Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-10-16

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АРД НУУГДСАН ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛ

ОЛОН УЛСЫН ЁС ЗҮЙН ӨДӨРТ ЗОРИУЛАВ: Францын "Чарли Хебдо" сэтгүүлийн редакц руу алан хядагчид дайрч ороод 11 хүнийг буудан алсан аймшигт хэрэг 2015 оны нэгдүгээр сарын 07-нд болсон билээ. Сэтгүүлчид Мухаммедийг шоглон зурсны хариуд лалын хэт даврагч бүлэглэл хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн.

Харин энэ хэргийн нэг жилийн ойн өдөр "Чарли Хебдо" тусгай дугаар гаргасан юм. Уг дугаарт Сирээс Европ руу дүрвэж явсан нэгэн гэр бүлийн далайд живж амиа алдсан бяцхан хүү Алан Курдыг ёгтолсон зураг нийтэллээ.

"Шилжин ирэгсэд" гэсэн тайлбартай зурагт зугтаж буй эмэгтэйчүүдийн араас хашгиран хөөж буй хоёр аймшигт эрийг дүрсэлжээ. Тэднийг хэл амаа унжуулсан гахай шиг дүрслэн доромжилсон байв. Зургийн дээд хэсэгт далайн эргийн элсэнд нүүрээ наан хэвтэж буй гурван настай Айлан хүүгийн цогцосны алдартай дүрс бий. "Бяцхан Айлан амьд мэнд өссөн бол хэн болох байсан бэ?" хэмээн асуугаад доор нь "Герман дахь бөгс тэмтрэгч" гэж хариулсан агуулга бүхий зураг, тэр дороо ёс зүйн томоохон маргаан дэгдээв. Энэ явдлын өмнөхөн Германд дүрвэн ирсэн зарим эр Кельн хотын гудамжинд явж байсан бүсгүйчүүдийн банзлыг сөхөх гэж оролдсон хэмээх хэл ам гараад байлаа.

Энэ зургаараа сэтгүүлийнхэн бяцхан хүүг уг хэрэгт холбогдсон цагаачдын адил бэлгийн хүчирхийлэгч болж өсөх магадлалтай байсан гэх мессеж түгээсэн нь маргааны гол сэдэв болсон юм. Нэг хэсэг нь, энэ бол зүгээр л хошин шог гэж байхад ялангуяа сэтгүүл зүй, хүний эрхийн мэргэжилтнүүд уг явдлыг ёс зүйн хувьд ялгаварлан гадуурхсан, хүний эрхийг үл хүндэтгэсэн явдал боллоо гэж дүгнэсэн юм.     

"Чарли Хебдо" сэтгүүлийнхэн өмнө нь мөн бяцхан хүүгийн цогцосыг сурталчилгааны самбар болгон ёгтолж байсан удаатай.

Энд дүрслэгдээд байгаа Айлан Курд хэмээх жаал хүүгийн түүхийг эргэн саная.    

Хүү 2015 оны есдүгээр сарын 02нд Газар дундын тэнгист живсэн. Туркийн Бодрумын хойг дахь далайн эргийн бүлээхэн элсэн дээр доошоо хараад хэвтсэн тэрхүү дүр төрх дэлхий нийтийн анхаарлыг тэр дороо татсан билээ. Өмнө нь нас барсан хүүхдийн гэрэл зургийг ёс зүйн үүднээс хэвлэдэггүй байсан зарчмыг энэ удаа Америк, Европийн олон хэвлэл мэдээлэл огт баримталсангүй. Учир нь Сирийн дүрвэгсэд хийгээд дайны уршгийг энэ зураг шиг үнэ цэнэтэй өгүүлсэн орчин цагийн баримт өмнө нь хэзээ ч гараагүй юм. 

Зураг хэвлэгдмэгц Францын Ерөнхийлөгч Турк, Герман, ОХУ гэх мэт хэд хэдэн орны удирдагчтай утсаар ярив. Хэдхэн хоногийн дараа Европийн холбоо илүү олон дүрвэгсэдийг хүлээн авахаар боллоо. АНУ ч мөн олон мянган дүрвэгчдийг авахаар тохиролцов. Улмаар дайн, ялгаварлан гадуурхал, хүний эрхийг зөрчихийн эсрэг хэдэн зуун хөдөлгөөн дэлхий даяар ар араасаа өрнөсөн түүхтэй.

Зургийн хүчийг зарим талаараа түүний минимализмаар тайлбарлаж болно. Францын "Полка" гэрэл зургийн сэтгүүлийн редактор Димитри Бек "Энэ бол зайлшгүй чухал үнэнийг харуулсан энгийн зураг" гэжээ.

Тэгвэл Human Rights Watch-ийн онцгой байдлын асуудал эрхэлсэн захирал Питер Боуккерт “... анх удаа гэрэл зургаар олны анхаарлыг хүний эрх рүү хүчтэй татсан тохиолдол энэ боллоо. Миний хүүхэд ч ийм байдалд хүрч болох юм гэж бодож байна" гэсэн нь Time сэтгүүлийн нүүрнээ үлджээ.

Хожим далайгаас цагаачдыг аврах Германы нэгэн аврагч хөлөг онгоцыг хүүгийн нэрээр нэрлэсэн юм.

Уг ёслолд оролцсон хүүгийн аав Абдуллах Курди, бүх дэлхий Сиричүүдэд хаалгаа нээж өгөхийг хүсч байгаагаа илэрхийлсэн. Хүүгээ алдсаны дараа Абдуллах Курдиг Канадын Засгийн газар улсдаа цагаачлахыг урьсан боловч тэрээр татгалзаад одоо Иракт амьдарч буй. Мөн Иракийн Сулаймани хотын Азади цэцэрлэгт хүрээлэнд бяцхан хүүгийн жижигхэн дурсгалын баримал бий.

Хөөрхийлэлтэй түүхтэй бяцхан хүүг ёгтолсон "Чарли Хебдо" сэтгүүлийнхэн ёс зүй зөрчсөн үү? Ямартаа ч хүүгийн дүр төрхийг улс төрийн зураг, нийтлэлд ашиглах нь үймээн самуун, тэр ч байтугай хууль ёсны аюул занал өдөөж байгааг Их Британийн хуульчдын нийгэмлэгийн дарга Питер Херберт хэлж байна. Тэрээр твиттер хуудсаараа “... Олон улсын эрүүгийн шүүхийн зарчмаар бол "Чарли Хебдо"-ийн энэ үйлдэл үзэн ядсан үг хэллэг илэрхийлсэн хэрэг гэж үзэж байна” гэж жиргэжээ. Мөн хүүхдийн эрхтэй холбоотой эрэн сурвалжлагуудаараа алдаршсан ABC-ийн Ойрхи Дорнод дахь сурвалжлагч Софи МакНейл твиттер дээрээ уг зургийг "байж боломгүй" гэж дүгнэсэн бөгөөд олон мянган хүн, түүний дотор сэтгүүл зүйн мэргэжлийн хүмүүс түүнтэй санал нэгджээ.

Софи МакНейл бол ABC-ийн өмнөөс Афганистан, Израйль, Ирак, Пакистан, Сири, Йемен, Египет, Турк, Газын бүс зэрэг маш аюултай бүс нутагт ихэвчлэн хүүхдийн асуудлаар эрэн сурвалжилга хийдэг, Уолклигийн гурван удаагийн шагналт сэтгүүлч юм.

Чарли Хебдо сэтгүүлийнхэн өнөөдөр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа эсэхийг бид мэдэхгүй. Ямартаа ч халдлага болсон байрнаасаа өөрсдөө “дүрвэн оджээ”.

Айлан хүүд хөшөө босгосон бол амиа алдсан сэтгүүлчдэд зориулж байшингийн гадаах ханан дээр жижигхэн пайз үлдээжээ.   

Гэхдээ пайз, дурсамжаас илүүтэйгээр хошигнол, үг хэлэх эрх чөлөөний ард нуугдсан ​​ялгаварлан гадуурхагчид байсан гэж бид тэднийг үзэж байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1095   0
НИЙТЭЛСЭН: Ц.Чимэддондог