel mash gaihalrai biye avch yvdag
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
    • Enhtuya(122.201.22.228)
      Tiime uneheer saihan emegtei shuu hundelj ywdag egch mine
      2019 оны 10 сарын 17
2192   6
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг